Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 138/ШШ2024/01084

 

 

******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Отгонжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд хийсэн шүүх хуралдаанаар *******ийн нэхэмжлэлтэй, “******* ******* ******* ******* *******д” *******-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: “*******” *******-ийн Захиргаа удирдлагын хэлтсийн даргын 2023 оны 09-р сарын 18-ны өдрийн мэдэгдлийг Хөдөлмөрийн хууль тогтоомж зөрчсөн болохыг тогтоолгох, гүйцэтгэх захирлын 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Б/441 дугаар тушаалыг хууль бус болохыг тогтоолгож бүхэлд нь хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин, хөлс, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг ажил олгогчоос нөхөн гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгч *******

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Эрдэнэбат

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Н.Одгэрэл

Хариуцагчийн өмгөөлөгч Д.Галтогтох

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар өөрчилж байна. 1. “*******” *******-ийн захиргаа удирдлагын хэлтсийн даргын 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн мэдэгдлийг дахин гаргууах гэснийг “*******” *******-ийн захиргаа удирдлагын хэлтсийн даргын 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн мэдэгдлийг Хөдөлмөрийн хууль тогтоомж зөрчсөн болохыг тогтоолгох гэж, 2. Гүйцэтгэх захирлын 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Б/441 дүгээр тушаалын 1 дэх заалтыг хүчингүй болгож гэснийг Гүйцэтгэх захирлын 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Б/441 дүгээр тушаалыг хууль бус болохыг тогтоолгож бүхэл нь хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгох гэж, 3. 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацааны цалин, хөлсийг ажил олгогчоос гаргуулж шийдвэрлүүлэх гэснийг “Ажилгүй байсан хугацааны цалин хөлс, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг ажил олгогчоос нөхөн гаргуулах” гэж тус тус өөрчилж байна.

Нэхэмжлэгч миний бие нь дээрх тушаалтай холбоотой ямар нэгэн байр суурийг огт илэрхийлж байгаагүй бөгөөд ажил олгогчийн зүгээс Хөдөлмөрийн хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1-т зааснаар шилжүүлэн ажиллуулж, хөдөлмөрийн гэрээг шинэчлэн байгуулах тухай мэдэгдэл гаргаж ажилтан намайг хууран мэхэлсэн. Хариуцагчийн зүгээс сонсох ажиллагааг огт хийгээгүй бөгөөд тушаал гарах үед нэхэмжлэгчтэй уулзсан мэтээр илэрхий худал тайлбараа соносх ажиллагаа хийсэнтэй дүйцүүлэн үзэх боломжтой мэтээр хуулийг илтэд гуйвуулж, ажилтны эрхийг санаатай зөрчснөө хүлээн зөвшөөрсөн. Хэрвээ ажилтныг ажил олгогч шилжүүлэн ажиллуулах нөхцөлд шилжүүлэн ажиллуулах нөгөө ажил олгогч болон удирдлагатай урьдчилан харилцан тохиролцсон байх ёстой буюу үүрэгтэй байсан ч “*******” *******-ийн гүйцэтгэх захирал энэ үүргээ огт биелүүлээгүй шийдвэр гаргахдаа шилжүүлэн ажиллуулах бус ажлаас халах шийдвэр гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийг ноцтй зөрчиж байх тул гүйцэтгэх захирлын 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Б/441 дугаар тушаалыг бүхэлд нь хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй хугацааны цалин хөлс, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг ажил олгогчоос нөхөн гаргуулж өгнө үү гэв.

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  “*******” *******-ийн захиргаа удирдлагын хэлтсийн даргын 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн мэдэгдлийг Хөдөлмөрийн хууль тогтоомж зөрчсөн болохыг тогтоолгох тухайд:“*******” *******-ийн төлөөлөн удирдах зөвлөлөөс 2023 оны 08 дугаар сарын 18-ны өдөр “Компанийн бүтэц зохион байгуулалтыг өөрчлөн тогтоох тухай” 18 дугаар тогтоолоор *******ийн ажиллаж байсан “Дотоод хяналтын алба”-ыг татан буулгаж, тус албаны чиг үүргийг төлөөлөн удирдах зөвлөлд шилжүүлж, гүйцэтгэх захирлын удирдлагаас гаргасан. Энэ нь гүйцэтгэх захирлын үйл ажиллагаанд хяналт тавих чиг үүрэгтэй дотоод аудитор нь гүйцэтгэх захирлаас томилогддог, түүний удирлаганд байх нь тухайн ажлын байрны үндсэн зорилго, чиг үүрэгт гүйцэтгэх захирлын зүгээс нөлөөлөх магадлалтай гэж үзэн төлөөлөн удирдах зөвлөлийн харъяанд шилжүүлсэн. Нэгэнт “Дотоод хяналтын алба” нь татан буугдсан тул гүйцэтгэх захирлаас *******тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай мэдэгдэлийг 2023 оны 09 дүгээр 18-ны өдөр өгсөн.

“Мэдэгдэл”-ийг өгснөөс хойш 2 сар 14 хоногийн дараа буюу 2023 оны 12 дугаар 01-ний өдөр гүйцэтгэх захирлаас “*******ийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох тухай” Б/441 тоот тушаал гарсан.  Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.4-т “Ажил олгогч энэ хуулийн 65.4.2, 78.1.5, 80.1.1, 80.1.2, 80.1.3-т заасан үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай ажилтанд 30-аас доошгүй хоногийн өмнө бичгээр, эсхүл цахим хэлбэрээр мэдэгдэх бөгөөд ажилтанд мэдэгдэл өгсөн тухайгаа шаардлагатай тохиолдолд ажил олгогч нотлох үүрэгтэй” гэж заасан.

Хэдийгээр мэдэгдэлд хөдөлмөрийн гэрээг 2023.10.13-ны өдөр цуцлана гэж бичсэн хэдий ч бодит байдал дээр хөдөлмөрийн гэрээг 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдөр цуцалсан. Иймд тухайн мэдэгдлийг хөдөлмөрийн тухай хууль зөрчсөн гэж үзэхгүй байгаа тул тус шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.

2. “Гүйцэтгэх захирлын 2023.12.01-ний Б/441 дугаар тушаалыг хууль бус болохыг тогтоолгож бүхэлд нь хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох” тухай нэхэмжлэлийн шаардлагын тухайд: “*******” *******-ийн төлөөлөн удирдах зөвлөлөөс 2023 оны 08 дугаар 18-ны өдөр “Компанийн бүтэц зохион байгуулалтыг өөрчлөн тогтоох тухай” 18 дугаар тогтоолоор *******ийн ажиллаж байсан “Дотоод хяналтын алба”-ыг татан буулгасан учир “*******” *******-ийн захирал нь 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Б/441 тоот тушаалыг гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1-д заасны дагуу ажлаас чөлөөлж, түүнд хөдөлмөрийн тухай хууль болон захиргаа, үйлдвэрчний эвлэлийн хороотой байгуулсан хамтын гэрээнд заасны дагуу нэг удаагийн тэтгэмжийг олгосон.

Үүнээс гадна дотоод хяналтын албаны орон тоо нь ТУЗ-д шилжсэн учир *******ийг өмнөх ажилд нь эгүүлэн тогтоох хууль зүйн үндэслэл байхгүй. Компанийн Төлөөлөн удирдах зөвлөл нь “*******” *******-ийн Дотоод аудиторын Нээлттэй сонгон шалгаруулалт зарлаж 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 10 дугаар тогтоолоор томилон ажиллуулж байгаа болно. Иймд дээрх шаардлагыг хүлээн авах боломжгүй байна. Ажилгүй хугацааны цалин хөлс, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг ажил олгогчоос нөхөн гаргуулах тухайд: *******тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг хуулийн дагуу цуцалсан гэж үзэж байгаа учир түүний “Ажилгүй хугацааны цалин хөлс, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыгг ажил олгогчоос нөхөн гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

3. Нэхэмжлэгчээс дараах баримтыг хэрэгт нотлох баримтаар ирүүлсэн. Үүнд: “*******” *******-ийн хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст гаргасан гомдол /хх-ийн 9-10-р тал/, “*******” *******-ийн 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн мэдэгдэл /хх-ийн 62-р тал/, “*******” *******-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2023 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 18 дугаартай тогтоолын хавсралт /хх-ийн 63-р тал/, ******* аймгийн Хэрлэн сумын хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны хуралдааны 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн тэмдэглэл (шийдвэр) /хх-ийн 64-65-р тал/, Монгол Улсын ******* ******* яамны 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн албан бичиг /хх-ийн 66-67-р тал/, “*******” *******-ийн хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссын хуралдааны 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 3 дугаартай тэмдэглэл /хх-ийн 68-74-р тал/,  *******ийн цалингийн тооцоолол /хх-ийн 76-р тал/, 09062072 дугаартай хугацаагүй эрхтэй мэргэшсэн нягтлан бодогчийн гэрчилгээ, D200102503 дугаартай бакалаврын диплом, 856 дугаартай аудит ба баталгаажуулах үйлчилгээ эрхлэх эрхийн батламжийн хуулбарууд /хх-ийн 150-153-р тал/, хас банкны дансны хуулга /хх-ийн 154-р тал/, “*******” *******-ийн дүрэм /хх-ийн 155-170-р тал/ зэрэг болно.

4. Хариуцагч талаас дараах баримтыг хэрэгт нотлох баримтаар ирүүлсэн. Үүнд: хариу тайлбар /хх-ийн 38-39, 114-116 тал/, “*******” *******-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын 2023 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 06 дугаартай тогтоол /хх-ийн 78-87-р тал/, 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 23/4/04227, 23/04/04198 дугаартай төлбөрийн даалгавар /хх-ийн 88-89-р тал/, “*******” *******-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2023 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 18 дугаартай тогтоол /хх-ийн 90-91-р тал/, “*******” *******-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Б/441 дүгээр тушаал /хх-ийн 92-р тал/, “*******” *******-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 04 дүгээр тогтоол /хх-ийн 94-99-р тал/ зэрэг болно.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* ******* ******* ******* ******* Төрийн ХК-д холбогдуулан *******-ийн Захиргаа удирдлагын хэлтсийн даргын 2023 оны 09-р сарын 18-ны өдрийн мэдэгдлийг Хөдөлмөрийн хууль тогтоомж зөрчсөн болохыг тогтоолгох, гүйцэтгэх захирлын 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Б/441 дугаар тушаалыг хууль бус болохыг тогтоолгож бүхэлд нь хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин, хөлс, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг ажил олгогчоос нөхөн гаргуулах тухай шаардлагыг гаргасан.

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргадаг.

Нэхэмжлэгч ******* нь ******* ******* ******* ******* ******* *******-д 2006 оноос эхлэн ажилласан ба  2024 оны 12 сарын 01-ны өдрийн Б/441 дугаартай тушаалаар тус Дотоод хяналтын ажилтан албан тушаалаас чөлөөлөгдсөн байна. Энэ тушаалын 1 дэх заалтыг хүчингүй болгуулахаар 2024 оны 2 сарын 19-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Шүүхэд нэхэмжлэгч нь 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр анх нэхэмжлэлээ гаргасан ба шаардлагаа “мэдэгдэл, тушаал хоёр нь зөрүүтэй байх тул мэдэгдлийг дахин шинээр гаргуулж, гүйцэтгэх захирлын 2024 оны 12 сарын 01-ны өдрийн Б/441 дугаартай тушаалын 1 дэх заалтыг хүчингүй болгож, 2023 оны 12 сарын 01-нээс шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацааны цалин, хөлсийг ажил олгогчоос гаргуулах тухай” гэж гаргасан.

2024 оны 12 сарын 04-ны өдөр нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж *******-ийн Захиргаа удирдлагын хэлтсийн даргын 2023 оны 09-р сарын 18-ны өдрийн мэдэгдлийг Хөдөлмөрийн хууль тогтоомж зөрчсөн болохыг тогтоолгох, гүйцэтгэх захирлын 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Б/441 дугаар тушаалыг хууль бус болохыг тогтоолгож бүхэлд нь хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин, хөлс, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг ажил олгогчоос нөхөн гаргуулах гэж өөрчилсэн.

Шүүх өөрчилсөн шаардлагын хүрээнд хэргийг хянаж, нэхэмжлэлийг дараах үндэслэлээр бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэг. Хариуцагч  *******истем *******-ийн Захиргаа удирдлагын хэлтсийн даргын 2023 оны 09-р сарын 18-ны өдрийн мэдэгдлийг Хөдөлмөрийн хууль тогтоомж зөрчсөн болохыг тогтоолгох шаардлагын хувьд:

1.1 ******* ******* ******* ******* ******* Төрийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2023 оны 08 сарын 18-ны өдрийн 18 дугаартай тогтоолоор тус компанид бүтцийн өөрчлөлт хийгдэхээр болж Дотоод хяналтын албаны ажилтан *******т 2023 оны 09 сарын 18-ны өдөр “Дотоод хяналтын албыг татан буулгаж буй тул хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1, 80.4 заалтын дагуу Дотоод хяналтын ажилтан ******* тантай байгуулсан Хөдөлмөрийн гэрээг 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрөөр цуцалж, Хөдөлмөрийн тухай хуулийн 43.1.1 заалтыг үндэслэн шилжүүлэн томилж, хөдөлмөрийн гэрээг шинэчлэн байгуулах болсныг үүгээр мэдэгдэж байна” гэсэн мэдэгдлийг өгсөн байна.

Дээрх мэдэгдлээр хөдөлмөрийн гэрээг 2023 оны 10 сарын 13-ны өдөр цуцалж, шинээр байгуулах талаар мэдэгдсэн боловч бодит байдал дээр 2023 оны 12 сарын 01-ны өдөр Ажлаас чөлөөлөх тухай тушаал гарчээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн  80 дугаар зүйлийн 80.4-т Ажил олгогч энэ хуулийн 65.4.2, 78.1.5, 80.1.1, 80.1.2, 80.1.3-т заасан үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай ажилтанд 30-аас доошгүй хоногийн өмнө бичгээр, эсхүл цахим хэлбэрээр мэдэгдэх бөгөөд ажилтанд мэдэгдэл өгсөн тухайгаа шаардлагатай тохиолдолд ажил олгогч нотлох үүрэгтэй гэж, мөн хуулийн 81 дүгээр зүйлийн 81.4-т Халагдаж байгаа ажилтан тус бүрд хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай энэ хуулийн 80.4-т заасны дагуу мэдэгдэнэ. Мэдэгдэл өгснөөс хойш 30-аас доошгүй хоногийн дараа хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцална гэж заасан байна.

1.2 Хариуцагч нь нэхэмжлэгчид өгсөн дээрх мэдэгдлээр түүний ажиллаж байсан алба татан буугдсан тул хөдөлмөрийн гэрээг цуцална гэсэн утга,агуулгыг мэдэгдсэн байна. Тэгэхдээ дахин өөр хөдөлмөрийн гэрээ байгуулах талаар тусгасан нь нэхэмжлэгчийг өөр албан тушаалд ажиллах гэдэг ойлголтыг төрүүлсэн болохыг үгүйсгэхгүй. Гэсэн хэдий ч шүүх хуралдаан дээр нэхэмжлэгч нь Дотоод хяналтын албыг татан буулгаж ТУЗ-ын харъяанд харъяалагдах талаар 2023 оны эхний улиралд мэдсэн гэж тайлбарладаг.

Мөн дээрх мэдэгдлийг хүлээн аваад ямар албан тушаалд ажиллах талаар ажил олгогчоос санал асуухад худалдан авах албаны хэлтсийн даргаар ажиллах хүсэл зоригийг илэрхийлсэн боловч тухайн ажлын байранд хүн ажиллаж байсан тул хуульд зааснаар тэтгэмж аваад ажлаас чөлөөлөгдөх талаар харилцан тохиролцсон гэж хариуцагч тал тайлбарладаг ба энэ  тайлбарыг нэхэмжлэгч  үгүйсгэдэггүй.

1.3 Хөдөлмөрийн тухай хуулийн 80.4-т заасан энэ мэдэгдэл нь хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгох талаар ажил олгогч мэдэгдэж байгаа хэлбэр юм. Ажил олгогч хуульд заасан энэ үүргээ хэрэгжүүлсэн. Маргаан болж буй энэ мэдэгдэлд хөдөлмөрийн гэрээг шинэчлэн байгуулах талаар дурдсан тул уг мэдэгдэл хууль зөрчсөн гэж нэхэмжлэгч тал маргаж байгаа нь үндэслэлгүй юм. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн ажлын байр гүйцэтгэх захирлын тушаалаар томилогдож, түүний удирдлаган доор ажил үүргээ гүйцэтгэдэг байсаныг Төлөөлөн Удирдах зөвлөлийн харъяанд харъяалагдаж ажиллахаар болсон бүтцийн өөрчлөлт хийгджээ. Энэ талаар нэхэмжлэгч 2023 оны эхний улиралд мэдсэн талаар тайлбарлаж байх тул мэдэгдээгүй ажлаас чөлөөлсөн гэж үзэх үндэслэлгүй юм.

Мөн дээрх мэдэгдэл нь Хөдөлмөрийн тухай хууль зөрчсөн гэдгийг тогтоосноор нэхэмжлэгчид ямар ач холбогдолтой, түүний ямар эрх сэргэх  талаар нэхэмжлэгч тал тайлбарлаж, нотолдоггүй.

1.4 Иргэний хуулийн 9 дүгээр зүйлд Иргэний эрх зүйн хамгаалалтын талаар хуульчлан зохицуулсан. Нэхэмжлэгчийн дээрх мэдэгдлийг хууль бус болохыг тогтоох нь энэ хамгаалалтанд хамаарахгүй байх тул шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Хоёр. Гүйцэтгэх захирлын 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Б/441 дугаар тушаалыг хууль бус болохыг тогтоолгож бүхэлд нь хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин, хөлс, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг ажил олгогчоос нөхөн гаргуулах  шаардлагын хувьд:

2.1 Нэхэмжлэгч нь 2023 оны 12 сарын 01-ний өдрийн Б/441 дугаартай тушаалын 1 дэх заалтыг хүчингүй болгуулахыг хүссэн шаардлагыг анх шүүхэд гаргаж, иргэний хэрэг үүсгэн хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байсан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа маргаан бүхий тушаалыг бүхэлд нь хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгох гэж 2024 оны 12 сарын 04-ны өдөр өөрчилсөн.

Маргаан бүхий тушаалын 1 дэх заалтаар ТУЗ-өөс Компанийн бүтцийг өөрчлөн баталж, Дотоод хяналтын алба татан буугдсан тул Дотоод хяналтын ажилттан *******ийг Хөдөлмөрийн гэрээг 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөр дуусгавар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлж, 2 дахь заалтаар хөдөлмөрийн эрхлэлтийн харилцааг цуцалсны тэтгэмжид 24 сарын дундаж цалин хөлстэй тэнцэх тэтгэмжийг бодож олгохоор шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч нь энэ шаардлагын үндэслэлээ Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1-д зааснаар шилжүүлэн ажиллуулж, хөдөлмөрийн гэрээг шинэчлэн байгуулах тухай мэдэгдэл гаргаж ажилтан намайг хууран мэхэлсэн гэж тайлбарладаг.

Хөдөлмөрийн тухай хуулийн 43.1-т Ажил олгогч дараах үндсэн эрхтэй гэж, мөн хуулийн 43.1.1-д ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн өөрчлөх, цуцлах, дуусгавар болгох гэж заасан.

2.2 Хариуцагч тал нэхэмжлэгчтэй Хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгох талаар мэдэгдлийг өгсөн, компанид бүтцийн өөрчлөлт явагдаж, нэхэмжлэгчийн эрхэлж байсан ажил, албан тушаал нь гүйцэтгэх захирлын дэргэд биш Төлөөлөн удирдах зөвлөлд харъяалагдан ажиллах талаар нэхэмжлэгч мэдэж байсан болох нь түүний шүүх хуралдаанд гаргаж байгаа тайлбараас тогтоогдож байна. Тухайлбал энэ талаар 2023 оны эхний улиралд мэдсэн гэж шүүх хуралдаан дээр нэхэмжлэгч хариулдаг. Хариуцагч буюу ажил олгогч хуульд зааснаар нэхэмжлэгчтэй хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон байна.

Өөрөөр хэлбэл хуульд заасан үүргээ биелүүлж нэхэмжлэгч *******т мэдэгдэл өгсөн, мэдэгдэл өгсөнөөс хойш 70 гаруй хоногийн дараа маргаан бүхий тушаалыг гаргаж, хуульд зааснаар тэтгэмж олгосон байх тул хариуцагчийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

Тодруулбал ******* ******* ******* ******* ******* хувьцаа эзэмшигчдийн хурлын 2023 оны 05 сарын 02-ны өдрийн 06 дугаартай тогтоол гарч Компанийн дүрмийн 7.3.18 гэсэн заалтыг нэмж оруулахаар шийдвэрлэсэн байна. Энэ нь Компанийн дотоод аудитын нэгжийн ахлах, дотоод аудиторыг томилж, чөлөөлөх, түүний бүрэн эрхийг тогтоох эрхийг Төлөөлөн Удирдах зөвлөлд олгосон байна. /хэргийн материалын 78-79-р тал/

Энэ дүрмийн өөрчлөлтийг 2023 оны 05 сарын 30-ны өдөр улсын бүртгэлд  бүртгүүлж, ТУЗ-ын 2023 оны 08 сарын 18-ны өдрийн 18 дугаартай тогтоол гарч хариуцагч байгууллагын зохион байгуулалтын шинэчлэгдсэн бүтэц батлагдаж, энэ ТУЗ-ын тогтоолыг гүйцэтгэх захирал хэрэгжүүлж нэхэмжлэгч *******ийн хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгох тушаалыг гаргасан байна.

2.3 Компанийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д Компанийн эрх барих дээд байгууллага нь хувьцаа эзэмшигчдийн хурал байна гэж, мөн хуулийн 75 дугаар зүйлийн 75.1-д Хувьцаа эзэмшигчдийн хурлын чөлөөт цагт эрх барих байгууллага нь төлөөлөн удирдах зөвлөл байна гэж, мөн хуулийн 83 дугаар зүйлийн  83.2-т Компанийн дүрэмд гүйцэтгэх удирдлагыг багаар хэрэгжүүлэхээр заагаагүй бол хувь хүн хэрэгжүүлнэ гэж, 83.3-т Хувь хүн гүйцэтгэх удирдлагыг хэрэгжүүлж байгаа тохиолдолд уг этгээд гүйцэтгэх захирал байна гэж эрх барих тогтолцоог хуульчилсан.

Хариуцагч компани хуульд заасан эрх хэмжээнийхээ хүрээнд Компанийн дүрэмд зааснаар бүтцийн өөрчлөлтийг хийж, гүйцэтгэх захирал хэрэгжүүлж нэхэмжлэгч *******тэй хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон нь хууль болон нэхэмжлэгчийн эрхийг зөрчөөгүй байна.

Ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д зааснаар тэтгэмжийг олгох үүрэгтэй ба  2023 оны 12 сарын 07-ны өдөр 50 сая, 56 948 948 төгрөг, нийт 106 948 948 төгрөгийг нэхэмжлэгч *******ийн Хас банкны харилцах дансанд шилжүүлж үүргээ зохих ёсоор биелүүлжээ. /хэргийн материалын 88-89-р тал/ 

2.4 Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.1-т хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон, эсхүл өөр ажилд шилжүүлсэн, сэлгэн ажиллуулсан тухай ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл түүнийг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор гомдлоо урьдчилан шийдвэрлүүлэхээр гаргах эрхтэй.

Нэхэмжлэгч нь 2023 оны 12 сарын 28-ны өдөр *******истем *******-ийн Маргаан таслах комиссд гомдол гаргасаныг 2024 оны 01 дүгээр сарын 11-ны өдөр хуралдаж талууд зөвшилцөлд хүрээгүй, 2024 оны 01 сарын 22-ны өдөр Хэрлэн сумын Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд гомдол гаргасаныг 2024 оны 02 сарын 06-ны өдөр хуралдаж 3 дугаартай шийдвэрээр гомдлыг улсын байцаагчид шилжүүлэх нь зүйтэй гэж шийдвэрлэсэн.  Гэсэн хэдий ч Хөдөлмөрийн улсын байцаагч Ц.Мөнхжаргал шийдвэр гаргаж өгөөгүй тул шүүхэд хандаж байна гэж нэхэмжлэлдээ дурдсан байна.

2.5 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т Бичмэл нотлох баримтыг эхээр нь эхээр нь өгөх боломжгүй бол нотариатаар гэрчлүүлсэн хувийг шүүхэд өгнө гэж, мөн хуулийн 25.2.2-т нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага түүний үндэслэлээ өөрөө нотлох үүрэгтэй байхаар зохицуулсан боловч нэхэмжлэгч энэ үүргээ биелүүлээгүй. Урьдчилан шийдвэрлүүлсэн гэх хурлын тэмдэглэлүүд, шийдвэр зэрэг нь нотлох баримтын шаардлага хангаагүй тул үнэлээгүй, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүй болно.

Нэгэнт нэхэмжлэгчийн нэхэмжлэлээр иргэний хэрэг үүсгэж, хянан шийдвэрлэх ажиллагаа хийгдсэн тул хэргийг эцэслэн шийдвэрлэх нь хэргийн оролцогчдод хүндрэл багатай гэж дүгнэж хэргийг эцэслэн шийдвэрлэсэн болохыг дурдаж байна.

Нэхэмжлэгч нь анх шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөх болсон үндэслэлээ шүүх хуралдаан дээр тайлбарлахдаа “ би гүйцэтгэх захирал Г.Отгонбаатартай таарамжгүй харьцаатай байсан болохоор тухайн үед ажлаас чөлөөлөгдөж тэтгэмжээ авахыг зөвшөөрч байсан, харин одоо нөхцөл байдал өөрчлөгдөж гүйцэтгэх захирал солигдсон тул ажилдаа буцаж орох хүсэлтэй байна, мөн тэтгэмжид авсан мөнгөө хэрэглээгүй, миний дансанд байх тул тэтгэмжийг буцааж өгч ажилдаа ормоор байна гэж тайлбарладаг.

Ажил олгогч буюу хариуцагч тал өөрийн эрх хэмжээнийхээ хүрээнд холбогдох хууль тогтоомжинд нийцүүлэн нэхэмжлэгчийн эрх ашгийг зөрчихгүйгээр, нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн болох нь тогтоогдож байх тул маргаан бүхий тушаалыг хүчингүй болгох үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгчийн гүйцэтгэх захирлын 2023 оны 12 сарын 01-ний өдрийн Б/441 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосон тул ажилд эгүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацааны цалин болон нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх шаардлагыг хангах үндэслэлгүй. Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.2, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1-д зааснаар ******* ******* ******* ******* *******” Төрийн ХК-д холбогдуулан гаргасан “*******” *******-ийн Захиргаа удирдлагын хэлтсийн даргын 2023 оны 09-р сарын 18-ны өдрийн мэдэгдлийг Хөдөлмөрийн хууль тогтоомж зөрчсөн болохыг тогтоолгох, гүйцэтгэх захирлын 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Б/441 дугаар тушаалыг хууль бус болохыг тогтоолгож бүхэлд нь хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин, хөлс, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг ажил олгогчоос нөхөн гаргуулах тухай *******ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн, 156 дугаар зүйлийн 156.1.1-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч хариуцагч, тэдгээрийн өмгөөлөгч нар нь энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Х.ОТГОНЖАРГАЛ