Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 01 сарын 21 өдөр

Дугаар 210/МА2022/00141

 

 

 

 

 

2022 оны 01 сарын 21 өдөр

Дугаар 210/МА2022/00141

 

 

С.И-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Э.Золзаяа, шүүгч Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 101/ШШ2021/03718 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч С.И-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч Б.Т-т холбогдох,

Эд хөрөнгөд учруулсан гэм хорын хохиролд 1,373,675 төгрөг гаргуулах иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ш.Оюунханд илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.И-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Халиун нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэлийн шаардлага: Орон сууцанд ус алдсанаас учирсан хохиролд 1,373,675 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргаж, шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 50,000 төгрөгөөр багасган хариуцагчаас 1,323,675 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн.

Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: С.И- нь 2021 оны 08 дугаар сарын 17-ны орой 22:00 цагийн орчимд 107-104 тоот болох гэртэй хөдөөнөөс ирэхэд 107-114 тоот айлаас ус алдан тааз нэвтэрч замаск, эмульс унасан, нэг талын булангийн ханын обой хууларсан, газар дэвссэн ширдэг, 3 хөнжил, 2 гудас, паркетан шал нэвтэрч доод талын 10 давхрын айл руу ус алдсан байдалтай байсныг хариуцагч 107-114 тоотын оршин суугч Б.Т-т харуулсан. Хохирлын хэмжээг тогтоолгохоор ХҮ ХХК-аар үнэлгээ хийлгэхэд үнэлгээгээр 1 295 675 төгрөг, үнэлгээний төлбөр 78 000 төгрөг, нийт 1,373, 675 төгрөгийн хохирол учирсан.

 

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус байр А.У-ийн эзэмшлийн байр бөгөөд Б.Т- 2019 оны 12 дугаар сараас 2020 оны 03 дугаар сарын хугацаанд түрээслэж байсан. Б.Т- нь 2020 оны 03 дугаар сард Дорнод аймагт ажиллаж амьдрах болсноор тус байр эзэнгүй болсон. Эзэмшигч нь 2021 оны 5 дугаар сард ус, цахилгааныг очиж шалгасан. Анх 2020 оны 3 дугаар сард нүүхдээ усны крантууд, тогны хүчдэлийг хааж орхисон. Гэтэл 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдөр түрээслэгч Б.Т- үлдэгдэл эд зүйлээ авахаар, сууцны өмчлөгч байраа шалгахаар очиход ус алдсан байсан. Энэ хугацаанд СӨХ болон контороос утсаар мэдэгдсэн зүйл байгаагүй. Улмаар 2021 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн №70 тоот дүгнэлтээр инженерийн шугам сүлжээний доголдлоос ус алдсан гэсний дагуу даатгалын компанид хандахад контортоо ханд гэснийг тухайн үед доод айлын С.И-т холбогдож хэлсэн. Манай орон сууц 12 давхар байрны хамгийн дээд давхрын айл тул ус тасраад ирэхдээ өндөр даралттай ирснээс хаалттай крантны хоолой задарсан нь конторын буруутай үйлдэл байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Тухайн үед хамтдаа хохирсон байна, хамт конторт хандая гэж удаа дараа холбогдсон болно.

 

3. Иргэдийн төлөөлөгчийн дүгнэлт: Хариуцагч тал иргэний үүргээ ухамсарлан хохирлыг барагдуулаагүй байна. Нэхэмжлэгч талаас гаргасан баримтын огноог тодотгох нь зөв.

 

4. Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг баримтлан хариуцагч Б.Т- /ЖЮ90060810/-аас 1,323,675 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С.И- /НН90030278/-т олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 67.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 36,930 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Б.Т-аас 36,128 төгрөг гаргуулж нэхэмжлэгч С.И-т олгож шийдвэрлэжээ.

 

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо:

5.а. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй тул хариуцагч Б.Т-аас гаргуулах 1,323,675 төгрөгөөс нотлох баримтын шаардлага хангаагүй 575,500 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү. Хариуцагч тал нэхэмжлэгчийн ХҮ ХХК-аар хийлгэсэн анхны үнэлгээг өөрчлүүлж хэд хоногийн дараа дахин шинээр үнэлгээ хийлгэж үнийн дүнг засуулсанд эргэлзэж байгаа. Паркет худалдан авсан 575,500 төгрөгийн баримт огноо огт бичигдээгүй, тухайн үеийн ус алдалтаас үүссэн паркет солих шаардлага мөн эсэх, паркетийг сольсонг гэрчилсэн зураг байхгүй зэрэг нотлох баримтын шаардлага хангахгүй баримтуудыг үнэлж шийдвэр гаргасанд гомдолтой.

 

6. Давж заалдах журмаар гаргасан гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбар: Эхлээд хийлгэсэн ХҮ ХХК-ийн үнэлгээчин шал зүгээр байгаа тул үнэлгээ хийлгэх боломжгүй гэж хэлсэн. Үүний дараа завсар хийх явцад шал хатсаны дараа уулзвар хэсгээрээ овойж гарч ирсэн тул үүнээс шалтгаалан дахин үнэлгээ гаргуулсан. Паркетан шал худалдан авсан огноо нь 2021 оны 08 дугаар сарын 24-ний өдөр гэж баримтад тусгагдсан байгаа. Үнэлгээний тайланг 9 сар гарсны дараа ажлын зав чөлөөгөөрөө очиж авсан бөгөөд ХҮ ХХК-ийн ажилтан нь программаасаа үнэлгээг хэвлэж өгсөн. Тиймээс үнэлгээний огноо 2021 оны 09 дүгээр сарын 05-ны өдрөөр огноологдсон. Анхан шатны шүүхэд шал солих үндэслэлгүй талаар тайлбар гаргаж мэтгэлцсэн. Шүүх солих шаардлагатай гэж үзсэн нь зөв.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзсэн болно.

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсгийн хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэн байна.

 

Нэхэмжлэгч С.И- нь хариуцагч Б.Т-т холбогдуулан ус алдсанаас учирсан хохиролд 1,373,675 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргаж, шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 50,000 төгрөгөөр багасган хариуцагчаас 1,323,675 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч нэхэмжлэлээс 684,575 төгрөгийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, 639,100 төгрөгийн шаардлагаас татгалзаж, үнэлгээ, баримтад дурдсан 576,600 төгрөгийн паркетан шал сольсон зардал, мөн замаск, эмүльс гэсэн 62,500 төгрөгийн баримт тодорхой биш гэж маргажээ.

 

Хэрэгт ОСНААУГ-ын Хэрэглэгчдэд үйлчлэх нэгдүгээр төвийн 2021 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 70, 18-ны өдрийн 73 тоот Айл өрхийн ус алдсанаас үүссэн гэмтлийн шалтгааныг тогтоох дүгнэлт-ээр С.И-ын өмчлөлийн Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Баянзүрх хотхоны 107 дугаар байрны 11 дүгээр давхарт орших 104 тоот орон сууцанд тус байрны 12 дугаар давхарын 114 тоотод орших айлын уян холбоо задарсан шалтгааны улмаас ус алдсан болохыг тогтоосон. /хх12/

 

Хариуцагч ус алдсаны улмаас нэхэмжлэгчийн орон сууцны хана, тааз шарлаж обой хууларч, паркетан шал овойж хохирол учирсан болох нь талуудын тайлбар болон хэрэгт авагдсан фото зураг зэрэг баримтаар тогтоогджээ.

 

Уян холбоо нь задрахад хариуцагч буюу орон сууц өмчлөгч нь ус алдахгүй байхаар арчлан хамгаалаагүй эс үйлдлийн улмаас ус алдсан буруутай байна. Уг ус алдсаны улмаас бусдын эд хөрөнгөд хохирол учирсан нь шалтгаант холбоотой тул хохирлыг хариуцагч хариуцах үндэслэлтэй.

 

Нэхэмжлэгч нь хохирлын үнэлгээг ХҮ ХХК-иар хийлгэсэн баримт хэрэгт авагдсан. Уг үнэлгээгээр нэхэмжлэгчийн эд хөрөнгөд 1,295,675 төгрөгийн хохирол учирсан нь нотлогдсон. Нэхэмжлэгч үнэлгээний компанид 78,000 төгрөгийн хөлс төлсөн баримт хэрэгт авагджээ. /хх2/

 

Хариуцагч Б.Т- нь нэхэмжлэгч С.И-ын эд хөрөнгөд гэм хор учруулсан талаар анхан шатны шүүхээс дүгнэсэн нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасанд нийцжээ. Мөн анхан шатны шүүхээс хариуцагч Иргэний хуулийн 148 дугаар зүйлийн 148.2.1, 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасны дагуу сууцаа эзэмшиж ашиглахдаа бусад өмчлөгчийн амьдралын хэвийн аж байдлыг алдагдуулах, хууль, дүрэмд заасан үүргээ зөрчихгүй байж бусдын эд хөрөнгөнд хууль бусаар хохирол учруулсан бол уг хохирлыг хариуцан арилгах үүрэгтэй талаар зөв дүгнэсэн байна.

 

Хариуцагчийн зүгээс нэхэмжлэгч талын паркетан шал солиулсан зардал болох 576,600 төгрөгийн болон түүнтэй холбоотой зардал 62,500 төгрөгийн шаардлагыг эс зөвшөөрч маргасан. /хх21/

 

Нэхэмжлэгчийн орон сууцны паркетан шал ус алдсанаас хэд хоногийн дараа хатахдаа хөндийрч овойсон, солиулах зайлшгүй шаардлага үүссэн нь ХҮ ХХК-ийн үнэлгээний тайлан, нэхэмжлэгчийн тайлбар, сууцны доторх байдлыг харуулсан гэрэл зураг болон ус алдсаны дараа хариуцагч Б.Т-т ус алдсаны дараах байдлыг танилцуулсан тухай талуудын тайлбар зэргээр нотлогдсон, уг шалыг солихтой холбоотой зардлыг нэхэмжлэгч гаргасан гэж үзнэ. Анхан шатны шүүх энэ талаар зөв дүгнэсэн. Энэ үндэслэлээр хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзлээ.

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 101/ШШ2021/03718 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 17 915 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА

 

Ш.ОЮУНХАНД