Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 01 сарын 26 өдөр

Дугаар 210/МА2022/00173

 

 

 

 

 

2022 оны 01 сарын 26 өдөр

Дугаар 210/МА2022/00170

 

 

Д.Б-н хүсэлттэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Э.Золзаяа, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 181/ШШ2021/02226 дугаар шийдвэртэй

Д.Б-н хүсэлттэй,

Ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хүсэлт гаргагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Отгонтуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Д.Б 1961 оны 05 дугаар сарын 18-ны өдөр төрсөн. 2021 онд тэтгэвэр тогтоох насанд хүрсэн ба 2001 оны 05 дугаар сараас 2005 оны 06 сар хүртэл улсад ажиллаж байсан байдал тогтоогдохгүй байгаа. Би 2001 оны 05 сараас 2005 оны 06 сар хүртэл Сүхбаатар дүүргийн Ардчилсан намын даргаар ажиллаж байсан ба 2001 оны 05 дугаар сарын 30-ны өдрөөс томилогдсон шийдвэр болон 2005 оны 06 дугаар сарын 30 хүртэл ажиллаж байсан цалин, хөлс, санхүүгийн баримт нь Архивын ерөнхий газар, Нийслэлийн архивын газар, Ардчилсан намын архив болон Сүхбаатар дүүргийн Ардчилсан намын архивт тус тус байхгүй байгаа болно. Мөн миний Нийгмийн даатгалын дэвтэрт ажилд томилогдсон болон чөлөөлөгдсөн тухай мөн тэмдэглэгдээгүй байна. Иймд намайг 2001 оны 05 дугаар сарын 30-ны өдрөөс 2005 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл Сүхбаатар дүүргийн Ардчилсан намын даргаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.

2. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.3 дахь хэсэгт заасныг баримтлан хүсэлт гаргагч Тугчин овогт Дашжамцын Б/РД: ХГ61051870/-ын 2001 оны 5 дугаар сарын 30-ны өдрөөс 2005 оны 6 дугаар сарын 30-ны өдөр хүртэл Сүхбаатар дүүргийн Ардчилсан намын даргаар ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Д.Б-н улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.  

3. Хүсэлт гаргагч Д.Б-н давж заалдах гомдлын агуулга: ...Би Сүхбаатар дүүргийн Ардчилсан намын даргаар ажиллаж байсныг нотлох баримтуудыг Сүхбаатар дүүргийн АН, АН-ын ХЭГ-аас хүссэн боловч намайг томилсон болон чөлөөлсөн тушаал шийдвэр, цалин хөлс олгож байсан баримтыг устаж үгүй болсон тул өгөх боломжгүй тухай албан бичгээр мэдэгдсэн. Шүүх тухайн асуудлаар процесс ажиллагаа явуулж, тодруулга лавлагаа авч үнэхээр цалин, хөлс, томилсон чөлөөлсөн тушаал зэрэг нь Ардчилсан намын архивт байгаа эсэх талаар мэдээлэл, лавлагаа авах, үзлэг хийж бодит байдлыг тогтоох боломжтой байсан ч Ардчилсан нам татан буугдаагүй тул тушаал шийдвэр нь байх ёстой гэж хийсвэрээр шууд дүгнэж хүсэлтийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон. Сүхбаатар дүүргийн Ардчилсан намын даргаар ажиллаж байсантай холбоотой нотлох баримт хангалттай олдохгүй бол дахин тухайн асуудлаар өөрийн эрх ашгаа хамгаалуулахаар шүүхэд дахин хандах эрх-ийг маань шууд хязгаарласан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40, 135 дугаар зүйлийг зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасны дагуу Д.Б-н хүсэлттэй иргэний хэргийг хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянаж, хүчингүй болгон дахин шийдвэрлүүлэхээр буцаав.

2. Хүсэлт гаргагч Д.Б нь 2001 оны 05 дугаар сарын 30-ны өдрөөс 2005 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл Сүхбаатар дүүргийн Ардчилсан намын даргаар ажиллаж байсныг тогтоолгохоор хүсэлт гаргажээ.

Хүсэлт гаргагч нь шүүхэд нотлох баримтаар өөрийн нийгмийн даатгалын дэвтрийн хуулга, Архангай, Говь-Алтай аймгийн Ардчилсан нам, Сүхбаатар дүүргийн Ардчилсан нам хоорондын хамтын ажиллагааны 2001 оны 09 дүгээр сарын 28, 2003 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн гэрээ, Сүхбаатар дүүргийн Ардчилсан намын даргын 2001 оны 10 дугаар сарын 24, 2002 оны 04 дүгээр сарын 30, 2003 оны 02 дугаар сарын 16, 2004 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн тушаалууд, Сүхбаатар дүүргийн Ардчилсан намын зөвлөлдөх зөвлөлийн 2005 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн тогтоол, Архивын газрын 2021 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 801 тоот, Үндэсний архивын төвийн 2021 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 1072 тоот тодорхойлолт зэргийг гаргасан байна. /хх.7-16/

3. Анхан шатны шүүх Д.Баттулгыг 2001 оны 05 дугаар сарын 30-ны өдрөөс 2005 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хүртэл Сүхбаатар дүүргийн Ардчилсан намын даргаар ажиллаж байсан болохыг шүүхийн журмаар тогтоох үндэслэлгүй, захиргааны журмаар тогтоох үндэслэлтэй гэж хууль буруу хэрэглэжээ.

Тодруулбал, онцгой ажиллагааны журмаар хэрэг шийдвэрлэж байгаа тохиолдолд зөвхөн талуудын хүсэлтээр хязгаарлалгүйгээр шүүх нотлох баримт бүрдүүлэх ажиллагааг хийж үйл баримтыг тогтоох шаардлагатай болдог. Анхан шатны шүүх хуулиар олгогдсон нотлох баримт бүрдүүлэх ажиллагааг зохих ёсоор хийгээгүй гэж үзнэ.

4. Хүсэлт гаргагч Сүхбаатар дүүргийн Ардчилсан намын даргын албан тушаалыг хашихад уг ажил нь байнгын ажлын байранд хамаарах цалин хөлс авч байсан эсэх нөхцөл байдлыг шүүх тодруулах шаардлагатай. Учир нь тодорхой хугацаанд ажилласан байдлыг тогтооход ач холбогдолтой үйл баримт болно.

Түүнчлэн, Сүхбаатар дүүргийн Ардчилсан намд цалин хөлстэй ажиллаж байсан гэх баримт бичиг байхгүй, нийгмийн даатгал төлөгдөөгүй гэх үйл баримтад хамаарах эрх ашиг нь хөндөгдөж болзошгүй гуравдагч этгээдийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд татан оролцуулах, Сүхбаатар дүүргийн Ардчилсан намын дүрэм, журмаар тухайн намын даргаар ажиллаж байсан тохиолдолд цалин, хөлс олгодог эсэхийг тодруулахаар тухайн байгууллагын холбогдох баримт бичигт үзлэг хийх, тодруулах, энэ талаар гэрч асуух боломжтой.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн Шүүх процесс ажиллагаа явуулж, тодруулга лавлагаа авч үнэхээр цалин, хөлс, томилсон чөлөөлсөн тушаал зэрэг нь Ардчилсан намын архивт байгаа эсэх талаар мэдээлэл, лавлагаа авах, үзлэг хийж бодит байдлыг тогтоох боломжтой гэсэн үндэслэлээр гаргасан давж заалдах гомдол үндэслэлтэй байна.

Нотлох баримт бүрдүүлэх дээрх ажиллагааг хийх эрх давж заалдах шатны шүүхэд хуулиар олгогдоогүй тул хүсэлтийн талаар эрх зүйн дүгнэлт өгөх боломжгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.7-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 181/ШШ2021/02226 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА

Ц.ИЧИНХОРЛОО