Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 295

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: Ч.Сайнзаяа,

Улсын яллагч: Г.Ганхөлөг,

Шүүгдэгч/хохирогч: Г.Э,

            Шүүгдэгч/хохирогч: О.Бнар нь өөрөө өөрийгөө өмгөөлөн тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Г.Э, О.Бнарт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1705003110234 дугаартай хэргийг 2018 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

1. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, О.Б, 1989 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт ..., урьд ял шийтгэлгүй, УМ-89110359 тоот регистртэй,

     2. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Г.Э, 1998 оны 02 дугаар сарын 24-ний өдөр Өмнөговь аймгийн Гурван тэс суманд төрсөн, 20 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт ..., урьд ял шийтгэлгүй, КГ-98022419 тоот регистртэй,

Шүүгдэгч О.Б, Г.Э нар нь 2017 оны 7 дугаар сарын 30-ны өдөр Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Улсын төв 3 дугаар эмнэлгийн орчимд Г.Эг “эмэгтэй хүн дээрэлхээд байна” гэж О.Бнь өмөөрсний улмаас маргалдаж улмаар О.Б, Г.Э нар нь хоорондоо зодолдож бие биедээ хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч О.Бийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв, нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

Шүүгдэгч Г.Эгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв, нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

Хохирогчоор О.Бийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэв.

Хохирогчоор Г.Эгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэв.

Хохирогчоор Г.Эгийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2017 оны 7 дугаар сарын 29-ний өдөр 22 цагийн үед Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр 3-р эмнэлгийн автобусны урд талын буудлын ертөнцийн зүгээр урд талд байрлах ТОП нэртэй караокед найз Дтай уулзаж унаж явсан унадаг дугуйгаа түгжсэн. Тэгээд найз Дгийн хамт караоке орж хоёр шил пиво уугаад явах гэтэл найз Д миний унаж явсан унадаг дугуй байсан грашийн түлхүүрийг хүн аваад явчихсан, маргааш өглөө ирээд дугуйгаа авчих гэж хэлсэн. Тэгэхээр нь би маргааш өглөө ажилтай байсан болохоор дугуйгаа авах шаардлагатай гэтэл Д намайг орхиод зугтаад явах гээд байсан. Би Дгийн гарнаас барьчихсан зогсож байтал хоёр үл таних залуу ирээд эмэгтэй хүн зодоод гээд өндөр залуу нь гараараа миний нүүр рүү хэд хэдэн удаа цохьсон. Би зодуулаад байсан болохоор гарт байсан чулуугаар тэр залуугийн зүүн нүдний дээд талд нь нэг удаа цохьчихоод зугтаах гэтэл намайг нэг залуу барьж аваад караокений үүдэнд авч очин буланд шахаж байгаад нүүр рүү өшиглөж цохиж зодсон. Тэгтэл өндөр залуутай хамт явж байсан хүн цагдаад дуудлага өгсөн” гэсэн мэдүүлэг /хх-н 9-10/,

Хохирогчоор О.Бийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2017 оны 7 дугаар сарын 30-ны 02 цагийн орчим Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 3-р эмнэлгийн хотын төв рүү явдаг автобусны буудал дээр таксинд сууж очиж зогстол эмэгтэй хүнийг нэг залуу тонгойлгочихсон чирээд явж байхаар нь таксины жолооч машинаасаа бууж салгах гэтэл өөдөөс нь нөгөө залуу газраас чулуу барьж шидээд, зодох гээд байсан. Тэгэхээр нь би машинаас бууж очтол надтай зууралдсан. Би газар унаад босч ирээд тэр залууг хэд хэд цохьчихоод буцаад такси руу явж байтал намайг явуулахгүй гээд гартаа барьсан байсан чулуугаар миний дух хэсэгт нэг удаа цохьсон. Тэгээд би нөгөө залууг барьж зогсож байтал хамт явж байсан залуу гарч ирж цагдаад дуудлага өгсөн” гэсэн мэдүүлэг /хх-н 6/,

Шинжээчийн 9789 тоот дүгнэлтэд: “...О.Бийн биед духанд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт /хх-н 13/,

Шинжээчийн 9828 тоот дүгнэлтэд: “...Г.Эгийн биед тархи доргилт, хоёр нүдний дээд, доод зовхи, хамрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун нүдний алимны салстад цус харвалт, баруун шуунд шарх, зүүн суга, тохойнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт /хх-н 14/,

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-н 2/, хохирогч О.Бийн өргөдөл /хх-н 3/, компьютер томографийн оношлогоо /хх-н 15/, шүүгдэгч/хохирогч О.Бийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 17, 29, 37/ шүүгдэгч/хохирогч Г.Эгийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 18, 30, 38, 59-64/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судласан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Шүүгдэгч нарын гэм буруу болон хохирол, хор уршигийн талаар:

Шүүгдэгч О.Б, Г.Э нар нь 2017 оны 7 дугаар сарын 30-ны өдөр 02 цагийн орчим Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Улсын төв 3 дугаар эмнэлгийн орчимд Г.Эг “эмэгтэй хүн дээрэлхээд байна” гэж О.Бнь өмөөрсний улмаас маргалдаж улмаар О.Б, Г.Э нар нь хоорондоо зодолдож бие биедээ хөнгөн хохирол учруулсан гэм буруутай болох нь:

Шүүгдэгч нарын мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогчоор Г.Эгийн: “... Д миний унаж явсан унадаг дугуй байсан грашийн түлхүүрийг хүн аваад явчихсан, маргааш өглөө ирээд дугуйгаа авчих гэж хэлсэн. Тэгэхээр нь би маргааш өглөө ажилтай байсан болохоор дугуйгаа авах шаардлагатай гэтэл Д намайг орхиод зугтаад явах гээд байсан. Би Дгийн гарнаас барьчихсан зогсож байтал хоёр үл таних залуу ирээд эмэгтэй хүн зодоод гээд өндөр залуу нь гараараа миний нүүр рүү хэд хэдэн удаа цохьсон. Би зодуулаад байсан болохоор гарт байсан чулуугаар тэр залуугийн зүүн нүдний дээд талд нь нэг удаа цохьчихоод зугтаах гэтэл намайг нэг залуу барьж аваад караокений үүдэнд авч очин буланд шахаж байгаад нүүр рүү өшиглөж цохиж зодсон” гэсэн мэдүүлэг /хх-н 9-10/, хохирогчоор О.Бийн: “...2017 оны 7 дугаар сарын 30-ны 02 цагийн орчим Баянгол дүүргийн 5 дугаар хороо 3-р эмнэлгийн хотын төв рүү явдаг автобусны буудал дээр таксинд сууж очиж зогстол эмэгтэй хүнийг нэг залуу тонгойлгочихсон чирээд явж байхаар нь таксины жолооч машинаасаа бууж салгах гэтэл өөдөөс нь нөгөө залуу газраас чулуу барьж шидээд, зодох гээд байсан. Тэгэхээр нь би машинаас бууж очтол надтай зууралдсан. Би газар унаад босч ирээд тэр залууг хэд хэд цохьчихоод буцаад машин такси руу явж байтал намайг явуулахгүй гээд гартаа барьсан байсан чулуугаар миний дух хэсэгт нэг удаа цохьсон” гэсэн мэдүүлэг /хх-н 6/, шинжээчийн 9789, 9828 тоот дүгнэлтүүд болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч О.Б, Г.Э нарын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул тэдгээрт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч О.Б, Г.Э нар нь хоорондоо маргалдан зодолдож бие биенийхээ эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нь өөрийн үйлдэлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нар нь гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгч нарыг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

Шүүгдэгч нарын уг гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч О.Б, Г.Э нарын биед хөнгөн хохирол тус тус учирсан болох нь шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтүүдээр тогтоогдсон байна.

Хохирогч, шүүгдэгч нар нь хоорондоо эвлэрсэн нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэж мэдүүлсэн тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.

Эрүүгийн хариуцлагын талаар:

   Шүүх шүүгдэгч О.Б, Г.Э нарын үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул тэдгээрийг гэм буруутайд тооцсон бөгөөд тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нар нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүгдэгч нарт ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Эг 550 нэгж буюу 550.000 төгрөгөөр, шүүгдэгч О.Бийг 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялын санал гаргасан ба шүүх шүүгдэгч О.Б, Г.Э нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, тэдгээрийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан торгох ялын доод хэмжээг шүүгдэгч нарт адил оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч О.Б, Г.Э нар нь шүүх хуралдаанд гаргасан хүсэлтэндээ торгуулийн ял оногдуулж, уг ялыг 2 сарын хугацаанд төлөх боломж олгож өгнө үү гэснийг шүүх хүлээн авч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-д зааснаар шүүгдэгч О.Б, Г.Э нарт шүүхээс оногдуулсан торгох ялыг 2 сарын хугацаанд төлж барагдуулахыг тэдгээрт даалгах боломжтой гэж үзлээ.

Шүүгдэгч нар нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч О.Б, Г.Э нар нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй болно.

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Г.Э, О.Бнарыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Б, Г.Э нарыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
  3.   Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-д зааснаар шүүгдэгч О.Б, Г.Э нарт шүүхээс оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг 2 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг даалгаж, торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг тус тус мэдэгдсүгэй.
  4. Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
  5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Б, Г.Э нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ тус тус авсугай.

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ч.ОТГОНБАЯР