Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 04 сарын 20 өдөр

Дугаар 285

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: Ч.Сайнзаяа,

Улсын яллагч: Н.Энхболд /томилолтоор/,

            Шүүгдэгч Н.Бөөрөө өөрийгөө өмгөөлөн тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Н.Бт холбогдуулж яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1805016740354 дугаартай хэргийг 2018 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

     Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Н.Б, 1965 оны 12 дугаар сарын 23-ны өдөр УлаанБ хотод төрсөн, 52 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, нарийн хэмжүүрийн засварчин мэргэжилтэй, ...., ам бүл 3, хадам эх, эхнэрийн хамт ...., урьд ял шийтгэлгүй, ХА-65122378 тоот регистртэй,

Шүүгдэгч Н.Бнь 2018 оны 3 дугаар сарын 08-наас 09-нд шилжих шөнө 22-23 цагийн үед Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутагт байрлах 36 дугаар байрны 103 тоотод хохирогч Б.Зын нуруун тус газар хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Н.Бын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн, нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

Хохирогч Б.Зын мөрдөн байцаалтад өгсөн: “...2018 оны 3 дугаар сарын 08-ны өдөр найз С ээлжийн амралтаа авсан гээд манай гэрт ирсэн. Тэгээд манай ээжийн төрсөн өдөр өнөөдөр болж байгаа манай гэрийнхэн цугалчихсан байгаа, хамт явъя гээд бид хоёр Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 36 дугаар байрны 103 тоотод 20 цаг 30 минутын үед очтол С ээж, дүү охин нь, нөхөртэйгээ болон намайг зүсэж гэмтээсэн Б эхнэртэйгээ байсан. 0.5 литрийн нэг шил архи задлаад талдаа орчихсон байсан. Дахиад 0.75 литрийн нэг шил архи, айрагтай хамт уугаад сууж байтал дүү охин нь нөхртэйгөө юунаас болсныг нь мэдэхгүй хоорондоо хэрэлдээд байсан. Тэгтэл нөхөр нь эхнэрийгээ орон дээр дарж унагаагаад дээрээс нь цохиод байхаар нь би араас нь очоод салгах гээд хоолойноос нь таттал Б намайг яаж байгаан гээд нурууны баруун дээд хэсэгт нэг юмаар хатгах шиг болсон. Тухайн үед юугаар хатгасныг нь мэдээгүй байтал дүү охин нь яанаа та хүн хутгалчихлаа шүү дээ гэтэл Б чамаас болж байгаан гээд дүү охиныгоо загнаад байсан. Дүү охин нь намайг та хэвт цус гараад байна гэхээр нь би доошоо хараад шалан дээр хэвттэл газар цус тунаад гоожсон. Тэгтэл түргэн цагдаа дуудъя гээд дуудсан. Түргэн ойрхон явж байсан байх их хурдан ирсэн. Надаас яасан гээд асуухаар нь би гайгүй байх гэж бодоод шилэн дээр унасан гэтэл үгүй ээ хутга байна гээд байсан. Тэгээд гэмтлийн эмнэлэг дээр очтол наадах чинь шил биш хутга байна цус алдаж байгаа учир яаралтай цэргийн төв эмнэлэг рүү аваад яв гэсэн. Цэргийн эмнэлэг дээр очоод яаралтай хагалгаа хийх хэрэгтэй гээд хагалгаанд оруулсан” гэсэн мэдүүлэг /хх-н 18-19/,

Гэрч О.Дгийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2018 оны 3 дугаар сарын 08-ны өдөр эх Нийн 72 насны төрсөн өдөр болсон юм. Эх Н нь Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 36 дугаар байрны 103 тоотод төрсөн эгч Жавзандуламтай хамт амьдардаг учир нөхөр хүүхдүүдтэй гэрт нь очсон. Орой 20 цагийн үед ах С найзтайгаа хамт ирсэн. 21 цаг өнгөрөөгөөд эх Н, эгч Жавзандулам, ах С нар түрүүлээд унтаж амарна гээд жижиг өрөө рүү орсон. Хүргэн ах Б, нөхөр Б, С ахын найз Збид дөрөв 0.75 литрийн 2 шил архи хувааж уусан. Би тухайн үед нилээн согтсон байсан. Нөхөр Бтэй маргалдсан эсэхийг мэдэхгүй байна, Б миний хаашаа цохисныг бас санахгүй байна, ямар ч байсан намайг нэг цохиод автвал Зчи баярынх нь өдөр эхнэртээ гар хүрдэг яаж байгаа юм бэ гээд тэр хоёр маргалдаад боссон. Тэр хоёр бие биенийгээ түлхэж байгаад ЗБийг түлхэхэд Б хойшоо эрчиндээ саваад шүүгээний шилийг хагалчихсан. Тэгтэл Б ах Зын араас нь очиж байгаа харагдсан. Тэгтэл хутгалчихлаа гэхээр нь Зыг болгоомжтой хэвт гэж газар хэвтүүлээд би нурууных нь хойд хэсэгт даавуугаар дараад түргэн дууд гээд орилтол эгч босч ирээд түргэн дуудсан” гэсэн мэдүүлэг /хх-н 22/,

Сэжигтнээр Н.Бын мөрдөн байцаалтад өгсөн: “...2018 оны 3 дугаар сарын 08-ны өдөр хадам эх Нийн төрсөн өдөр болоод хүүхдүүд нь манай гэрт ирцгээсэн. Орой 20 цагийн үед дүү С найзтайгаа хамт Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутагт байрлах 36 дугаар байрны 103 тоотод манай гэрт ирсэн. Тухайн үед дүү Д нөхөр Бийн хамт байсан. С, Зхоёрын авчирсан 0.75 литрийн нэг шил архийг хувааж уугаад дуулж байсан. Би нилээн согтоод тасарчихсан байсан. Нэг мэдсэн би Зын хажууд зогсчихсон миний гутал цус болчихсон Знуруу руу халуун оргиод байна гэж байсан. Дахиад сэргэтэл Зыг эмнэлэг рүү аваад явсан байсан. Манай эхнэр намайг согтуу байна гэртээ үлд гэж байсан. Тэрнээс хойш юу ч санахгүй байгаа юм” гэсэн мэдүүлэг /хх-н 32/,

Шинжээчийн 3563 тоот дүгнэлтэд: “...Зын биед нурууны хатгагдаж зүсэгдсэн шарх бүхий гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр, тухайн хэрэг болсон цаг хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт /хх-н 27/,

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-н 2/, Хохирогчийн өргөдөл /хх-н 3/, Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 33-34, 59-64/, хохирогчийн өвчний түүх /хх-н 39-52/, хохирогчийн хүсэлт /хх-н 53/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судласан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршигийн талаар:

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар  зүйлд заасны дагуу шүүгдэгч, хохирогч нар нь хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна.

Уг хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хэргийг хялбаршуулсан журмаар ял оногдуулах шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч Н.Бнь 2018 оны 3 дугаар сарын 08-наас 09-нд шилжих шөнө 22-23 цагийн үед Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутагт байрлах 36 дугаар байрны 103 тоотод хохирогч Б.Зын нуруунд тус газар хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэм буруутай болох  нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч Б.Зын: “...Тэгтэл нөхөр нь эхнэрийгээ орон дээр дарж унагаагаад дээрээс нь цохиод байхаар нь би араас нь очоод салгах гээд хоолойноос нь таттал Б намайг яаж байгаан гээд нурууны баруун дээд хэсэгт нэг юмаар хатгах шиг болсон. Тухайн үед юугаар хатгасныг нь мэдээгүй байтал дүү охин нь яанаа та хүн хутгалчихлаа шүү дээ гэтэл Б чамаас болж байгаан гээд дүү охиныгоо загнаад байсан. Дүү охин нь намайг та хэвт цус гараад байсан гэхээр нь би доошоо хараад шалан дээр хэвттэл газар цус тунаад гоожсон” гэсэн мэдүүлэг /хх-н 18-19/, гэрч О.Дгийн: “...Хүргэн ах Б, нөхөр Б, С ахын найз Збид дөрөв 0.75 литрийн 2 шил архи хувааж уусан. Би тухайн үед нилээн согтсон байсан. Нөхөр Бтэй маргалдсан эсэхийг мэдэхгүй байна, Б миний хаашаа цохисныг бас санахгүй байна, ямар ч байсан намайг нэг цохиод автвал Зчи барынх нь өдөр эхнэртээ гар хүрдэг яаж байгаа юм бэ гээд тэр хоёр маргалдаад боссон. Тэр хоёр бие биенийгээ түлхэж байгаад ЗБийг түлхэхэд Б хойшоо эрчиндээ саваад шүүгээний шилийг хагалчихсан. Тэгтэл Б ах Зын араас нь очиж байгаа харагдсан. Тэгтэл хутгалчихлаа гэхээр нь Зыг болгоомжтой хэвт гэж газар хэвтүүлээд би нурууных нь хойд хэсэгт даавуугаар дараад түргэн дууд гээд орилтол эгч босч ирээд түргэн дуудсан” гэсэн мэдүүлэг /хх-н 22/, шинжээчийн 3563 тоот дүгнэлт болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Н.Бын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул шүүгдэгчид холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Н.Бнь хохирогч Б.Зын нуруунд тус газар хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон тул гэм буруутайд тооцох нь зүйтэй байна. 

Хохирогч нь гомдол саналгүй шүүгдэгчтэй сайн дурын үндсэн дээр эвлэрсэн гэсэн хүсэлт /хх-н 53/ гаргасан тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болох нь хавтаст хэрэгт авагдсан шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлтүүд, хохирогчийн хүсэлт, эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын саналтай танилцаж зөвшөөрсөн талаарх баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдож байна.  

          Прокуророос ялын төрөл хэмжээний талаар гаргасан “шүүгдэгч Н.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгж буюу 700.000 төгрөгөөр торгох ял” оногдуулах саналыг шүүгдэгчид танилцуулсан байх ба прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ. 

          Шүүгдэгч нь торгуулийн ялыг 1 сарын хугацаанд төлөх боломжтой гэсэн хүсэлт гаргасныг хүлээн авч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-д зааснаар шүүгдэгч Н.Бт шүүхээс оногдуулсан торгох ялыг 1 сарын хугацаанд төлж барагдуулахыг түүнд даалгах нь зүйтэй гэж үзлээ.

          Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.  

 

  Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  17.4 дүгээр зүйлийн 5, 36.2,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч НБыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Быг 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
  3.   Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-д зааснаар шүүгдэгч Н.Бт шүүхээс оногдуулсан 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ялыг 1 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг  даалгаж, торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.
  4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
  5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Бт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ч.ОТГОНБАЯР