Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 2024/ДШМ/620

 

 

                                                                                             Д.Эд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж, ерөнхий шүүгч Б.Зориг, шүүгч Д.Мөнхөө нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Очгэрэл,

шүүгдэгч Б.Эын өмгөөлөгч Ж.Гантулга,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Уийн өмгөөлөгч Б.Алтандөш,

нарийн бичгийн дарга Х.Саранзаяа нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 2024/ШЦТ/179 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дээд шатны прокурор Б.Чинбатын бичсэн 2024 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 11 дүгээр эсэргүүцэл, шүүгдэгч Д.Эын өмгөөлөгч Ж.Гантулгын гаргасан давж заалдах гомдлоор Д.Эд холбогдох 2311 00445 0375 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 5 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мөнхөөгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Б овгийн Д-ийн Э, 19... оны ... дугаар сарын ...-ны өдөр Сэлэнгэ аймагт төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “М” ХХК-д хамгаалагчаар ажилладаг, ам бүл ... хамт ... дүүргийн ... дүгээр хороо ... дугаар гудамжны ... тоотод оршин суух бүртгэлтэй боловч ... дүүргийн ... дүгээр хорооны нутаг дэвсгэрт байх нийтийн байранд түр оршин суудаг, /РД:..../,

Дундговь аймгийн сум дундын шүүхийн 2011 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 03 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 4 сар баривчлах ялаар шийтгүүлж байсан,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.Э нь 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, 57 дугаар сургуулийн автобусны буудлын орчим согтуурсан үедээ Г.Быг түлхсний улмаас Г.Б нь толгойн ар хэсгээр газарт унаж баруун чамархай, зулайн ясны хөндлөн шугаман хугарал, баруун зулайн яснаас суман заадал даган зүүн зулай яс руу үргэлжилсэн шугаман хугарал, тархины зүүн зулайн хатуу хальсан дээрх цусан хураа, баруун дух, чамархай, зулайн хатуу хальсан доорх цус харвалт гэмтлүүдийг учруулж хүнийг алсан гэмт хэрэгт холбогджээ.

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: Д.Эын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Прокуророос шүүгдэгч Д.Эд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь хэсэг болгон өөрчилж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсны улмаас хохирогч нас барсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Д.Эыг 7 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Д.Эын цагдан хоригдсон 89 /наян ес/ хоногийг түүний эдлэх ялд нь оруулан тооцож, урьд авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ дээр давхардуулан авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, түүнийг цагдан хорьж эдлэх ялыг 2024 оны 3 дугаар сарын 04-ний өдрөөс эхлэн тоолж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Эоос оршуулгын зардалтай холбоотой 23.943.123 төгрөгийг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Ут олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 3 ширхэг СиДи-г хэрэгт хавсаргаж тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Дээд шатны  прокурор Б.Чинбат эсэргүүцэлдээ: “...Шүүгдэгч Д.Э нь 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, 57 дугаар сургуулийн автобусны буудлын орчим согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Г.Быг түлхсэний улмаас Г.Б нь толгойн ар хэсгээр газарт унаж баруун чамархай, зулайн ясны хөндлөн шугаман хугарал, баруун зулайн яснаас суман заадал даган зүүн зулай яс руу үргэлжилсэн шугаман хугарал, тархины зүүн зулайн хатуу хальсан дээрх цусан хураа, баруун дух, чамархай, зулайн хатуу хальсан доорх цус харвалт гэмтлүүдийг учруулж амь насыг нь хохироож, алсан гэмт хэрэгт холбогдсон. Амь хохирогч Г.Бы үхлийн шалтгааныг тогтоосон Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн дугаар 442 дүгнэлтэд “...Г.Бы цогцост баруун чамархай, зулай ясны хөндлөн шугаман хугарал, баруун зулай яснаас суман заадал даган зүүн зулай яс руу үргэлжилсэн шугаман хугарал, тархины зүүн зулайн хатуу хальсан дээрх цусан хураа, баруун дух, чамархай, зулайн хатуу хальсан доорх цусан хураа, тархины хоёр талын дух, баруун чамархай, зүүн зулайн дэлбэнгийн цусархаг няцрал, аалзан хальсан доорх цус харвалт, зүүн бугалга, хоёр шуу, хоёр гуя, шилбэ, баруун өвдөгт цус хуралт, баруун 2-6, зүүн 2-7 дугаар хавирганы зөрүүгүй далд хугарал гэмтэл тогтоогдлоо.

Эдгээр гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гавал тархины битүү гэмтэл нь амь насанд аюултай тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт, зүүн бугалга, хоёр шуу, хоёр гуя, шилбэ, баруун өвдөгний цус хуралт гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй. Харин баруун 2-6, зүүн 2-7 дугаар хавирганы зөрүүгүй далд хугарал нь сэхээн амьдруулах үйл ажиллагааны явцад үүссэн байх боломжтой. Шинэ гэмтэл байна. Талийгаач нь чихрийн шижин, цусны даралт ихсэх өвчин, элэгний жижиг зангилаат хатуурал өвчтэй байна. Талийгаач нь дээрх гавал тархины битүү гэмтлийн улмаас төвийн гаралтай амьсгал, зүрх судасны дутагдалд орж нас баржээ. Цогцсын байрлал өөрчлөгдсөн гэх шинж тогтоогдохгүй байна. Дээрх гэмтлийг авсны дараа идэвхтэй, зорилготой үйлдэл хөдөлгөөн хийх боломжтой... Эмнэлгийн яаралтай тусламж, үйлчилгээг зохих журмын дагуу үзүүлэн, онош зөв тавигдсан байна" гэжээ /1 хавтаст хэргийн 81- 89 дүгээр тал/...” гэх дүгнэлт,

Мөн Шүүх шинжилгээний ерөнхий газрын бүрэлдэхүүнтэй 3 шинжээчийн Хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2023 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 566 дугаар дүгнэлтэд “... Урьд гаргасан №442 тоот дүгнэлт үндэслэлтэй байна. Талийгаачид эмнэлгийн зохих тусламж үйлчилгээг цаг алдалгүй үзүүлсэн ч амь насыг аврах боломжгүй байжээ...” гэх дүгнэлтүүд хэрэгт авагдсан.

Эдгээр болон хэрэгт авагдсан бусад баримтуудаар амь хохирогч Г.Бы үхэл шүүгдэгч Д.Эын түлхэж унагасан үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой болох нь тогтоогдсон байхад шүүх үндэслэлгүй дүгнэлт хийж, хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлсэн байна. Шүүх дээрх шинжээчийн дүгнэлтүүдийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон атлаа “...Шүүхээс шүүгдэгч Д.Эыг амь хохирогч Б.Быг түлхсэн үйлдэл, тухайн үйлдлийн шалтгаан холбоогоор үүссэн хүнд гэмтэл, тухайн үедээ шүүгдэгч болон хохирогч хэн аль нь гэмтэл учирсныг мэдээгүй, яаралтай түргэн тусламж дуудалгүй хугацаа алдсан, мөн хохирогчийн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн нөхцөл байдал нөлөөлсөн.

Өөрөөр хэлбэл, дээрх тохиолдолд хохирогчид хүнд гэмтэл учирсныг ухамсарлан ойлгосон, яавал ч яаг гэсэн байдлаар орхисон шинж байдал шүүгдэгчид тогтоогдоогүй, улмаар гэмтэл учирсныг мэдэлгүй хугацаа алдах байдлаар хор уршгийг даамжруулсан, тухайн нөхцөл байдалд амь хохирогч нь орчинтойгоо харьцах чадвартай байсан болон гэр лүүгээ өөрөө явсан зэрэг нөхцөл байдал, шүүгдэгч нь тухайн цаг хугацаанд амь хохирогчийг ирэхэд нь өөрөөсөө холдуулж түлхсэн үйлдлийг хүнийг алах гэмт хэрэг гэж үзэх үндэслэлгүй байна.” гэж хэргийн нөхцөл байдалд нийцээгүй, үндэслэлгүй дүгнэлт хийсэн.

Шүүх “тухайн цаг хугацаанд амь хохирогчийг ирэхэд нь өөрөөсөө холдуулж түлхсэн үйлдлийг хүнийг алах гэмт хэрэг гэж үзэх үндэслэлгүй” гэж шүүгдэгч Д.Эыг болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн мэтээр дүгнэсэн атлаа санаатай гэмт хэрэг буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар эрүүгийн хариуцлага оногдуулсан. Талийгаачид эмнэлгийн зохих тусламж үйлчилгээг цаг алдалгүй үзүүлсэн ч амь насыг аврах боломжгүй байсан, ...дээрх гэмтлийг авсны дараа идэвхтэй, зорилготой үйлдэл хөдөлгөөн хийх боломжтой талаар шинжлэх ухааны үндэслэл бүхий нарийн мэргэжлийн дүгнэлт гарсан байхад шүүх “гэмтэл учирсныг мэдэлгүй хугацаа алдах байдлаар хор уршгийг даамжруулсан, тухайн нөхцөл байдалд амь хохирогч нь орчинтойгоо харьцах чадвартай байсан нь ...хүнийг алах гэмт хэрэг гэж үзэх үндэслэлгүй” гэж хэрэгт авагдсан нотлох баримтуудаас тэс өөр дүгнэлт хийж, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байх тул анхан шатны шүүхийн тогтоолыг хүчингүй болгох үндэслэлтэй байна.

Хүнийг санаатай алах гэмт хэрэг нь гэмт этгээд өөрийн үйлдлийг хууль бус болохыг гэдгийг мэдэж, тухайн үйлдлийн улмаас бий болох үр дүнг хүсэж бий болгосон буюу хохирогчийн үхлийг хүсэж үйлдсэн /шууд санаатай үйлдэл/ эсвэл хохирогч үхэх эсэхийг зорилгоо болгоогүй ч тухайн хууль бус үйлдлийн үр дүнд хохирогч үхэх нөхцөл байдалд зориуд хүргэсэн /шууд бус санаатай үйлдэл/ шинжтэй болохыг шийтгэх тогтоолд тодорхой дурдсан. Шүүгдэгч Д.Эын үйлдэл нь хохирогч үхэх эсэхийг зорилгоо болгоогүй ч тухайн хууль бус үйлдлийн үр дүнд хохирогч үхэх нөхцөл байдалд зориуд хүргэсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон байна. Иймд Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 179 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулахаар дээд шатны прокурорын эсэргүүцэл бичив. ...” гэжээ.

Прокурор Б.Очгэрэл тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Д.Э нь хүнийг алсан гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон учраас прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, хэргийг шүүхэд шилжүүлсэн. Амь хохирогч Г.Бы үхлийн шалтгааныг тогтоосон Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн дугаар 442 дүгнэлтэд “...Талийгаач нь гавал тархины битүү гэмтлийн улмаас төвийн гаралтай амьсгал, зүрх судасны дутагдалд орж нас баржээ. Цогцосны байрлал өөрчлөгдсөн гэх шинж тогтоогдохгүй байна. Дээрх гэмтлийг авсны дараа идэвхтэй, зорилготой үйлдэл хөдөлгөөн хийх боломжтой. Эмнэлгийн яаралтай тусламж, үйлчилгээг зохих журмын дагуу үзүүлэн, онош зөв тавигдсан байна” гэж дурдсан. Мөн Шүүх шинжилгээний ерөнхий газрын бүрэлдэхүүнтэй 3 шинжээчийн Хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2023 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 566 дугаар дүгнэлтэд “... Урьд гаргасан №442 тоот дүгнэлт үндэслэлтэй байна. Талийгаачид эмнэлгийн зохих тусламж үйлчилгээг цаг алдалгүй үзүүлсэн ч амь насыг аврах боломжгүй байжээ...” гэж дурдсан. Дээрх шинжээчийн дүгнэлтүүдээр шүүгдэгч Д.Э нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн болох нь нотлогдон тогтоогдож байна. Анхан шатны шүүх дээрх шинжээчийн дүгнэлтийг шийтгэх тогтоолын үндэслэл болгосон атлаа “...шүүгдэгч Д.Эыг амь хохирогч Б.Быг түлхсэн үйлдэл, тухайн үйлдлийн шалтгаан холбоогоор үүссэн хүнд гэмтэл, тухайн үедээ шүүгдэгч болон хохирогч хэн аль нь гэмтэл учирсныг мэдээгүй, яаралтай түргэн тусламж дуудалгүй хугацаа алдсан, мөн хохирогчийн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн нөхцөл байдал нөлөөлсөн. Өөрөөр хэлбэл, дээрх тохиолдолд хохирогчид хүнд гэмтэл учирсныг ухамсарлан ойлгосон, яавал ч яаг гэсэн байдлаар орхисон шинж байдал шүүгдэгчид тогтоогдоогүй, улмаар гэмтэл учирсныг мэдэлгүй хугацаа алдах байдлаар хор уршгийг даамжруулсан, тухайн нөхцөл байдалд амь хохирогч нь орчинтойгоо харьцах чадвартай байсан болон гэр лүүгээ өөрөө явсан зэрэг нөхцөл байдал, шүүгдэгч нь тухайн цаг хугацаанд амь хохирогчийг ирэхэд нь өөрөөсөө холдуулж түлхсэн үйлдлийг хүнийг алах гэмт хэрэг гэж үзэх үндэслэлгүй байна.” гэж хэргийн нөхцөл байдалд нийцээгүй, үндэслэлгүй дүгнэлт хийсэн.

Мөн шийтгэх тогтоолд “Талийгаачид эмнэлгийн зохих тусламж үйлчилгээг цаг алдалгүй үзүүлсэн ч амь насыг аврах боломжгүй байсан” гэж дурдсан атлаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь хэсэг болгон өөрчилсөн нь хууль зүйн үндэслэлгүй. Хүнийг санаатай алах гэмт хэрэг нь гэмт этгээд өөрийн үйлдлийг хууль бус болохыг гэдгийг мэдэж, тухайн үйлдлийн улмаас бий болох үр дүнг хүсэж бий болгосон буюу хохирогчийн үхлийг хүсэж үйлдсэн /шууд санаатай үйлдэл/ эсвэл хохирогч үхэх эсэхийг зорилгоо болгоогүй ч тухайн хууль бус үйлдлийн үр дүнд хохирогч үхэх нөхцөл байдалд зориуд хүргэсэн /шууд бус санаатай үйлдэл/ шинжтэй болохыг шийтгэх тогтоолд тодорхой дурдсан. Шүүгдэгч Д.Эын үйлдэл нь хохирогч үхэх эсэхийг зорилгоо болгоогүй ч тухайн хууль бус үйлдлийн үр дүнд хохирогч үхэх нөхцөл байдалд зориуд хүргэсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон байна. Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Д.Эын өмгөөлөгч Ж.Гантулга давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “....Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт “ ... Шүүгдэгч Д.Э-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль болон шударга ёсны зарчмыг баримтлан гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогчид учирсан хохирлын хэр хэмжээ, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг тус тус харгалзан үзэж түүнийг цээрлүүлэх, хүмүүжүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор; Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч Д.Эыг 7 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Эд оногдуулсан 7 жил 6 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ...” гэжээ.

Нэг. Яллагдагч Д.Эыг 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр 57 дугаар сургуулийн автобусны буудлын орчим хохирогч Г.Быг түлхэж унагасан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж 2023 оны 3 дугаар сарын 15-ны өдөр 2311004450375 дугаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол үйлдсэн.

Хууль тогтоогч нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн заавал байх шинжийг “...Хүнийг алсан ...’’ гэж хуульчилсан байна.

Д.Эыг Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолд хохирогч Г.Б нь 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр 57 дугаар сургуулийн автобусны буудлын орчимд бусдад түлхүүлсний улмаас толгойн ар хэсгээр газарт унаж хүнд гэмтэл учирсны улмаас нас барсан.

Эрүүгийн хэрэгт 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Сүхбаатар дүүргийн 9 хороо Нуурын 8 дугаар гудамжинд үйл ажиллагаа явуулдаг Авто комплекс гэх засварын газрын 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 11 цаг 54 минутаас 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 12 цаг 54 минут хүртэл хугацааны 1 цагийн камерын бичлэгээр яллагдагч Д.Эыг бусдыг алах гэмт хэрэг үйлдсэн үйлдэл нь нотлогдож байна гэж хяналтын прокурор дүгнэсэн байна.

Мөрдөн шалгах ажиллагаанд шинжээчийн дүгнэлтээр амь хохирогч Г.Бы биед үүссэн гавал тархины битүү гэмтэл хатуу мохоо зүйлийн хэдэн удаагийн үйлчлэлээр үүсэх, шинжээчийн 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 442 дугаар дүгнэлтэд мөрдөгч цагдаагийн дэслэгч М.Тэмүүжингийн шинжээч томилсон тогтоолын 14 дүгээр асуултаар асуусан амь хохирогчид эмнэлгийн яаралтай тусламж цаг алдалгүй үзүүлсэн тохиолдолд амь нас аврагдах боломжтой байсан эсэх асуултад хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д заасан мөрдөгчийн шинжээчид тавьсан асуултад бүрэн хариулаагүй эргэлзээтэй бүрэн биш дүгнэлт гаргасан байх тул дахин шинжээч томилж дүгнэлт гаргуулах хүсэлт гаргасан.

Өмгөөлөгч Ж.Гантулгын дахин шинжээч томилох гомдлыг Нийслэлийн прокурорын газрын ерөнхий прокурор Ц.Ариунболд хүлээн авч хяналтын прокурор Б.Очгэрэл 2023 оны 5 дугаар сарын 24-ний өдөр 21 дүгээр прокурор дахин шинжээч томилох тогтоол гаргасан байна.

Хяналтын прокурор Б.Очгэрэл өмгөөлөгчийн хүсэлтийн 1 асуултаар тавьсан амь хохирогч Г.Бы биед үүссэн гавал тархины битүү гэмтэл хатуу мохоо зүйлийн хэдэн удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой нөхцөл байдлыг дахин шинжээч томилж гаргуулах асуултыг дахин шинжээч томилох тогтоолд оруулалгүй тогтоол үйлдэж хэргийн бодит байдал, нотолбол зохих байдлыг бүрэн тогтоох ажиллагааг явуулалгүй яллагдагч Д.Эд холбогдох хэргийг зүйлчилсэн үйл баримтад анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийлгүй шийтгэх тогтоол гаргасан.

Хоёр. Амь хохирогч Г.Бы биед үүссэн зүүн бугалга, хоёр шуу, хоёр гуя, шилбэ, баруун өвдөгний цус хуралт, гэмтэл хэзээ хаана хэн учруулсан, баруун 2-6, зүүн 2-7 дугаар хавирганы зөрүүгүй далд хугарлыг сэхээн амьдруулах үйл ажиллагааны явцад үүссэн эсэхийг эргэлзээгүй тогтоох ажиллагааг явуулалгүй үйл баримтад дүгнэлт хийгээгүй.

Анхан шатны шүүхийн яллагдагч Д.Эыг бусдын биед хүнд гэмтэл учруулсны улмаас хохирогч нас барсан гэсэн дүгнэлт нь шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтаар нотлогдохгүй байх тул түүнд холбогдох эрүүгийн хэргийг анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэх үндэслэлтэй байна.

Нотолбол зохих байдлыг нотлон тогтоогоогүй. Өөрөөр хэлбэл, хэргийн бодит байдлыг хуульд заасан үндэслэл журмын дагуу эргэлзээгүйгээр тогтоох ажиллагааг хийгээгүй. Шүүгдэгч Д.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, нотолсон 1 дүгээр хавтаст хэргийн 81-97 дугаар талд авагдсан 442 дугаар шинжээчийн дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.8 дугаар зүйлд заасан дахин шинжээч томилох нөхцөл байдлыг үүсгэсэн. Учир нь, 1 дүгээр хавтаст хэргийн 80 дугаар талд мөрдөгч шинжээч томилох тогтоол үйлдсэн. Уг тогтоолын “Амь хохирогчийн биед үүссэн гэмтэл ямар хүчин зүйлээр, хэдэн удаа үүссэн бэ” гэх 1 дүгээр асуултад 442 дугаар шинжээчийн дүгнэлт нь бүрэн хариулт өгч чадаагүй. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 27.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шинжээчийн дүгнэлтэд Шүүх шинжилгээний тухай хуулийн 18 дугаар зүйлд заасан зүйлийг тусгасан байна.” гэж заасныг хангаагүй. Шүүх шинжилгээний тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсгийн 18.1.9-т “шинжээчид тавьсан асуулт тус бүрд өгсөн хариулт, түүний үндэслэл”-ийг шинжээчийн дүгнэлтэд тусгана гэж заасан. Дээрх асуудалтай холбогдуулан Нийслэлийн прокурорын газар гомдол гаргахад ерөнхий прокурор Ариунболд гомдлыг хүлээн авч, яллах дүгнэлтийг хүчингүй болгосон. 2 дугаар хавтаст хэргийн 133-134 дүгээр талд прокурор 2023 оны 5 дугаар сарын 24-ний өдөр дахин шинжээч томилох тогтоол үйлдэхдээ амь хохирогчийн биед хэдэн удаа хүнд гэмтэл учирсан талаар асуултыг тавиагүй. Мөрдөгч, прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно.” гэж заасныг биелүүлээгүй. Үүнтэй холбогдуулан анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй. Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд хийсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй. Шинжээчийн 442 дугаар дүгнэлтээр амь хохирогчийн биед үүссэн хөнгөн гэмтлийг хэзээ, хаана, яаж үүссэн эсэхийг тогтоогоогүй. Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү. ...” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Уийн өмгөөлөгч Б.Алтандөш тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Прокурорын эсэргүүцлийн дэмжин оролцож байна. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс дээд шатны прокурорт хүсэлт гаргасны дагуу дахин шинжээчийн дүгнэлт гарсан. Уг шинжээчийн дүгнэлт нь амь хохирогчид эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлсэн ч амьд үлдэх боломжгүй талаар гарсан. Мөн миний бие анхан шатны шүүх хуралдаанд “амь хохирогчийн оршуулгын зардлыг Засгийн газрын тусгай сангаас гаргаж өгнө үү” гэж хүсэлт гаргасан боловч хүсэлтийг хангаагүй, шүүгдэгчээс гаргуулахаар шийдвэрлэсэн. Шүүгдэгч Д.Э нь хохирол, төлбөр төлөхөөр 5 хоногийн завсарлага авсан боловч ямар нэгэн хохирол төлбөр огт төлөөгүй. Энэхүү нөхцөл байдал нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийг дахин хохироож байгаа тул давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянах бүрэн эрхийнхээ хүрээнд 223.943.123 төгрөгийн оршуулгын зардлыг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3 дахь хэсэгт “Гэмт хэргийн хохирогчид нөхөн төлбөр олгох сангийн хөрөнгийг Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйл /Хүнийг алах/, 11.1 дүгээр зүйл /Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах/, 11.4 дүгээр зүйл /Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах/, 12.1 дүгээр зүйл /Хүчиндэх/, 12.3 дугаар зүйл /Бэлгийн мөлжлөг/, 13.1 дүгээр зүйл /Хүн худалдаалах/, 13.2 дугаар зүйл /Хүн хулгайлах/, 13.3 дугаар зүйл /Хүн барьцаалах/, 13.4 дүгээр зүйл /Хүнийг хүчээр алга болгох/, 15.3 дугаар зүйл /Хүний цус, эс, эд, эрхтнийг хууль бусаар авах/, 15.5 дугаар зүйл /Хууль бусаар үр хөндөх/, 16.1 дүгээр зүйл /Хүүхдийг гэмт хэрэг үйлдэхэд татан оруулах/, 16.3 дугаар зүйл /Хүүхдийг хаях, төөрүүлэх, тэнүүчлэлд хүргэх/, 16.6 дугаар зүйл /Хүүхэд худалдах/, 16.7 дугаар зүйл /Хүүхэдтэй хэрцгий харьцах/, 16.11 дүгээр зүйл /Хүүхдийг асран хамгаалах үүргээ үл биелүүлэх/, 17.2 дугаар зүйл /Дээрэмдэх/, 19.3 дугаар зүйл /Төрийн өндөр албан тушаалтны амь биед халдах/, 21.12 дугаар зүйл /Эрүү шүүлт тулгах/, 29.1 дүгээр зүйл /Түрэмгий дайныг төлөвлөх, бэлтгэх, өдөөх, дэгдээх/, 29.8 дугаар зүйл /Террорист үйлдэл хийх/-д заасан гэмт хэргийн улмаас амь насаа алдсан этгээдийн гэр бүлийн гишүүн, түүнчлэн хүнд гэмтэл учирсан хохирогчийн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрт заасан дараах хохиролд нөхөн төлбөр олгоход зарцуулна” гэж заасны дагуу Засгийн газрын тусгай сангаас гаргуулж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол, эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Д.Э нь 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, 57 дугаар сургуулийн автобусны буудлын орчим согтуурсан үедээ Г.Быг түлхсний улмаас Г.Б нь толгойн ар хэсгээр газарт унаж баруун чамархай, зулайн ясны хөндлөн шугаман хугарал, баруун зулайн яснаас суман заадал даган зүүн зулай яс руу үргэлжилсэн шугаман хугарал, тархины зүүн зулайн хатуу хальсан дээрх цусан хураа, баруун дух, чамархай, зулайн хатуу хальсан доорх цус харвалт бүхий хүнд гэмтэл учруулсны улмаас хохирогч нас барсан болох нь:

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.У: “...Талийгаач нөхөр маань 2023 оны 01 дүгээр сарын 19-ний орой 19 цаг өнгөрөөд 20 цаг болж байхад гэртээ ганцаараа хувцас хунар нь шороо болчихсон, даарчихсан байдалтай орж ирсэн. Би хаагуур яваад ирэв ээ, хөлдөж үхлээ шүү дээ гэж хэлтэл ямар нэгэн зүйл хэлээгүй орон дээр хэвтэж байгаад унтаад өгсөн.

 Ингээд маргааш өглөө нь буюу 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өглөө гэнэт дагзаа бариад ёолоод босч ирээд байсан. Ингээд өдөр 15, 16 цаг болсон бөгөөд Оюунномин руу яриад ах чинь дуугарахгүй чимээгүй хэвтээд байна, толгойгоо бариад гэнэт босч ирээд байна гэж хэлтэл өрх рүү ярь гэж хэлсэн. Эмч ирээд даралт нь их байна 240-тэй байна гээд даралт буулгах тариа болон өвчин намдаах тариа хийгээд энэ хүн шоконд орсон байдалтай байна яаралтай эмнэлэг бараадаарай гэж хэлээд яваад өгсөн,

өрхийн эмчийг явсны дараагаар удалгүй 103 дуудсан бөгөөд түргэн тусламж ирээд зүгээр байна, харваагүй байна гэж хэлсэн. Манай нөхрийн дүү бас ирсэн байж байгаад 103-н эмч гайгүй байна гэхээр нь яваад өгсөн. 103-н эмчийг ирэхэд талийгаач маань орондоо шингэнээр бие зассан /шээсэн/ байсан. Тэгээд түргэний эмч яваад өгсөн. Хүмүүс явсны дараагаар би охины хамтаар үлдсэн бөгөөд том хүний памперс хийх үед дахиад бие зассан ингээд би дахиад дүү рүү нь залгаад дүү нар нь ирсэн. Ирээд Цэргийн төв эмнэлгийн түргэнийг дуудсан. Цэргийн төв эмнэлгээс эмч ирж үзээд муу байна харвачихсан байна гэж хэлээд Цэргийн төв эмнэлэг рүү авч явсан. Эмнэлэг дээр очиход бараг 22 цаг болсон байх. Эмнэлэгт очиж үзүүлээд биеийн байдал хүнд байна гээд яаралтай хагалгаанд орно гээд 2023 оны 01 дүгээр сарын 21-ний үүрээр 05 цагийн орчимд тархины гурвалсан цус харвалт гэх оношоор хагалгаанд орсон. Хагалгаа үүрийн 05 цагаас өдрийн 14 цагийн хооронд болсон. Хагалгааны дараагаар ухаан ороогүй бөгөөд сэхээн амьдруулах тасагт байж байгаад 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр толгойд дахин цус харвалттай байна гээд 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр дахин толгойн хагалгаанд орсон. Хагалгаа дуусаад мөн сэхээн амьдруулах тасагт хэвтэж эмчлэгдэж байгаад 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 20 цаг 25 минутанд нас барсан ...талийгаач Б нь ажилд орох гээд шинжилгээ өгөөд яваад байсан тул сүүлийн хэд хоног архи уугаагүй, биеийн байдал нь хэвийн байсан. Ямар нэгэн бэртэж гэмтсэн зүйл байгаагүй ...” гэх мэдүүлэг /1хх 17-18, 21-22/,

Гэрч Б.М:  “...Талийгаач Б, Э бид гурав архи хувааж ууж байхад буудлын цаг дууссан гээд хөөгөөд байсан. Тухайн үед бид нар ярьж байгаад буудлаас гараад замаас такси бариад 57 дугаар сургуулийн автобусны буудал дээр хамтдаа буугаад тэндээсээ гэр гэрлүүгээ явцгаая гээд ярьж байгаад би буудлын үлдсэн тооцоог хийгээд бид нар буудлаас гараад замаас такси бариад Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байх 57 дугаар сургуулийн автобусны буудал руу яваад тэндээ бууцгаасан юм. ...Тэгсэн нэг мэдсэн автобусны буудал дээр бид гурав хамт байж байсан Э надаас 20.000 төгрөг нэхээд байсан талийгаач Б харих автобусны мөнгө байхгүй автобусны буудлын хажууд байх ТҮЦ рүү орж тэндээс 1000 төгрөг аваад талийгаач Бд өгч байсныгаа санаад байгаа юм. ...Нэг мэдсэн би автобусанд суугаад явж байсныг санаад байгаа юм. Би тухайн үед нилээн их согтоод согтуу байсан тул зарим зүйлсийг сайн санахгүй байна, хөдөө ажиллаж байгаад ирээд амарсан ч юм байхгүй өглөө архи уучихсан байсан болохоор их согтсон байсан. Тэгээд би гэртээ 13 цаг 30 минутын үед харьсан байсан. ...” гэх мэдүүлэг /1хх 28-29/,

Гэрч Э.Б: “...Б ахтай уулзах үед биед нь ил харагдах гэмтэл шарх байхгүй байсан ба хар өнгийн куртик, ногоон өнгийн цамц, хар өнгийн бодинк, хүрэн өнгийн ноосон малгайтай, саарал өнгийн өмдтэй байсан. ...Б ах надад хэлэхдээ урьд өдөр нь архи уусан тул шартаад байна чи ахдаа архи аваад өгөөч гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /1хх 31-32/,

Гэрч М.С: “...Албан үүргээ гүйцэтгэж байхад 11 цагаас 12 цагийн хооронд Согоот-10 буюу жижүүрийн бүрэлдэхүүнээс Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байх 57 дугаар сургуулийн автобусны буудал дээр 3 согтуу хүн байна гэх утгатай дуудлага ирсэн. ...Тэгээд дуудлагаар очиж шалгахад 57 дугаар сургуулийн автобусны буудлын сандал дээр 40 гаруй насны эрэгтэй хүн согтуу байдалтай хэвтэж байсан ба уг хүн дээр очоод биеийн байдлыг шалгахад тухайн хүн нилээн их согтолттой, архи согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэсэн байдалтай өөрийн хэн болохыг хэлж чадахгүй байсан. Тэгэхээр нь тухайн хүнийг сэрээхэд тэр хүн сэрсэн ба хэн болох талаар асуухад өөрийн нэрийг Б гэж хэлсэн боловч өөр зүйл ярих чадваргүй байсан. Биеийн ил харагдах хэсэгт гэмтэл шарх болон цус болсон байдал байгаагүй...” гэх мэдүүлэг /1хх 42-43/,

Гэрч М.А: “...Дуудлагаар очиход Б гэх 40 гаран насны эрэгтэй унтаж байсан эхнэрээс нь юу болсон талаар асуухад “гэрээсээ гарч яваад архи уусан байдалтай орж ирээд унтаад өглөө сэрээд толгой өвдөөд байна” гэж хэлсэн. ...Үзлэг хийх зорилгоор унтаж байхад нь сэрээхэд хариу үйлдэл үзүүлж байсан ба даралтын үзэхэд 200 гарчихсан, биеийн халуун, зүрхний хэм, амин үзүүлэлтүүд хэвийн байсан учраас даралт буулгах тариа хийж өгчихөөд эхнэрт нь 103-т яаралтай дуудлага өгч үзүүлэх хэрэгтэй шүү гэж зөвлөгөө өгөөд явсан. Толгойны арын хэсгийг барьж үзэхэд хурууны өндөг дарам газар хонхорхой байсан. ...” гэх мэдүүлэг /1хх 55/,

Гэрч Г.У: “... манай ТҮЦ-нд 3-4 үл таних залуучууд орж ирээд үйлчлүүлж байсан. Энэ үед залуучуудын нэг нь “ээ хүүрээ, үхчихлээ” гэж орилохоор нь би яасан юу болов гэхэд хүн саваад дагзаараа уначихлаа гэж хэлсэн. Би цонхоороо хартал автобусны зогсдог зам дээр хэвтэж байсан. Унасан хүнээс гадна хоёр согтуу хүн байсан бөгөөд нэг том биетэй согтуу залуу татаад босохгүй байсан. Тэгтэл буудал дээр явж байсан бор өнгийн нэхий хүрэмтэй залуу очоод унасан хүнийг дамжлаад автобусны буудлын сандал дээр хэвтүүлсэн байсан. Би унасны дараа том биетэй залуу сэрээх гээд татаад байгаа харагдсан, босохгүй болохоор нь 102-т дуудлага өгсөн. Би цагдаа ирэхийг хүлээгээд ТҮЦ-рүү орж гараад байж байтал нэг мэдэхэд хамт явсан хоёр согтуу нь алга болсон байсан. ...” гэх мэдүүлэг /1хх 59-60/,

Гэрч Б.У: “...автобусны буудал дээр 45-60 орчим насны 3 эрэгтэй хүн архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай зогсож байсан ба би тухайн үед автобусны буудал дээр байх ТҮЦ-ээс юм авч байхад ТҮЦ-ний худалдагч ах зам дээр нэг хүн уначихлаа гээд хэлэхээр нь би ТҮЦ-ээс гараад харахад замын хажууд нөгөө 3 эрэгтэй согтуу хүний нэг нь газарт уначихсан байдалтай байсан... тэгээд би тухайн газарт унасан 45 орчим насны хүнийг хамт явж байсан 2 хүний хамтаар чирч өргөж босгоод автобусны буудлын сандал дээр хэвтүүлсэн ба хажууд нь явж байсан хоёр хүн нилээн их согтуу байсан. Газарт унасан хүн 5-10 минут орчим ухаангүй хэвтэж байгаад толгойгоо бариад босоод сандал дээр суусан ба хүний ярьж байгааг сайн ойлгохгүй байсан. Гэхдээ толгойноос нь цус гарсан зүйлгүй байсан. Тэгсэн хамт явж байсан хоёр хүн наадах чинь эвгүй болчихлоо, чи түргэн дуудаад эмнэлэгт хүргээд өгчихөөрэй гэж хэлчихээд надтай хамт унасан хүнийг үлдээгээд яваад өгсөн...” гэх мэдүүлэг /1хх 62-64/,

Гэрч Б.Г: “...Би үйлчилгээний төв дотроо явж байхад үл таних архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай хар өнгийн куртиктай, 50 орчим насны эрэгтэй хүн ганцаараа ороод ирсэн 1,2, 3, 4 давхрын шатнууд дээр ээлжлээд суугаад унтаад байсан юм... Тэгж байгаад 17 цагийн орчим манай караоке руу тухайн хүн ганцаараа орж ирээд 00-ын өрөө орж бие засчихаад буцаад гарахгүй манай текний хэсэгт байх сандал дээр суучихаад босохгүй байхаар нь манай тогооч, эхнэр хоёр тухайн хүнийг хаалгаар гаргаж өгсөн юм. ....18 цаг өнгөрч байхад тухайн хүнийг гаргаж өгөөд явуулсан ба түүнээс хойш дахиж харагдахгүй байсан. Тэгэхээр нь тухайн хүнийг явсан байна гэж бодсон...” гэх мэдүүлэг /1хх 68-69/,

Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 442 дугаартай: “...Г.Бы цогцост баруун чамархай, зулай ясны хөндлөн шугаман хугарал, баруун зулай яснаас суман заадал даган зүүн зулай яс руу үргэлжилсэн шугаман хугарал, тархины зүүн зулайн хатуу хальсан дээрх цусан хураа, баруун дух, чамархай, зулайн хатуу хальсан доорх цусан хураа, тархины хоёр талын дух, баруун чамархай, зүүн зулайн дэлбэнгийн цусархаг няцрал, аалзан хальсан доорх цус харвалт, зүүн бугалга, хоёр шуу, хоёр гуя, шилбэ, баруун өвдөгт цус хуралт, баруун 2-6, зүүн 2-7 дугаар хавирганы зөрүүгүй далд хугарал гэмтэл тогтоогдлоо. Эдгээр гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гавал тархины битүү гэмтэл нь амь насанд аюултай тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт, зүүн бугалга, хоёр шуу, хоёр гуя, шилбэ, баруун өвдөгний цус хуралт гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй. Харин баруун 2-6, зүүн 2-7 дугаар хавирганы зөрүүгүй далд хугарал нь сэхээн амьдруулах үйл ажиллагааны явцад үүссэн байх боломжтой. Шинэ гэмтэл байна. Талийгаач нь чихрийн шижин, цусны даралт ихсэх өвчин, элэгний жижиг зангилаат хатуурал өвчтэй байна. Талийгаач нь дээрх гавал тархины битүү гэмтлийн улмаас төвийн гаралтай амьсгал, зүрх судасны дутагдалд орж нас баржээ. Цогцсын байрлал өөрчлөгдсөн гэх шинж тогтоогдохгүй байна. Дээрх гэмтлийг авсаны дараа идэвхтэй, зорилготой үйлдэл хөдөлгөөн хийх боломжтой ... Эмнэлгийн яаралтай тусламж, үйлчилгээг зохих журмын дагуу үзүүлэн, онош зөв тавигдсан байна. ...” гэх дүгнэлт /1хх 81-89/,

Шинжээч эмч Ц.Б: “...дээрх гэмтэл нь хавтгай өргөн гадаргуутай хатуу зүйл дээр толгойн унах, савж унах үед үүсэх боломжтой. Гараар цохих үед үүсэхгүй... Гэмтэл авснаас хойш тодорхой хугацаанд тархи дарагдах, комын байдалд шилжих хугацаанд идэвхитэй хөдөлгөөн хийх боломжтой, дээрх хугацаанд толгой өвдөх, дотор муухайрах, гуйвж дайвах зэрэг шинж тэмдгүүд илэрнэ. ...амь хохирогч Бд учирсан гавал тархины битүү гэмтэл нь тархины их талбай хамарсан цусан хураа, тархины зулайн няцрал ихтэй, хатуу хальсан доорх цус харвалт зэрэг хүнд зэргийн гэмтэл байсан учир эмнэлгийн яаралтай тусламж үзүүлсэн ч амь нас аврагдах боломжгүй... ясны хугарал, няцрал зэрэг гавал тархины хавсарсан олон гэмтэлтэй байсан байна...” гэх мэдүүлэг /1хх 75-76, 78/,

Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын бүрэлдэхүүнтэй 3 шинжээчийн 2023 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 566 дугаартай: “...Урьд гаргасан №442 тоот дүгнэлт үндэслэлтэй байна. Талийгаачид эмнэлгийн зохих тусламж үйлчилгээг цаг алдалгүй үзүүлсэн ч амь насыг аврах боломжгүй байжээ. ...” гэх дүгнэлт /2хх 134-142/,

Шүүх сэтгэц эмгэг судлалын 257 дугаартай: “...Д.Э нь урьд өмнө нь сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвчилж байсан гэх баримт мэдээлэлгүй, өөрийн үйлдлийн хор уршиг учир холбогдлыг бүрэн ойлгох чадвартай, хэрэг үйлдэгдэх үед сэтгэцийн ямар нэгэн өвчтэй байсан гэх баримт мэдээлэлгүй, тэр үедээ өөрийнхөө хийж байгаа үйлдлийг зөв ойлгон мэдэж удирдах чадвартай байсан, сэтгэцийн ямар нэгэн өвчингүй хэрэг хариуцах чадвартай, хэрэгт үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай, эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна. ...” дүгнэлт /1хх 111-112/,

Шүүгдэгч Д.Э: “...Талийгаач Бтай Чингэлтэй дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх 39 дүгээр сургуулийн автобусны буудлын хажууд уулзахаар болсон ба би байгаа газраасаа алхаад 39 дүгээр сургуулийн автобусны буудал дээр 05 цагийн орчим очоод байж байтал талийгаач Б алхаад хүрээд ирсэн юм. Тэгэхээр нь бид хоёр уулзсан ба гадаа харанхуй байсан. Тэгээд бид хоёр надад байсан 0,5 литрийн усны саванд хийсэн байсан архиа уулзсан газраа уусан юм. Архиа ууж дуусгаад бид хоёр хоорондоо юм ярьж байтал талийгаач Б ах “Батцолмонгоор архи авахуулж уунаа, Батцолмон ойрхон байгаа” гээд утсаар яриад уулзахаар болоод /хэний утсаар ярисан талаар сайн санахгүй байна/ талийгаач Б бид хоёр Батцолмонгийн байсан газар болох Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх Хангай хотхон дээр очсон тухайн үед “Хангай" хотхон дээр очиход гэгээ татсан 08, 09 цаг болж байсан санагдаж байна.

Бид хоёрыг очиход Батцолмон гараад ирчихсэн байсан бид нар ойрхон байх зочид буудалд бид 3 архи уучаад гарцгаасан. ...Талийгаач Б бид нар төв зам дагуу замын боржурын хажууд зогсож байсан ба талийгаач ер нь нилээд муудсан уначих гээд зогсож чадахгүй гуйваад байсан ба надаас архи нэхээд хувцаснаас зууралдаад байхаар нь би гарын тавиулсан чинь талийгаач Б тэнцвэрээ олж зогсож чадахгүй замруу уначих гээд байхаар нь би татах гээд гараа сунгасан чинь талийгаач хойшоогоо саваад газарт уначихсан юм. Тухайн үед би талийгаач татаж авах гээд оролдоод хувцаснаас нь татсан боловч барьж авч чадаагүй гар мултраад талийгаач Б хойшоо саваад газарт хүчтэй унасан юм. ...Талийгаач нь өөрөө биерхүү, хүнд жинтэй хүн тул биеийн жингээрээ хойшоо саваад унасан юм. Талийгаачийг уначихаар нь би татаж босгох гэхэд талийгаач Б зүгээрээ, зүгээр гээд байхаар нь би тухайн үедээ гайгүй байна гэж бодоод тэндээсээ гэрлүүгээ явсан юм. Мөнхбат ахыг хэзээ явсан талаар сайн санахгүй байна. Тэгсэн түүнээс хойш 4-5 хоногийн дараа хамт ажилладаг Цагаанбилэг надруу залгаад талийгаач Быг эмнэлэгт хэвтсэн талаар хэлэхээр нь биеийн байдлыг асууж тодруулахад ухаан орохгүй байгаа талаар хэлсэн. 2023 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр цагдаагийн байгууллагаас дуудаад талийгаач Быг нас барсан талаар хэлсэн тул би очиж мэдүүлэг өгсөн. ...” гэх мэдүүлэг /2хх 66-67/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 05-08/, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 09-12/, илтгэх хуудас /1хх 14-15/, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 119-129, 135-158/, хохирогчийн зам маршрутыг тогтоохоор хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 135-157/, амь хохирогчийн өвчний түүх, хэвтэн эмчлүүлсэн талаарх баримтууд /1хх 170-250/

эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол, илтгэх хуудас /2хх 130, 131-133/, зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хангалттай тогтоогджээ.

Прокуророос шүүгдэгч Д.Эын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх Прокуророос шүүгдэгч Д.Эд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь хэсэг болгон өөрчилж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэж заасны дагуу анхан шатны шүүхийн шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, мэдүүлэг, дүгнэлт, шинжлэн судалсан бусад нотлох баримтад үндэслэн шүүгдэгч Д.Эыг “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсны улмаас хохирогч нас барсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч Д.Эыг согтуурсан үедээ хохирогч Г.Быг түлхсний улмаас, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсны улмаас хохирогч нас барсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Д.Эын үйлдсэн гэмт хэрэг, учруулсан хохирол, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д  зааснаар 7 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан нь түүний гэм бурууд тохирсон төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцжээ.

Прокурор Б.Чинбат “...шүүх үндэслэлгүй дүгнэлт хийж хэргийн зүйчлэлийг хөнгөрүүлсэн,  хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулах тухай эсэргүүцэл бичсэн.

Шүүгдэгч Д.Эын өмгөөлөгч Ж.Гантулга “...анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй, амь хохирогчийн баруун 2-6, зүүн 2-7 дугаар хавирганы хугарлыг эргэлзээгүй тогтоох ажиллагааг явуулаагүй” агуулаг бүхий гомдол бичсэн.

Хавтас хэрэгт авагдсан баримтаас үзэхэд; Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.У: “...Талийгаач нөхөр маань 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өглөө гэнэт дагзаа бариад ёолоод байхаар нь дуудлага өгөхөд эмч ирээд даралт нь их байна 240-тэй байна гээд даралт буулгах тариа болон өвчин намдаах тариа хийгээд энэ хүн шоконд орсон байдалтай байна яаралтай эмнэлэг бараадаарай гэж хэлэхээр нь 103 дуудсан бөгөөд Түргэн тусламж ирээд зүгээр байна, харваагүй байна гэж хэлсэн. Дахиад Цэргийн төв эмнэлгийн түргэнийг дуудсан. Цэргийн төв эмнэлгээс эмч ирж үзээд муу байна харвачихсан байна гэж хэлээд Цэргийн төв эмнэлэг очоод яаралтай хагалгаанд орно гээд 2023 оны 01 дүгээр сарын 21-ний үүрээр 05 цагийн орчимд тархины гурвалсан цус харвалт гэх оношоор хагалгаанд орсон. ...Хагалгааны дараагаар ухаан ороогүй бөгөөд сэхээн амьдруулах тасагт байж байгаад 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр толгойд дахин цус харвалттай байна гээд 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр дахин толгойн хагалгаанд орсон. Хагалгаа дуусаад мөн сэхээн амьдруулах тасагт хэвтэж эмчлэгдэж байгаад 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 20 цаг 25 минутанд нас барсан ..., биеийн байдал нь хэвийн байсан. Ямар нэгэн бэртэж гэмтсэн зүйл байгаагүй ...” гэх мэдүүлэг /1хх 17-18, 21-22/, гэрч М.Ариунтуяа: “...Дуудлагаар очиход Б гэх 40 гаран насны эрэгтэй унтаж байсан ба үзлэг хийх зорилгоор унтаж байхад нь сэрээхэд хариу үйлдэл үзүүлж байсан ба даралтын үзэхэд 200 гарчихсан, биеийн халуун, зүрхний хэм, амин үзүүлэлтүүд хэвийн байсан учраас даралт буулгах тариа хийж өгчихөөд эхнэрт нь 103-т яаралтай дуудлага өгч үзүүлэх хэрэгтэй шүү гэж зөвлөгөө өгөөд явсан. Толгойны арын хэсгийг барьж үзэхэд хурууны өндөг дарам газар хонхорхой байсан. ...” гэх мэдүүлэг /1хх 55/, шинжээч эмч Ц.Бадрал: “...дээрх гэмтэл нь хавтгай өргөн гадаргуутай хатуу зүйл дээр толгойн унах, савж унах үед үүсэх боломжтой. Гараар цохих үед үүсэхгүй... Гэмтэл авснаас хойш тодорхой хугацаанд тархи дарагдах, комын байдалд шилжих хугацаанд идэвхитэй хөдөлгөөн хийх боломжтой, дээрх хугацаанд толгой өвдөх, дотор муухайрах, гуйвж дайвах зэрэг шинж тэмдгүүд илэрнэ. ...амь хохирогч Бд учирсан гавал тархины битүү гэмтэл нь тархины их талбай хамарсан цусан хураа, тархины зулайн няцрал ихтэй, хатуу хальсан доорх цус харвалт зэрэг хүнд зэргийн гэмтэл байсан учир эмнэлгийн яаралтай тусламж үзүүлсэн ч амь нас аврагдах боломжгүй... ясны хугарал, няцрал зэрэг гавал тархины хавсарсан олон гэмтэлтэй байсан байна...” гэх мэдүүлэг /1хх 75-76, 78/, шүүх Шинжилгээний Ерөнхий газрын бүрэлдэхүүнтэй 3 шинжээчийн 2023 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 566 дугаартай: “...Урьд гаргасан №442 тоот дүгнэлт үндэслэлтэй байна. Талийгаачид эмнэлгийн зохих тусламж үйлчилгээг цаг алдалгүй үзүүлсэн ч амь насыг аврах боломжгүй байжээ. ...” гэх дүгнэлт /2хх 134-142/ тус тус хэрэгт авагджээ.

Тодруулбал, шинжээч эмчийн дүгнэлт, болон 3 бүрэлдэхүүнтэй хийсэн шинжээч нарын “...амь хохирогчид эмнэлэгийн яаралтай тусламж үзүүлсэн ч амь нас аврагдах боломжгүй...” /1хх 81-89, 2хх 134-142/ гэсэн дүгнэлт нь хууль журамд заасны дагуу тусгай мэдлэгийн хүрээнд үндэслэл бүхий дүгнэлт гарсан байх бөгөөд тус дүгнэлт нь хэрэгт авагдсан баримтын хүрээнд гарчээ.

Мөн шинжээч эмч Ц.Б “...хүнд зэргийн гэмтэл байсан учир эмнэлгийн яаралтай тусламж үзүүлсэн ч амь нас аврагдах боломжгүй... ясны хугарал, няцрал зэрэг гавал тархины хавсарсан олон гэмтэлтэй байсан байна...” /1хх 75-76, 78/ гэх мэдүүлэг нь түүнд хууль заасанд эрх, үүргийг тайлбарлаж мэдүүлэг авсан байх тул түүний мэдүүлгийг буруутгах үндэслэлгүй.

Дахин шинжээч томилох тухай тогтоол болон шинжээчийн дүгнэлтийг оролцогч нарт танилцуулсан /2хх 132-133, 2хх 145-146/ амь хохирогчийн баруун талын 2-6, зүүн талын 2-7 дугаар хавирганы хугарал нь сэхээн амьдруулах үйл ажиллагааны явцад үүссэн байх боломжтой. Шинэ гэмтэл байна. ...” гэх дүгнэлт /1хх 81-88/ гарсан тул мөрдөн шалгах ажиллагаагаар эргэлзээгүй тогтоогдсон байна гэж үзнэ.

Иймд прокурорын бичсэн “шүүгдэгчийг  хүнийг алах гэмт хэрэг гэж үзэх үндэслэлгүй гэж хэрэгт авагдсан нотлох баримтуудаас тэс өөр дүгнэлт хийж, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн” тухай эсэргүүцлийг, мөн шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Гантулгын “.... дахин шинжээч томилох тогтоолд өөрчлөлт оруулахгүйгээр тогтоол үйлдсэн, баруун 2-6, зүүн 2-7 дугаар хавиргын хугаралыг эргэлзээгүй тогтоох ажиллагааг явуулаагүй” тухай гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Шүүгдэгч Д.Эын  2024 оны 3 дугаар сарын 04-ний өдрөөс 2024 оны 5 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 85 /наян тав/ хоногийг  түүний эдлэх хорих ялд оруулан тооцов.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:   

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 2024/ШЦТ/179 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, прокурор Б.Чинбатын эсэргүүцэл болон шүүгдэгч Л.Эын өмгөөлөгч Ж.Гантулгын гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.      

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Эын цагдан хоригдсон нийт 85 /наян тав/ хоногийг  түүний эдлэх хорих ялд оруулан тооцсугай.   

3.  Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар оролцогч гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.    

 

 

 

                            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

                            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Б.ЗОРИГ

                            ШҮҮГЧ                                                             Д.МӨНХӨӨ