Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 08 сарын 04 өдөр

Дугаар 303/ШШ2025/00531

 
     

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Батзаяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч:  ******* хүсэлттэй,

Хүсэлтийн шаардлага: Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын 4 дүгээр баг, Өлзийт 3 дугаар гудамж, 301 тоотод байрлах үл хөлөх эд хөрөнгийн өмчлөгч мөн болохыг тогтоолгох тухай хүсэлтийг 2025 оны 5 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Уянга нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Хүсэлт гаргагч ******* нь Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын 4 дүгээр баг, Өлзийт 3 дугаар гудамж, 301 тоотод байрлах үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч мөн болохыг тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргасан. Хүсэлт гаргагч нар хүсэлтийн шаардлагын үндэслэлийг дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

******* одоо амьдарч байгаа газар, орон сууц өмчлөлийн гэрчилгээтэй бөгөөд хашаанд байрлах өмнө нь амьдарч байсан. Одоо эд зүйл хадгалдаг болсон. Анх 1996 онд хуучин цэцэрлэгийн байшинг хувьчлалаар авсан ч архивын баримтаар хувьчлалын талаар ямар ч баримт гаргаагүй тул Улсын бүртгэлийн хэлтэст өргөдөл гаргахад шүүхээр шийдвэрлүүлэх талаар зөвлөсөн. Одоо дээрх байранд өмчлөх эрхийн гэрчилгээ авах шаардлагатай болсон тул шударга өмчлөгчөөр тогтоож өгнө үү гэжээ.

2. Хүсэлт гаргагчаас иргэний үнэмлэхийн хуулбар, Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын засаг даргын 2024 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 60 дугаартай тодорхойлолт, Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын 4 дугаартай багийн засаг даргын 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 19 дугаартай тодорхойлолт, Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 17 дугаартай тодорхойлолт, Баянхонгор аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 1236 дугаар болон 2025 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 291 дүгээр лавлагаанууд, *******оогийн эзэмшлийн газрын байршлын кадастрийн зураг, Баянхонгор аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 13/191 дүгээр албан бичиг, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн ******* дугаартай гэрчилгээний хуулбар, иргэний газар эзэмших эрхийн ******* дугаар гэрчилгээний хуулбар, гэрэл зураг, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, шүүхэд төлөөлөх итгэмжлэл зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.

3. Шүүхээс хүсэлт гаргагчийн хүсэлтээр гэрч ******* мэдүүлэг зэргийг бүрдүүлсэн.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна гэж үзэв.

2. Хүсэлт гаргагч ******* нь Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын 4 дүгээр баг, Өлзийт 3 дугаар гудамж, 301 тоотод байрлах үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлжээ.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-д заасан тогтоох журмыг нь хуульд заагаагүй эрх зүйн ач холбогдол бүхий бусад үйл явдалд хамаарахаар байх тул хүсэлтийг шүүх хүлээн авч хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.  Түүнчлэн Улсын бүртгэлийн Ерөнхий газрын 2014 оны 11 сарын 05-ны өдрийн 6/7796 дугаар Чиглэл, зөвлөмж хүргүүлэх албан бичигт Иргэд олон жил амьдарсан боловч хувьчилсан, өмчилсөн тухай нотлох баримт байхгүй орон сууц, нийтийн байр, үл хөдлөх хөрөнгийг шүүхийн шийдвэрийг үндэслэн улсын бүртгэлд бүртгэж өмчлөх эрхийг баталгаажуулна...гэж, мөн Улсын бүртгэлийн тухай хуульд зааснаар тухайн эд хөрөнгийг өмчлөх эрх үүссэн үндэслэл нь тогтоогдохгүй нотлох баримт байхгүй бол улсын бүртгэлд бүртгэхээс татгалзах үндэслэл учир өмчлөх эрхээ бүртгүүлэхийг хүссэн хүсэлтийг хүлээн авах боломжгүй, шүүхэд хандан өмчлөх эрхээ тогтоолгох эрхтэйг тайлбарлан хүсэлтийг буцаажээ.

4. Баянхонгор аймаг, Бөмбөгөр сумын 4 дүгээр баг, Өлзийт 3 дугаар гудамж, 301 тоотод байрлах үл хөлдөх хөрөнгийг хүсэлт гаргагч ******* нь 1996 онд хуучин цэцэрлэгийн байшинг өмч хувьчлалаар авч, түүнээс хойш одоог хүртэл өмчилж ашиглаж байгаа болох нь Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын засаг даргын 2024 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 60 дугаартай тодорхойлолт, Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын 4 дугаартай багийн засаг даргын 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 19 дугаартай тодорхойлолт, Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 17 дугаартай тодорхойлолт, Баянхонгор аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 1236 дугаар болон 2025 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 291 дүгээр лавлагаанууд, ******* эзэмшлийн газрын байршлын кадастрийн зураг, Баянхонгор аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 13/191 дүгээр албан бичиг, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн ******* дугаартай гэрчилгээний хуулбар, иргэний газар эзэмших эрхийн ******* дугаар гэрчилгээний хуулбар, гэрч ******* мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

5. Мөн хүсэлт гаргагч ******* тухайн өмчлөгчөөр тогтоолгохыг хүссэн барилгын доорх газрыг буюу Бөмбөгөр сумын 4 дүгээр баг, Өлзийт 3 дугаар гудамж, 301 тоот, 858 м/кв газрыг гэр, орон сууцны хашааны газар зориулалтаар 12 жилийн хугацаатай эзэмшүүлжээ.

6. Иргэний хуулийн 104 дүгээр зүйлийн 104.1-д Эзэнгүй эд юмсыг илээр, шударга аргаар олж авснаас хойш өөрийн өмчлөлийн зүйлийн адил 5 жил тасралтгүй илээр эзэмшсэн этгээд тухайн эд хөрөнгийг өмчлөх эрхийг олж авна, 105 дугаар зүйлийн 105.1-д Хууль болон гэрээнд өөрөөр заагаагүй бол эд хөрөнгийг арав буюу түүнээс дээш жилийн турш хууль ёсоор эзэмшиж, ашиглаж байсан эзэмшигч уг эд хөрөнгийг өмчлөх эрхийг тэргүүн ээлжид олж авах давуу эрхтэй байна ... гэж тус тус заасан бөгөөд дээрх эд хөрөнгийг хүсэлт гаргагч ******* нь 1996 оноос хойш өмчлөн авч одоог хүртэл шударгаар эзэмшиж байсан болох нь тогтоогдсон.

7. Дээрх үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн талаар сонирхогч этгээдээс маргаан үүсгээгүй зэрэг үндэслэл тогтоогдож байх тул Иргэний хуульд зааснаар хүсэлт гаргагч ******* хүсэлтийг хангаж, Баянхонгор аймаг, Бөмбөгөр сумын 4 дүгээр баг, Өлзийт 3 дугаар гудамж, 301 тоотод байрлах, үл хөдлөх хөрөнгийн шударга өмчлөгч болохыг тогтоон шийдвэрлэв.

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагч ******* улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээснийг дурдав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 105 дугаар зүйлийн 105.1 дэх хэсэгт заасныг баримтлан Баянхонгор аймаг, Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын 4 дүгээр баг, Өлзийт 3 дугаар гудамж, 301 тоотод байрлах, үл хөдлөх эд хөрөнгийн шударга өмчлөгчөөр ******* тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагч ******* улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дугаар зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.БАТЗАЯА