Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 01 сарын 26 өдөр

Дугаар 210/МА2022/00166

 

 

 

 

 

2022 оны 01 сарын 26 өдөр

Дугаар 210/МА2022/00166

 

 

А.О-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Г.Даваадорж, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 101/ШШ2021/03667 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч А.О-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Л.Б-, Л.Э- нарт холбогдох,

20,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч Л.Э-ын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ш.Оюунханд илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хариуцагч Л.Б-, хариуцагч Л.Э-, түүний өмгөөлөгч У.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:

Нэхэмжлэлийн шаардлага: Л.Б-, Л.Э- нараас автомашины урьдчилгаа төлбөрт шилжүүлсэн 20,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.

Нэхэмжлэлийн үндэслэл: А.О- нь 2019 оны 05 дугаар сард Л.Э-аар Прадо 120 маркийн автомашиныг Япон улсаас Монголд авч ирүүлэх, худалдаж авахаар тохиролцсон. Л.Э- нь Л.Б-ийн Хаан банкны 5069054610 тоот дансаар урьдчилгаа төлбөр 20,000,000 төгрөгийг шилжүүл гэсний дагуу 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдөр шилжүүлсэн. Үлдэгдэл төлбөрийг автомашин Монголд ирсний дараа буюу гаалийн татвар, тээврийн хөлс зэрэг зардлуудаа тооцоолсны дараа төлөх байсан бөгөөд 2019 оны 07 дугаар сарын 11-ний өдрөөс өмнө тээвэрлэгдэж байгаа гэж Л.Э- хэлсэн. Гэтэл Л.Э- нь дээрх хугацаанд автомашиныг авч ирээгүй гааль дээр асуудал үүссэн, чиний мөнгийг гаалийн байцаагчийн тавьсан торгуульд өгсөн гэж хэлсэн. Л.Э- нь Л.Б-тэй хамтарч автомашин гадаад улсаас оруулж ирээд зардаг талаар хэлж байсан тул урьдчилгаа төлбөрийг Л.Б- рүү шилжүүлсэн юм. Урьдчилгаа төлбөр шилжүүлсний дараа автомашиныг Монгол Улс руу тээвэрлэсэн гэсэн атлаа ямар учраас мөнгийг гаалийн байцаагчид өгсөн нь ойлгомжгүй байсан. Иймээс Л.Э-, Л.Б- нарт холбогдуулж цагдаад гомдол гаргасан боловч иргэний журмаар асуудлыг шийдвэрлүүлэх үндэслэлтэй гэж тогтоол гарсан. Төлбөрийг Л.Б-, Л.Э- нараас буцааж өгөхийг шаардахад хамтын үйл ажиллагаанд зарцуулсан гээд нэг нэгнээсээ ав гэж явуулдаг. Хариуцагч Л.Б-, Л.Э- нараас мөнгөө гаргуулна.

 

2. Хариуцагч Л.Б-ийн тайлбарын агуулга: Л.Э- нь 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдөр миний эхнэр Ц.О-тэй Япон улс уруу авто машин сэлбэгийн наймаа хийхээр явсан бөгөөд тэр үед бид хоёр Хас банкнаас 150,000,000 төгрөгийн зээл авсан байсан. Л.Э- ашигтай бизнесийн санал тавьсан болохоор хамт явсан. Эхний контейнер 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр ирсэн. Л.Э- миний дүү н.Дэлгэрсайханы хамт явж бичиг баримт болон гааль тээврээ хөөцөлдөн авахаар явсан. Л.Э- мэдүүлгээ буруу бөглөсөн учир контейнер саатаж 1 сар гаран гааль дээр байсан. Дараагийн контейнерууд 5 сарын дундуур орж ирсэн. Энэ үед гааль болон тээвэр зуучид төлөх нэлээд хэмжээний мөнгө Л.Э- болон миний эхнэр Ц.О- нарт гарсан. Л.Э- миний дансыг авч А.О-ээс 20,000,000 төгрөг хийлгээд тэр мөнгөө буцаан авч орж ирсэн контейнеруудийн тээвэр зууч болон гаалийн төлбөрт төлсөн. Миний эхнэр Ц.О- ч бас хүнээс зээлж хэрэглээд буцаан өгсөн. А.О-ийн 20,000,000 төгрөг надад ямар ч хамаагүй бөгөөд би А.О-ийг танихгүй, мөнгө авах шаардлага ч байхгүй. Л.Э- миний данс руу А.О-ийн 20,000,000 төгрөгийг хийлгэж аваад өөрөө гааль тээвэр зуучид хэрэглэсэн. А.О-д прадо машин авч ирж худалдах талаар тохироогүй, Л.Э-ад данс байхгүй учир миний дансаар А.О-ээс мөнгө авсан. Уг 20,000,000 төгрөгийг Л.Э- хариуцах ёстой.

 

3. Хариуцагч Л.Э-ын тайлбарын агуулга:

Л.Э- би 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдөр А.О-ээс автомашин захисан 20,000,000 төгрөгийг Л.Б- түүний эхнэр Ц.О- нар автомашины гаалийн татвар төлөх мөнгө хэрэгтэй байна гэхээр А.О-ийн 20,000,000 төгрөгийг нөхөр Л.Б-ийн данс руу шилжүүлсэн. Л.Б- Ц.О- нар автомашинаа зараад 20,000,000 төгрөгийг хурдан гаргаж өгнө гэсэн боловч наймаандаа шатсан гээд А.О-ийн 20,000,000 төгрөгийг одоог хүртэл надад болон А.О-д өгөөгүй бөгөөд одоо надаас А.О- 20,000,000 төгрөгөө нэхэмжилж байгаа бөгөөд би үүнийг хүлээн зөвшөөрөхгүй, авч хэрэглэсэн данс байхгүй учир үндэслэлгүй гэж үзэж байна. А.О-ийг таньдаггүй байсан, хамт ажилладаг н.Отгонбаатараар дамжуулж, утсаар ярьж машин авч ирж өгнө гээд тохирсон, А.О-ээс мөнгө авсан, авахдаа Л.Б-ийн данс уруу шилжүүлсэн. Гэтэл одоо машин ч байхгүй, мөнгө ч байхгүй. Би шүүхэд хандсан ч тэр мөнгөө олж авч чадаагүй. Миний данс хүүхдийн тэтгэмжийн мөнгөнөөс болоод хаагдсан байсан учир Л.Б-ийн дансаар авсан.Ц.О- мөнгөө өгөөгүйн улмаас машинаа ачуулж чадаагүй. Ц.О-тэй учраа ольё гэхээр ойлголцохгүй байгаа.

 

4. Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 225 дугаар зүйлийн 225.1, 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан хариуцагч Л.Э-аас 20,000,000 /хорин сая/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А.О-д олгож, хариуцагч Л.Б-т холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 260,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.Э-аас 257,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А.О-д олгож шийдвэрлэжээ.

 

5. Хариуцагч Л.Э- давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргаж байна.

5.а. Шүүх хэргийн оролцогч гэрч, зохигчийн нотлох баримт, мэдүүлэг зэргийг үнэлэхдээ хуулийг буруу тайлбарлаж хэрэглэн нэхэмжлэгч А.О- Л.Б- нарын Иргэний хуулийн 39, 40,41,43 дугаар зүйлүүдэд заасан хүчин төгөлдөр хэлцлийг үнэлсэнгүй. Л.Б-, Ц.О- нар нь гэр бүлийн гишүүн эхнэр, нөхөр бөгөөд уг хэргийн зохигч атал Ц.О-ийг гэрчээр татан оролцуулж нэхэмжлэгч А.О-ийн захиалсан Прадо 120 автомашины урьдчилгэа төлбөр 20,000,000 төгрөгийг дансаараа хүлээн авч өөрсдийн ачаа барааны төлбөрт төлсөн гэж хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг болон нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөөд байхад хариуцагч Л.Б-т холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон. Мөн шүүх мөнгийг нь өөр зүйлд зарцуулсан Л.Б-ийг хариуцлагыг чөлөөлсөн нь илт хууль зөрчсөн ашиг сонирхлын зөрчилтэй шийдвэр болсон.

 

6. Давж заалдах журмаар гаргасан гомдолд нэхэмжлэгч тал тайлбар гаргаагүй.

 

7. Давж заалдах журмаар гаргасан гомдолд хариуцагч Л.Б-ийн гаргасан тайлбарын агуулга: Шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болсон.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзсэн болно.

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсгийн хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэн байна.

 

Нэхэмжлэгч А.О- нь хариуцагч Л.Б-, Л.Э- нарт холбогдуулан худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж урьдчилгаа төлбөрт төлсөн 20,000,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

 

Хэрэгт нэхэмжлэгч А.О- нь хариуцагч Л.Э-тай 2019 оны 5 дугаар сард авто машин худалдах, худалдан авах гэрээ амаар байгуулж, Л.Э- нь Япон улсаас Прадо 120 маркийн машиныг 2019 оны 7 дугаар сард авч ирж хүлээлгэн өгөхөөр, худалдан авагч А.О- урьдчилгаа төлбөрт 20,000,000 төгрөг төлж, үлдсэн төлбөрийг машин ирсний дараа гаалийн татвар, бусад зардлыг тооцоод төлөхөөр тохиролцсонд талууд маргаангүй байна. /хх1-2, 21/

 

Зохигчийн хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт нийцсэн хүчин төгөлдөр хэлцэл байгуулагдсан талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

 

Нэхэмжлэгч А.О- нь урьдчилгаа төлбөрт 2019 оны 5 дугаар сарын 13-ны өдөр 20,000,000 төгрөгийг Л.Э-ын заасан этгээд болох Л.Б-ийн Хаан банкны 5069054610 тоот дансанд шилжүүлсэнд талууд маргаангүй. Энэ нь зохигчдын тайлбар, А.О-ийн Хаан банкны 5099555576 тоот, Л.Б-ийн Хаан банкны 5069054610 тоот дансны дэлгэрэнгүй хуулга зэрэг баримтуудаар тогтоогдсон.

 

Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.2 дахь хэсэгт зааснаар үүргийн гүйцэтгэлийг хүлээн авах эрхгүй этгээдэд хүлээлгэн өгсөн бол гагцхүү үүрэг гүйцэтгүүлэгч зөвшөөрсөн буюу ийнхүү гүйцэтгэснээр үүрэг гүйцэтгүүлэгч ашиг олсон нөхцөлд уул үүргийг гүйцэтгэсэнд тооцно. Нэхэмжлэгч А.О- урьдчилгаа 20,000,000 төгрөгийг гэрээний тал болох Л.Э-ын заасан, зөвшөөрсөн этгээдэд шилжүүлсэн гэж үзнэ.

 

Иймд анхан шатны шүүхээс нэхэмжлэгч А.О-, хариуцагч Л.Б- нарын хооронд Прадо 120 маркийн авто машиныг худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаагүй, түүнд гэрээний үүргийг хариуцуулах үндэслэлгүй талаар зөв дүгнэжээ.

 

Харин Л.Э-, Ц.О-, Л.Б- гэх иргэдийн хоорондын иргэний эрх зүйн харилцаа нь энэ маргаанд хамааралгүй. Анхан шатны шүүх Л.Э-, хэргийн оролцогч биш Ц.О- нарын хоорондын харилцааг дүгнэсэн нь буруу бөгөөд энэ хэргээс тусдаа жич шийдвэрлэвэл зохих асуудал болохыг давж заалдах шатны шүүхээс залруулан дүгнэж байна.

Харин Л.Э- А.О- нарын гэрээ хэрэгжээгүй. Худалдагч буюу хариуцагч Л.Э- гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй байна.

 

Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй талаар анхан шатны шүүх зөв дүгнэж Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасныг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Л.Э-ын давж заалдах журмаар гаргасан гомдлыг бүхэлд нь хангах үндэслэлгүй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 101/ШШ2021/03667 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Л.Э-ын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 260,000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА

 

ШҮҮГЧИД Г.ДАВААДОРЖ

 

Ш.ОЮУНХАНД