| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Х.Отгонжаргал |
| Хэргийн индекс | 138/2024/01027/И |
| Дугаар | 138/ШШ2024/01090 |
| Огноо | 2024-12-19 |
| Маргааны төрөл | Хамтран ажиллах гэрээ, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 12 сарын 19 өдөр
Дугаар 138/ШШ2024/01090
Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Отгонжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: *******, ******* нарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******, ******* нарт холбогдох
Хамтран ажиллах гэрээний үүрэгт 8 009 500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгч *******, *******
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Галтогтох
Хариуцагч, хариуцагчийн төлөөлөгч *******
Хариуцагчийн өмгөөлөгч Д.Урансувд
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч *******, ******* нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид 2024 оны улсын баяр наадмаар буюу 07 сарын 06, 10, 11-ний өдрүүдэд хамтарч хоолон гэр ажиллуулж хуушуур хийж зарсан. Боорлуулалтын ашгийг тэнцүү хувааж авахаар аман гэрээ байгуулж ажилласан. Гэтэл ******* нь баяр наадмын дараа орлого зарлагын тооцоог тулгасан зүйл байхгүйгээр надад 1 713 660 төгрөгийг өгөхөөр нь “би авахгүй” гэж хэлээд явсан. 2024 оны 07 сарын 15-ны өдөр ******* миний данс руу 1,830,000 төгрөгийг шилжүүлсэн байсан. Нөхөр бид хоёр *******, ******* нарт итгээд бүх данс тооцоог шилжүүлж, данс тооцоог ******* л барьж ажилласан. Би *******д “хуушуурын тооцоог махны граммаар тооцох хэрэгтэй” гэхэд “их ажлын хажуугаар юун хуушуур тоолох вэ" гээд уурлаад байсан. Бид хамтран ажиллах нөхцлийг бүрдүүлэхэд гэр, газ, тогоо, ширээ, сандал, портер машин, приүс-30 машиныг хүргэлтээр ажиллуулж, нэг үхэр, нэг ямаа гаргасан болно. Миний бодлоор 1 кг махнаас 30 ширхэг хуушуур хийж болохоор байсан. Гэтэл ******* 1 кг махнаас 22 ширхэг хуушуур хийнэ гэсэн тооцоог гаргасан байсан. Иймд хариуцагч *******, ******* нараас 8 009 500 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч, хариуцагчийн төлөөлөгч ******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай хоёр гэр бүл хамтран 2024 оны 7 сард наадмаар гэрийн хуушуур хийж борлуулж байсан. Урьд нь бид 2015, 2023 оны наадмаар мөн хамтран ажиллаж байсан. Бид 3 өдөр хамтран ажилласан ба нэхэмжлэгч нар нь Баянтүмэн суманд ажилласан хуушуурын ашгийг өгөөгүй гэж маргажээ. Би тэдэнтэй тооцоо бодохдоо нийт 3 өдрийн ажлын орлого, зарлага, ашиг гээд бүх тооцоог бодож, танилцуулж өөрт нь харин ч өөрөөсөө илүү ашиг өгсөн.
...Бид нар 2024 оны 07 дугаар сарын 07-ны өдөр 1, 1 ямааны шулсан махаа нийлүүлээд хуушуур хийж зараад нийт 1 265 000 төгрөгийн ашиг олсон. Ингээд бид нар ярилцаад дахин 2024 оны 07 дугаар сарын 10, 11-ний өдрүүдэд хоолон гэр ажиллуулж бөөрөнхий хуушуур хийж зарахаар болж дээрх 1 265 000 төгрөгөөр бараа материалаа авсан. Үүнд: 469 000 төгрөгөөр нэг удаагийн аяга, таваг, халбага, сэрээ, баглаа боодол, калькин цаас, 480 000 төгрөгөөр ус, ундаа, портер машинд 100 000 төгрөгөөр түлш шатахуун, 265 000 төгрөгөөр хуушуурын хүргэлтэд явж байсан Тоёота приус-40 маркийн автомашинд гааз болон шатахуун хийсэн, 33 000 төгрөгийг хоолон гэрийн үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлд тус тус зарцуулсан. Ингээд бид нар 2024 оны 07 дугаар сарын 10-ны өдөр хуушуураа хийж бэлтгэсэн бөгөөд ажиллах хүн, хүчний шаардлага их байсан учраас би өөрийн ах, дүү нараасаа тусламж авсан. 2024 оны 07 дугаар сарын 12-ны өдөр асар, эсгий гэрээ хурааж байх үедээ би ******* эгчид данс, пос, бэлэн мөнгөнийхөө тооцоог харуулаад өөрийнх нь дэвтэр дээр нь хуулж бичүүлээд “бэлэн мөнгө авах уу?” гэхэд “эгч нь бэлэн мөнгө авахгүй, дансаар авна” гэж хэлсэн. Би бодохдоо данс тооцоогоо тулаад ойлгочихлоо гэж бодсон. Нэг өдөр ******* эгчийн төрсөн дүү Мягмаржав над руу залгаад “миний ах, эгч хоёр чамд хулхидуулсан байна” гэж хэлсэн. Би бүх данс тооцоогоо аваад С.Энхэцэцэг, Д.******* ахтай уулзсан боловч ойлголцож чадахгүй маргаан үүссэн. Би бүх нотлох баримтыг нарийвчлан гаргасан. Би *******ийн эгчийн чанасан цайг нь хүртэл зараад мөнгийг нь шилжүүлсэн. Би наадмын хоёр дахь өдөр хуушуурын борлуулалт муу байдаг гэдгийг мэдэхгүйгээр хүнээс мах авсан. Гэхдээ хийсэн хуушуураа өөрийн хүү болон *******ын хүү хоёроор хүргэлтээр зарж байж 800 000 төгрөгийн орлого олсон гэв.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч *******, ******* нар нь хариуцагч *******, ******* нарт холбогдуулан “Хамтран ажиллах гэрээний үүрэгт 8 009 500 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг гаргасан.
Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. Үүнд:
1.Нэхэмжлэгч нар нь үйл ажиллагаанаас олсон орлогыг шударгаар хуваагаагүй тул хариуцагч нараас дээрх хугацаанд олсон орлого 8 009 500 төгрөгийг нэхэмжилсэн.
Хариуцагч нар эс зөвшөөрч бүх зардал тооцоогоо хасаад олсон ашгаа тэнцүү хуваасан гэж нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргадаг.
2.Маргааны гол зүйл болох нэг кг махаар нэхэмжлэгч 30 хуушуур хийдэг гэж орлогыг тооцоолдог бол хариуцагч тал 23 хуушуур нэг кг махаар хийдэг гэж талууд тайлбарладаг.
Нэхэмжлэгч, хариуцагч нар нь 2024 оны 7 сарын 6, 7-нд Дорнод аймгийн Баянтүмэн сумын наадамд, 2024 оны 07 сарын 10,11-ний өдөр Дорнод аймгийн баяр наадмаар хуушуур, хоол хийж зарж хамтран ажиллажээ.
3. 2024 оны 7 сарын 6,7-ны өдөр ажлаа эхлэхдээ талууд дундаасаа нэг, нэг ямааны мах гаргаж нэг өдөр ажилласан ба бусад бараа материалыг хариуцагч ******* зээлээр худалдан авч үйл ажиллагаагаа эхлүүлсэнээр Иргэний хуулийн 476 дугаар зүйлд заасан хамтран ажиллах гэрээ амаар байгуулагдсан байна.
4. 2024 оны 7 сарын 6,7-ны өдөр 21 кг махаар хуушуур хийсэн, 2024 оны 7 сарын 10,11-ны өдрүүдэд 131 кг махаар хуушуур хийсэн ба тухайн өдрүүдэд хуушуурнаас гадна хавирга, өвчүүгээр хоол хийж, 2 төрлийн салат, ус ундаагаар иргэдэд үйлчилж, үйл ажиллагаа явуулжээ.
Нэхэмжлэгч нар нь хоол бэлтгэж, боловсруулах ажлыг гардан хийж, хариуцагч тал мөн бэлтгэл хангах, хоолны бараа материал нийлүүлэх, үйлчилгээ болон тооцоог хариуцаж, олсон ашгаа 2 тал тэнцүү хуваахаар тохиролцсон үйл баримт тогтоогдож байна.
5. Нэхэмжлэгч, хариуцагч нар нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад болон шүүх хуралдаан дээр нэг кг махнаас хэдэн кг хуушуур хийдэг талаар нэгдсэн байдалд хүрэхгүй байх тул зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтыг үнэлээд нэг кг махнаас дунджаар 27 ширхэг хуушуур гарахаар тооцоолж хэргийг шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч, хариуцагч нарын дээрх хугацаанд олсон орлогыг дараах байдлаар тооцоолов. Үүнд:
Нийт үйл ажиллагаанаас олсон орлого
| Утга
| Хэрэглэсэн мах кг
| Хийсэн хуушуурын тоо
| Нийт үнэ / Орлого
|
| 2024.07.07-нд Хуушуур | 21 кг | 21х27=567 | 567x2500=1 417 500 |
| 2024.07.10-11-нд Хуушуур | 131 кг | 131х27=3537 | 3537x2500= 8 842 500 |
| Салат
|
|
| 230 000 |
| Үхрийн хавирга, өвчүү
|
|
| 132 000 |
| Ус ундаа
|
|
| 689 300 |
| Нийт
|
|
| 11 311 300 |
Хариуцагч талын хэрэгт ирүүлсэн материалаас
зардлыг дараах байдлаар тооцов
| Утга
|
Хариуцагчаас ирүүлсэн
| Нэхэмжлэгчийн зөвшөөрөөгүй
| Тооцсон дүн
|
| Шууд зардал
| 5 089 681 | 111 620 /гурилын үнэ/ 16 000 /нойлын цаас/ | 5 062 061 |
| Хувааж авсан зүйлс
| 169 592 |
| 169 592 |
| Ганга дэлгүүрт
| 121 500 |
| 121 500 |
| Ажил хийсэн хүмүүст гаргасан зардал
| 557 000 |
| 557 000 |
| Нийт
|
|
| 5 910 153 |
Орлого, зарлагын зөрүү
| Нийт орлого
| Нийт зардал
| Ашиг буюу зөрүү
| Нэг талд ногдох дүн
| Нэхэмжлэгчид шилжүүлсэн мөнгөн дүн
| Үлдэгдэл
|
| 11 311 300 | 5 910 153 | 5 401 147 | 2 700 574 | 1 975 000 | 725 535 |
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-т нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлага түүний үндэслэлээ нотлох үүргийг нэхэмжлэгчид олгосон.
Хамтран ажиллах гэрээний явцад нэхэмжлэгч тал нь тооцоог гардан ажиллаагүй, өөрсдөд нь хувийн ямар нэгэн тооцоо байхгүй байх тул хариуцагч талаас ирүүлсэн баримт болох тооцоог үндэслэн дээрх тооцооллоор хэргийг шийдвэрлэв. Нэхэмжлэгч нар нь хариуцагчийн банкны хуулга баримтууд, шууд зардлын хэсгээс гурилын үнэ 111 620 төгрөг, нойлын цаасны үнэ 16 000 төгрөгөөс бусдыг зөвшөөрдөг.
7. Харин хамтран ажиллах хугацаанд гэрээний талуудаас гадна талуудын ах дүүс мөн ажилд туслаж байсан ба тэдний уусан ундаа, хоолны үнийг тооцож ирүүлсэн хариуцагчийг буруутгах үндэслэлгүй. Учир нь хүнийг хөдөлмөрлүүлэхдээ төлбөр төлөөгүй байж болох ч үйл ажиллагааны явцад хооллосон хоолны үнэ зэрэг зардлыг талууд хамтран хариуцах нь зүйтэй гэж үзэж нийт зардалд оруулан хасаж тооцлоо.
8. Нэхэмжлэгч нар нь шүүх хуралдаан дээр анхны нэхэмжлэлдээ гарах зардлуудыг хасаагүй тул 2 500 000 төгрөг гаргуулах талаар тайлбарлаж байх боловч нэхэмжлэлийн шаардлагаа багасгах талаар хүсэлт гаргаагүй тул анх нэхэмжилсэн үнийн дүнгээр хэргийг шийдвэрлэлээ.
Иймд нэхэмжлэлийн шаардлагаас 725 535 төгрөгийг хариуцагч талаас гаргуулж нэхэмжлэгчид олгож, үлдэх шаардлагыг хэрэгсэхгүй болгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.1, 759 дүгээр зүйлийн 759.1, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2-т заасныг тус тус удирдлага болгох ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-т зааснаар хариуцагч *******, ******* нараас 725 535 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******, ******* нарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 7 283 965 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 143 102 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******, ******* нараас улсын тэмдэгтийн хураамжид 21 962 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******, ******* нарт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулсан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1-д зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсанаас хойш 7 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ОТГОНЖАРГАЛ