Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 07 сарын 28 өдөр

Дугаар 303/ШШ2025/00525

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Батзаяа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

Хүсэлт гаргагч:*******,

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: Баянхонгор аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс

Нэхэмжлэлийн шаардлага: Баянхонгор аймаг, Заг сум, Залаа овоо 4 дүгээр баг, Өндөр дэнж 2 дугаар гудамж, 207 а тоот, 127 м/кв талбай бүхий 127 м/кв үйлдвэрийн барилга байгууламжийн зориулалттай, 2 өрөө үл хөлдөх хөрөнгийн шударга өмчлөгчөөр тогтоолгох тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид: Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, гуравдагч этгээдийн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Уянга нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Хүсэлт гаргагч******* нь Баянхонгор аймаг, Заг сум, Залаа овоо 4 дүгээр баг, Өндөр дэнж 2 дугаар гудамж, 207 а тоот, 127 м/кв талбай бүхий 127 м/кв үйлдвэрийн барилга байгууламжийн зориулалттай, 2 өрөө үл хөлдөх хөрөнгийн шударга өмчлөгчөөр тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан. Хүсэлт гаргагч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Б.Болд миний бие Баянхонгор аймгийн Заг сумын Залаа овоо 4 дүгээр баг Өндөр дэнж 2 гудамжны 207 а тоот хаягт байрлалтай, 127 мкв газар дээр байх 127 мкв талбайтай үйлдвэрийн барилга байгууламжийн зориулалттай үйл ажиллагаа явуулдаг үл хөдлөх эд хөрөнгийг 2010 онд ******* гэх хүнээс 3,000,000 төгрөгөөр худалдаж авч байсан. Уг үл хөдлөх эд хөрөнгө худалдаж авахад газрын болон үл хөдлөх эд хөрөнгийн ямар нэгэн гэрчилгээ, бичиг баримт байгаагүй. ******* нь тухайн үл хөдлөх эд хөрөнгийг дээр үед худалдаа бэлтгэлийн ангийн складны зориулалтаар ашиглагдаж байсан, 1993 онд өмч хувьчлалаар худалдаж аваад ашиглаагүй олон жил байлгасан талаар надад ярьж байсан, өөрийн нэр дээр шилжүүлэх гэхээр ямар нэгэн бичиг баримт байхгүй байсан болохоор үнийг төлөөд өөрийн өмчлөлд шилжүүлэн авсан. ******* гэх хүн олон жилийн өмнө нас барсан тул аймгийн Архивын тасагт хандан өмч хувьчлалын баримтаас 1993 онд худалдаа бэлтгэлийн ангийн складыг ******* хувьчилсан баримт шүүлгэх захиалга өгсөн боловч хувьчлалтай холбоотой мэдээлэл гараагүй.
Надад энэхүү Баянхонгор аймгийн Заг сумын Залаа овоо 4 дүгээр баг Өндөр дэнж 2 гудамжны 207 а тоот хаягт байрлалтай 127 мкв газар дээр байх 127 мкв талбайтай үйлдвэрийн барилга байгууламжийн зориулалттай үйл ажиллагаа явуулдаг 2 өрөө үл хөдлөх эд хөрөнгийг ******* зарсан талаар ******* нөхөр ******* болон хүү ******* нар мэдэж байгаа тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрчээр асуулгах хүсэлтэй байна. Худалдаж авсан цагаас эхлэн засаж сайжруулан шинэчлэн дээврийн төмрийг бүтэн сольж засвар хийн эсгий болон модон эдлэлийн үйлдвэрийн зориулалтаар өнөөдрийг хүртэл 15 жил үйл ажиллагаа явуулж байна. Худалдаж авсан цагаас хойш Заг сумын газрын албанд хандаж холбогдох хүсэлт гаргаснаар Баянхонгор аймгийн Заг сумын засаг даргын 2015 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн А/60 дугаартай үйлдвэрлэлийн барилга, байгууламж, бусад газар зориулалтаар 40 жилийн хугацаатай эзэмшүүлж, эрхийн улсын бүртгэлийн******* дугаарт бүртгэж гэрчилгээ олгосон. Би өөрийн энэ үл хөдлөх эд хөрөнгийг мөнгөний хэрэгцээ шаардлага гарч зарах гэтэл худалдан авагч тал бичиг баримт шаардсан, мөн тухайн үед бидэнд үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ хэрэг болдоггүй байсан тул анзаарахгүй бичиг баримт хөөцөлдөхгүй орхисон байсан. Нэгэнт зарахаар худалдан авагч талтай тохирон үнэ хөлсөө ярилцсан байгаа тул бичиг баримт нь гарчих байх гэж бодоод аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст хандахад шүүх хууль ёсны шударга өмчлөгч мөн эсэхийг тогтоох эрх бүхий байгууллага тул өмчийн асуудлаа шүүхээр шийдвэрлүүлсний дараа бүртгэлийн байгууллагад хандах ёстой гэсэн хариу хэлсэн. Мөн газартай холбоотой асуудал эрх бүхий байгууллагаар шийдэгдсэн тул******* миний эзэмшиж байгаа Баянхонгор аймгийн Заг сумын Залаа овоо 4 дүгээр баг Өндөр дэнж 2 гудамжны 207 а тоот хаягт байрлалтай 127 мкв газар дээр байх 127 мкв талбайтай үйлдвэрийн барилга байгууламжийн зориулалттай үйл ажиллагаа явуулдаг 2 өрөө үл хөдлөх эд хөрөнгийн шударга өмчлөгч тогтоолгохоор хүсэлт гаргаж байна гэжээ.

1.2. Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:******* хувьд шүүхэд хандаж Баянхонгор аймгийн Заг сумын 4 дүгээр баг 2 дугаар гудамж, 207 тоот хаягт байрлалтай 127 метр квадрат газар дээр байх 207 метр квадрат талбайтай үйлдвэрийн барилга байгууламжийн зориулалттай үйл ажиллагаа явуулдаг 2 өрөө үл хөдлөх эд хөрөнгийн шударга өмчлөгч болохыг тогтоож өгнө үү гэсэн хүсэлт гаргасан байгаа. 2010 онд ******* 3 сая төгрөгөөр худалдаж авч байсан. Эд хөрөнгийн гэрчилгээ байгаагүй Нарантуяа нь тухайн үл хөдлөх эд хөрөнгийг одоо дээр үед худалдаа бэлтгэлийн ангийн складны зориулалтаар ашиглагдаж байсан 1993 онд өмч хувьчлалаар худалдаж аваад ашиглаагүй олон жил байлгаж байсан талаар надад ярьж байсан. Өөрийн нэр дээр шилжүүлэх гэхээр ямар нэгэн бичиг баримт байхгүй байсан үнийг нь төлөөд өөрийн өмчлөл шилжүүлэн авсан. ******* нь олон жилийн өмнө нас барсан тул аймгийн архивын тасагт хандан өмч хувьчлалын баримтаас 1993 онд худалдаа бэлтгэлийн ангийн складыг ******* хувьчилсан баримт шүүлгэх захиалга өгсөн боловч хувьчлалтай холбоотой ямар нэгэн мэдээлэл аймгийн архиваас гараагүй ******* нөхөр ******* болон хүү ******* нар гэрчээр асуулсан Аймгийн улсын бүртгэлд хандахад өмчлөх эрх бүртгэгдээгүй учраас шүүхээр явж тогтоолгосны дараа үл хөдлөхийн гэрчилгээ гаргаж өгнө гэдгээр улсын бүртгэлээс хариу өгсөн байдаг. Шударга өмчлөгч мөн болохыг тогтоож өгнө үү гэсэн хүсэлтийг гаргасан гэв.

2. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Улсын бүртгэлийн тухай хуульд зааснаар тухайн эд хөрөнгийг өмчлөх эрх үүссэн үндэслэл нь тогтоогдохгүй, нотлох баримт байхгүй бол улсын бүртгэлд бүртгэхээс татгалзах үндэслэл болдог гэв.

3. Хүсэлт гаргагчаас иргэний үнэмлэхийн хуулбар, Баянхонгор аймгийн Заг сумын 4 дүгээр багийн Засаг даргын 2025 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 34 дугаартай тодорхойлолт, Баянхонгор аймгийн Заг сумын Засаг даргын 2025 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 1/56 дугаартай тодорхойлолт, Баянхонгор аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 411 дугаартай архивын лавлагаа, иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээний хуулбар, шүүхэд төлөөлөх итгэмжлэл, кадастрын зураг, үл хөдлөх хөрөнгийн гэрэл зураг, Баянхонгор аймгийн Заг сумыг Засаг даргын 2015 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 60 дугаартай захирамжийн хуулбар, иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх ******* дугаартай гэрээний хуулбар, нас барсны бүртгэлийн лавлагаа, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт зэрэг, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээс Баянхонгор аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 13/623 дугаартай албан бичиг зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.

Шүүхээс хүсэлт гаргагчийн хүсэлтээр гэрч ******* мэдүүлгийг бүрдүүлсэн болно.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна гэж үзэв.

2. Хүсэлт гаргагч******* нь Баянхонгор аймаг, Заг сум, Залаа овоо 4 дүгээр баг, Өндөр дэнж 2 дугаар гудамж, 207 а тоот, 127 м/кв талбайтай, үйлдвэрийн барилга байгууламжийн зориулалттай, 2 өрөө үл хөлдөх хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлжээ.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-д заасан тогтоох журмыг нь хуульд заагаагүй эрх зүйн ач холбогдол бүхий бусад үйл явдалд хамаарахаар байх тул хүсэлтийг шүүх хүлээн авч хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.  Түүнчлэн Улсын бүртгэлийн Ерөнхий газрын 2014 оны 11 сарын 05-ны өдрийн 6/7796 дугаар Чиглэл, зөвлөмж хүргүүлэх албан бичигт Иргэд олон жил амьдарсан боловч хувьчилсан, өмчилсөн тухай нотлох баримт байхгүй орон сууц, нийтийн байр, үл хөдлөх хөрөнгийг шүүхийн шийдвэрийг үндэслэн улсын бүртгэлд бүртгэж өмчлөх эрхийг баталгаажуулна...гэж, мөн Улсын бүртгэлийн тухай хуульд зааснаар тухайн эд хөрөнгийг өмчлөх эрх үүссэн үндэслэл нь тогтоогдохгүй нотлох баримт байхгүй бол улсын бүртгэлд бүртгэхээс татгалзах үндэслэл учир өмчлөх эрхээ бүртгүүлэхийг хүссэн хүсэлтийг хүлээн авах боломжгүй, шүүхэд хандан өмчлөх эрхээ тогтоолгох эрхтэйг тайлбарлан хүсэлтийг буцаажээ.

4. Баянхонгор аймаг, Заг сум, Залаа овоо 4 дүгээр баг, Өндөр дэнж 2 дугаар гудамж, 207 а тоот, 127 м/кв талбайтай, үйлдвэрийн барилга байгууламжийн зориулалттай, 2 өрөө үл хөлдөх хөрөнгийг хүсэлт гаргагч******* нь 2010 онд ******* гэх хүнээс 3,000,000 төгрөгөөр худалдан авч, одоог хүртэл тус үл хөдлөх эд хөрөнгийг өмчилж, үйлдвэр барилга байгууламжийн зориулалттай үйл ажиллагаа явуулж байгаа болох нь Баянхонгор аймгийн Заг сумын 4 дүгээр багийн Засаг даргын 2025 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 34 дугаартай тодорхойлолт, Баянхонгор аймгийн Заг сумын Засаг даргын 2025 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 1/56 дугаартай тодорхойлолт, Баянхонгор аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 411 дугаартай архивын лавлагаа, иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээний хуулбар, кадастрын зураг, үл хөдлөх хөрөнгийн гэрэл зураг, Баянхонгор аймгийн Заг сумыг Засаг даргын 2015 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 60 дугаартай захирамжийн хуулбар, иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх ******* дугаартай гэрээний хуулбар, нас барсны бүртгэлийн лавлагаа, гэрч ******* мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

5. Мөн хүсэлт гаргагч******* тухайн өмчлөгчөөр тогтоолгохыг хүссэн барилгын доорх газрыг буюу Баянхонгор аймаг, Заг сум, Залаа овоо 4 дүгээр баг, Өндөр дэнж 2 дугаар гудамж, 207 а тоот, 127 м/кв газрыг үйлдвэрийн барилга байгууламжийн зориулалтаар 40 жилийн хугацаатай эзэмшүүлжээ.

6. Иргэний хуулийн 104 дүгээр зүйлийн 104.1-д Эзэнгүй эд юмсыг илээр, шударга аргаар олж авснаас хойш өөрийн өмчлөлийн зүйлийн адил 5 жил тасралтгүй илээр эзэмшсэн этгээд тухайн эд хөрөнгийг өмчлөх эрхийг олж авна, 105 дугаар зүйлийн 105.1-д Хууль болон гэрээнд өөрөөр заагаагүй бол эд хөрөнгийг арав буюу түүнээс дээш жилийн турш хууль ёсоор эзэмшиж, ашиглаж байсан эзэмшигч уг эд хөрөнгийг өмчлөх эрхийг тэргүүн ээлжинд олж авах давуу эрхтэй байна ... гэж тус тус заасан бөгөөд дээрх эд хөрөнгийг хүсэлт гаргагч******* нь 2010 онд ******* худалдан авснаас хойш өмчлөн авч одоог хүртэл шударгаар зэмшиж байсан болох нь тогтоогдсон.

7. Дээрх үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн талаар сонирхогч этгээдээс маргаан үүсгээгүй зэрэг үндэслэл тогтоогдож байх тул Иргэний хуульд зааснаар хүсэлт гаргагч Б.Болд хүсэлтийг хангаж, Баянхонгор аймаг, Заг сум, Залаа овоо 4 дүгээр баг, Өндөр дэнж 2 дугаар гудамж, 207 а тоот, 127 м/кв талбай бүхий, үйлдвэрийн барилга байгууламжийн зориулалттай, 2 өрөө үл хөлдөх хөрөнгийн шударга өмчлөгч болохыг тогтоон шийдвэрлэв.

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагч******* улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээснийг дурдав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 105 дугаар зүйлийн 105.1 дэх хэсэгт заасныг баримтлан Баянхонгор аймаг, Заг сум, Залаа овоо 4 дүгээр баг, Өндөр дэнж 2 дугаар гудамж, 207 а тоот, 127 м/кв талбайтай, үйлдвэрийн барилга байгууламжийн зориулалттай, 2 өрөө үл хөлдөх хөрөнгийн шударга өмчлөгчөөр******* тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагч******* улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дугаар зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ         Г.БАТЗАЯА