| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Х.Отгонжаргал |
| Хэргийн индекс | 138/2024/01071/И |
| Дугаар | 138/ШШ2024/01083 |
| Огноо | 2024-12-18 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 12 сарын 18 өдөр
Дугаар 138/ШШ2024/01083
Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Отгонжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт ******* ******* нэхэмжлэлтэй, “Ажиллаж байсан байдал болон цэргийн алба хаасан болохыг тогтоолгох тухай” шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч: *******
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Саранчимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие НАХЯ-ны сайдын 1983 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 516 дугаар тушаалаар цэргийн албанд татагдаж, 1986 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн Б/390 дүгээр тушаалаар 1986 оны 06 дугаар сарын 26-ны өдөр халагдсан. Ингээд нутагтаа ирж Гурванзагал сумын “Гучин жил” нэгдлийн 1 дүгээр бригадад 1986 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн малчнаар ажилд орж 1993 он хүртэл тасралтгүй ажилласан. Мөн малчнаар ажиллаж байх хугацаандаа сумын халуун ус, буудлын галчаар хэсэг хугацаанд хүний оронд ажилласан. Миний ажилласан тухай тэмдэглэсэн хөдөлмөрийн дэвтэр, ажилд томилсон, ажлаас чөлөөлсөн тушаал архиваас олдохгүй байна. Гэхдээ намайг нэгдэлд ажиллаж байх хугацаанд авч байсан цалингийн түүвэр сумын Засаг даргын Тамгын газрын архиваас гарсан. Намайг төрөхөд эцэг, эх маань ******* гэдэг нэр өгсөн ажиллаж байх хугацаанд гарсан тушаалууд, цэргийн алба хаасан лавлагаа зэрэгт Эрдэнээ гэж бичигдсэн байна. Би ажилласан болон нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг 1990-2000 он хүртэл нөхөн тооцлуулсан. ...Иймд намайг 1986 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Дорнод аймгийн Гурванзагал сумын “Гучин жил” нэгдэлд малчнаар, мөн 1983 оны 06 дугаар сарын 13-ны өдрөөс 1986 оны 06 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл 0146 дугаар ангид цэргийн алба хаасан болохыг тус тус тогтоож өгнө үү гэв.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* нь 1986 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Дорнод аймгийн Гурванзагал сумын “Гучин жил” нэгдэлд малчнаар, мөн 1983 оны 06 дугаар сарын 13-ны өдрөөс 1986 оны 06 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл 0146 дугаар ангид цэргийн алба хаасан болох нь дараах баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
1. Дорнод аймгийн Гурванзагал сумын “Гучин жил” нэгдлийн зөвлөлийн 1190 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 22 дугаар тушаалын хуулбар /хх-ийн 5-р тал/
2. Дорнод аймгийн Гурванзагал сумын “Гучин жил” нэгдлийн зөвлөлийн даргын 1990 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 46 дугаар тушаалын хуулбар /хх-ийн 6-р тал/,
3. Дорнод аймгийн Гурванзагал сумын “Гучин жил” нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1991 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 11 дүгээр тушаалын хуулбар /хх-ийн 7-р тал/,
4. Дорнод аймгийн Гурванзагал сумын Засаг даргын тамгын газраас ирүүлсэн нэхэмжлэгчийн цалингийн түүвэр /хх-ийн 12-13-р тал/,
5. Нэхэмжлэгчийн СVL2421010001003107 дугаартай төрсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 24-р тал/,
6. Тагнуулын ерөнхий газрын Тусгай архивын 2024 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 0801/2213 дугаартай хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагаа /хх-ийн 25-р тал/,
7. Нэхэмжлэгчийн 0705000238 дугаартай баталгаажилтын хуудасны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 26-р тал/
8. Гэрч ******* шүүхэд өгсөн ...******* нь 1986 оноос эхлэн Гурванзагал сумын “Гучин жил” нэгдэлд малчнаар ажилласан. ******* нь ээж Юндэнгийн хамт мал маллаж байсан бөгөөд хонь, үхэр маллаж байсан. ******* нь нэгдэл татан буугдах хүртэл тасралтгүй ажиллаж байсан нь үнэн. Гурванзагалс сумын “Хонхор шүүт” гэх газрын баруун дээр ээжтэйгээ хоёулаа мал маллан амьдарч байсныг сайн мэдэж байна. ...гэх мэдүүлэг /хх-ийн 29-30-р тал/,
9. Гэрч ******* шүүхэд өгсөн: ...******* бид хоёр 1983-1986 онд Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 0146 дугаар ангид хамт цэргийн алба хаасан. Тухайн үед Дорнод аймгийн 150 цэрэг алба хаахаар очиж байсан. ******* нь ангийн бэлтгэл салаанд алба хаасан бөгөөд ангийн тугийн харуулд гардаг байсан. ...гэх мэдүүлэг /хх-ийн 33-34-р тал/, нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр тогтоогдож байна.
Иймд *******гийн 1986 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Дорнод аймгийн Гурванзагал сумын “Гучин жил” нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдал, мөн 1983 оны 06 дугаар сарын 13-ны өдрөөс 1986 оны 06 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл 0146 дугаар ангид цэргийн алба хаасан болохыг тус тус тогтоож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.6, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-т зааснаар ******* регистрийн дугаартай, ******* овогт ******* *******г 1986 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Дорнод аймгийн Гурванзагал сумын “Гучин жил” нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-д зааснаар ******* ******* нь 1983 оны 06 дугаар сарын 13-ны өдрөөс 1986 оны 06 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл 0146 дугаар ангид хугацаат цэргийн алба хаасан болохыг тогтоосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ОТГОНЖАРГАЛ