Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 01 сарын 26 өдөр

Дугаар 210/МА2022/00161

 

 

 

 

 

2022 оны 01 сарын 26 өдөр

Дугаар 210/МА2022/00161

 

С дүүрэг дэх Ц 1-р хэлтсийн хүсэлттэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Г.Даваадорж, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

С дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 181/ШШ2021/02556 дугаар шийдвэртэй

С дүүрэг дэх Ц 1-р хэлтсийн хүсэлттэй

Н.Быг архины албадан эмчилгээнд явуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг гуравдагч этгээдийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн тайлбарын агуулга: Нэхэмжлэгч С дүүрэг дэх Ц 1-р хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н.Б нь Захиргааны хариуцлагын тухай хууль болон Зөрчлийн тухай хуулиар нийт 4 удаа торгуулж 11 удаа эрүүлжүүлэгдэж байсан, гудамж талбайд архидан согтуурч бүлэг бөөгнөрөл үүсгэдэг бөгөөд тэнэмэл байдалтай амьдардаг. Эмнэлгийн дүгнэлтээр архинд донтох өвчтэй болох нь тогтоогдсон. Иймд Н.Быг архины албадан эмчилгээнд явуулж өгнө үү.

Гуравдагч этгээд Н.Бын тайлбарын агуулга:

Би архи уудаг нь үнэн. Тэтгэвэрт гарсан тэтгэвэрийн мөнгөөрөө архи авч уудаг. Тэнэмэл байдлаар амьдраад нэг жил орчим болж байгаа. Архины албадан эмчилгээнд хамрагдах хүсэлтэй байна.

Шүүх: Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д зааснаар  овогт Н Б /РД:ЧН59111114/-ыг архины албадан эмчилгээнд явуулж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хүсэлт гаргагч С дүүрэг дэх Ц 1-р хэлтэс нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэсэн байна.  

Гуравдагч этгээд Н.Бын давж заалдах гомдлын агуулга: ...Би 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 181/ШШ2021/025556 дугаартай С дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр албадан эмчлэх эмнэлэгт 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр ирсэн. Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.3 дахь хэсэгт жаран нас хүрсэн хүнийг албадан эмчлэхийг хориглоно гэж заасан байна. Би 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр 62 нас хүрсэн. Иймд шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул шийдвэрийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан бүрэн эрхийнхээ хүрээнд Н.Бын хүсэлттэй иргэний хэргийг гуравдагч этгээдийн гаргасан гомдлын үндэслэлээр хязгаарлалгүйгээр хэргийг бүхэлд нь хянав.

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцээгүй байна.

С дүүрэг дэх Ц 1-р хэлтэс гуравдагч этгээд Н.Быг архины албадан эмчилгээнд явуулах хүсэлтийг шүүхэд гаргажээ.

Шүүх дээрх хүсэлтийг хангаж шийдвэрлэхдээ, Согтуурах мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт заасныг баримталж, гуравдагч этгээд Н.Быг архинд донтох өвчтэй нь С дүүргийн Эрүүл мэндийн төвийн эмч нарын 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн дүгнэлтээр тогтоогдсон гэж дүгнэсэн байна.

Хэргийн 18 дугаар талд 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн Согтууруулах, мансуурах донтой эсэхийг тогтоох эрүүл мэндийн дүгнэлт гэсэн бичгийн баримт авагдсан, уг баримтын сэтгэц-донтолтын эмчийн үзлэгт архинд донтох эмгэг II-CТ гэж бичигджээ.

Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.6 дахь хэсэгт Согтуурах, мансуурах донтой хүнд албадан эмчилгээ хийхийг хориглох биеийн хүнд эмгэгийн жагсаалт, эрүүл мэндийн дүгнэлт гаргах журам, дүгнэлтийн загварыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална, 5.7 дахь хэсэгт Энэ хуулийн 5.2-т заасан дүгнэлтийг тухайн хүн, түүний гэр бүлийн гишүүн, төрөл, садангийн хүн эс зөвшөөрвөл сэтгэцийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх төв байгууллагад хандан гомдол гаргаж болно гэж заасан байна.

Дээрх дүгнэлтийг хуульд заасан журмын дагуу Н.Бд танилцуулсан эсэх, энэ дүгнэлтэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласан эсэх, түүний эрүүл мэндийн байдал албадан эмчилгээ хийхэд хориглох эмгэгийн жагсаалтад хамаарах эсэх талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.

Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.3 дахь хэсэгт Жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй эх, мөн насны хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, 16 нас хүрээгүй хүүхэд, 60-аас дээш настай хүн болон биеийн хүнд эмгэгтэй хүнийг албадан эмчлэхийг хориглоно гэж заасан. Гуравдагч этгээд Н.Б нь 1959 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр төрсөн буюу хуульд зааснаар 60-аас дээш настай хүнийг албадан эмчлэхийг хориглохоор заасан байхад шүүх гуравдагч этгээдийн насыг харгалзан үзээгүй байна.

Иймд гуравдагч этгээд Н.Быг архины албадан эмчилгээнд хамруулахаар шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ. Энэ талаар гаргасан гуравдагч этгээдийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлтэй.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, С дүүрэг дэх Ц 1-р хэлтсийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. С дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 181/ШШ2021/02556 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, гуравдагч этгээд Н.Быг архины албадан эмчилгээнд хамруулах тухай С дүүрэг дэх Ц 1-р хэлтсийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар гуравдагч этгээд нь давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА

 

ШҮҮГЧИД Г.ДАВААДОРЖ

 

Ц.ИЧИНХОРЛОО