| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ганхуягын Батзаяа |
| Хэргийн индекс | 303/2025/00306/И |
| Дугаар | 303/ШШ2025/00507 |
| Огноо | 2025-07-23 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 07 сарын 23 өдөр
Дугаар 303/ШШ2025/00507
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Батзаяа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Хүсэлтийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2025 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Уянга нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хүсэлт гаргагч ******* нь ажиллаж байсан байдал тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан. Хүсэлт гаргагч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.Үүнд:
Миний бие 1987 оны 3 дугаар сарын 20-ны өдөр Эхийн голын эрдэм шинжилгээний станцад ногоочноор ажиллаж байгаад 1990 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр чөлөөлөгдөж мөн өдрөөс тус Эрдэм шинжилгээний станцад сэлбэгийн нярваар ажлаас чөлөөлөгдсөн. Иймд 1987 оны 3 дугаар сарын 20-ны өдрөөс 1993 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
2. Хүсэлт гаргагчаас иргэний үнэмлэхийн хуулбар, Баянхонгор аймгийн архивын тасгийн 2025 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 429 дүгээр архивын лавлагаа, Шинэжинст сумын Засаг даргын 1992 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 23 дугаар болон 1993 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 49 дүгээр тушаалын хуулбарууд, хөдөлмөрийн дугаартай дэвтрийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт зэрэг баримтуудыг гаргаж өгсөн. Шүүхээс Баянхонгор аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 13/446 дугаартай албан бичиг, хүсэлт гаргагч *******ийн маягтын хуулбар, гэрч *******, ******* нарын мэдүүлэг зэргийг бүрдүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангав.
2. Хүсэлт гаргагч ******* 1987 оны 3 дугаар сарын 20-ны өдрөөс 1992 оны 02 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл хугацаанд Баянхонгор аймгийн Шинэжинст сумын Эхийн гол дахь эрдэм шинжилгээний станцад ногоочин, сэлбэгийн нярваар тус тус ажиллаж байсан байдал тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх хууль зүйн болон бодит үндэслэлтэй гэж үзэв.
3. Учир нь: Хүсэлт гаргагч ******* нь 1987 оны 3 дугаар сарын 20-ны өдрөөс 1992 оны 02 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл хугацаанд Баянхонгор аймгийн Шинэжинст сумын Эхийн гол дахь эрдэм шинжилгээний станцад ногоочин, сэлбэгийн нярваар тус тус ажиллаж байсан болох нь түүний 1992-1993 онуудад авч байсан цалинг түүвэрлэсэн Баянхонгор аймгийн архивын тасгийн 2025 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 429 дүгээр архивын лавлагаа, өөр ажилд томилсон тухай Шинэжинст сумын Засаг даргын 1992 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 23 дугаар болон 1993 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 49 дүгээр тушаалын хуулбарууд, ажилд томилогдсон болон ажлаас чөлөөлөгдсөн байдлыг бичиж тэмдэглэсэн хөдөлмөрийн 253312 дугаартай дэвтрийн хуулбар, хамт ажиллаж байсан талаар мэдүүлсэн гэрч *******, Т.Алимаа нарын мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.
4. Мөн хүсэлт гаргагч ******* хөдөлмөрийн дугаартай дэвтрийг Эхийн голын Эрдэм шинжилгээний станц нээж, тамга тэмдгээр баталгаажуулсан, хөдөлмөрийн дэвтрийн овог, нэр, төрсөн он, боловсрол, мэргэжил, зэрэг нь зөрүүгүй байх тул тус хөдөлмөрийн дэвтрийг нотлох баримтаар үнэлэв.
5. ******* 1987 оны 02 дугаар сарын 10-ны өдөр олгосон Хүн амын регистрийн картын: овог, нэр *******, ажилладаг байгууллага-Эхийн гол, эрхэлдэг ажил- ногоочин, эрхэлж эхэлсэн он-1987 он, оршдог сум, район-Шинэжинст сум гэж тэмдэглэжээ.
6. Дээрх хэрэгт цугларсан нотлох баримтуудаар хүсэлт гаргагч ******* 1987 оны 3 дугаар сарын 20-ны өдрөөс 1992 оны 02 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл хугацаанд Баянхонгор аймгийн Шинэжинст сумын Эхийн гол дахь эрдэм шинжилгээний станцад ногоочин, сэлбэгийн нярваар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.
7. Баянхонгор аймгийн Шинэжинст сумын Засаг даргын 1992 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 23 дугаар болон 1993 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 49 дүгээр тушаалын хуулбарууд нь тухайн хэрэгт хамааралгүй байх тул нотлох баримтаар үнэлээгүй болно.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагч ******* улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан хүсэлт гаргагч Боль овогт ******* 1987 оны 3 дугаар сарын 20-ны өдрөөс 1992 оны 02 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл хугацаанд Баянхонгор аймгийн Шинэжинст сумын Эхийн гол дахь эрдэм шинжилгээний станцад ногоочин, сэлбэгийн нярваар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагч ******* улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.БАТЗАЯА