Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 01 сарын 26 өдөр

Дугаар 210/МА2022/00174

 

 

 

 

 

2022 оны 01 сарын 26 өдөр

Дугаар 210/МА2022/00171

 

Ч-н нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Э.Золзаяа, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 102/ШШ2021/02735 дугаар шийдвэртэй

Ч-н нэхэмжлэлтэй хариуцагч Ч ХХК-д холбогдох

Газар чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Н, Ц.Ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Р, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Отгонтуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Монголын түүх, шашин, соёл урлагийн гайхамшигт өв, дахин давтагдашгүй дурсгал болох Ч 1904-1908 онд Олноо өргөгдсөн Монгол улсын төрийн сахиусны гүдэнбэ эрдэнэ билигт, тунгалаг бишрэлт хутагт Лувсанхайдавын шашин номын үйл хэрэгт зориулан бүтээгдэж, хэлмэгдүүлэлтийн он жилүүдэд хөндөгдөөгүй үлдсэн цөөн хэдэн сүмийн нэг юм. Уг музей Түүх, соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалт-д Засгийн газрын 1998 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 235, Улсын хамгаалалтад байх түүх, соёлын дурсгалт газарт 2008 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 175 дугаартай тогтоолоор баталсан байдаг. Засгийн газрын 2001 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 96 дугаартай тогтоолоор хамгаалалтын бүсийг 2.0 га газар байхаар тогтоож, улмаар Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2010 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 180 дугаартай тогтоолоор 2.0 га газрыг бусдын эзэмшил, ашиглалтад олгохгүй, барилга байгууламж барихыг хориглосон газрын жагсаалтад оруулсан. Нийслэлийн засаг даргын 781 болон А/894 дугаартай Захирамжаар 2.0 га газрыг музейн зориулалтаар эзэмших эрх олгосон. 2007 оны 02 дугаар сарын 15-ны өдөр тухайн үеийн музейн удирдлага Х.П Ч ХХК-тай Хамтран ажиллах гэрээ-г байгуулж, гэрээгээр Ч ХХК музейн хойд талын 800 метр квадрат талбайг өөрийн хөрөнгөөр засварлан автомашины ил зогсоолын зориулалтаар засварлан тохижуулах, өөрсдийн байгууллагын автомашиныг зогсоолд тавих, музейн хувьд жуулчдын автомашиныг байрлуулах нөхцөлтэй байгуулсан. Гэрээний 4.5-д музейн хойд талын хэрмэн хашааг мэргэжлийн өндөр түвшинд өнгө будгийг сэргээн засварлаж хийж өгнө гэж заасан боловч өнөөдрийг хүртэл энэ үүргээ биелүүлээгүй. Ч ХХК-ийн зогсоол хэлбэрээр ашиглаж буй газар музейн хэрмэн хашааны хойд хэсэг дагуу байрлалтай, хэрмэн хашаанд сөрөг нөлөөллийг бий болгож байгааг Шинжээчийн дүгнэлт-ээр тогтоогдсон. Хэрмэн хашаа Улсын бүртгэл мэдээллийн санд данстай үнэт үзмэр байтал хариуцагч байгууллага энэхүү үзмэрийн хадгалалт хамгаалалт, аюулгүй байдалд ноцтой хохирол учруулахуйц дараах зөрчлийг удаа дараалан гаргасаар байна.Үүнд авто машины зогсоолоор үйлчлүүлэгчид музейн үл хөдлөх дурсгал болох Б.42.12 хувийн дугаартай хэрмэн хашаа руу бие засах, авто машины зогсоолоос музей руу шууд давж орж ирэн хосгүй үнэт үзмэрүүдийн хадгалалт хамгаалалт, аюулгүй ажиллагааг алдагдуулах, тамхи татах, татсан ишээ хэрмэн хашаа руу давуулан хаях нь гал түймрийн эрсдэлийг үүсгэх, авто машинууд хэрмэн хашааг мөргөх, шүргэх, хэрмэн хашаанд авто машин шахан байрлуулах, авто машины утаагаар хэрмэн хашааг бохирдуулах, хог хаягдлаа цэвэрлэхгүй, хэрмэн хашаа руу шахан овоолох, давуулан шидэх, хэрмэн хашаанд эд зүйл түшүүлэн тавих, шороо овоолох зэрэг үйлдлийг гаргасаар байна. Авто машины зогсоолд ус зайлуулах шугам бариагүйн улмаас хэрмэн хашаа, модон хаалганы сууринд ус хурж, хаалганы мод өмхөрөн суулт өгч нилэнхүйдээ хазайсан байна.

Мөн хариуцагч музейн эзэмшлийн газрыг авто зогсоол хэлбэрээр 14 жилийн турш үнэ төлбөргүй ашиглаж ирсэн. Гэтэл музей 2010 оноос хойш 2.0 га газрын төлбөр буюу Ч ХХК-ийн ашиглаж буй 800 метр квадрат газрын төлбөрийг 10 гаруй жил төлсөөр ирсэн нь шударга биш юм. Музейгээс 2014 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр 31 дугаартай Гэрээ цуцлах тухай албан бичгээр Ч ХХК-д мэдэгдсэн боловч өнөөг хүртэл газрыг эзэмшиж, ашигласаар байна. Иймд Ч ХХК-тай байгуулсан Хамтран ажиллах гэрээ-г цуцалсан тул Ч-н хууль ёсны эзэмшлийн газрыг Ч ХХК-ийн хууль бус эзэмшлээс чөлөөлөхийг даалгаж өгнө үү.

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. 2014 онд Гэрээг цуцлах тухай мэдэгдэл өгсөн. Одоо түүнийг баталгаажуулах гэж байна. Ингээд харахаар шаардах эрх 2014 онд үүссэн бөгөөд Иргэний хуулийн 73 дугаар зүйлд зааснаар гэрээтэй холбоотой хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байгаа тул хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Газрын гэрчилгээ сунгасан, Газрын гэрээ нэмэлтээр хийсэн баримт байдаг. Хашаа нь дээр цаас наасан гэх зүйлийг ярьж байх шиг байна. Тийм юм наасан зүйл байгаагүй, хамгаалалтад орсон. Анх тэнд траншей болон муу усны нүхэнд хүмүүс амьдардаг байсан. Тухайн үед Ч-н удирдлага хамтран ажиллая гэдэг саналыг тавиад энэ ажил эхэлсэн. Нэг удирдлага нь хүсэлт тавьсан байхад өөр удирдлага гарч ирэхээрээ түүнийг үгүйсгэж болохгүй. Адилхан бурхан шашин шүтдэг, соёлын өвийг хамгаалдаг хүмүүс эвдэж сүйтгэе гэх бодол агуулах билээ. Ч ХХК-ийн хувьд барилга бариагүй, автомашин байрлуулсан. Энэ асуудал хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой. 2014 оноос хойш бидэнд юу ч хэлэхгүй гэнэт шүүхэд нэхэмжлэл гаргасныг зөвшөөрөхгүй.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ч ХХК-ийн хууль бус эзэмшлээс Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Ч-н автомашины зогсоолын талбайг чөлөөлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдснийг дурдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 70 200 төгрөгийг гаргуулж, улсын орлогод оруулж шийдвэрлэсэн байна.  

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Рийн давж заалдах гомдлын агуулга: ...Дээрх хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагч Ч ХХК-ийг төлөөлөн Д.Р оролцож байгаа юм. Шүүх хариуцагчийн хуулиар олгосон эрхийг ноцтой зөрчиж, анхнаасаа хэт нэг талыг барьж хэргийг шийдвэрлэсэн. Шүүх хуралдаан анх товлогдсон өдөр буюу 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдөр болсон хуралдаан дээр шүүгч талуудыг эвлэрэх бололцоотой эсэхийг тодруулсан. Эвлэрэх санал гаргасныг нэхэмжлэгчийн төлөөлөгчид дээд шатны байгууллагад хандан шийдвэрлүүлэх шаардлагатай гэсний дагуу Ч ХХК-аас Соёлын яамны соёлын өвийн газарт албан бичиг хүргүүлээд байсан юм. Энэ хүсэлтийн хувийг нотлох баримтаар шүүхэд гарган хариуг авах хүсэлтийг шүүхэд гаргасан боловч шүүх хүлээж аваагүй, эвлэрэх эрхийг үгүйсгэж хэргийг шийдвэрлэсэн. Хэрэгт өмгөөлөгчтэй оролцох хүсэлтийг гаргасан боловч шүүх мөн л хүсэлтийг хүлээж аваагүй. Дээрх бүх нөхцөл байдлаас шалтгаалан шүүгч хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж чадна гэдэгт эргэлзээ байсан тул хэргийг шүүгч Г.Ариунаагаар шийдвэрлүүлэхээс татгалзсан боловч мөн л хүлээж аваагүй. Ийнхүү анхан шатны шүүх хуульд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн тул шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү.

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Н, Ц.Ц нар давж заалдах гомдолд гаргасан тайлбарын агуулга: ... Хариуцагч нь иргэний хэрэг үүссэнээс хойш нэхэмжлэлийг гардаж авахгүй удаа дараа дуудуулж байсан бөгөөд нэхэмжлэгчийн зүгээс 2021 оны 07 дугаар сарын 29- ний өдөр хариуцагчийн албадан ирүүлэх хүсэлт гаргаж Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн №102/Ш32021/09090 дугаар Хариуцагчийг албадан ирүүлэх тухай захирамж гарсан. Үүнээс хойш хариуцагч нь мөн л нэхэмжлэлийг гардаж авахгүй байсаар 2021 оны 08 дугаар сарын 24-ны өдөр нэхэмжлэлийн хувийг авах, хэргийн материалтай танилцах, тэдгээрээс тэмдэглэл хийх, хуулбарлан авах эрхийг олгосон Ч ХХК-ийн 2021 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн итгэмжлэлээр Д.Р нь нэхэмжлэлийг гардан авсан байдаг. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсэгт заасны дагуу хариуцагчаас хариу тайлбарыг хуульд заасан хугацаанд ирүүлээгүй.

Улмаар анхан шатны шүүхээс 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 13:30 цагт шүүх хуралдааныг зарласан бөгөөд тус өдрийн шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Р ирсэн боловч түүнд олгосон итгэмжлэл нь шүүх хуралдаанд оролцох эрх олгоогүй гэсэн үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулан 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 17:00 цагт товлосон. Уг 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 17:00 цагийн шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хэргийн шийдвэрлүүлэхэд хууль зүйн туслалцаа, үйлчилгээ авах зорилгоор хэрэгт өмгөөлөгчтэй оролцох хүсэлтийг гаргасан бөгөөд шүүхээс хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийг хангаж шүүх хуралдааныг хойшлуулж 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 15:00 цагт товлосон болно. Гэтэл хариуцагчийн зүгээс хэн гэдэг өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авах талаар ямар нэгэн гэрээ, хүсэлтийг шүүхэд гаргаж өгөөгүй бөгөөд 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн шүүх хуралдаанд өмгөөлөгч корона вирусийн халдвар авсан гэж амаар тайлбарлаж байсан.

Хариуцагчийн зүгээс 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн шүүх хуралдаанд Соёлын яамны соёлын өвийн газарт албан бичиг хүргүүлсэн бөгөөд үүний хариу иртэл шүүх хуралдааныг хойшлуулж өгөх хүсэлтийг гаргаж албан бичгийг шүүхэд гаргаж өгсөн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасны дагуу хариуцагч өөрийн хүсэлттэй холбогдуулан шүүхэд гаргаж өгсөн албан бичиг нь нотлох баримтыг шаардлага хангахгүй, мөн үнэхээр Соёлын яаманд гаргасан эсэх нь тодорхойгүй баримт байсан.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүгчийг хүсэл шийдвэрлэсэнтэй нь холбогдуулан татгалзах хүсэлтэй байна гэж шүүх хуралдаанд хэлсэн бөгөөд ямар үндэслэлээр татгалзах хүсэлттэй байгаагаа илэрхийлээгүй тул анхан шатны шүүхээс хэрэгт авагдсан баримтын хүрээнд үндэслэл бүхий шийдвэр гаргасан гэж үзэж байна. Хариуцагчийн зүгээс 2 жилийн дараа газрыг чөлөөлж өгнө, нэхэмжлэгчийн зүгээс 6 сарын хугацааны дараа газрыг чөлөөлж өгөх талаар санал гаргаж талууд эвлэрэх боломжгүй гэдгээ илэрхийлсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасны дагуу иргэний хэргийг зөвхөн гомдолд дурьдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

2. Нэхэмжлэгч Ч нь хариуцагч Ч ХХК-д холбогдуулан газар чөлөөлүүлэхээр нэхэмжилснийг, хариуцагч байгууллага эс зөвшөөрч ...2014 онд Гэрээг цуцлах тухай мэдэгдэл өгсөн. Шаардах эрх 2014 онд үүссэн Иргэний хуулийн 73 дугаар зүйлд зааснаар гэрээтэй холбоотой хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэсэн агуулгаар маргажээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд нэхэмжлэгч Ч нь хариуцагч Ч ХХК-тай 2007 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 02 дугаар Хамтран ажиллах гэрээ-г байгуулж, хариуцагч компани нь өөрийн 100% хөрөнгө оруулалтаар нэхэмжлэгчийн машин зогсоолыг сайжруулан, тохижуулж, хариуцагч нь Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн 1-р хорооны нутаг дэвсгэрт байрладаг 800 м.кв талбайг засаж өгснөөр өөрсдийн машин зогсоож ашиглахаар тохиролцсон байна. /хх.24-25/

3. Нэхэмжлэгч Ч нь хариуцагч Ч ХХК-д 2011 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 31 дугаар албан тоотоор тус байгууллагыг гэрээний үүргээ зөрчин биелүүлээгүй, мөн 2010 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 16 дугаартай задгай талбайн түрээсийн гэрээний хугацаа дууссан гэсэн үндэслэлээр гэрээг цуцалж байгааг мэдэгджээ. /хх.16/

4. Хэрэгт нотлох баримтаар Монгол улсын Засгийн газрын 2001 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 96 дугаартай Хамгаалалтын бүс тогтоох тухай тогтоол, Засгийн газрын 1998 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 235 дугаартай Жагсаалт шинэчлэн батлах тухай тогтоол, Монгол улсын Засгийн газрын Түүх, соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалт батлах тухай 2008 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 175 дугаартай тогтоолууд авагдсан. Дээрх тогтоолуудаар Чийн хамгаалалтын бүсийг 2.0 га газар байхаар тогтоож, Улс, аймаг, нийслэлийн хамгаалалтад байх түүх, соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалтын 12 дугаарт Ч, мөн Чийн музейн цогцолбор газрын нэр тус тус бичигдсэн байна.

Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн 2010 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 180 дугаартай Эзэмшил, ашиглалтад олгохгүй болон барилга, байгууламж барихыг хориглох газрын байршил, хэмжээг тогтоох тухай тогтоолын хавсралтад Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Чийн орчны талбай 2.0 га газар, 2011 оны 05 дугаар сарын 12-ны өдөр 1706845 регистрийн дугаартай, Улсын бүртгэлийн гэрчилгээний 000017084, Улсын бүртгэлийн 9070004007 дугаартай, үндсэн үйл ажиллагааны чиглэл музей, түүх, соёлын дурсгалт зүйлийг хамгаалахаар олгосон Хуулийн этгээдийн гэрчилгээ зэрэг баримтууд тус тус авагджээ.

2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн гэрээний 000000, нэгж талбарын 00000000, Улсын бүртгэлийн Э-000000000, Гэрчилгээний 0000 дугаартай, 2.0 га газрыг эзэмшүүлэхээр Нийслэлийн газар зохион байгуулалтын алба, Чийн захирал Д.Отгонсүрэнтэй Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ-г байгуулж, Төрийн байгууллагын Газар эзэмших эрхийн 00000000 дугаартай гэрчилгээг олгосноор дээрх газар нэхэмжлэгчийн эзэмшлийн газар болох нь нотлогдож байна.

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэж заасан. Нэхэмжлэгч Ч нь хариуцагч Ч ХХК-аас авто машины зогсоолоор ашиглаж буй газраа чөлөөлүүлэхээр шаардах эрхтэй. Хариуцагч компанийн авто зогсоолыг ашиглах эрх дуусгавар болсноос хойш 11 жил өнгөрсөн байна. Иймд анхан шатны шүүх энэ талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт нийцжээ.

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдлын үндэслэлээ ...шүүх хуралдааны тэмдэглэлтэй танилцах боломжоор хангаагүй, засвар оруулах байсан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Соёлын яамны соёлын өвийн газарт хүсэлт гаргасныг шүүх хүлээж аваагүй эвлэрэх эрхийг үгүйсгэж хэргийг шийдвэрлэсэн, өмгөөлөгчтэй хуралд оролцох болон шүүгчээс татгалзсан хүсэлтүүдийг хүлээн аваагүй гэсэн үндэслэл заажээ.

а. Анхан шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид 2021 оны 08 дугаар сарын 24-ний өдөр нэхэмжлэлийн хувийг гардуулан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрх үүргийг нь тайлбарлан танилцуулсан байна.

б. Шүүх хуралдааны тэмдэглэлээс үзэхэд хэргийн оролцогч нараас шүүгчийг татгалзан гаргах хүсэлтийг шүүх хуралдааны явцад асуухад зохигчид байхгүй гэсэн хариу өгсөн байна. Хуульд заасны дагуу шүүгч тухайн хэргийг шийдвэрлэхэд татгалзах үндэслэлтэй байсан талаарх, мөн хариуцагч талаас шүүх хуралдааны тэмдэглэлтэй танилцах хүсэлт гаргаж байсан талаар баримт хэрэгт авагдаагүй.

в. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад анхан шатны шүүх 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 102/ШЗ2021/13383 дугаар захирамжаар Соёлын өвийн газар хэргийн оролцогч биш байх бөгөөд талуудад эвлэрэх эрхээ хэрэгжүүлэх боломжийг олгосон боловч эвлэрээгүй гэсэн үндэслэлээр хүсэлтийг хангахгүй орхиж шийдвэрлэснийг буруутгах боломжгүй юм.

г. Түүнчлэн хүсэлтэд дурьдсан асуудлаар шүүх хуралдаанаас өмнөх хангалттай хугацаанд хүсэлт гаргаж байсан баримт хэрэгт авагдаагүй, шүүх хуралдаан дээр нотлох баримт бүрдүүлэх талаар хүндэтгэн үзэх шалтгаантай байсан нь тогтоогдоогүй, шүүх өөрийн бүрэн эрхийн хүрээнд шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6, 38.9 дэх хэсэгт заасан зохицуулалтыг зөрчөөгүй болно.

Шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авах хүсэлтийг 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 102/ШЗ2021/12997 дугаар захирамжаар хангаж, хуралдааныг хойшлуулсан боловч өмгөөлөгчөө сонгоогүй, дахин энэ талаар хүсэлт гаргаагүй байна.

Дээрх үндэслэлүүдээр гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах боломжгүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхихоор давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 102/ШШ2021/02735 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА

 

Ц.ИЧИНХОРЛОО