Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 06 сарын 18 өдөр

Дугаар 2024/ДШМ/33

 

 

 

 

 

      

     2024         06         18                                      2024/ДШМ/33

 

 

 

И.Бд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч А.Сайнтөгс даргалж, шүүгч А.Цэрэнханд, шүүгч Н.Болормаа нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн  шүүх хуралдаанд;

прокурор: Б.Дашням,

шүүгдэгч И.Б ,

шүүгдэгчийн өмгөөлөгч Ш.Бадмаараг,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Намуунзул нарыг оролцуулан,

Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Байгалмаа даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 2024/ШЦТ/74 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, шүүгдэгч И.Б , түүний өмгөөлөгч Ш.Бадмаараг нарын давж заалдсан гомдлыг үндэслэн, 2319000000194 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Болормаа илтгэснээр хянан хэлэлцэв.

1.Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Ц овогт И.Б , * төрсөн, * настай, *, * боловсролтой, * мэргэжилтэй, малчин, ам бүл 2, эхийн хамт Дорноговь аймгийн * гэх газарт оршин суух хаягтай боловч одоо Дорноговь аймаг * хажууд оршин суух, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй.

2.Холбогдсон хэргийн товч агуулга:

Шүүгдэгч И.Б  нь 2023 оны 06 дугаар сарын 05-06-ны шөнө Дорноговь аймгийн Сайншанд сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Залуус хорооллын гадна, Б.Бн өмчлөлийн “Ipone6” маркийн гар утас, мөнгөн гинжийг илээр, цохиж, өвдөглөн хүч хэрэглэн довтлон авч 470,000 /дөрвөн зуун далан мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

3.Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Дашнямаас шүүгдэгч И.Б ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, хэргийг анхан шатны шүүх 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцжээ.

4.Анхан шатны шүүх: ...шүүгдэгч Ц овогт И.Б ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч И.Б ыг 1 /нэг/ жил хорих ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч И.Бд оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр,

шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч И.Бд урьд авсан Монгол улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч,

хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж,

шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

5.Шүүгдэгч И.Б  давж заалдсан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...би гэмт хэрэг үйлдсэн гэх өдөр нэг найзтайгаа 10 шил солонгос архи, 10 аяга пиво ууж өөрийн ухаанаа алдсан үедээ хохирогчоор тогтоогдсон Б.Бн гар утсыг гуйж авч байсан. Харин түүний утсыг буцаан өгөхгүй, найз эмэгтэйтэй ярьж дуусаагүй байснаас бид хоёрын хооронд маргаан гарсан болов уу.

Харин би түүний гар утас, мөнгөн гинжийг дээрэмдэж аваагүй, авах шаардлага надад байхгүй. Ер нь би түүнийг зодсоноо ч санахгүй байгаа юм. Иймд би дээрмийн хэрэг үйлдээгүй учраас миний өмгөөлөгч Ш.Бадмаарагийн давж заалдах гомдолд бичсэнээр надад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

6.Шүүгдэгчийн өмгөөлөгч Ш.Бадмаараг давж заалдсан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...И.Б  дээрмийн гэмт хэрэг үйлдсэн, мөн хэдий хэмжээний хор уршиг учруулсан дээрмийн гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдоогүй байхад түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн байна. 

И.Б аас мэдүүлэхдээ хохирогчоор тогтоогдсон Б.Бн гар утсыг гуйж аваад утсыг буцаан өгөхдөө түүнтэй маргалдсан байж болох юм. Би Б.Бт , мөнгөн гинж байсныг мэдэхгүй. Би гэмт хэрэг үйлдсэн гэх шөнө нь залуус хорооллын 33-р байрны орцонд унтсан байсан.

Хохирогчоор тогтоогдсон Б.Бс мэдүүлэхдээ: Намайг шөнийн 2 цагт ажилдаа явж байхад үл таних залуу миний Айфоне-6 маркийн гар утсыг аваад өгөхгүй яриад байсан. Тэгснээ намайг цохиж зодсон. Уг утсыг хамт ажилладаг Мягмарсүрэнгээс авсан,энэ өдөр надад хоолны 50,0 төгрөг, мөнгөн гинж байсан боловч, уг залууг мөнгөн гинжийг авсан гэж хэлэхгүй гэсэн. Шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлт эдгээр 3 нотлох баримтууд нь И.Б ыг дээрмийн гэмт хэрэг үйлдсэн мөн ямар хэмжээний хор уршиг, хохирогчид учирсан гэдгийг тогтоох нотлох баримтгүй, И.Б , Б.Б нарын мэдүүлэг эрс зөрүүтэй байхад мэдүүлгүүдийн зөрүүг арилгаагүй, И.Б ыг дээрмийн гэмт хэрэг үйлдсэнийг болон хохирлын хэмжээг тогтоох зэрэгт мөрдөн шалгах ажиллагаа нэмж явуулбал хэргийн бодит байдал тогтоогдохгүй болно. Иймд И.Бд холбогдсон хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгөхийг хүсье. Ер нь И.Б  нь Б.Бг дээрэмдсэн гэх хэрэг нь И.Б , Б.Б хоёрын дунд болсон учраас мөрдөн шалгах нэмэлт ажиллагаа дахиад 1 жил явуулсан ч ЭХХШТ хуулийн 16.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан нотлох баримтууд цугларахгүй болно.” гэв.

7.Прокурор Б.Дашням шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “...Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасны дагуу дүгнэлтийг гаргасан байгаа. Түүнээс хохирогч өөрөө хэдэн төгрөгөөр үнэлнэ гэж хэлээд түүнийх нь дагуу үнэлсэн зүйл байхгүй, дээрэмдэх гэмт хэрэгт зайлшгүй гэмтлийн зэрэг тогтоогдсон байх шаардлагагүй. Хүч хэрэглэсэн довтолгоо хийснээрээ энэ гэмт хэрэгт төгссөнд тооцогддог, хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг байгаа. Мөн заавал материаллаг хохирол, хор уршиг учирсан байх шаардлага байхгүй. Тухайн эд хөрөнгийг авснаараа л энэ гэмт хэрэг төгсчхөж байгаа. Довтолгоо гэдэг нь гэмт этгээд тухайн хохирогчийн эсэргүүцэл үзүүлэх чадварыг дарж, түүний эсрэг амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн халдан довтолж байгаа үйлдэл байдаг. Мөн шууд санаатай, идэвхтэй хөдөлгөөнөөр илэрдэг. Шүүгдэгчийн хувьд эдгээр хөдөлгөөнүүдийг хийсэн нь хохирогчийн мэдүүлгээр тогтоогддог. Мөн шинжээчийн дүгнэлтээр хохирогчийн биед тухайн цаг хугацаанд гэмтэл үүссэн байгаа нь тогтоогддог. Үүгээрээ хохирогчийн мэдүүлэг үндэслэлтэй, шүүгдэгч нь хохирогчийн биед халдаж хүч хэрэглэсэн нь тогтоогдож байгаа. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т заасан санаатай гэмт хэрэг үйлдсэнд тооцох журам болон гэм буруугийн санаатай хэлбэр нь үйлдлээрээ хохирол, хор уршигт зориуд хүргэсэн. Хохирол, хор уршиг учрах боломжтойг ойлгон мэдэж, ухамсарлах боломжтой байсан тохиолдолд санаатай гэм буруутай гэж үздэг. Шүүгдэгчийн тухайд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэдэг ч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх, гэм буруугүй гэж үзэх үндэслэл болохгүй, хохирлыг барагдуулчихсан бол гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх боломж байхгүй. Тухайн үйлдэлд тохирсон эрүүгийн хариуцлага оногдуулах нь хууль ёсны зарчимд нийцнэ. Иймээс анхан шатны шүүх түүний үйлдсэн гэмт хэргийн арга хэлбэрт нь тохируулан хорих ялыг оногдуулсан нь үндэслэлтэй байх тул өмгөөлөгч болон шүүгдэгчээс гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр хүлээх саналтай байна.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч И.Б , түүний өмгөөлөгч Ш.Бадмаараг нарын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн хэргийг хүлээн авч, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан хэлэлцээд дараах үндэслэлээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийдвэрлэлээ.

1.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17 дугаар зүйлд “Дээрэмдэх” гэмт хэргийн талаар хуульчилсан бөгөөд мөн хуулийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж хуульчилсан.

 

Энэ хуульд заасан “дээрэмдэх” гэдэгт бусдын эд хөрөнгийг хууль бусаар авахад саад болж байгаа аливаа этгээд рүү амь биед нь аюултайгаар хүч хэрэглэж буюу хүч хэрэглэхээр заналхийлж довтолсон аливаа идэвхтэй үйлдлийг харин ”довтолсон” гэж хохирогчид хүч хэрэглэж, эд хөрөнгийг өөрийн өмчлөлд авах зорилгоор   халдсаныг болон  хүч хэрэглэсэн тухайн үйлдлийн улмаас хохирогчийн бие махбодод хор уршиг бодитойгоор учраагүй боловч цохиж, зодсон, өшиглөсөн, чирсэн зэрэг үйлдлийг, хүч хэрэглэсэнд тус тус хамааруулж үзнэ гэжээ.

 

            Нөгөөтээгүүр дээрэмдэх гэмт хэргийн “хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлэх” гэдэгт бусдыг айлган сүрдүүлэх зорилгоор хийсэн сэтгэл санааны хүчирхийллийг ойлгоно, энэ нь идэвхтэй үйлдлээр илрэх бөгөөд гэмт этгээд үүнийг үгээр илэрхийлэхээс гадна биет байдлаар үзүүлсэн байж болно.

 

2.Дээр дурдсан хууль зүйн ойлголт болон энэ  хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судалж, хэргийн бүх ажиллагааг хянаж, үзвэл:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэгт цугларсан нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчөөгүй, хэргийг мөрдөн шалгах болон шүүхээс хэргийг хянан шийдвэрлэх явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдсонгүй. Тодруулбал:

 

3.Шүүгдэгч И.Б  нь 2023 оны 06 дугаар сарын 05-06-ны шөнө Дорноговь аймгийн Сайншанд сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Залуус хорооллын гадна, Б.Бн өмчлөлийн “Ipone 6” маркийн гар утсыг  илээр, цохиж, өвдөглөн хүч хэрэглэн довтлон авч 470,000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт нотлогдон, тогтоогджээ.

Хэдийгээр хохирогчийн тухайн цаг хугацаанд зүүсэн байсан мөнгөн гинжийг шүүгдэгчийн зүгээс гар утасны нэгэн адил түүнд хүч хэрэглэж, авсан нөхцөл байдал тогтоогдоогүй боловч  гар утсыг нь хүч хэрэглэж, авсан үйлдлийн явцад гээгдэж, алга болсон тул хохирогчийн гар утас, мөнгөн гинжийг буюу бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, дээрэмдсэн” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсоныг үндэслэлтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Энэ хуулийн тусгайн ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэсэнд нийцэх юм.

4.Дорноговь аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Дашнямаас шүүгдэгч И.Б ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, дээрэмдсэн” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн .

 

Анхан шатны шүүх прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий оролцогч нарыг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтуудыг харьцуулан судалж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн,  шүүгдэгч И.Б ыг “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэн” гэм буруутайд тооцсон  нь хэргийн бодит байдалд нийцсэн, дүгнэлт нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

 

Өөрөөр хэлбэл хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн хохирогч Б.Бн /1хх73-74/, гэрч А.Г /1хх26-27/ мэдүүлэг, Дорноговь аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 02/249 дугаар шинжээчийн дүгнэлт, хохирлын үнэлгээ, хохирогч Б.Бн 91883935 дугаарын холболтын лавлагаа/1хх 38/ зэрэг нотлох баримтаар шүүгдэгч И.Б  нь хохирогчид  хүч хэрэглэж буюу утсыг нь гуйж авч, А.Г холбогдон, ярьж дууссаны дараа хохирогчийг утсаа авъя гэж хэлэхэд  түүнийг гараараа цохиж, чиний ажил надад ямар хамаатай юм, хүний нутгийн пизда нар Дорноговьд ийм байдаггүй юм аа гээд замын ар тал руу чирээд явсан, модны хажууд аваачаад гэдэс рүү нь цохиж унагаад өвдгөөрөө өрц, аймхай, гэдэс хэсэгт цохисон, хөлийн шагай руу нь өшиглөсөн, толгой руу нь нэлээн хэд цохисон, хөл рүү дэвссэн, зодож дуусаад гар утсыг нь авч явсан талаарх үйл баримт тогтоогдсон талаар анхан шатны шүүхээс хийсэн дүгнэлт үндэслэлтэй.

 

Тиймээс шүүгдэгч И.Б ыг “Дээрэмдэх” гэмт хэргийг хүч хэрэглэж үйлдээгүй гэж үзэх нөхцөл байдал тогтоогдохгүйн зэрэгцээ шүүгдэгч И.Б ыг “Дээрэмдэх” гэмт хэргийг хохирогчид хүч хэрэглэж үйлдсэн, хохирол учруулсан талаар  хохирогч, гэрчээс мэдүүлгийнхээ эх сурвалжийг тодорхой зааж мэдүүлсэн, тэдэнд  хэргийн талаар өөрийн мэдэх зүйлийг үнэн зөв мэдүүлэх, хэрвээ худал мэдүүлэг өгвөл хуульд зааснаар хариуцлага хүлээлгэхийг тайлбарлан өгч, мэдүүлгийг авсан байх тул мэдүүлгийг үнэн зөв, эргэлзээгүй, хэргийн бодит байдалд нийцсэн гэж үзнэ. 

 

            Мөн хохирогчийг айлган сүрдүүлсэн, түүний биед халдаж,  цохиж, зодсон, чирсэн зэрэг бие махбодын хүчирхийлэл үйлдсэнээр  хүч хэрэглэж, дээрэмдэх гэмт хэргийн шинж бүрэн хангагдсан ба шийтгэх тогтоолын үндэслэл болсон нотлох баримтууд нь энэ  хэргийг шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой,  хэргийн үйл баримтыг эргэлзээгүй, бүрэн гүйцэд нотолж, тогтоосон байх тул шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй юм.

 

Анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, шүүгдэгч И.Б ы үйлдсэн гэмт хэрэг, учруулсан хохирол, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл зэргийг харгалзан түүнийг “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, дээрэмдэх гэмт хэрэг” үйлдсэн гэм буруутайд тооцож, 1 жил хорих ял оногдуулсан нь Эрүүгийн хуульд заасан шударга ёсны, гэм буруугийн зарчимд нийцжээ.

 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулан тооцно” гэж зааснаар шүүгдэгч И.Б ы шийтгэх тогтоол уншиж танилцуулснаас хойш цагдан хоригдсон 69 хоногийг ял эдлэх хугацаанд оруулан тооцов.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3,  39.4, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 2024/ШЦТ/74 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.  

2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч И.Б ыг 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдрөөс 2024 оны 06 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл нийт 69/жаран ес/ хоног цагдан хоригдсоныг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай. 

3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдаж, анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.САЙНТӨГС

ШҮҮГЧИД А.ЦЭРЭНХАНД

Н.БОЛОРМАА

Н.БОЛОРМАА