| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Шаравын Оюунханд |
| Хэргийн индекс | 102/2021/03317/И |
| Дугаар | 210/МА2022/00140 |
| Огноо | 2022-01-21 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 01 сарын 21 өдөр
Дугаар 210/МА2022/00140
| 2022 оны 01 сарын 21 өдөр | Дугаар 210/МА2022/00140 |
Ш.С-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Э.Золзаяа, шүүгч Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 102/ШШ2021/02981 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч Ш.С-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч С.Б-д холбогдох,
Хүүхдийн тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэлтэй, хүүхдийн асрамж тогтоолгох сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ш.Оюунханд илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ш.С-, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Халиун нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
1.а Нэхэмжлэлийн шаардлага: 2013 оны 02 дугаар сарын 05-ны өдөр төрсөн охин Б.С-д эцгээс нь хүүхдийн тэтгэлэг тогтоож өгнө үү.
1.б Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: С.Б-тэй 2012 онд танилцаж, хамтран амьдарч, 2013 оны 02 дугаар сарын 05-ны өдөр охин Б.С- төрснөөс хойш охиноо өөрийн биеэс салгалгүй өдийг хүртэл өвчин зовлонгүй, эрүүл саруул өсгөн бойжуулж ирсэн. Гэр бүлээс гадуурх харилцаанаас болж 2020 оны 12 дугаар сараас хойш бид тусдаа амьдарч байгаа бөгөөд цаашид хамтран амьдрах боломжгүй болсон. Охин Б.С- 3 дугаар ангийн сурагч ба хичээлийн хэрэгсэл, хувцас, бусад зардлуудыг би ганцаар хариуцахад хүндрэлтэй байна.
2. Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Охин Б.С-г төрсөн цагаас нь эхлэн хайрлаж, хооллож, хувцаслаж мөн амьдрах гэр орон болох түрээсийн төлбөр төлдөг байсан. Ш.С- тухайн үед оюутан байсан бөгөөд сурч боловсроход нь миний бие анхаарч тодорхой хэмжээгээр мөнгөн санхүүжилт үзүүлсэн. Тэрээр 2020 оны 12 дугаар сард намайг зайл гэж хөөсөн. Миний бие охиндоо маш их хайртай, охиндоо мөн хайр халамж одоог хүртэл үзүүлж байгаа. Ш.С-ийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй.
3. Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл, үндэслэлдээ:
3.1 Охин Б.С-г эцгийн асрамжид өгөхийг хүсчээ.
Хүүхдээ асран хамгаалах тэжээн тэтгэх боломжтой. Төрсөн цагаас нь эцгийн үүргээ сайн гүйцэтгэсэн гэжээ.
4. Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбар, үндэслэл:
С.Б- нь 2019 оны 12 дугаар сард охин бид хоёрыг орхин хаяж явсан ба охины хүсэлтээр цөөн удаа ярьж уулзсан байдаг.Орхиж явсан үеэс хойш охин маань миний халамж асаргаанд, аюулгүй байгаа учир охиноо С.Б-н асрамжид өгөхөөс татгалзаж байна. Би тогтсон ажил, мэргэжилтэй, эрүүл саруул, охиноо өөрөө асарч хамгаалаад, өсгөөд явах бүрэн чадвар боломжтой Б.С-г миний асрамжид хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
5. Анхан шатны шүүх: Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2013 оны 2 дугаар сарын 5-ны өдөр төрсөн Б.С-г 11 нас хүртэл тэтгэлэг авагч хүүхдийн амьдарч байгаа бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас хүртэл /суралцаж байгаа бол 18 нас хүртэл/ тэтгэлэг авагч хүүхдийн амьдарч байгаа бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоож, эцэг С.Б-гээс нь тэтгэлэг гаргуулан сар бүр тэжээн тэтгүүлж, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2013 оны 2 дугаар сарын 5-ны өдөр төрсөн Б.С-г өөрийнхөө асрамжид авах тухай Сүхээгийн Бэлгүүтэйн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжид Ш.С-ийн төлсөн 70 200 төгрөг, С.Б-н төлсөн 70 200 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Б-гээс 70 200 төгрөгийг гаргуулан Ш.С-т олгож шийдвэрлэжээ.
6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо:
6.а. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү. Нэхэмжлэгч Ш.С- нь хүүхдийн асрамжтай холбоотой нэхэмжлэл шүүхэд гаргаагүй байхад шүүх охиныг эхийн асрамжид үлдээж, хүүхдийн тэтгэлэг С.Б-гээс гаргуулахаар шийдвэрлэсэн. Гэрээсээ хөөж хэдхэн сар явангуут охин Б.С- эхийн асрамжид байсан гэж шүүх дүгнэж болохгүй.
6.б. Шүүх хүүхдийн асрамж тогтоолгох тухай С.Б-н сөрөг нэхэмжлэлд хууль зүйн талаар дүгнэлт хийгээгүй хэт нэг талыг барьж шийдвэрлэсэн.
С.Б- охиноо төрсөн цагаас эхлэн эцэг хүний үүргээ биелүүлж, элэг бүтэн амьдарч байсан. Ш.С-ийн ааш авираас болж гэрээсээ хөөгдсөн. Амьдарч байсан гэрийн түрээсийн төлбөрийг С.Б-, түүний эцэг нар төлж,ээж тэтгэврийн зээл авч, амьдралд тусалдаг байсан. Охиноо төрсөн цагаас идэж уух, өмсөж зүүх, хүүхэд өсгөж хүмүүжүүлэхэд эцэг хүний зүгээс бүхий л чадлаараа амьдарч байсан. Гэтэл энэ бодит байдалд шүүх дүгнэлт хийгээгүй. Ямар нотлох баримтыг тулгуурлаад ямар хууль зүйн дүгнэлт хийсэн нь тодорхойгүй, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шүүх шинжлэн судлаад үндэслэсэн гэдэг. Нэхэмжлэгч, хариуцагч нар түрээсийн байранд амьдардаг, хоёулаа ажил хийдэг. Гэхдээ С.Б- цалингийн болон бусад зээлүүдтэй санхүүгийн хувьд хүндхэн байгаа ч охиноо авч өсгөх хүсэлтэй байгаа. Ш.С-ийн яг ямар баримт давуу байдал үүсгэж байгааг ойлгохгүй бөгөөд шүүх хэт нэг талыг барьж шийдвэрлэсэнд гомдолтой.
7. Давж заалдах журмаар гаргасан гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбар: Би охиноо ганцаараа өсгөх боломжтой боловч хичээлээс гадна сургалтын төлбөр зэрэг мөнгөний хэрэгцээ гарахаар С.Б-тэй эвтэй ярилцдаг ч боломжгүй гэсэн хариу өгдөг. Хуулийн дагуу эцэг, эхээс гарах хариуцлагыг би нэхэмжилсэн. Би өөртөө мөнгө авах гэж нэхэмжлээгүй гэжээ.
ХЯНАВАЛ:
Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзсэн болно.
Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсгийн хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэн байна.
Нэхэмжлэгч Ш.С- нь хариуцагч С.Б-д холбогдуулан хүүхдийн тэтгэлэг тогтоолгохоор нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч хүүхдийн асрамж тогтоолгохоор сөрөг нэхэмжлэл гаргажээ. /хх1, 20, 22/
Ш.С-, С.Б- нар нь 2013 онд танилцан улмаар хамтран амьдарч тэдний дундаас 2013 оны 02 дугаар сарын 05-ны өдөр охин С- төрсөн болох нь талуудын тайлбар, хүүхдийн төрсний гэрчилгээгээр нотлогдсон. /хх2/ Охин С-гийн эцэг С.Б- мөн болох нь захиргааны журмаар /хүүхдийн төрсний гэрчилгээгээр/ нотлогдсоноос гадна талууд энэ талаар маргаангүй.
Ш.С-, С.Б- нар нь хоорондын таарамжгүй харилцааны улмаас 2020 оны 12 дугаар сараас хойш тусдаа амьдарч, энэ хугацааанд охин С- нь эхийнхээ асрамжид байгаа үйл баримт тогтоогдсон. Анхан шатны шүүхээс хүүхдийн санал, ээнэгшин дассан орчин, хүүхдийн асрамж өөрчлөх ноцтой шалтгаан тогтоогдоогүй байдлыг харгалзан үзэж, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт заасныг баримтлан С-г эх Ш.С-ийнх нь асрамжид үлдээхээр, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй. Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5 дахь хэсэгт зааснаар гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээдэг байна.
Иймд 2013 оны 02 дугаар сарын 05-ны өдөр охин С-г эцэг С.Б-гээр тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэсэн нь Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасанд нийцжээ.
Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 102/ШШ2021/02981 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ
ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА
Ш.ОЮУНХАНД