Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 2024/ДШМ/670

 

   2024            06            06                                          2024/ДШМ/670

 

Л.М-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, шүүгч М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Ган-Эрдэнэ,

хохирогч Б.С,

шүүгдэгч Л.М, түүний өмгөөлөгч Ц.Алтанцэцэг, 

нарийн бичгийн дарга Х.Саранзаяа нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Далайхүү даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 2024/ШЦТ/270 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Л.М-н өмгөөлөгч Ц.Алтанцэцэгийн гаргасан давж заалдах гомдлоор Л.М-д холбогдох 2405 00000 0112 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 5 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.      

Д овогт Л-н М, ...оны .. дугаар сарын ..-ний өдөр ..... төрсөн, .. настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ........сургуулийн 1 дүгээр дамжааны оюутан, ам бүл 3, өвөг эцэг, эмэг эхийн хамт .........тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: ....../;  

Шүүгдэгч Л.М нь 2023 оны 12 дугаар сарын 30-ны өдөр .. дүүргийн .. дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “У” төвд хувиараа хөдөлмөр эрхлэх иргэн Б.С-г хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж “Айфоне 15 про макс” гар утсыг лизингээр авах хэрэгтэй байна, та урьдчилгааг нь хийж өгөөд зөрүүнээс нь ашгаа авчих” гэж 3.800.000 төгрөг, “Масвоок” авах хэрэгтэй байна, нэмээд мөнгө өгөөч” гэж 3.150.000 төгрөг, мөн “лизингээр юм авсан чинь урьдчилгааны шимтгэл аваад мөнгө дутчихлаа” гэж 1.482.000 төгрөг, “дахиад шимтгэл авах мөнгө дутчихлаа” гэж 520.000 төгрөг, нийт 8.952.000 төгрөгийг өөрийн эзэмшлийн .... дугаартай “Хаан” банкны дансаар шилжүүлэн авч залилсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянгол дүүргийн прокурорын газраас: Л.М-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Л.М-г Хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч, залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.М-г 8 сарын хугацаагаар “эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суугаа газар болох Нийслэлийн Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс явахыг хориглох” зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.М нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүх эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг түүнд анхааруулж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.М-с 8.952.000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.С-д олгож, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Л.М цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Л.М-н өмгөөлөгч Ц.Алтанцэцэг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах шатны шүүхэд дараах гомдлыг гаргаж байна.

Л.М нь иргэн Б.С-г хуурч түүнээс 8.952.000 төгрөг залилж авсан гэм буруугаа бүрэн дүүрэн хүлээн зөвшөөрч, үйлдсэн хэрэгтээ чин санаасаа гэмшиж байгаа. Шүүхээс түүнд зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэл оногдуулахдаа, бусдад учруулсан хохирлоо төлөөгүй, ажил хөдөлмөр эрхэлдэггүй, өөрийн орлогогүй гэх нөхцөл байдлыг гол үндэслэл болгосон. Л.М нь одоо эмээ, өвөөгийн хамт амьдардаг, эмээ Д.Ц нь 2018 оноос хорт хавдраар өвчилж, элэгнийхээ 40 хувийг тайруулсан, байнгын эмнэлгийн хяналтад байж, Л.М-н асаргаанд амьдарч байгаа юм. Л.М-н төрсөн эх Л.Э нь түүнийг 2 настай байхад өөрийн ээж, аав дээрээ орхиод БНСУ-д ажиллахаар явсан, одоо тэндээ ажиллаж амьдарч байгаа бөгөөд Л.М нь эмээ, өвөөдөө үрчлэгдэж, өвөөгөөрөө овоглосон, тэдний асрамжид байдаг юм. Л.М нь 2023 онд Санхүү эдийн засгийн дээд сургуульд элсэн суралцсан боловч ар гэрийн гачигдал, сургалтын төлбөрийн асуудлаас болоод суралцаж чадаагүй, энэ хугацаандаа бага хэмжээний мөнгө хуримтлуулж, ээждээ захиалан Солонгосоос өргөн хэрэглээний төрөл бүрийн бараа авчирч зарж борлуулан сургалтын төлбөрөө төлж, амьдралын хэрэглээ, эмээгийнхээ эм тарианы мөнгийг олж байгаа. 2023 оны жилийн эцсээр ирсэн бараагаа Шинэ жил, Цагаан сарын баярын үеэр хүмүүст зээлээр өгч саяхнаас мөнгөө цуглуулан авснаар хохирол төлбөрөө төлж барагдуулсан. Л.М нь ...........сургуулийн Айти инженерийн 1 курст суралцдаг. Оюутан хүний хувьд номын санд суух, уралдаан тэмцээнд оролцох зэргээр хичээлээс гадуур төрөл бүрийн арга хэмжээнд байнга явдгаас гадна түүний хувьд хичээлийн бус цагаар ажил хөдөлмөр эрхлэх зайлшгүй шаардлага байдаг юм. Түүний эмээ Д.Ц нь эрүүл мэндийн шалтгааны улмаас Улсын төв 1 дүгээр эмнэлэг, Сонгдо эмнэлгүүдээр үйлчлүүлдэг. Л.М-с өөр асрамжлах хүн байхгүй тул эмээгээ дагаж явж, эмнэлгийн тусламж үйлчилгээ авахад “Зорчих эрхийг хязгаарлах” ял шийтгэлийг эдлэхэд хүндрэлтэй байгаа юм. Л.М нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, өөрийн үйлдсэн хэрэгтээ чин сэтгэлээсээ гэмшиж байгаа зэрэг болон түүний ар гэрийн байдлыг харгалзан үзэж, шүүхээс оногдуулсан Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс өөр газарт зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэлийг хөнгөрүүлж, торгох ял оногдуулж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Л.М тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Би ..........сургуульд тэтгэлгээр орсон. Тухайн үед эмээгийн минь эмчилгээний төлбөр дутсан учраас Б.С ахаас мөнгө авсан. Мөн найз минь “энэ мөнгөө өсөх боломжтой, алдах боломжгүй” гэж надад хэлсэн учраас би мөнгөө өсгөөд буцаагаад Б.С ахын мөнгийг өгнө гэж бодож байсан. Өөрийн бодлогогүй хийсэн үйлдэлдээ үнэхээр их харамсаж байна. Одоогийн байдлаар би Баянзүрх дүүргээс өөр дүүрэгт ажил хийж байгаа. Мөн 2024 оны 9 дүгээр сард болох усанд сэлэлтийн тэмцээнд оролцохоор байнга бэлтгэл хийж байгаа. Дахин ийм алдаа гаргахгүй байж, Б.С ахад учруулсан хохирлоо хурдан хугацаанд төлж барагдуулна. ...” гэв.

Хохирогч Б.С тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Одоогийн байдлаар хохиролд 3.000.000 төгрөг авсан. Үлдэх хохирлыг сар бүр тодорхой хэмжээгээр төлнө гэж хэлсэн. Мөн би Л.М-н ээжтэй нь утсаар холбогдсон. ...” гэв.

Прокурор Г.Ган-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Л.М “............ сурдаг. Хүнд өвчтэй эмээгээ асардаг” гэж байгаа боловч энэ талаар нотлох баримт хэрэгт авагдаагүй. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс Л.М-г “эмээгээ асрах шаардлагатай тул торгох ял оногдуулж өгнө үү” гэж байна. Гэтэл шүүгдэгч Л.М “тэмцээнд уралдаанд орно, одоо ажил хийж байгаа” гэж зөрүүтэй тайлбар гаргаж байна. Мөн Л.М нь оюутан, ажил хөдөлмөр эрхэлдэг эсэх нь тодорхойгүй байгаа тул торгох ял оногдуулах нь тохиромжгүй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.М-н өмгөөлөгч Ц.Алтанцэцэгийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Шүүгдэгч Л.М нь 2023 оны 12 дугаар сарын 30-ны өдөр ... дүүргийн ...дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “У” төвд хувиараа хөдөлмөр эрхлэх иргэн Б.С-г хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, “Айфоне 15 про макс” гар утсыг лизингээр авах хэрэгтэй байна, та урьдчилгааг нь хийж өгөөд зөрүүнээс нь ашгаа авчих” гэж 3.800.000 төгрөг, “Макбүүк” авах хэрэгтэй байна, нэмээд мөнгө өгөөч” гэж 3.150.000 төгрөг, мөн “лизингээр юм авсан чинь урьдчилгааны шимтгэл аваад мөнгө дутчихлаа” гэж 1.482.000 төгрөг, “дахиад шимтгэл авах мөнгө дутчихлаа” гэж 520.000 төгрөг, нийт 8.952.000 төгрөгийг өөрийн эзэмшлийн .......... дугаартай “Хаан” банкны дансаар шилжүүлэн авч залилсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Б.С-н “... Манай ажил дээр зүс таних нэг эмэгтэй хүүхэд хүрч ирээд надаас “Ай фоне 15 про макс” “лизингээр авах хэрэгтэй байна, та урьдчилгааг нь хийж өгөөд зөрүүнээс нь ашгаа авчих” гээд надад хэлсэн. Тэгээд би тухайн хүүхдэд 13 цаг 30 минутад 3.800.000 төгрөг шилжүүлж өгөөд өдөр 15 цаг 18 минутад “Макбүүк” авах хэрэгтэй байна нэмээд мөнгө өгөөч” гээд хэлэхээр нь би 3.150.000 төгрөг шилжүүлж өгсөн. Тэгээд орой нь над руу 18 цагийн үед залгаад надад хэлэхдээ “лизингээр юм авсан чинь урьдчилгааны шимтгэл авна гээд надаас мөнгө аваад дахиад мөнгө” дутчихлаа дахиад мөнгө явуулаач гэж хэлэхээр нь би 1.482.000 төгрөг шилжүүлсэн бөгөөд дахиж над руу залгаад “дахиад шимтгэл авах мөнгө дутчихлаа” гэж хэлээд надаас 520.000 төгрөг авсан. Нийт надаас 8.952.000 төгрөг авсан бөгөөд тухай охин нь сүүлд надад хэлэхдээ “ахаа миний авах гэж байсан зүйл худлаа болчихлоо анхнаасаа би таниас авсан мөнгөө утас болон нөүтбүүк аваагүй” гээд хэлсэн. …” /хх 9-10/,

гэрч З.Х-н “...2023 оны 12 дугаар сарын 30-ны өдөр “М… М…” гэх фейсбүүк хаягтай хаан банкны ….** гэсэн дансны дугаартай эмэгтэй надаар өөрийн “1хbet спорт бооцоо тааврын аккаунта цэнэглүүлсэн бөгөөд тухайн өдөр 2 удаа 3.700.000 болон 3.000.000 төгрөгөөр цэнэглүүлсэн...” /хх 21-22/,

гэрч Б.Б-н “...2023 оны 12 дугаар сарын 30-ны өдөр “М…. М….” гэх хаягаас “депозит спорт бооцоо тааврын аккаунт цэнэглэх үү” гэж асуусан бөгөөд тухайн М.. гэж фейсбүүк хаягтай иргэн нь надаар дамжуулж эхлээд 1.300.000 төгрөгөөр өөрийн аккаунта цэнэглүүлсэн. Удалгүй дахиад надаар дамжуулж 500.000 төгрөгөөр дахиад цэнэглүүлсэн...” /хх 17-18/ гэсэн мэдүүлгүүд,

Б.С-н эзэмшлийн Хаан банкны данснаас 2023 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Хаан банкны Л.М-н эзэмшлийн дансанд “Ай фоне 15 про макс” гэсэн утгаар 3.800.000 төрөг, 3.150.000 төгрөг, 1.482.000 төгрөг, 520.000 төгрөг тус тус шилжүүлсэн тухай депозит дансны хуулга /хх 25-28/,

Хаан банкны Л.М-н эзэмшлийн данснаас 2023 оны 12 дугаар сарын 30-ны өдөр З.Х-н эзэмшлийн Хаан банкны дансанд “М….” гэсэн утгаар 3.700.000 төрөг, 3.000.000 төгрөг, 200.000 төгрөг, Б.Б-н эзэмшлийн Хаан банкны дансанд 2023 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 1.300.000 төгрөг, 500.000 төгрөг тус тус шилжүүлсэн тухай депозит дансны хуулга /хх 32/ зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх шүүгдэгч Л.М-г бусдыг хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, хохирогч Б.С-н 8.952.000 төгрөгийг залилан авсан гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн байх ба түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Анхан шатны шүүхээс Л.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, уг ялын хугацаанд түүнийг Нийслэлийн Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс гарахгүй байх хязгаарлалт тогтоож шийдвэрлэсэн нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, хувийн байдалд тохирсон байна.

Шүүгдэгч Л.М-н өмгөөлөгч Ц.Алтанцэцэгээс “...гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн, гэм буруугаа ойлгож гэмшиж байгааг болон ар гэрийн байдлыг харгалзан үзэж, торгох ял оногдуулж өгнө үү...” гэсэн давж заалдах гомдол гаргасныг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй. 

Хэдийгээр шүүгдэгч Л.М нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлоос зарим хэсгийг нөхөн төлсөн боловч тэрээр өөрийн эмэг эхээ асран халамжилдаг гэх баримт хэрэгт авагдаагүй байхаас гадна түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт үйлдлийн арга, хохирогчоос авсан мөнгийг зарцуулсан байдал /бооцоот тоглоом тоглох өөрийн хүсэл зорилгод ашигласан/ зэргээс үзэхэд анхан шатны шүүхээс түүнд оногдуулсан ялын төрөл, хэмжээ тохирсон гэж үзэхээр байна.

Өөрөөр хэлбэл, шүүгдэгчид оногдуулсан ялын төрөл, хэмжээ нь түүний гэм бурууд тохирсон төдийгүй Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчим, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино. ...” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгыг тус тус хангажээ.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Л.М-н өмгөөлөгч Ц.Алтанцэцэгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв. 

Шүүгдэгч Л.М нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлоос 3.000.000 /гурван сая/ төгрөгийг нөхөн төлсөн талаар хохирогч Б.С нь давж заалдан шатны шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлснийг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 2024/ШЦТ/270 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Л.М-н өмгөөлөгч Ц.Алтанцэцэгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                                            Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

ШҮҮГЧ                                                            Л.ДАРЬСҮРЭН  

            ШҮҮГЧ                                                            М.АЛДАР