Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 2024/ДШМ/669

 

  2024            06            06                                          2024/ДШМ/669

 

Г.Э-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, шүүгч М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Саруул-Ирээдүй,

шүүгдэгч Г.Э-н өмгөөлөгч Ч.Энхбаяр, 

нарийн бичгийн дарга Х.Саранзаяа нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Отгонбаатар даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 2024/ШЦТ/452 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Г.Э, түүний өмгөөлөгч Ч.Энхбаяр нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Г.Э-д холбогдох 2306 02170 0390 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 5 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.      

Б овогт Г-н Э, .. оны .. дугаар сарын ..-ний өдөр ......... төрсөн, ..... настай, эрэгтэй, дээд боловсролтой, уран дархан, ган сийлбэрчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 8, эхнэр, хүүхдүүдийн хамт ........ тоотод оршин суух бүртгэлтэй боловч .............6 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: ......../;  

Шүүгдэгч Г.Э нь хохирогч Б.Б-д “Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 3 айлын газрын гэрчилгээг 26.500.000 төгрөгөөр гаргаж өгнө, урьдчилгаа 16.500.000 төгрөгийг өгчих” гэж урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, зохиомол байдлыг зориуд бий болгож, 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хохирогч Б.Б-н Хаан банкны ...... тоот данснаас шилжүүлсэн 16.500.000 төгрөгийг өөрийн эзэмшлийн Худалдаа хөгжлийн банкны ....... тоот дансаар шилжүүлэн авч, залилсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Г.Э-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Г.Э-г “хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч” залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Э-с 13.500.000 төгрөгийг гаргуулан хохирогч Б.Б-д олгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Г.Э нь хохирогч Б.Б-д 3.000.000 төгрөг төлсөн болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Г.Э тус шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “... Миний бие эхнэр, 6 хүүхдийн хамт /цэцэрлэг, сургуулийн насны/ ам бүл наймуулаа .... аймгийн ... ..суманд оршин суудаг. Миний эхнэр ажилгүй, хүүхдүүдээ цэцэрлэг сургуульд зөөж гэртээ байдаг. Миний бие “Урлахуйн ухааны ардын урлал”-ын дээд сургуулийг уран дархан, ган сийлбэрчин мэргэжлээр 2002 онд төгсөж өдийг хүртэл дарханы ажил хийн ар гэрээ тэжээж ирсэн. Би урьд ял шийтгэл эдэлж байгаагүй бөгөөд шүүх хуралд өмгөөлөгчгүй орсон. Анхан шатны шүүхээс хэтэрхий нэг талыг барьж, 6 сарын хорих ял шийтгүүлсэнд гомдолтой байна. Би хийсэн хэрэгтээ гэмшиж, хохирогч Б.Б-д нийт хохирол болох 16.500.000 төгрөгөөс 3.000.000 төгрөгийг өгч 3 сарын дотор хохирлоо бүрэн барагдуулахаа шүүх дээр илэрхийлсэн. Иймд надад оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэжээ.

Шүүгдэгч Г.Э-н өмгөөлөгч Ч.Энхбаяр давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүхээс шүүгдэгч Г.Э-г 43 настай, эрэгтэй, ам бүл 8, 6 хүүхдийн хамт амьдардаг зэрэг хувийн байдал болон гэмт хэргийн улмаас учирсан хохирлын тодорхой хувийг төлсөн зэргийг харгалзан, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас хорих ялыг сонгон, ялыг зургаан сараар тогтоож оногдуулах нь түүний үйлдсэн гэмт хэргийн гэм буруу, цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлнэ гэж үзсэн. Г.Э нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ “гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн” байдаг. Шүүх түүнд ял оногдуулахдаа “гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулаагүй” гэж үзэн хорих ял оногдуулсан нь хууль зөрчөөгүй гэж үзэж байна. Г.Э нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо одоогийн байдлаар бүрэн төлж барагдуулсан тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасны дагуу Г.Э-д оногдуулсан хорих ялыг тэнсэж, хянан харгалзах хугацааг багаар тогтоож өгнө үү. ...” гэв.

Прокурор Б.Саруул-Ирээдүй тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Шүүгдэгч Г.Э нь хохирогчид учруулсан хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан байх бөгөөд хохирогчийн зүгээс “ямар нэгэн гомдол, саналгүй” гэдгээ илэрхийлж, бичгээр хүсэлт гаргасан байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэх эсэх нь шүүхийн эрх хэмжээний асуудал тул үүнтэй холбогдуулан прокурорын зүгээс тусгайлан гаргах саналгүй. Анхан шатны шүүх шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгт тохирсон ял оногдуулсан. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Э болон түүний өмгөөлөгч нарын  гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан байна.

Шүүгдэгч Г.Э нь хохирогч Б.Б-д “Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 3 айлын газрын гэрчилгээг 26.500.000 төгрөгөөр гаргаж өгнө, урьдчилгаа 16.500.000 төгрөгийг өгчих” гэж урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, зохиомол байдлыг зориуд бий болгож, 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хохирогч Б.Б-н Хаан банкны ...... тоот данснаас шилжүүлсэн 16.500.000 төгрөгийг өөрийн эзэмшлийн Худалдаа хөгжлийн банкны ........ тоот дансаар шилжүүлэн авч, залилсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Б.Б-н “... 2021 оны 12 дугаар сард Г.Э нь манай гэр бүлд 0.7 мкв 3 айлын газар авч өгч чадна гэж хэлээд манай нөхөр бид хоёроос гуйсаар байгаад өөрийнхөө Худалдаа хөгжлийн банкны дансаараа надаас 16.500.000 төгрөг урьдчилгаа болгож авсан. … Г.Э анх манай нөхөр бид хоёрт хэлэхдээ өөрийнхөө Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байх 2 айлын газрын гэрчилгээгээ харуулаад одоо 3 айлын газрыг авахаар болсон байгаа гэж хэлж ярьж байсан. ...” /хх 19-21/,

гэрч Б.Ц-н “...Э манай энд 3 айлын газар авч болох юм байна. Би хөөцөлдөөд аваад өгье, чи 3 айлын газар 26.500.000 төгрөгөөр авах уу гэхээр нь би зөвшөөрөөд эхнэртэйгээ уулзуулаад эхний ээлжинд 16.500.000 төгрөгийг Э руу шилжүүлээд бичиг хийлгэж авсан. Тэр цагаас хойш газар нь худлаа болоод мөнгөө буцааж авах гэхээр янз бүрийн шалтаг тоочоод өгөхгүй байгаа. ...” /хх 29-30/ гэсэн мэдүүлгүүд,

Б.Б-н Г.Э-д мөнгө шилжүүлсэн талаарх Хаан банкны дансны хуулга /хх 15/, уг дансны хуулгад үзлэг хийсэн тэмдэглэл /хх 68/, Баянзүрх дүүргийн газар зохион байгуулалтын 1 дүгээр албаны 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 15/1344 дугаартай, 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 13/63 дугаартай албан бичгүүд /хх 39, 71/ зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх шүүгдэгч Г.Э-г бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад ий болсон итгэлийг урвуулан ашиглаж, хохирогч Б.Б-н 16.500.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн төдийгүй түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилснийг Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзэв.

Анхан шатны шүүх шүүгдэгч Г.Э-н гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан үзэж, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан нь түүний гэм бурууд тохирсон төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцжээ.  

Гэвч давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “...шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж болно.” гэж заасан эрх хэмжээний хүрээнд шүүгдэгч Г.Э-н гэмт үйлдлийн хэр хэмжээ, түүний гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн нөхцөл байдал, хохирогчид 13.500.000 төгрөгийг нөхөн төлж, гэм хорыг арилгасан зэргийг харгалзан шүүгдэгчид тухайн зүйл, хэсэгт зааснаар 630 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 630.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл журамд нийцнэ гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Г.Э нь анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарсан өдрөөс хойш буюу 2024 оны 4 дүгээр сарын 25-ны өдрөөс энэ өдрийг хүртэл хугацаанд нийт 42 хоног цагдан хоригдсон тул түүний цагдан хоригдсон нэг хоногийг торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 төгрөгөөр тооцон, 630.000 төгрөгийн торгох ялыг биечлэн эдэлсэнд тооцох нь зүйтэй байна.

Иймд шүүгдэгч Г.Э, түүний өмгөөлөгч Ч.Энхбаяр нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хүлээн авч, дээр дурдсан үндэслэлээр шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтүүдийг оруулав.

Хэргийг давж заалдах шатны шүүхэд хянагдах явцад шүүгдэгч Г.Э нь хохирогч Б.Б-д 13.500.000 төгрөгийн хохирлыг нөхөн төлж, хохирол төлбөргүй болсныг дурдаж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтуудад заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 2024/ШЦТ/452 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтын “... шүүгдэгч Г.Э-д 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.” гэснийг “... шүүгдэгч Г.Э-г 630 /зургаан зуун гуч/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 630.000 /зурган зуун гучин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.” гэж өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Г.Э-н 2024 оны 4 дүгээр сарын 25-ны өдрөөс энэ өдрийг хүртэл хугацаанд нийт цагдан хоригдсон 42 /дөчин хоёр/ хоногийн нэг хоногийг торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 төгрөгөөр тооцон /15.000 х 42=630.000/ торгох ялыг биечлэн эдэлсэнд тооцож, түүнийг нэн даруй сулласугай.” гэсэн нэмэлт заалт оруулсугай.

3. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтыг хүчингүй болгож, бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

4. Шүүгдэгч Г.Э нь гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд хохирогч Б.Б-д 13.500.000 /арван гурван сая таван зуун мянга/ төгрөг төлснийг дурдсугай.

5. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                                            Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

ШҮҮГЧ                                                            Л.ДАРЬСҮРЭН

            ШҮҮГЧ                                                            М.АЛДАР