Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 2024/ДШМ/622

 

  

 

Д.Б Д.М нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж, ерөнхий шүүгч Б.Зориг, шүүгч Д.Мөнхөө нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Лхагвасүрэн,

яллагдагч Д.Б, түүний өмгөөлөгч Б.Бат-Эрдэнэ,

нарийн бичгийн дарга Х.Саранзаяа нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 2024/ШЗ/933 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Г.Лхагвасүрэнгийн бичсэн 2024 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 31 дүгээр эсэргүүцлээр Д.Б, Д.М нарт холбогдох 2308 000000 1668 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 5 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Мөнхөөгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. О овгийн  Д-ийн М, 20... оны ... дугаар сарын ...-ны өдөр Сэлэнгэ аймагт төрсөн, ... настай, эмэгтэй, дээд боловсролтой, ... мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, .... дүүргийн ... дугаар хороо, .... хороолол ... дугаар байрны ... тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:...../,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 2021/ШЦТ/199 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450,000 төгрөгөөр торгох ял, мөн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2.700.000 төгрөгөөр торгох ялаар нийт биечлэн эдлэх ялыг 3.150.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж байсан,

2. Х овгийн Д-ын Б, 19... оны ... дүгээр сарын ....-ний өдөр Дорнод аймагт төрсөн, ... настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, .... мэргэжилтэй, “Ө” СӨХ-д нягтлан ажилтай, ... дүүргийн .... дугаар хороо, ... хороолол ... дүгээр байрны ... тоотод оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгэлгүй /РД:..../,

Холбогдсон хэргийн талаар

Яллагдагч Д.Б нь 2023 оны 9 дүгээр сарын 7-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо, 25 дугаар байрны 2 дугаар орцны 00 тоотод байрлах СӨХ-ны байранд “СӨХ-ны төлбөр төлөлтийн асуудлаар хэрүүл маргаан хийж, доромжилсон” гэх шалтгаанаар Ж.Б рүү устай сав шидэх, нүүрэн тус газарт нь цохих зэргээр зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

Яллагдагч Д.М нь 2023 оны 9 дүгээр сарын 7-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо, 25 дугаар байрны 2 дугаар орцны 00 тоотод байрлах СӨХ-ны байранд “СӨХ-ны төлбөр төлөлтийн асуудлаар хэрүүл маргаан хийж, ээжийн биед халдлаа” гэх шалтгаанаар Д.Б үснээс зулгаах, нүүрэн тус газар гараараа цохих зэргээр зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогдуулжээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Д.Б, Д.М нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:  Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокурорын 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 1255 дугаартай “яллах дүгнэлт”-ын тэмдэглэх, тогтоох хэсэгт яллагдагч Д.Б 2023 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо, 25 дугаар байрны 2 дугаар орцны 00 тоотод байрлах СӨХ-ны байранд “СӨХ-ны төлбөр төлөлтийн асуудлаар хэрүүл маргаан хийж, доромжилсон” гэх шалтгаанаар Ж.Б рүү устай сав шидэх, нүүрэн тус газарт нь цохих зэргээр зодож эрүүл мэндэд нь баруун нүдний зовхи, хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хоёр шуу, сарвуунд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан, яллагдагч Д.Мыг Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо, 25 дугаар байрны 2 дугаар орцны 00 тоотод байрлах СӨХ-ны байранд “СӨХ-ны төлбөр төлөлтийн асуудлаар хэрүүл маргаан хийж, ээжийн биед халдлаа” гэх шалтгаанаар Д.Б үснээс зулгаах, нүүрэн тус газар гараараа цохих зэргээр зодож тархи доргилт, зүүн доод зовхи, зүүн нүдний алиманд цус хуралт, баруун гарын долоовор хуруунд зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэж дүгнэж, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан гэм буруутайд тооцуулахаар яллах дүгнэлт үйлдэж, тус хэргийг шүүхэд шилжүүлсэн.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарах шийдвэр бүхэн, түүний дотор гэмт этгээдийн гэм бурууг тогтоох ажиллагаа зөвхөн нотлох баримтад үндэслэсэн, хөдөлбөргүй тогтоогдсон үйл баримтад тулгуурлан дүгнэлт гаргаж ажиллах болохоос аливаа нэг таамаглал, хийсвэрээр хандан нотлох баримтыг үнэлэх, шалгах ажиллагааг дутуу дулимаг хийх, үйл баримтын үндэслэл тодорхойгүй байх нь Үндсэн хуулиар баталгаажуулсан хүний эрх зөрчигдөхөд хүргэдэг.

Хохирогч Д.Бэс Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газрын 3-р хэлтэст гаргасан “...охин нь намайг үсдээд дараад нүд нүүр рүү гараараа 10-д минут цохисон. Ээж нь мөн миний толгой руу зангидсан гараараа удаа дараа цохиж зодсон..." гэх өргөдөл /хх-2/, “...тухайн үед охин нь үсдээд толгой доошоо дараад нүүр рүү 2-3 удаа цохисон. Миний нүд хөхөрсөн...” гэсэн мэдүүлэг /хх-20/-ийг, 1 ширхэг бичлэг, гэрэл зураг /хх119-124/-ийг гаргаж өгсөн, Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч О.Нансалмаагийн 2023 оны 9-р сарын 12-ны өдрийн 11450 дугаартай Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээгээр “Д.Б биед тархи доргилт, зүүн доод зовхи, зүүн нүдний алиманд цус хуралт, баруун гарын долоовор хуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх үед үүссэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна" гэсэн дүгнэлт /хх 38-39/ хэрэгт авагджээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дэх хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу олж авсан аливаа баримтат мэдээллийг нотлох баримт гэнэ” гэж тодорхойлсон бөгөөд хохирогч Д.Бэс гаргаж өгсөн бичлэг, гэрэл зургийг мөрдөгч авч хэрэгт тусгасан боловч энэхүү баримт нь мөрдөн шалгах ажиллагаанд ач холбогдолтой, хамааралтай эсэхийг нягтлаагүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогчийн эдэлбэл зохих хэргийн бодит байдлыг тогтооход шаардлагатай эд зүйл, баримт бичиг, мэдээлэл, бусад баримтыг гаргаж өгч хавтаст хэрэгт бэхжүүлэн тусгуулж мөрдөн шалгах тодорхой ажиллагаа явуулах, нотлох баримт шалгуулах хүсэлт гаргах эрхийг эдлүүлээгүй, нотолбол зохих байдлуудыг бүрэн дүүрэн шалгаж тогтоогоогүй, яллагдагч Д.Мын үйлдлийн улмаас шинжээчийн дүгнэлтэд дурдсан гэмтлүүдийг учруулсан гэх камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх11-13/-ээр нотлогдсон гэж хэргийн үйл баримтыг прокуророос дүгнэсэн нь хэргийн бодит байдал нийцээгүй, прокурорын хянан шалгах ажиллагааг дутуу явуулсан, шинжээчийн дүгнэлтэд заагдсан гэмтлүүд нийлбэрээр хөнгөн зэрэгт хамаарах, эсхүл дангаараа хөнгөн зэрэгт хамаарах эсэхийг нягталж тодруулаагүй байна.

2.2 Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газрын 3-р хэлтэст гаргасан хохирогч Ж.Б өргөдөл /хх7-8/-д “...ня-бо гэх хүүхэн нэг бичиг харуулахаар нь зургийг нь дарах гээд ойрттол гараараа эхлээд зангаад дараа нь ширээн дээр байсан савтай усаа над руу шидсэн, тэгээд бичгийн үдээсний машин гартаа барин миний нүүр рүү маш хүчтэй цохиж хөхрүүлсэн. Гар хөл рүү өшиглөөд зодолдоод эхэлсэн. Гартаа барьсан үдээсний машинаа тавихгүй байхаар нь охин салгах гэж дундуур орсон. Миний охины хацар, хүзүүг хумсаараа урсан...СӨХ-ны дарга Хандмаа нь болиулахын оронд утсаараа бичлэг хийн охины утсыг цохиж унагаан зодож, хэл амаар доромжлон хөл рүү нь өшиглөсөн...”, мөн “...нягтлан бодогч гээд байгаа Б над руу гараараа далайсан. Араас нь над руу дотроо устай жижиг усны саваа шидсэн. Ширээ дээр байсан хар өнгийн үдээсний машинаа гартаа барьснаа миний нүүр рүү нэг удаа цохисон. Тухайн үдээсний машинаа гараасаа огт тавихгүй байсан тул манай охин Ж.Б салгах гээд дундуур нь орсон. Тэд нартай зууралдаж маргалдаж байгаад СӨХ-ны өрөөнөөс гараад цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Миний баруун шанааны тал хөхөрсөн, гарын хоёр шуу хэсэгт хөхөрсөн, толгой бага зэрэг өвдөж байна...Хандмаа нь бичлэг хийгээд салахгүй байсан. Өөрөөр бол хэн нэгэн хоорондоо зодолдсон зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх 16-17/, Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч Ц.Бадралын 2023 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 11480 дугаартай “Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээгээр “Ж.Б биед баруун нүдний зовхи, хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хоёр шуу, сарвуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 3-аас доошгүй удаагийн үйлчлэлээр, 1-2 хоногийн өмнө үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлт /хх 33-34/ авагдсан, амбулаториор эмчлүүлэгсдийн карт, дүрс оношилгооны шинжилгээний хариу, гэрэл зураг /хх 132-134,138/-ийг хэрэгт хавсаргуулжээ.

Өмгөөлөгч Б.Бат-Эрдэнийн “мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэх” хүсэлтэд дурдсан ажиллагааг хийж гүйцэтгэх нь гэмт хэрэг гарсан байдал, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ буюу нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгах, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй буюу нотлох баримтын хүрэлцэхүйц байдал бүрдээгүй, урьдчилсан нөхцөл хангагдаагүй, хохирогчийн мэдүүлгийг эх сурвалжийг магадлаагүй, хохирогч нарын биед учирсан гэмтлүүдийг тогтоосон шинжээчийн дүгнэлтийнх нь талаар тайлбарлуулах, тодруулах зорилгоор мэдүүлэг аваагүй эргэлзээ бүхий, гэмт хэргийн улмаас хохирогчдод учирсан сэтгэцийн хор уршгийг арилгах, нөхөн төлбөр гаргуулах эрхтэйг танилцуулж тайлбарлаагүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа бүхэлдээ хууль ёсны дагуу явагдсан эсэх, уг ажиллагааг явуулахад Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг чанд мөрдөөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн эрхийн зөрчилтэй, хохирогч Д.Бд хэргийн материал танилцуулаагүй нь мөрдөн шалгах тодорхой ажиллагаа явуулах, нэмэлт ажиллагаа хийлгэх, гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийг нэхэмжлэх нөхөн төлүүлэх хүсэлт гаргах эрхийн зөрчилтэй гэж үзэхээр байна.

Шүүх аливаа хэрэг маргааныг хянан шийдвэрлэхдээ, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа бүхэлдээ хууль ёсны дагуу явагдсан эсэх, уг ажиллагааг явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, бусад хуулийн заалтыг чанд мөрдөгдсөн эсэхийг хянан үзэж, хууль зөрчсөн ажиллагаа болон хүний эрхийн зөрчлийг гаргуулахгүй байх баталгааг хангах, хуульд нийцсэн ажиллагаанд үндэслэн шийдвэр гарган ажиллах үүрэгтэй бөгөөд ингэснээр эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт хэрэгжих учиртай юм.

Иймд яллагдагч О овогт Д-ийн М, Х овогт Д-ын Б нарт холбогдох эрүүгийн 2308000001668 дугаар хэргийг Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газарт буцааж, хэргийг прокурорт очтол яллагдагч Д.М, Д.Б нарт урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Прокурор Г.Лхагвасүрэн эсэргүүцэл болон дүгнэлтдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 11-13 дугаар хуудас/, хохирогч Ж.Б өгсөн: “...Б гэх эмэгтэй над руу гараараа далайсан юм. Араас нь над руу дотроо устай жижиг усны саваа шидсэн ба араас нь угсруулаад ширээн дээр байсан хар өнгийн үдээсний машинаа гартаа барьж байгаад нүүр рүү нэг удаа цохисон ба тухайн үдээсний машинаа гараасаа огт тавихгүй байсан тул манай охин Ж.Б нь салгах гээд дундуур нь орсон ба тэд нартай зууралдаж маргалдаж байсан юм...” гэх мэдүүлэг /хх-16-17 дугаар хуудас/, Шүүх эмнэлгийн 2023 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 11480 дугаартай “...Ж.Б биед баруун нүдний зовхи, хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хоёр шуу, сарвуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 3-аас доошгүй удаагийн үйлчлэлээр, 1-2 хоногийн өмнө үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-33-34 дүгээр хуудас/, мөн хохирогч Д.Б: “...Ж.Б гэх хүн нь маргалдаж байснаа намайг авгай энэ тэр гээд байхаар нь адилхан авгай юм байж гэж хэлтэл хажуунаас тухайн охин нь манай ээжийг авгай гэж дууддаг хэн бэ гэж ирээд намайг шууд тэр охин нь үснээс зулгаагаад доошоо тонгойлгосон ба зууралдаж салгах гэж үзсэн ч тухайн охин гараараа миний нүүр рүү 2-3 удаа цохисон юм...” гэх мэдүүлэг /хх-20-21 дүгээр хуудас/, Шүүх эмнэлгийн 2023 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 11450 дугаартай “...Д.Б биед тархи доргилт, зүүн доод зовхи, зүүн нүдний алиманд цус хуралт, баруун гарын долоовор хуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх үед үүссэн байх боломжтой байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-38-40 дүгээр хуудас/, гэрч Т.Хандмаагийн: “...Муудалцаж байхдаа хамт орж ирсэн охин нь гэнэт нягтлан Болор-Эрдэнийг үсдээд зулгаагаад доошоогоо тонгойлгож байхдаа цохих үйлдэл хүртэл хийгээд байсан би ямар нэгэн байдлаар оролцож чадаагүй болно ...маргалдаж муудалцаж байхад нь ширээн дээрээс усны сав унасан тэр үед л болсон байж магадгүй сайн хэлж мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-29-31 дүгээр хуудас/ зэрэг бичгийн баримтуудаар тухайн цаг хугацаанд хохирогч, яллагдагч нарын хооронд үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас зодоон үүсч, хохирогч нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан буюу үйлдэл, хохирол хор уршгийн хооронд шалтгаант холбоо тогтоогдож байх ба тодруулбал яллагдагч Д.Б нь хохирогч Ж.Б эрүүл мэндэд халдсан, үүнийг харсан яллагдагч Д.М нь ээжийгээ өмөөрч Д.Б эрүүл мэндэд халдаж, бусдын эрүүл мэндэд тус тус гэмтэл учруулсан болох нь нотлогдон тогтоогдож байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Д.Бэс гаргаж өгсөн хяналтын камерын бичлэгийг нотлох баримтаар үнэлж, хэрэгт тусган авч, бэхжүүлсэн ба шүүхийн хэлэлцүүлэгт нотлох баримт шинжлэн судлах замаар үнэлж, нотлох баримтаар тооцох эсэхийг шийдвэрлэх боломжтойгоос гадна хавтаст хэрэгт хэргийн газрын үйл баримтыг нотлох хяналтын камерын бичлэгийг бэхжүүлэн авч, хэрэгт тусгаж, үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл авагдсан байгаа болно.

Хохирогч Д.Б эрүүл мэндэд учирсан гэх хөнгөн зэргийн гэмтлийг яллагдагч Д.М нь ганцаараа учруулсан байх бөгөөд түүний үйлдэлд хэн нэгэн этгээд хамтран оролцсон гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон гэмтлүүдийг салгаж, ялгах нь хэргийн шийдвэрлэлтэнд нөлөөлөхгүй, ач холбогдолгүй юм.

Мөн шүүх захирамжиндаа өмгөөлөгч Б.Бат-Эрдэнээс гаргасан хүсэлтэд дурдсан мөрдөн шалгах ажиллагааг нэмж хийлгүүлэх нь зүйтэй гэж тусгасан нь үндэслэлгүй бөгөөд анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг бүхэлд нь шинжлэн судлах замаар хэргийн үйл баримтад дүгнэлт хийж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт” Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана" гэж заасны дагуу хэргийг хянаж шийдвэрлэх бүрэн боломжтой гэж үзэж байна.

Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж нь хууль зүйн үндэслэлгүй. Учир нь, мөрдөн шалгах ажиллагаа бүрэн хийгдсэн. Хаана, хэзээ, хэнтэй маргалдаж хэнд, ямар хохирол учруулсан эсэхийг мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоосон. Шүүх эмнэлгийн 2023 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 11450 дугаартай “...Д.Б биед тархи доргилт, зүүн доод зовхи, зүүн нүдний алиманд цус хуралт, баруун гарын долоовор хуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх үед үүссэн байх боломжтой байна” гэсэн дүгнэлт гарсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэж заасан. Мөн хэргийг түргэн, шуурхай шийдвэрлэх шаардлагатай. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт” Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана" гэж заасны дагуу хэргийг хянаж шийдвэрлэх бүрэн боломжтой гэж үзэж байна. Гэтэл анхан шатны шүүхээс “өмгөөлөгчөөс гаргасан хүсэлтийг хангах шаардлагатай” гэж үзэж хэргийг буцаасан нь үндэслэлгүй. Мөн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид ямар ажиллагаа хийх талаар тодорхой заагаагүй. Энэ хэрэгт гомдол, хүсэлтийг Улсын ерөнхий прокурор хүртэл гаргасан. Улсын ерөнхий прокуророос гэм буруугийн асуудлыг шүүхээр шийдвэрлүүлэх нь зүйтэй гэсэн хариуг гаргасан. Мөн анхан шатны шүүхээс “Шинжээчийн дүгнэлтэд заагдсан гэмтлүүд нийлбэрээр хөнгөн зэрэгт хамаарах, эсхүл дангаараа хөнгөн зэрэгт хамаарах эсэхийг нягталж тодруулаагүй” гэж буцаасан. Энэ ажиллагааг шүүхийн шатанд нөхөн гүйцэтгэх боломжтой. Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх хуралдаанд шинжээчийг оролцуулж, дээрх асуудлыг тодруулах боломжтой. Энэ хэрэгт олон хүн хохирогчийн биед халдсан үйлдэл байхгүй. Нотолбол зохих байдлыг хангалттай нотолж тогтоосон. Ямар нэгэн орхигдуулсан зүйл байхгүй. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү. ...” гэв.

Яллагдагч Д.Б: “....Шүүх хуралдаанд хэлэх тайлбаргүй. ...” гэв.

Яллагдагч Д.Б өмгөөлөгч Б.Бат-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Прокурор “хэргийн бодит байдлыг хангалттай тогтоосон” гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй. Учир нь, хэрэг шүүхэд шилжихийн өмнө миний үйлчлүүлэгч Д.Б хэргийн материалтай танилцсан. Тухайн үед миний үйлчлүүлэгч Д.Б өөрийнхөө гар утсан дээр бичлэг хийсэн. Уг бичлэгийг үзвэл нүдэндээ цохиулсан гэж байгаа Ж.Б нүд хөхрөөгүй, ямар нэгэн гэмтэл учраагүй байгаа болох нь харагддаг. Тухайн үйл явдлыг Сууц өмчлөгчдийн холбооны 2 ажилтан болох Туул, Оюун-Эрдэнэ нар харсан байдаг. Эдгээр хүмүүсээс гэрчийн мэдүүлэг аваагүй. Мөн эх, охин 2 болох Ж.Б, Д.М нар нь “үдээсний машинаар цохисон” гэж мэдүүлсэн. Гэтэл тухайн СӨХ-д үдээсний машин байгаа эсэхийг тогтоогоогүй. Эх, охин 2 үгсэн хуйвалдаж адилхан мэдүүлэг өгсөн эсэхийг бодитой шалгаагүй. Миний үйлчлүүлэгч Д.Б “Би тэднийг цохисон удаа байхгүй. Охин нь намайг ээжийг нь “авгай” гэж хэлсний төлөө гэнэт дайраад үстээд доош дарсан” гэж мэдүүлсэн. Мөн гэрч Д.Хандмаа “хэргийн үйл явдлын талаар мэдэхгүй” гэж мэдүүлсэн. Энэ тохиолдолд бусад гэрчүүдээс мэдүүлэг авах шаардлагатай. Дээрх асуудалтай холбогдуулан гаргасан хүсэлтийг анхан шатны шүүх хүлээн авсан. Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж хуульд нийцсэн. Мөн шүүгчийн захирамжид миний үйлчлүүлэгчийг “1979 онд төрсөн, урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан” гэж буруу бичсэн байсан. Гэтэл миний үйлчлүүлэгч 1975 онд төрсөн бөгөөд урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй. Үүнийг залруулж өгнө үү. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Д.Б Д.М нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн шийдвэр, ажиллагааг бүхэлд нь хянав.

Прокуророос Д.Б 2023 оны 9 дүгээр сарын 7-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо, 25 дугаар байрны 2 дугаар орцны 00 тоотод байрлах СӨХ-ны байранд “СӨХ-ны төлбөр төлөлтийн асуудлаар хэрүүл маргаан хийж, доромжилсон” гэх шалтгаанаар Ж.Б рүү устай сав шидэх, нүүрэн тус газарт нь цохих зэргээр зодож эрүүл мэндэд нь баруун нүдний зовхи, хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хоёр шуу, сарвуунд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

Д.Мыг 2023 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо, 25 дугаар байрны 2 дугаар орцны 00 тоотод байрлах СӨХ-ны байранд “СӨХ-ны төлбөр төлөлтийн асуудлаар хэрүүл маргаан хийж, ээжийн биед халдлаа” гэх шалтгаанаар Д.Б үснээс зулгаах, нүүрэн тус газар гараараа цохих зэргээр зодож тархи доргилт, зүүн доод зовхи, зүүн нүдний алиманд цус хуралт, баруун гарын долоовор хуруунд зулгаралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан хэмээн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх хэргийг хүлээн авч, урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаандаар хэлэлцээд, “Хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй, мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэхээр, шүүхийн шатанд нөхөн гүйцэтгэх боломжгүй” талаар дүгнэж, Д.Б, Д.М нарт холбогдох хэргийг прокурорт буцааж шийдвэрлэжээ.

Ийнхүү шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж үндэслэл бүхий байна гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй.” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно. ...” гэж тус тус заасан зохицуулалтын хүрээнд мөрдөгч, прокурор хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй.

Хавтаст хэрэгт авагдсан хохирогч Ж.Б 2023 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр: “...СӨХ-ийн 2023 оны 7 сар хүртэлх төлбөрөө өгсөн ба 8 дугаар сарын төлбөрийг өгөөгүй байгаа. ...2023 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 12 цагт СӨХ-өөс 7 болон 8 сарын төлбөр 42,300 төгрөг гэсэн мессеж ирсэн. ...Манайх 7 дугаар сарын төлбөрөө өгсөн байгаа илүү мөнгө нэхээд байгаа юм биш үү гэж хэлсэн.. ...Тэгээд дэлгүүр орох гээд охинтойгоо гартал намайг СӨХ-өөс Хандмаа нь “Ороод ир чи, хуцаад байлгүй ороод ир” гээд дуудаад байхаар нь охин Ж.Бын хамт ороход 2 эмэгтэй сууж байсан ба нэгийг нь Хандмаа гэдэг нөгөө эмэгтэйг нь бол танихгүй. ... Мэнд усгүй өөдөөс Хандмаа нь юу гээд хуцаад байгаа юм гэх зэргээр харьцаад байхаар нь 2023 оны 7 сар хүртэлх СӨХ-ийн мөнгийг бүрэн төлсөн, төлсөн сарын мөнгийг дахиад нэхээд байгаа талаар хэлэхэд Хандмаа нь өгөөгүй гээд байсан. ...

Тэгэхээр нь төлбөр нэхсэн мессеж, төлбөр төлсөн баримтын зургаа харуулсан. ...Тэгтэл хажуу талаас нэг эмэгтэй төлбөр төлөөгүй айлуудын 1 мөн байна гэж хэлсэн. ..

Тэгээд төлбөр төлөөгүй өрхүүдийн мэдээлэл гээд 1 цаас барьсан байхаар нь харъя, зургийн дарна гэж хэлтэл тухайн бичгийг өгөхдөө Б гэх эмэгтэй над руу гараараа далайсан. ... Тэгээд араас нь дотроо устай жижиг усны сав шидээд, хар өнгийн үдээсний машинаар миний нүүр рүү нэг удаа цохьсон. ...Үдээсний машинаа гараасаа тавихгүй байсан тул манай охин Ж.Б нь салгах гээд дундуур нь ороод тэд нартай маргалдаж зууралдаж байсан. ...СӨХ-ийн төлбөр илүү нэхснээс болж маргалдсан ... Тухайн үед манай охин дундуур нь орсон харин Хандмаа нь бичлэг хийгээд салгахгүй байсан ....Манай охин Болор-Эрдэнийг гартаа юм барихаас нь сэргийлж зууралдсан. ...” гэх мэдүүлэг /хх 16-17/,

Шүүгдэгч Д.Б хохирогчоор: “....СӨХ-ийн нягтлан бодогчоор ажилладаг. ...Хандмаа эгч бид 2 байж байтал Ж.Б оршин суугч охинтойгоо орж ирээд төлбөр мөнгө нэхсэн 7,8 дугаар сарын СӨХ-ийн төлбөрөө төлсөн илүү нэхэж хувьдаа завших гэж байна гэх мэтээр хэрүүл хийсэн. ...Тэгэхээр нь би төлбөр төлөлтийн баримтыг тухайн хүний охинд нь харуулсан ба тэр үед Хандмаа эгчтэй Ж.Б гэх хүн нь маргалдаж байснаа намайг авгай энэ тэр гээд байхаар нь адилхан авгай юм байж гэж хэлтэл хажуунаас тухай охин нь манай ээжийг авгай гэж дууддаг хэн бэ гэж ирээд намайг тэр охин нь үснээс зулгаагаад доошоо тонгойлгосон  ба зууралдаж салгах гэж үзсэн ч тухайн охин гараараа миний нүүр рүү 2-3 удаа цохиход миний нүд эвгүй болоод ирсэн. ...Тэгээд өрөөний сандал дээр тухайн охинд үсдүүлсэн чигээрээ суугаад Хандмаа эгчийг бичлэг хийгээчээ гэж хэлсэн. ...Тухайн үед Хандмаа эгчтэй хэн ч маргалдаж зодолдоогүй. ... Ж.Б биед хэн гэмтэл учруулсныг мэдэхгүй ...Миний биед гэмтэл учирсан бол Ж.Б охин л учруулсан. ....Д.М болон Ж.Б нарын мэдүүлэгт ярьсан шиг зүйл болоогүй. ...” гэх мэдүүлэг /хх 20-21/

Шүүгдэгч Д.М гэрчээр: “...2023 оны 9 дүгээр сарын 04-ны өдөр манай ээжийн утсанд СӨХ-өөс 7,8 дугаар сарын төлбөр нэхэмжилсэн утгатай мессеж ирсэн. ... 7,8 дугаар сарын СӨХ-ийн мөнгөө өгөөгүй байна чи ороод ирдээ гэх мэтээр ээжтэй сонин харьцаад байсан. ...Манай ээж яагаад илүү мөнгө нэхэмжилж байна санаатай илүү мөнгө нэхээд байдаг юм уу удаа дараа илүү мөнгө нэхэж байна гэж хэлтэл СӨХ-ийн хүмүүс буруугаа ойлгохгүй ээжийн өөдөөс хэрэлдээд байсан. ...Тооцоо төлсөн эсэх бүртгэл байгаа гээд нэг цаас гаргаад ирэхээр нь би тухайн цаасных нь зургийг дарах гэтэл тухайн Б гэх хүн нь гэнэт босож ирээд манай ээж рүү дотроо устай сав шидсэн юм. ...Тэгэхээр нь би тухайн эгчийг тохойгоороо түлхсэн тэгтэл тухайн эгч эргээд ширээн дээрээ байсан хар өнгийн үдээсний машинаа гартаа бариад ээжийн нүүр рүү нэг удаа цохихоор нь шууд би тухайн салгах гээд тухайн эгчийн үснээс нь зулгаасан мөн гарнаас нь үдээсний машиныг нь тавиулах гээд гартай нь зууралдсан ба зууралдаж байхдаа наадхаа тавиач гэж зөндөө хэлсэн. ....Тухайн үед Хандмаа гэх хүн хажууд байсан боловч ямар нэгэн байдлаар салгах гэж оролдоогүй гар утсаараа бичлэг хийгээд байсан. ... Б гээд нэртэй хүн л манай ээж рүү халдсан өөр манай ээжтэй ойртсон хүн байхгүй. ...Тухайн эгчийг ээжээсээ салгах гэж түлхсэн үснээс нь зулгаасан. ...” гэх мэдүүлэг /хх 25-26/

Гэрч Х: “...Миний бие СӨХ-ийн байранд ажиллаж байхдаа 12 цагийн орчимд Б гэх оршин суугчийн утасны дугаар руу СӨХ-ийн төлбөрийг бичсэн. ...Тухайн өдрийн 15 цагийн үед гаднаас охиноо дагуулсан эмэгтэй орж ирээд шууд л СӨХ-ийн төлбөрийн хэрүүл хийж орж ирсэн. ...Тухайн үед нягтлан Б нь төлбөр төлсөн баримт үзүүлээд буруу явуулсан байна танайх 8 дугаар сарын төлбөрийг нь төлөх юм байна шүү гэж ойлгуулж хэлтэл тухайн хүмүүс хэрэлдсээр л байсан. ...Муудалцаж байхад охин нь гэнэт нягтлан Болор-Эрдэнийг үсдээд зулгаагаад доошоо тонгойлгож байхдаа цохих үйлдэл хүртэл хийсэн. ... Тэр охин Болор-Эрдэнийг үсдээд байхаар нь салгах гэж ортол тухайн охин миний гэдэс рүү бас жийсэн. ...” гэх мэдүүлгүүдэд тулгуурлан шинжээчийн гаргасан дүгнэлтүүдтэй харьцуулж мөрдөгч, прокурор нь хэргийн бодит байдлыг нотлохын тулд хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтоох үүрэгтэй байна.

Шүүгчийн захирамжинд заасан “...хохирогч Д.Бэс гаргаж өгсөн баримт нь мөрдөн шалгах ажиллагаанд ач холбогдолтой, хамааралтай эсэхийг нягтлаагүй, нотлох баримт шалгуулах хүсэлт гаргах эрхийг эдлүүлээгүй, шинжээчийн дүгнэлтэд заагдсан гэмтлүүд нийлбэрээр хөнгөн зэрэгт хамаарах, эсхүл дангаараа хөнгөн зэрэгт хамаарах эсэхийг нягталж тодруулаагүй, хохирогч нарын биед учруулсан гэмтлүүдийг тогтоосон шинжээчийн дүгнэлтийх нь талаар тайлбарлуулах зорилгоор мэдүүлэг аваагүй, хохирогчдод учирсан сэтгэцийн хор уршгийг арилгах, нөхөн төлбөр гаргуулах эрхтэйг танилцуулж тайлбарлуулаагүй, хохирогч Д.Бд хэргийн материал танилцуулаагүй. ...” гэх ажиллагааг бүрэн гүйцэд хийж ирүүлснээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлууд бүрэн хангагдана.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад дутуу гүйцэтгэсэн дээрх ажиллагааг шүүхээс нөхөн гүйцэтгэх боломжгүй тул прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 2024/ШЗ/933 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, шүүгчийн захирамжид заасан үндэслэлүүдээр мөрдөн шалгах ажиллагааг нэг мөр, бүрэн гүйцэд хийж ирүүлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Мөн анхан шатны шүүхийн захирамжид яллагдагч Д.Б төрсөн оныг 1975 он гэхийг 1979 он гэж, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй яллагдагчийг эрүүгийн хариуцлага хүлээж байсан гэж техникийн шинжтэй алдаа гаргасан байхыг тэмдэглэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 2024/ШЗ/933 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор Г.Лхагвасүрэнгийн бичсэн 2024 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 31 дүгээр эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Хэргийг прокурорт очтол Д.Б Д.М нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан  сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

3.  Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар оролцогч гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.    

 

                            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

                            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Б.ЗОРИГ

                            ШҮҮГЧ                                                             Д.МӨНХӨӨ