| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гомбодоржийн Ганбаатар |
| Хэргийн индекс | 188/2018/0393/Э |
| Дугаар | 406 |
| Огноо | 2018-05-14 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Д.Ууганцэцэг |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 05 сарын 14 өдөр
Дугаар 406
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж,
нарийн бичгийн дарга Ц.Отгонбаяр,
улсын яллагч Д.Ууганцэцэг,
шүүгдэгч Ү.Б, түүний өмгөөлөгч Л.Батаа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн холбогдох 1708027390411 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол Улсын иргэн, 1985 оны 08 дугаар сарын 04-ний өдөр Булган аймгийн Сайхан суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, дээд боловсролтой, биеийн тамирын багш мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл-3, эхнэр, хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн 54 дүгээр магадлалаар 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар урьдчилан цагдан хоригдсон 125 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, уг ялыг эдэлсэнд тооцож суллагдсан,
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч Г.Б нь 2017 оны 11 дүгээр сарын 26-наас 27-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Одонтын 23 дугаар гудамжны 129а тоотод гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хамтран амьдрагч А.Зийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад:
Шүүгдэгч Г.Б нь 2017 оны 11 дүгээр сарын 26-наас 27-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн тоотод гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хамтран амьдрагч А.Зийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
- хохирогч А.Зийн мөрдөн байцаалтад өгсөн:...2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Баярмагнай, Тэрбиш гэх найзтайгаа гэртээ ирээд хоол ундаа идэцгээгээд байж байтал Тэрбиш “миний төрсөн өдөрт ирж чадаагүй гээд 1 шил 0.75 литрийн шар чингис архи авчирч өгсөн”. Бид 3 хуваагаад уусан. Баярмагнай унтаж байснаа гэнэт босч ирээд “миний түрийвч хаана байна” гээд надаас нэхээд дух хэсэг рүү гараараа 7-8 удаа цохисон. Тэгтэл миний нүд хөхөрч хавдсан байдалтай, дух хавдчихсан байсан...гэх мэдүүлэг /хх-14-15/,
- шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 14808 дугаартай шинжээчийн:...А.Зийн биед тархи доргилт, зүүн дээд доод зовхи, баруун бугалга, тохой, шуу, алганд цус хуралт, зүүн хацарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд, хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...гэх дүгнэлт /хх-22/
- шүүгдэгч Ү.Бн мөрдөн байцаалттад өгсөн:...2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр орой 22 цаг өнгөрч байхад Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Одонтын 25-129а тоот гэртээ ирсэн. Тухайн үед манай гэрт хамтран амьдрагч Зулцэцэг, хүүхдийнхээ хамт байж байсан. Тэрбиш манай хамтран амьдрагч Зулцэцэгт архи өгсөн. Тухайн архийг нь Зулцэцэг, Тэрбиш 2 хувааж уусан. Би унтчихсан бөгөөд нэг сэрэхэд Зулцэцэг, Тэрбиш 2 миний түрийвчний талаар яриад байсан ба би босч ирээд Зулцэцэгтэй маргалдсан. Зулцэцэгтэй маргалдаад нүүр рүү нь 2-3 удаа цохиж, гар хөл рүү нь бас гараараа цохисон...гэх мэдүүлэг /хх-63-64/
Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн, гэм буруутайгаа маргахгүй байна, нэмж мэдүүлэг өгөхгүй...гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.
Шүүгдэгч Ү.Б нь эхнэр болох хохирогч А.Зийн биед учирсан гэмтлийг өөрийн үйлдлээр учруулсанаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаагүй, түүний гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь хавтаст хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн №14808 дүгнэлт зэргээр давхар нотлогдсон бөгөөд шүүгдэгч нь хохирогчид учирсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээг хүлээн зөвшөөрч, үүнээс үүсэх үр дагаварыг ойлгосон гэх тул түүнд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх” гэсэн нэр томьёо, ухагдахууныг Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд заасан тодорхойлолт, хэм хэмжээг баримталж ойлгох нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлд заасан хууль ёсны зарчимд нийцэж байгаа болно.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дүгээр хэсгийн 5.1.1.“гэр бүлийн хүчирхийлэл” гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд / 3.1.1.эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд нэгэн адил хамаарна./ энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгохоор тус тус хуульчлан зааж өгсөн бөгөөд шүүгдэгч, хохирогч нар нь хамтран амьдардаг болох нь тэдгээрийн мэдүүлгээр нотлогдож байгаа тул шүүгдэгч Ү.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх” гэмт хэргийн субьект гэж үзэж хэргийг зүйлчилж ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй.
Иймд шүүгдэгч Ү.Б нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Хохирол төлбөрийн тухайд:
Хохирогч А.З нь хохирол төлбөр нэхэмжлээгүй бөгөөд гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй /хх-84-85/ гэжээ.
Шүүгдэгч Ү.Б нь өөрийн үйлдсэн хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлтийг прокурорын шатанд гаргасаны дагуу прокурор түүнд 600 нэгж буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах тухай саналыг гаргасан бөгөөд “шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн торгох ялыг биелүүлэх боломжтой” талаар өгсөн мэдүүлэг нь хавтаст хэрэгт авагдсан “Хаан банк” ХХК-ийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-80-83/ зэргээр тогтоогдох тул түүнд прокурорын саналын дагуу 600 нэгж буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзэж, оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.
Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ү.Бг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Ү.Бг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ү.Бд оногдуулсан 600.000 төгрөгийн торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Ү.Б нь торгох ялыг биелүүлэхгүй зайлсхийвэл ялын 15 нэгжийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, тус хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн эд зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Эрх бүхий прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ү.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ГАНБААТАР