| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Х.Отгонжаргал |
| Хэргийн индекс | 138/2024/01007/И |
| Дугаар | 138/ШШ2024/01091 |
| Огноо | 2024-12-19 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 12 сарын 19 өдөр
Дугаар 138/ШШ2024/01091
Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Отгонжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд хийсэн хуралдаанаар “******* *******” ХК-ийн нэхэмжлэлтэй, *******, ******* нарт холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 14 397 000 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Н.Орхон
Хариуцагч: *******
Хариуцагч: *******
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: *******, ******* нар нь 2021 оны 05 дугаар сарын 20-ны өдөр Дорнод салбарын Сэргэлэн тооцооны төвөөс 28 000 000 төгрөгийг жилийн 24 хувийн хүүтэй, малчны зээл авсан. Тус зээлдэгч нар нь тухайн үед мал маллаж байхдаа уг зээлийг авсан бөгөөд 2023 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн хуваарьт зээлийн төлөлтийг төлснөөс хойш өнөөдрийг хүртэл зээлийн төлөлт огт хийгдээгүй зээлээ төлөхгүй хугацаа хэтрэлтэнд оруулаад байна. Зээлдэгч нартай уулзаж, утсаар холбогдоход зээлээ төлөх ямар ч бодолгүй, зээлийн гэрээний хуваарьт зээл төлөлт тохирсон хугацаанд төлөгдөөгүй, муу зээлийн ангилалтай болоод байна. Өнөөдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 9 500 000 төгрөг, хуримтлагдсан хүү 4 490 500 төгрөг, хугацаа хэтэрсэн нэмэгдүүлсэн хүү 406 500 төгрөг, нийт зээл болон хүүгийн үлдэгдэл 14 397 000 төгрөг байна. Иймд *******, ******* нараас 14 397 000 төгрөгийг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах хүсэлтэй байна гэв.
2. Хариуцагч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие дээрх зээлийг авсан нь үнэн. Тухайн үед надад хамтран зээлдэгч хэрэгтэй байсан учир ******* эгчийг гуйж байгаад хамтран зээлдэгчээр гарын үсэг зуруулсан. Иймд би зээлийг өөрөө төлөх ёстой гэв.
Хариуцагч ******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие *******ийг танидаг боловч бидэнд ямар нэгэн харилцаа холбоо байхгүй бөгөөд бид нэг нутгийн хүмүүс юм. ******* нь зээл авахдаа намайг гарын үсэг зураад өг гэж гуйгаад байсан. Тухайн үед ******* нь намайг өөрөө дагуулж яваад *******ин дээр гарын үсэг очиж зуруулсан. Зээлээ төлөхгүй бол ийм байдалд хүрнэ гэдгийг би огт мэдээгүй. Би хэдэн төгрөгийн зээл дээр гарын үсэг зурсан бэ гэж асуухад 18 сая төгрөг гэж хэлж байсан. Би уг зээлээс нэг төгрөг ч авч хэрэглээгүй. Тиймээс уг зээлийг би төлөхгүй. ******* өөрөө төлөх ёстой. ******* нь зээлээ төлөөгүй учраас надад маш их чирэгдэл учруулж байна. Тиймээс миний бие уг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.
3. Нэхэмжлэгчээс дараах бичгийн баримтуудыг хэрэгт ирүүлсэн байна. Үүнд: Хулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчигээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 4-р тал/, 2022 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 260801848029-1 дугаартай Зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээний хуулбар, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, барьцааны гэрээн нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээний хуулбар /хх-ийн 7-8-р тал/, 2021 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 260801848029 дугаартай Зээлийн гэрээ /хх-ийн 9-10-р тал/, зээлийн дансны харилцагчийн хуулга /хх-ийн 12-13-р тал/, хариуцагч *******ийн мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн 2021 оны тооллогын хуулбар /хх-ийн 14-15-р тал/, 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн зээлийн гэрээний үүрэг биелүүлэх тухай мэдэгдэл, зээлдэгчтэй холбоо барьсан тухай мэдээллийн хүснэгт /хх-ийн 16-21-р тал/
4. Хариуцагч ******* нь дараах бичгийн баримтуудыг хэрэгт ирүүлсэн байна. Үүнд: хариу тайлбар /хх-ийн 38-р тал/,
5. Хариуцагч ******* нь хариу тайлбар болон бичгийн нотлох баримт ирүүлээгүй болно.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “******* *******” ХК нь хариуцагч *******, ******* нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэг 14 397 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч ******* нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрдөг боловч шүүхэд тайлбараа бичгээр ирүүлээгүй, хариуцагч ******* нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргадаг.
Шүүхээс хэрэгт цугларсан баримтыг тал бүрээс нь шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
1. “******* *******” ХК-иас хариуцагч нар нь 2021 оны 5-р сарын 20-ны өдрийн 260801848029 дугаартай зээлийн гэрээ байгуулж 18 000 000 төгрөгийг сарын 1.5 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай авто машин худалдан авах зорилгоор зээлсэн ба 2021 оны 05 сарын 24-ний өдөр Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээг мөн байгуулжээ.
Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-т Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр *******, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид "зээлдүүлэгч" гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж, мөн хуулийн 452 дугаар зүйлийн 452.1-т Зээлдүүлэгчээс олгох зээл нь хүүтэй буюу хүүгүй байж болно гэж, 452.2-т Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно. Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээд, мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдээс олгох зээлд анзыг хэрэглэхгүй гэж тус тус хуульчилсан.
Нэхэмжлэгч гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлж хариуцагч талд мөнгийг шилжүүлсэн байх ба хариуцагч нар нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үүргийг шаардаж нэхэмжлэл гаргажээ.
2. Хариуцагч ******* нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч уг зээлийг ганцаараа төлнө гэж шүүх хуралдаан дээр тайлбарлаж байх боловч нэхэмжлэгч тал хариуцагч *******г хамтран хариуцагчаас чөлөөлөхгүй, зээлийн гэрээний үүргийг шаардаж нэхэмжлэлийн шаардлагаа дэмжсэн тул хариуцагч *******г чөлөөлөх боломжгүй юм.
Хариуцагч ******* нь уг зээлийн мөнгөнөөс хэрэглээгүй, гарын үсэг зураад өгөөч гээд гуйхад нь очиж зурсан гэж тайлбарлаж байх боловч насанд хүрсэн эрх зүйн чадамжтай иргэн бусдын өмнө хүлээж, эрх зүйн харилцаанд орж, гэрээний нэг тал болсон тохиолдолд гэрээний үүргийг хариуцах ба үүргээс чөлөөлөгдөхгүй юм. Талууд зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүний тооцоололтой маргаагүй тул нэхэмжлэлийн үнийн дүн болох 14 397 000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулахаар шийдвэрлэлээ.
3. Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1-т Үүрэг гүйцэтгэгчдийн хэн хэн нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрх бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгэгчид гэнэ гэж, мөн хуулийн 242.3-т Үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болох бөгөөд үүргийг бүхэлд нь гүйцэтгэх хүртэл үүрэг гүйцэтгэгчдийн хүлээсэн үүрэг хүчин төгөлдөр хэвээр байна гэж заасан.
Харин үндсэн зээлдэгч нь үүргийг бүхэлд нь гүйцэтгэвэл хамтран үүрэг гүйцэтгэгч үүргээс чөлөөлөгдөх ба зээлдүүлэгчийн өмнө хүлээсэн үүрэг дуусгавар болохыг дурдаж байна.
4. Нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үүргийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай шаардлагыг гаргасан.
Нэхэмжлэгч , хариуцагч нар нь 2022 оны 5 сарын 24-ний өдөр Барьцааны гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээ байгуулж мал 303 толгой мал, 5 ханатай гэр, нарны цахилгаан үүсгүүр, малын хашаа зэргийг барьцаалжээ.
Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 174 дүгээр зүйлд заасны дагуу шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана гэж хуульчилсан.
Талуудын хооронд байгуулсан барьцааны гэрээний барьцааны зүйл нь хөдлөх хөрөнгүүд байх тул шүүх уг нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй юм. Өөрөөр хэлбэл үл хөдлөх хөрөнгө /ипотек/ барьцаалсан тохиолдолд шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана. Бусад хөдлөх хөрөнгийг барьцаалагч үл маргах журмаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах боломжтой юм. Иймд энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.1, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлий 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2-т зааснаар хариуцагч *******, ******* нараас зээл, зээлийн хүү 14 397 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “******* *******” ХК-д олгосугай.
2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-т зааснаар барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 300 135 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******, ******* нараас 229 935 төгрөгийг гаргуулан “******* *******” ХК-д олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч хариуцагч, тэдгээрийн өмгөөлөгч нар нь энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ОТГОНЖАРГАЛ