Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 274

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: Ч.Сайнзаяа,

Улсын яллагч: Д.Эрдэнэчимэг,

            Шүүгдэгч Ё.Нөөрөө өөрийгөө өмгөөлөн тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Ё.Нд холбогдуулж яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1805001650282 дугаартай хэргийг 2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

     Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Ё.Н, 1978 оны 6 дугаар сарын 02-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хүнд механизмын оператор мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт ..., урьд ял шийтгэлгүй, ...тоот регистртэй,

Шүүгдэгч Ё.Ннь 2017 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 11 цагийн орчим Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 86 дугаар байр 96 тоотод гэр бүлийн хамаарал бүхий хүн болох өөрийн төрсөн дүү Ё.Дыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Ё.Нын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2017 оны 12 дугаар сарын 23-ны өглөө манай дүү ирсэн байхаар нь өөрсдөө хөнжилтэй байж өөрийнхөө хөнжлийг дэвсэхэд яадаг юм бэ гэсэн. Би дүүдээ ахын хувьд ганц, хоёр үг хэлсэн. Миний буруу, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.     

Хохирогч Ё.Дын мөрдөн байцаалтад өгсөн: “...2017 оны 12 дугаар сарын 23-ны өглөө гэрт би, манай ах, манай хоёр хүүхэд байсан. Би ах Нын жаахан муу хөнжлийг нь газар дэвсээд унтсан байсан. Түүнээс болоод манай ах миний хөнжил газар дэвсэж унтлаа гээд уурласан. Ингээд хэсэг маргалдсан. Тэгэж байгаад миний нүүр рүү гараараа цохьсон. Дараа нь үргэлжлүүлээд толгой руу гараараа цохьсон ба би хана мөргөсөн хүчинд нь саваад гарт индүү тааралдахаар нь индүүг аваад цохих гэтэл надаас индүүг булааж аваад оосроор нь намайг боох гэж оролдсон. Энэ үед манай хаалгыг хүн тогшиж салсан. ... Миний биед хүзүү улайсан, хамраас цус гарсан, нүүр ам хөхөрч хавдсан гэмтлүүд учирсан. ...Надад урьд нь гар хүрч байгаагүй. Би тухайн үед зодуулсандаа уур хүрч ахдаа гомдоод цагдаад өргөдөл өгсөн. Урьд нь надад агсам тавьж гар хүрч байгаагүй, гэр бүлийн жижиг маргаан бол хааяадаа болдог байсан” гэсэн мэдүүлэг /хх-н 27-28, 30/,

Шинжээчийн 568 тоот дүгнэлтэд: “...Ё.Дын биед зүүн нүдний алимны салстад цус хуралт, хоёр нүдний зовхи, зүүн хацар, хүзүүнд цус хуралт, доод уруулд цус хуралт, цээжний хэнхэрцгийн зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт /хх-н 39/,

Сэжигтнээр Ё.Нын мөрдөн байцаалтад өгсөн: “...2017 оны 12 дугаар сарын 22-ны орой 19 цагийн үед хөдөөнөөс ажлаасаа ирээд өөрийн төрсөн ээжийн гэрт Баянгол дүүргийн 86-р байрны 93 тоотод ирж хоносон. Тэгээд өглөө сэрээд ор дэрээ хураах гэтэл манай төрсөн дүү Дэлгэржаргал миний хөнжлийг газар дэвсээд унтаж байхаар нь би дүүдээ миний хөнжлийг газар дэвслээ гэж хэлсэн. ...манай дүү одоо ярих юмаа яриач гээд хэрүүл хийгээд байсан. Би босч ирээд чи больж үз гээд ор луу түлхсэн. Тэгэхэд одоо алалцана гээд над руу индүү бариад босоод ирэхээр нь би индүүг нь булааж аваад 1 удаа алгадсан. Тэгэхэд ширээн дээрээс хутга барьж ирээд над руу дайраад алалцана гэхээр нь би хутгыг нь булааж аваад дахиад 1 удаа алгадсан. Тэгэхэд манай дүү гараад явахаар нь би хувцсаа өмсөөд гэр рүүгээ харьсан. ...Би тухайн үед уурандаа өөрийн төрсөн дүүдээ гар хүрсэндээ гэмшиж байна” гэсэн мэдүүлэг /хх-н 42-43/,

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судласан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршигийн талаар:

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар  зүйлд заасны дагуу шүүгдэгч, хохирогч нар нь хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна.

Уг хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хэргийг хялбаршуулсан журмаар ял оногдуулах шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч Ё.Ннь 2017 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 11 цагийн орчим Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 86 дугаар байр 96 тоотод гэр бүлийн хамаарал бүхий хүн болох өөрийн төрсөн дүү Ё.Дыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэм буруутай болох  нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч Ё.Дын: “...2017 оны 12 дугаар сарын 23-ны өглөө гэрт би, манай ах, манай хоёр хүүхэд байсан. Би ах Нын жаахан муу хөнжлийг нь газар дэвсээд унтсан байсан. Түүнээс болоод манай ах миний хөнжил газар дэвсэж унтлаа гээд уурласан. Ингээд хэсэг маргалдсан. Тэгэж байгаад миний нүүр рүү гараараа цохьсон. Дараа нь үргэлжлүүлээд толгой руу гараараа цохьсон ба би хана мөргөсөн хүчинд нь саваад гарт индүү тааралдахаар нь индүүг аваад цохих гэтэл надаас индүүг булааж аваад оосроор нь намайг боох гэж оролдсон. Энэ үед манай хаалгыг хүн тогшиж салсан. ... Миний биед хүзүү улайсан, хамраас цус гарсан, нүүр ам хөхөрч хавдсан, гэмтлүүд учирсан. ... Надад урьд нь гар хүрч байгаагүй. Би тухайн үед зодуулсандаа уур хүрч ахдаа гомдоод цагдаад өргөдөл өгсөн” гэсэн мэдүүлэг /хх-н 27-28, 30/, шинжээчийн 568 тоот дүгнэлтэд тоот дүгнэлт болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч нь өөрийн төрсөн дүү болох Ё.Дыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан байх тул түүнийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хөнгөн хохирол учруулсан гэж үзсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Ё.Нын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул шүүгдэгчид холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Ё.Ннь дүү Ё.Дыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон тул гэм буруутайд тооцох нь зүйтэй байна. 

Хохирогч нь шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй, сайн дурын үндсэн дээр эвлэрсэн гэсэн хүсэлт /хх-н 64/ гаргасан тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болох нь хавтаст хэрэгт авагдсан шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлтүүд, хохирогчийн хүсэлт, эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын саналтай танилцаж зөвшөөрсөн талаарх баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдож байна.  

          Прокуророос ялын төрөл хэмжээний талаар гаргасан “шүүгдэгч Ё.Ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 700 нэгж буюу 700.000 төгрөгөөр торгох ял” оногдуулах саналыг шүүгдэгчид танилцуулсан байх ба прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ. 

          Шүүгдэгч нь торгуулийн ялыг 2 сарын хугацаанд төлөх боломжтой гэсэн хүсэлт гаргасныг хүлээн авч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-д зааснаар шүүгдэгч Ё.Нт шүүхээс оногдуулсан торгох ялыг 2 сарын хугацаанд төлж барагдуулахыг түүнд даалгах нь зүйтэй гэж үзлээ.

          Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.  

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  17.4 дүгээр зүйлийн 5, 36.2,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Ё.Ныг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ё.Ныг 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
  3.   Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-д зааснаар шүүгдэгч Ё.Нд шүүхээс оногдуулсан 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ялыг 2 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг  даалгаж, торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.
  4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
  5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ё.Нд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ч.ОТГОНБАЯР