| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нэрэндашийн Дуламсүрэн |
| Хэргийн индекс | 128/2025/0875/З |
| Дугаар | 128/ШШ2026/0036 |
| Огноо | 2026-01-06 |
| Маргааны төрөл | Татвар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2026 оны 01 сарын 06 өдөр
Дугаар 128/ШШ2026/0036
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Шүүгч Н.Дуламсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Б ХХК /РД:/,
Хариуцагч: Татварын ерөнхий газар
Хариуцагч: Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газар нарын хоорондын татварын маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Л, Э.А, хариуцагч Татварын ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.О, Ч.Б, хариуцагч Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.А, шүүх хуралдааны нарийн бичиг Б.Өлзийдүүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Б ХХК-иас Татварын ерөнхий газар, тус газрын Том татвар төлөгчийн газарт тус тус холбогдуулан Б******* ******* ХХК-ийн 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулсан НӨ-2125 дугаартай акт (цаашид НӨ-2125 дугаартай акт гэх)-ыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, НӨ-2125 дугаартай актыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлэхийг даалгах, HӨ-2125 дугаартай актаар баталгаажсан албан татварын илүү төлөлтийн дүнгээс манай компанийн төлөх бусад татварын өрд суутган тооцуулж, үлдэгдэл илүү төлсөн албан татварыг буцаан олгуулах тухай хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгон, НӨ-2125 дугаартай актаар баталгаажсан албан татварын илүү төлөлтөөс татварын өрд суутган тооцож, илүү төлсөн албан татварыг буцаан олгуулахыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2025 оны 12 дугаар сарын 19-ний өдөр нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагаа ...илүү төлсөн албан татварыг алдангийн 464,092,434.75 төгрөгийн хамт буцаан олгуулахыг даалгах гэж нэмэгдүүлэн маргасан.
2. Нэхэмжлэгчээс 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 25/14 дүгээр албан бичгээр хариуцагчид ...2024 оны 11 дүгээр сараас 2024 оны 12 дугаар сарыг дуусталх хугацаанд нэмэгдсэн өртөгийн албан татварын тайлангаар 7,175,207,710.99 төгрөгийн илүү төлөлттэй байгаа тул баталгаажуулж өгнө үү гэх хүсэлт хүргүүлжээ.
3. Б ХХК-нд 212560******* тоот томилолтоор Эрсдэлд суурилсан, татвар төлөгчийн хүсэлтээр Хэсэгчилсэн шалгалтыг 2025 оны 6 сарын 16-ний өдрөөс 2025 оны 7 сарын 09-ний өдрийг дуусталх хугацаанд Татварын улсын байцаагч Ц.Б*******, Б.Ц******* нар хийж 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн НӨ-2125 дугаар бүхий Суутган төлөгчийн албан татварын ногдуулалт, төлөлтийг шалгасан тухай нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулсан акт-аар Татварын хяналт шалгалтаар зөрчил илрээгүйг тэмдэглээд Татварын ерөнхий хууль /шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн дүгээр зүйлийг удирдлага болгон /сонголтоор/ Татварын ерөнхий хуулийн 45 дугаар зүйлийн 45.2, 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсгийг тус тус үндэслэн Б ХХК-ийн 2024 оны 12 сарын 31-ний байдлаар төсвөөс буцаан авах нэмэгдсэн өртгийн албан татварын үлдэгдлийг 7,175,207,710.99 төгрөгөөр баталгаажуулав гэжээ.
4. Ингээд нэхэмжлэгчээс 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 25/1749 дүгээр хүсэлт гаргах тухай албан бичиг, 2025 оны 08 дугаар сарын 29-ны өдрийн 25/198 дугаар хариу хүргүүлэх тухай албан бичгүүдээр Том татвар төлөгчийн газарт, 2025 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 25/204 дүгээр Илүү төлсөн албан татварыг буцаан авах тухай албан бичгээр Татварын ерөнхий газрын даргад тус тус илүү төлсөн албан татварыг холбогдох хууль тогтоомжийн дагуу суутган тооцож буцаан олгуулахаар хүсэлт гаргасан байна.
5. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: ...Дотоодод үйлдвэрлэгдсэн катодын зэсийн бүтээгдэхүүнийг экспорт хийх тохиолдолд Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 12.1.7, 12.5-д заасны дагуу нэмэгдсэн өртгийн албан татвар нь 0 /тэг/ хувьтай байхаар заасан ба хуулийн дээрх заалтын дагуу бид 2023 оноос эхлэн экспортолж буй бүтээгдэхүүнд төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг тухай бүр баталгаажуулахаар татварын хяналт шалгалтад хамрагдан, илүү төлсөн албан татварыг холбогдох хууль, журмын дагуу буцаан авч ирсэн.
Манай компани нь 2024 оны 11, 12 дугаар сарын экспортод гаргасан бүтээгдэхүүнд төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулах хүсэлтийг харьяа татварын албанд 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдөр хүргүүлсний дагуу Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газраас 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдөр холбогдох нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг хянан шалгаж, НӨ-2125 дугаартай актыг баталгаажуулсан.
Бид уг нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулсан НӨ-2125 дугаартай актыг гардаж авсан өдөр буюу 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдөр НӨ-2125 дугаартай актаар баталгаажсан дүнгээс манай компанийн төлөх бусад татварын өрд суутган тооцуулах, улмаар үлдэгдэл илүү төлсөн албан татварыг буцаан олгуулах хүсэлтийг харьяа татварын алба болох Том татвар төлөгчийн газарт гаргасан байдаг.
Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.8, Сангийн сайдын 2015 оны 333 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан Нэмэгдсэн өртгийн албан татварын хасалт хийх, буцаан олгох, тэдгээрийг нягтлан бодох бүртгэлд тусгах журам-ын 4.6-д заасны дагуу татвар төлөгчийн Том татвар төлөгчийн газарт хүргүүлсэн хүсэлтийг үндэслэн, татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага болох Татварын ерөнхий газар нь уг татварын илүү төлөлтийг буцаан олгуулах, бусад татварын өрд суутган тооцуулах хүсэлтийг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад ажлын 2 хоногт багтаан хүргүүлэх ёстой боловч өнөөдрийг хүртэл буюу 2025 оны 10 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл нийт 3 сарын хугацаанд уг албан бичгийг Сангийн яаманд хүргүүлээгүй байна.
Иймээс ч Татварын ерөнхий газар болон Том татвар төлөгчийн газрын дээрх хууль бус эс үйлдэхүйгээс шалтгаалан манай компани нь НӨ-2125 дугаартай актаар баталгаажсан илүү төлсөн албан татвараа буцаан авч, татварын өрд суутган тооцуулах эрхээ эдэлж чадахгүй байна. Гэтэл, Том татвар төлөгчийн газраас манай компанийн татварын өрд суутган тооцуулж, илүү төлсөн татвараа буцаан авах тухай хууль ёсны хүсэлтийг шийдвэрлэхгүй хэр нь 2025 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн DNP25******* дугаартай татварын өр төлөх Нэхэмжлэх ирүүлснийг татвар төлөгчийн зүгээс ойлгож, хүлээн авах боломжгүй байна.
Татварын ерөнхий хуулийн 49.1-д татвар төлөгч нь илүү төлсөн албан татварыг бусад татварын өрд суутган тооцуулж, буцаан авах эрхтэй гэж заасан. Бид энэ эрхээ эдлэх хүсэлтийг татварын албанд 2025 оны 07 дугаар сарын 09, 2025 оны 08 дугаар сарын 29, 2025 оны 09 дүгээр сарын 02-ны өдрүүдэд Том татвар төлөгчийн газар, Татварын ерөнхий газарт тус тус хүргүүлсэн. Гэвч, Том татвар төлөгчийн газар, Татварын ерөнхий газраас манай компанийн хүсэлтийг огт шийдвэрлэсэнгүй. Ийнхүү манай компанийн хуулиар олгогдсон эрхийг зөрчин, илүү төлсөн албан татварыг буцаан олгуулах, бусад татварын өрд суутган тооцуулах хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа татварын албаны дээрх үйлдэл нь татвар төлөгчийн хуульд заагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг үл хүндэтгэсэн, хууль зөрчсөн үйлдэл гэж харж байна.
Иймд нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулсан НӨ-2125 дугаартай актыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлэхгүй байгаа Татварын ерөнхий газар, Том татвар төлөгчийн газрын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгон, НӨ-2125 дугаартай актыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлэхийг даалгах, НӨ-2125 дугаартай актаар баталгаалжсан албан татварын илүү төлөлтийн дүнгээс татварын өрд суутган тооцуулах болон илүү төлсөн албан татварыг буцаан олгуулах хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа Татварын ерөнхий газар болон Том татвар төлөгчийн газрын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгон, албан татварын илүү төлөлтөөс холбогдох татварын өрд суутган тооцож, илүү төлсөн албан татварыг буцаан олгуулахыг даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэжээ.
Үүний дараа нэхэмжлэгчээс бүрдүүлбэр хангаж ирүүлэхдээ: ...холбогдох алдангийн тооцооллыг дэлгэрэнгүй ирүүлэхээр шийдвэрлэсэн...нийт 464,092,434.75 төгрөгийн алдангийг тооцохдоо дараах тоон үзүүлэлтийг харгалзан тогтоосон. Үүнд:
1.Том татвар төлөгчийн газраас баталгаажуулсан НӨ-2125 дугаартай актаар тогтоосон илүү төлсөн албан татварын дүн 7,175,207,710.99 төгрөг,
2. Уг татварыг буцаан олгох ёстой өдөр нь 2025.07.09-ний өдрөөс хойш ажлын 2 өдөрт буцаан олгох хүсэлтийг уламжлах байсан. Үүнийг ажлын өдрөөр тооцож үзвэл, 2025.07.18-ны өдрийг алданги тооцсон эхний өдрөөр авч үзэж, нэхэмжлэлийг тодруулсан өдөр буюу 2025.12.19-ний өдрийг хүртэл нийт 154 өдрөөр тооцсон;
3. Алдангийг Татварын ерөнхий хуулийн 73.1, Сангийн сайдын 2025.01.22-ны өдрийн А/11 дүгээр тушаалын дагуу хугацаа хэтэрсэн хоног тутам 0.042 хувиар тооцсон гэжээ.
6. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: ...Татварын ерөнхий хуулийн 45 дугаар зүйл, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, 15.8, 15.9 дэх хэсэг, Сангийн сайдын 2015 оны 333 дугаар тушаалаар баталсан Нэмэгдсэн өртгийн албан татварын хасалт хийх, буцаан олгох, тэдгээрийг нягтлан бодох бүртгэлд тусгах журам-д зааснаар татвар төлөгч нь нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчийн илүү төлсөн албан татварыг буцаан авах тухай хүсэлтийг харьяа татварын албанд гаргасныг татварын алба хянан шалгаж, баталгаажуулсан албан татварыг буцаан олгуулах саналын хамт татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлэх, Татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага ирүүлсэн хүсэлт, саналыг хүлээн авснаас хойш ажлын долоон өдөрт багтаан хянаж буцаан олгох татварын хэмжээг тодорхойлж, энэ тухай албан татвар төлөгчид бичгээр буюу цахим хэлбэрээр мэдэгдэж, буцааж олгох албан татварын хэмжээ, өрийн дүн зэргийг хянан баталгаажуулж, албан татвар буцаан олгох саналыг ажлын хоёр өдөрт багтаан санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлэх, Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага саналыг хүлээн авснаас хойш ажлын 45 хоногт багтаан татвар төлөгчийн илүү төлөлтийг бусад татварын өрөнд суутган тооцох, буцаан олгох асуудлыг шийдвэрлэнэ гэж тус тус заасан.
Б ХХК-иас нэмэгдсэн өртгийн албан татварын илүү төлөлтийг буцаан авах хүсэлт ирүүлсний дагуу Том татвар төлөгчийн газрын татварын улсын байцаагчид 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд татварын хяналт шалгалт хийх ерөнхий удирдамж, 212560******* тоот томилолтоор /НӨАТ-ын тайлангийн үлдэгдэл баталгаажуулах-хэсэгчилсэн/ хяналт шалгалтыг хийж, үр дүнд 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн НӨ-2125 тоот Нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулсан актыг үйлдсэн.
Том татвар төлөгчийн газар нь тус татвар төлөгчийн нэмэгдсэн өртгийн албан татварын илүү төлөлтөөс татварын өрд суутган тооцуулах, татвар төлөгчийн дансанд буцаан олгох саналыг 2025 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 03/1225 тоот албан бичгээр Татварын ерөнхий газрын Татвар хураалт удирдлага арга зүйн газарт ирүүлсэн болно.
Татварын ерөнхий газрын Татвар хураалт, удирдлага арга зүйн газар нь хууль тогтоомжид заасан бүрэн эрхийн хүрээнд Том татвар төлөгчийн газраас ирүүлсэн буцаан олгох саналыг хянан үзэхэд, дараах нөхцөл байдал тогтоогдсон. Үүнд:
1. Татварын удирдлагын нэгдсэн систем дэх тооцооллын үлдэгдэл нь 1,945,365.61 төгрөгийн зөрүүтэй байсан тул Том татвар төлөгчийн газарт дахин нягтлуулахаар буцаасан.
Тодруулбал, Б ХХК-ийн 2021 оны 03 дугаар сарын 16-ны өдрөөс 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацааны 3 удаагийн Нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулсан актыг үндэслэн 2024 онд нийт 12,848,818,506.44 төгрөгийг улсын төсвөөс буцаан олгосон. Гэвч татварын албаны хүлээн авсан НӨАТ-ын 9 дүгээр сарын тайланг Б ХХК нь 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдөр засварлан худалдан авалтынхаа дүнг 1,945,365.61 төгрөгөөр нэмэгдүүлж, улмаар улсын төсвөөс буцаан олголт авсан хугацааны тооцооллын үлдэгдэлд зөрүүг үүсгэсэн байсан.
2. Буцаан олголт авсан Нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг шалгаж, баталгаажуулалт хийгдсэн хугацааны татварын тайлангаа засварласан тул эрсдэл тооцуулж, Татварын ерөнхий хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-д Татвар төлөгч татварын хууль тогтоомжид заасны дагуу төлбөл зохих татварын ногдлоо бүрэн гүйцэд тодорхойлж, хугацаанд нь төлсөн эсэхийг татварын алба хянан шалгана, 41.4-т Татварын алба эрсдэлд, эсхүл татвар төлөгчийн хүсэлтэд үндэслэн татвар төлөгчийн хууль тогтоомжоор хүлээсэн үүргийн биелэлтийг хянан шалгана гэж заасныг үндэслэн "Б" ХХК-ийн 2023-2024 оны албан татварын ногдуулалт төлөлтийн байдалд эрсдэлд суурилсан иж бүрэн хяналт шалгалт хийх томилолтыг 2025 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр үүсгэн, хяналт шалгалтын ажлыг гүйцэтгэж байна.
Татварын хуулийн биелэлтэд иж бүрэн хяналт хэрэгжүүлж, холбогдох шийдвэр гарсны дараа нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголтын дүнг дахин баталгаажуулж, буцаан олголтын саналыг Сангийн яаманд хүргүүлэх тул хэргийг хэрэгсэхгүй болгож нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх энэ хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч хариуцагч тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг шинжлэн судалж үнэлээд дараахь хууль зүйн үндэслэлүүдээр нэхэмжлэгч Б ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Үүнд:
1. Нэхэмжлэгч Б ХХК-иас Татварын ерөнхий газар болон тус газрын Том татвар төлөгчийн газарт тус тус холбогдуулан Б******* ******* ХХК-ийн 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулсан НӨ-2125 дугаартай акт (цаашид НӨ-2125 дугаартай акт гэх)-ыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, НӨ-2125 дугаартай актыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлэхийг даалгах, HӨ-2125 дугаартай актаар баталгаажсан албан татварын илүү төлөлтийн дүнгээс манай компанийн төлөх бусад татварын өрд суутган тооцуулж, үлдэгдэл илүү төлсөн албан татварыг буцаан олгуулах тухай хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгон, НӨ-2125 дугаартай актаар баталгаажсан албан татварын илүү төлөлтөөс татварын өрд суутган тооцож, илүү төлсөн албан татварыг алдангийн 464,092,434.75 төгрөгийн хамт буцаан олгуулахыг даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар бүхэлд нь эс зөвшөөрч маргаж байна.
2.1. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаар, тухайлбал 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн НӨ-2125 дугаар бүхий Суутган төлөгчийн албан татварын ногдуулалт, төлөлтийг шалгасан тухай нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулсан акт-д ...Нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчийн тайлангаар 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд 7,436,655,346.73 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох бараа, ажил үйлчилгээ борлуулсны орлого, 77,202,247,655.87 төгрөгийн экспортын тэг хувиар албан татвар ногдох бараа борлуулсны орлого, 78,507,908,437.17 төгрөгийн дотоодын зах зээлээс худалдан авсан бараа, ажил үйлчилгээний худалдан авалт, 699,670,650.04 төгрөгийн импортын бараа, ажил, үйлчилгээний худалдан авалттай, 14,572,201,949.36 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварыг төсвөөс буцаан авахаар тайлагнасан ...зөрчил илрээгүйг тэмдэглээд Б ХХК-ийн 2024 оны 12 сарын 31-ний байдлаар төсвөөс буцаан авах нэмэгдсэн өртгийн албан татварын үлдэгдлийг 7,175,207,710.99 төгрөгөөр баталгаажуулав гэж дурдсан,
2.2. Нэхэмжлэгчээс 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 25/14 дүгээр Хүсэлт хүргүүлэх тухай албан бичгээр Том татвар төлөгчийн газрын даргад хандаж Б******* партнерс ХХК нь...7,175,207,710.99-ний илүү төлөлттэй байгаа тул манай компанийн нэмэгдсэн өртөгийн албан татварын илүү төлөлтийг баталгаажуулж өгөх-ийг хүссэн, уг хүсэлтийг хариуцагч шийдвэрлээгүй,
2.3. Үүний дараа 212560******* тоот томилолтоор татвар төлөгчийн хүсэлтээр эрсдэлд суурилсан хэсэгчилсэн шалгалтыг Татварын улсын байцаагч Ц.Б*******, Б.Ц******* нар хийж, 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн НӨ-2125 дугаар бүхий Суутган төлөгчийн албан татварын ногдуулалт, төлөлтийг шалгасан тухай нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулсан акт үйлдсэн,
2.4. Нэхэмжлэгчээс 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 25/1749 дүгээр Хүсэлт гаргах тухай, мөн оны 08 дугаар сарын 29-ны өдрийн 25/198 дугаар Хариу хүргүүлэх тухай албан бичгүүдээр Том татвар төлөгчийн газарт, мөн оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 25/204 дүгээр Илүү төлсөн албан татварыг буцаан авах тухай албан бичгээр Татварын ерөнхий газрын даргад хандаж илүү төлсөн албан татварыг буцаан олгуулах хүсэлтүүдийг гаргасан боловч хариуцагч шийдвэрлэж хариу өгөөгүй,
2.5. Татварын ерөнхий газраас шүүхэд ирүүлсэн 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 01/3793 дугаар албан бичигт ...Б ХХК-ийн 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны албан татвар ногдуулалт, төлөлтийн байдалд Эрсдэлд суурилсан-иж бүрэн татварын хяналт шалгалт хийх 2125******* дугаартай томилолт олгогдсон, тухайн хугацаанд НΘ-2125 Нэмэгдсэн өртгийн албан татварын илүү төлөлтийг баталгаажуулсан хугацаа хамаарч, давхардаж байгаа-г тодорхойлсон үйл баримтууд тус тус тогтоогдов.
3. Хариуцагч захиргааны байгууллага дээрх Нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулсан актыг Сангийн яаманд хүргүүлээгүй үндэслэлээ ...тооцооллын үлдэгдэлд зөрүү үүссэн, эрсдэлтэй, иж бүрэн хяналт шалгалт хийх шаардлага үүссэн, энэ нь хариуцагч байгууллагад хуулиар олгогдсон эрх гэж тодорхойлсон.
4. Татварын ерөнхий хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-д Татвар төлөгч татварын хууль тогтоомжид заасны дагуу төлбөл зохих татварын ногдлоо бүрэн гүйцэд тодорхойлж, хугацаанд нь төлсөн эсэхийг татварын алба хянан шалгана, 41.4-т Татварын алба эрсдэлд, эсхүл татвар төлөгчийн хүсэлтэд үндэслэн татвар төлөгчийн хууль тогтоомжоор хүлээсэн үүргийн биелэлтийг хянан шалгана гэж, Татварын ерөнхий газрын даргын 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн А/34 дүгээр тушаалаар батлагдсан Татварын хяналт шалгалтын үйл ажиллагааны журам-ын 1.1-д Татварын алба нь татвар төлөгчийн татварын хууль тогтоомжоор хүлээсэн үүргийн хэрэгжилтэд Татварын ерөнхий хуулийн 41 дүгээр зүйлд заасныг баримтлан татварын хяналт шалгалт хийх үйл ажиллагааг зохион байгуулах, татварын хууль тогтоомжийн биелэлтийг хангуулах, татвар төлөгчид хууль тогтоомжийг тайлбарлан таниулах, сурталчлах, цаашид үүсэж болзошгүй эрсдэлийг бууруулахад энэ журмын зорилго оршино, 2.1-д Татварын алба Татварын ерөнхий хуулийн 41.4-т заасны дагуу дараах үндэслэлээр татвар төлөгчийн хууль тогтоомжоор хүлээсэн үүргийн биелэлтийг хянан шалгана, 2.1.1-д татвар төлөгчийн эрсдэлийн үнэлгээнд суурилсан, 2.8-д Хэсэгчилсэн хяналт шалгалт хийсэн нь тухайн хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд бүрэн хяналт шалгалт хийхгүй байх үндэслэл болохгүй гэж,
5. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д Албан татвар суутган төлөгчийн илүү төлсөн албан татварыг дараах журмаар буцаан олгоно, 15.1.1-д албан татвар суутган төлөгч буцаан авах хүсэлтээ албан татварын тооцоо хийж, тайлан тушаах үедээ харьяалах татварын албанд бичгээр, эсхүл цахим хэлбэрээр ирүүлнэ, 15.1.2-т харьяалах татварын алба энэ хуулийн 15.1.1-д заасан хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 15 өдөрт багтаан хянан шалгаж, баталгаажуулахаар албан татварыг буцаан олгуулах саналын хамт татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлнэ, 15.8-д Татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 15.1.2, 15.4, 15.7, 15.18-д зааснаар ирүүлсэн хүсэлт, саналыг хүлээн авснаас хойш ажлын долоон өдөрт багтаан хянаж буцаан олгох татварын хэмжээг тодорхойлж, энэ тухай албан татвар төлөгчид бичгээр буюу цахим хэлбэрээр мэдэгдэж, буцааж олгох албан татварын хэмжээ, өрийн дүн зэргийг хянан баталгаажуулж, албан татвар буцаан олгох саналыг ажлын хоёр өдөрт багтаан санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ гэж,
6. Сангийн сайдын 2015 оны 333 дугаар тушаалаар батлагдсан Нэмэгдсэн өртгийн албан татварын хасалт хийх, буцаан олгох, тэдгээрийг нягтлан бодох бүртгэлд тусгах журам-ын 4.1-д Татварын алба энэ журмын 3.1-д заасан албан татвар суутган төлөгчийн хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 15 өдөрт багтаан албан татварын ногдол, төлөлтийн байдлыг нягталж, албан татварыг буцаан олгуулах саналыг татварын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын том татвар төлөгч хариуцсан нэгжид хүргүүлнэ гэж, 4.2-т Татварын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын том татвар төлөгч хариуцсан нэгж нь энэ журмын 4.1-д заасан саналыг хүлээн авснаас хойш ажлын 7 хоногт багтаан нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг хянан шалгаж, баталгаажуулсан акт үйлдэнэ гэж, 4.6-д Татварын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын том татвар төлөгч хариуцсан нэгж нь энэ журмын 4.2...-т заасны дагуу хянан шалгаж, баталгаажуулан акт үйлдсэн болон буцаан олгох албан татварын хүсэлтийг шийдвэрлэснээс хойш ажлын 2 өдөрт багтаан татварын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага албан татвар буцаан олгуулах, бусад татварын өрөнд суутган тооцуулах эсэх саналаа энэ журмын 2, 3 дугаар хавсралтын дагуу гарган, холбогдох материалын хамт санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ гэж тус тус заасан.
7. Хууль болон журмын дээрхи заалтуудаар нэхэмжлэгчээс, Татварын ерөнхий газар болон Том татвар төлөгчийн газарт хүргүүлсэн, нэмэгдсэн өртгийн албан татварын илүү төлөлтөө буцаан авах тухай хүсэлтийг хариуцагч Том татвар төлөгчийн газар хүлээн авч хянан шалгаж, ийнхүү шалгасны үндсэн дээр буцаан олгох албан татварын хэмжээ, өрийн дүн зэргийг баталгаажуулсны дараа ажлын хоёр өдөрт багтаан уг саналын хамт Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад ажлын 2 хоногт багтаан хүргүүлэх үүрэгтэй байжээ.
8. Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл Б******* ХХК-иас ирүүлсэн нэмэгдсэн өртгийн албан татварын илүү төлөлтөө буцаан авах хүсэлтийг хариуцагч хүлээн авч улмаар Татварын ерөнхий газрын Татвар хураалт, удирдлага арга зүйн газарт хүргүүлснээр тус газраас хянан шалгасан байх ба уг шалгалтын явцад ...Б ХХК-ийн 2021 оны 03 дугаар сарын 16-ны өдрөөс 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацааны 3 удаагийн Нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулсан актыг үндэслэн авсан НӨАТ-ын 9 дүгээр сарын тайланг засварлан...үлдэгдэлд 1,945,365.61 төгрөгийн зөрүү үүсгэсэн, мөн тус компанийн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн төрлөөр хэсэгчилсэн хяналт шалгалт хийгдэж байх явцад хууль хяналтын байгууллагаас Б ХХК-тай харилцан хамаарал бүхий аж ахуйн нэгжүүдэд татварын хяналт шалгалт хийх хүсэлт ирүүлснээр иж бүрэн хяналт шалгалт эхлүүлсэн, эдгээр харилцан хамааралтай этгээд хооронд хийсэн ажил гүйлгээний нөхцөл нь олон улсын үнэ шилжилтийн сунгасан гарын зарчим, Татварын ерөнхий хуулийн 6.1.6-д заасан бодит үнэ тодорхойлох зарчимд нийцсэн эсэхийг шалгаж тогтоох шаардлага үүссэн... гэх үндэслэлээр журамд заасан хугацаанд хүсэлт, саналыг санхүү төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлээгүй байна.
9. Хариуцагч захиргаа хэдийгээр дээр дурдсан эс үйлдэхүйг гаргасан нь тогтоогдож байх боловч энэ эс үйлдэхүй нь Татварын ерөнхий газрын даргын 2023 оны А/34 дүгээр тушаалаар баталсан Татварын хяналт шалгалтын үйл ажиллагааны журам-ын 2.7-д Хэсэгчилсэн хяналт шалгалтын үед илэрсэн зөрчил нь бусад татварын төрөлд нөлөөлж байвал тухайн татварын төрлийг хяналт шалгалтад хамруулах, эсхүл бүрэн хяналт шалгалт хийх саналыг татварын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын хяналт шалгалтын асуудал хариуцсан нэгжээр дамжуулан татварын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын эрсдэлийн удирдлагын асуудал хариуцсан нэгжид хүргүүлнэ гэж, мөн журмын 2.8-д Хэсэгчилсэн хяналт шалгалт хийсэн нь тухайн хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд бүрэн хяналт шалгалт хийхгүй байх үндэслэл болохгүй гэж заасанд нийцсэн, хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
10. Учир нь нэмэгдсэн өртгийн илүү төлсөн албан татварыг буцаан олгох ажиллагаа нь тодорхой хяналтын дор хэрэгжих ба ийнхүү хянах явцад албан татварын хэмжээ, өрийн дүн зэрэгт эргэлзээтэй, тооцооллын зөрүү үүссэн гэж үзвэл хариуцагч татварын алба иж бүрэн хяналт шалгалт хийх эрхтэй, энэ эрхийг хариуцагч захиргааны байгууллагад хууль болон журмын заалтуудаар олгосон байна.
11. Хариуцагч уг хуулиар олгосон эрх хэмжээний хүрээнд энэ шийдвэрийн үндэслэх хэсгийн 8-д заасан асуудлаар иж бүрэн хяналт шалгалт хийх хэрэгцээ шаардлага үүссэн гэж үзэж нэхэмжлэгчийн хүсэлт болон саналаа тогтоосон хугацаанд эрх бүхий этгээдэд хүргүүлээгүй байгаа нь буруу биш, энэ талаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан ...уг хяналт шалгалтын үр дүнгээр Б ХХК-ийн нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг эцэслэн баталгаажуулж, буцаан олгох татварын асуудлыг шийдвэрлэнэ гэх тайлбарыг хүлээн авах үндэслэлтэй.
12. Түүнчлэн Захиргааны ерөнхий хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-т Хуульд өөрөөр заагаагүй бол захиргааны байгууллага эрх хэмжээнийхээ хүрээнд хуульд заасан шаардлагад үндэслэн зорилгодоо нийцүүлэн сонгох боломжийг хэрэглэнэ гэж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.7-д Шүүх захиргааны байгууллага сонгох боломжийг хэрэглэхдээ хуулийн хязгаарыг хэтрүүлсэн, буруу хэрэглэсэн, эсхүл өөрт олгосон эрх хэмжээг зорилгодоо нийцээгүй байдлаар ашигласны улмаас түүний гаргасан захиргааны акт, эсхүл татгалзсан үйлдэл, эс үйлдэхүй хууль зөрчсөн эсэхийг шалгана гэж заасан.
13. Хуулийн эдгээр заалтуудаас үзвэл хариуцагч захиргааны байгууллагын эс үйлдэхүй нь хуулиар тогтоосон эрх хэмжээнд нь нийцсэн бөгөөд хариуцагч захиргааны байгууллагууд нь сонгох боломжийг зорилгодоо нийцүүлэн хэрэглэсэн нь үндэслэлтэй тул уг эс үйлдэхүйг хууль бус гэж үзэх үндэслэлгүй.
14. Иймд хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болох нь тогтоогдохгүй байх тул НӨ-2125 дугаартай актыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлэхийг даалгах, НӨ-2125 дугаартай актаар баталгаажсан албан татварын илүү төлөлтөөс татварын өрд суутган тооцож, илүү төлсөн албан татварыг 464,092,434.75 төгрөгийн алдангийн хамт буцаан олгуулахыг даалгах нэхэмжлэлийн шаардлагуудыг хангаж шийдвэрлэх боломжгүй.
Дээр дурдсан үндэслэлүүдээр Б ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Татварын ерөнхий хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1, 41.4, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.8-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б******* ******* ХХК-ийн 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулсан НӨ-2125 дугаартай акт (цаашид НӨ-2125 дугаартай акт гэх)-ыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, НӨ-2125 дугаартай актыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлэхийг даалгах, HӨ-2125 дугаартай актаар баталгаажсан албан татварын илүү төлөлтийн дүнгээс манай компанийн төлөх бусад татварын өрд суутган тооцуулж, үлдэгдэл илүү төлсөн албан татварыг буцаан олгуулах тухай хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгон, НӨ-2125 дугаартай актаар баталгаажсан албан татварын илүү төлөлтөөс татварын өрд суутган тооцож, илүү төлсөн албан татварыг алдангийн 464,092,434.75 төгрөгийн хамт буцаан олгуулахыг даалгах нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ДУЛАМСҮРЭН