Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 06 сарын 18 өдөр

Дугаар 2024/ДШМ/34

 

 

 

 

 

      

 

  2024         06           18                                      2024/ДШМ/34

 

 

 

Э.Эт холбогдох эрүүгийн

хэргийн тухай

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Н.Болормаа даргалж, шүүгч А.Цэрэнханд, ерөнхий шүүгч А.Сайнтөгс нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд;

прокурор О.Анужин,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Ууганзул нарыг оролцуулан,

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Э.Болормаа даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 2024/ШЗ/108 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрсөн, прокурорын эсэргүүцлийг үндэслэн яллагдагч Э.Эт холбогдох эрүүгийн 2420000000067 дугаар хэргийг 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч А.Сайнтөгсийн илтгэснээр хянан хэлэлцэв.  

1.Яллагдагчийн биеийн байцаалтын талаар:

* төрсөн, халх, * настай, *, * боловсролтой, * мэргэжилтэй, * ажилтай, ам бүл 7, эхнэр, 5 хүүхдийн хамт, Улаанбаатар хот * тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Б овогт Э.Э 

2.Холбогдсон хэргийн товч агуулга:

Яллагдагч Э.Э  нь 2024 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сум 1-р багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Бүрэг Эрэг зочид буудлын 202 тоот өрөөнд буудлын үйлчлэгч Б.Ун Самсунг А-14 загварын гар утсыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж гээгдэл эд хөрөнгө завших гэмт хэрэг үйлдэж, 500,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

3.Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос яллагдагч Э.Эг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн хэргийг анхан шатны шүүх хүлээн авч хянан хэлэлцжээ.  

4.Анхан шатны шүүх: ...Прокурор гэмт хэргийн зүйл болох хохирогч Б.Ун өмчлөлийн самсунг А-14 загварын гар утсыг “гээгдэл эд хөрөнгө” гэж үзэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн нь үндэслэлгүй, яллагдагч Э.Эг бусдын эд хөрөнгийг авч байгаа үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан аль гэмт хэргийн шинжийг агуулж байгааг тогтоох шаардлагатай, мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т заасан нөхцөл байдал нотлогдсон эсэх, өөрөөр хэлбэр яллагдагч Э.Эн үйлдэлд “гээгдэл эд хөрөнгийг завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэх нөхцөл байдал нотлогдсон эсэхийг шалгах нь зүйтэй байх тул яллагдагч Э.Эт холбогдох эрүүгийн 2420000000067 тоот хэргийг Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газарт буцааж,

Хэргийг прокурорт очтол яллагдагч Э.Эт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

Хэрэгт эд мөрийн баримтаар ирсэн бичлэг бүхий 1 ширхэг СД-ийг хэргийн хамт прокурорт буцааж,

Хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй болохыг дурдаж,

Шүүгчийн захирамжийг прокурор, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдөрт багтаан эсэргүүцэл бичих, гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

5. Прокурор О.Анужин эсэргүүцэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “...Шүүх "...Хохирогч өөрийн гар утсыг 202 тоот өрөөний хаана тавьж үлдээснийг зааж байгаа үйлдэл нь түүнийг гар утсаа "гээсэн” гэж үзэх үндэслэлгүй юм. Монгол хэлний тайлбар толь бичигт гээгдэл гэх үгийг авах эзэнгүй болсон юм, гээж үрэгдүүлсэн болон хэрэггүй болж хаясан юм-ыг ойлгохоор тайлбарласан. Хэрэгт хохирогч Б.Ундармаа нь өөрийн гар утсыг ямар нөхцөл байдлын улмаас гээж, хаясан болохыг,

Түүнчлэн шүүгдэгч Э.Эн Бүрүг эрэг зочид буудлын 202 тоот өрөөнд байсан бусдын эд хөрөнгийг авч байгаа үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан аль гэмт хэргийн шинжийг агуулж байгааг тогтоох шаардлагатай байна.

Дээрх ажиллагаануудыг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх шаардлагатай тул хэргийг прокурорт буцаах нь зүйтэй байна дүгнэн хэргийг прокурорт буцаасан байна.

Шүүгчийн захирамжийг 2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч танилцаад шүүхийн шийдвэр үндэслэлгүй, хуулийн шаардлагад нийцээгүй гэж дүгнэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

5.1.Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа бүрэн явагдсан, хэргийг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотолбол зохих байдлуудыг хангалттай шалган тогтоосон, шүүгдэгч Э.Эн гэм бурууг хянан хэлэлцэхэд хүрэлцэхүйц нотлох баримт хэрэгт авагдсан гэж үзэж байна. Тогтоогдсон үйл баримтыг анхан шатны шүүхээс дүгнэхдээ хохирогчийн Бүрүг эрэг зочид буудлын 202 тоот өрөөнд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас үлдээсэн гар утсыг Монгол хэлний тайлбар толь бичгээс иш татан тайлбарлан, эрх зүйн бус эх сурвалжид хэл зүйн тайлбар хийх замаар алдаатай дүгнэлт хийсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

5.2.Эрүүгийн хуулийн 17 дугаар бүлэгт заасан өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргүүд бусдын эд хөрөнгийг шунахай сэдэлтээр, шууд санаатайгаар, хууль ёсны эзэмшигчид нь буцаан өгөхгүйгээр бүр мөсөн өөрийн, эсхүл хамаарал бүхий бусад этгээдийн эзэмшилд хууль бусаар шилжүүлэн авах гэсэн санаа зорилгоор үйлдэгдэхээс гадна тухайн эд хөрөнгөөс өөртөө эсхүл өөрийн хамаарал бүхий этгээдэд эдийн ашигтай байдал бий болгож, хууль ёсны өмчлөгчид хохирол учруулсан байдаг онцлогтой.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан "гээгдэл хөрөнгө” гэдэгт эд хөрөнгийн өмчлөгч, эзэмшигч, ашиглагчийн хайхрамж, болгоомжгүй байдлаас өөрийн хүсэл зоригоос үл хамаарах шалтгаанаар хаягдаж орхигдсон, тухайн үедээ эд хөрөнгийн эзэн нь хэн болох нь мэдэгдэхгүй байгаа эд зүйл хамаарах бөгөөд өмчлөгчийн гээгдэл эд хөрөнгийг олж авсан этгээд уг эд хөрөнгийг өөрийн өмч мэтээр захиран зарцуулж, ашигласан шууд санаатай үйлдлийг ойлгох ба гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсныг гээгдэл эд хөрөнгө завших гэмт хэрэгт тооцно гэж хуульчилсан.

Харин бусдын эд хөрөнгийг "хулгайлах” гэмт хэргийн хувьд хохирогчийн өмчлөлд байгаа эд хөрөнгийг түүнд мэдэгдэлгүй зориуд нууц далд аргаар өөрийн эзэмшил, өмчлөлд шилжүүлэн авдаг бол гээгдэл эд хөрөнгийн завших гэмт хэргийн хувьд хохирогчийн санамсар болгоомжгүйгээр хаяж, гээгдүүлсэн хөрөнгийг өөрийн өмчлөлд шилжүүлж авч байгаагаараа ялгаатай билээ.

Өөрөөр хэлбэл Шүүгдэгч Э.Э  нь 2024 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Бүрүг Эрэг зочид буудалд төлбөр төлж, бүртгүүлэн буудлын 202 тоот өрөөнд орсон байх ба 202 тоот өрөөний зүүн талд шилэн тавцантай бор өнгийн жижиг ширээн дээр тухайн үедээ эд хөрөнгийн эзэн нь хэн болох нь мэдэгдэхгүй байгаа гар утас байсныг бусдын өмч гэдгийг мэдсээр байж үнэ төлбөргүйгээр авч, хохирогчид буцаан өгөлгүйгээр нуусан үйл баримт хэрэгт авагдсан. Шүүгдэгч Э.Эн хувьд Бүрүг зочид буудлаас хууль ёсны дагуу үйлчилгээ авч тухайн 202 тоот өрөөнд үйлчлүүлсэн бөгөөд яллагдагчаас шалтгаалахгүйгээр хохирогчийн хайхрамжгүй үйлдлийн улмаас тухайн гар утас түүний эзэмшилд шилжсэн байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан "гээгдэл эд хөрөнгийг завших" гэмт хэргийн обьектив талын шинжийг хангаж байна.

Тухайн гэмт хэргийн халдлагын зүйл болох гар утас ямар нөхцөл байдлын улмаас яллагдагчийн өмчлөлд шилжиж байгааг шүүх анхаарч үзэлгүй, хэргийн бодит байдалд нийцээгүй дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэргийг прокурорт буцаасан байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3 дахь заалтад "бага хэмжээний хохирол” гэж "гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг" ойлгохоор, мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт "энэ хуульд заасан нэг нэгж нь нэг мянган төгрөгтэй тэнцүү байна” гэж хуульчилжээ.

Хэрэгт шинжээчээр томилогдон ажилласан Ашид Билгүүн хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний шинжээчийн 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 924/9472 дугаар дүгнэлтээр хохирогч Б.Ун гар утсыг 500,000 төгрөг гэж үнэлгээг тогтоосон ба энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3 дахь заалтад заасан хохирлын бага хэмжээнээс дээш хохиролд хамаарч байх тул шүүгдэгчийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож хүргүүлсэн гэж үзэж байна.

Иймд Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 2024/Ш3/108 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан прокурорын эсэргүүцэл бичив.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх прокурор О.Анужингаас гаргасан эсэргүүцэлд үндэслэн хэргийг хүлээн авч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн “Хэргийг прокурорт буцаах тухай” шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. Учир нь:

1.Мөрдөгч, прокуророос хэргийн бодит байдлыг тогтоогоогүй байж прокурор яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн нь буруу болсон гэж давж заалдах шатны шүүх үзсэн.

2.Анхан шатны шүүх “...хохирогч өөрийн гар утсыг 202 тоот өрөөний хаана тавьж үлдээснийг хэрэгт зааж байгаа үйлдэл нь түүнийг гар утсаа гээсэн гэж үзэх үндэслэлгүй” гэж үзэж, хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-д “...төлбөр тооцооны алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, эд хөрөнгө, гээгдэл эд хөрөнгө, алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан” гэх шинжүүдийг уг гэмт хэрэгт тооцохоор заасан, прокуророос яллагдагч Э.Эг бусдын гээгдэл эд хөрөнгийг завшсан гэж үзсэн нь гэмт хэргийн эдгээр шинжид нийцэхгүй байна.

Өөрөөр хэлбэл: Гээгдэл эд хөрөнгө завших гэмт хэрэг нь эд хөрөнгө өмчлөгчийн хүсэл зоригоос гадуур санамсар болгоомжгүйгээр гээгдсэн, хаягдсан үйлдлийн улмаас бий болсон эд хөрөнгийг олж авч ашиглаж завшсан санаатай үйлдэл байхыг ойлгоно.

Гэтэл хэрэгт авагдсан баримтаар “...хохирогч Б.Ундармаа 202 тоот өрөөг цэвэрлэж байхдаа норгохоос сэргийлж өрөөний ширээн тавьсан, өрөөг цэвэрлэж дуусаад хажуугийн буюу 203 тоот өрөөг цэвэрлэчихээд гар утсаа авахаар 202 тоот өрөөнд ирэхэд үйлчлүүлэгч Э.Э  уг өрөөнд буудаллахаар орсон байсан,  “... ширээн дээр байсан гар утсаа авъя” гэж тухайн өрөөнд орсон Э.Энхбаяраас шаардсан, Э.Э  гар утсыг буудлаас гаргаж нуусан боловч “...утас байгаагүй, аваагүй” гэж маргасан үйл баримт болсон нь хохирогч /хх 25-26/-ийн болон яллагдагч /хх 44, 56/-ийн мэдүүлгүүдээр тогтоогдсон ба хэрэгт авагдсан эдгээр нотлох баримтуудаар нь хохирогч гар утсаа санамсаргүйгээр хаясан, гээсэн гэх нөхцөл байдал бодитойгоор тогтоогдоогүй ба Эрүүгийн хуулийн бусад тусгай ангид заасан гэмт хэргийн шинж байгаа эсэхэд мөрдөгч, прокуророос шалгаж тогтоогоогүй нь буруу болсон.

3.Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох,  Эрүүгийн хуулийн тусгай ангид заагаагүй үйлдэл, эс үйлдэхүй, хохирол, хор уршиг, гэм буруугийн шинжийг төсөөтэй хэрэглэж гэмт хэрэгт тооцож болохгүй талаар тус тус заасан.

Гэтэл мөрдөгч, прокуророос хэргийн бодит байдлыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр тогтоох байтал “... хохирогч Б.Ундармаа гар утсаа 202 тоот өрөөнд үлдээснийг  яллагдагч Э.Э  түүний гээгдэл эд хөрөнгийг завшсан” гэж Эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэж гэмт хэрэгт тооцохоор яллаж байгаа нь Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага нь хууль ёсны болон шударга ёсны зарчимд тус тус нийцээгүй байна.

4.Иймд эдгээр үндэслэл, нөхцөл байдлуудад үндэслэн анхан шатны шүүхээс хэргийн бодит байдлыг тогтоолгохоор хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамжийн үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцсэн тул энэ тухай бичсэн прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3,  39.4, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 2024/ШЗ/108 дугаар “Хэргийг прокурорт буцаах тухай” шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор О.Анужингаас гаргасан эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1-т зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдаж, анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхийн шийдвэрт оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БОЛОРМАА

ШҮҮГЧИД А.ЦЭРЭНХАНД

А.САЙНТӨГС