Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 2024/ДШМ/36

 

 

 

 

 

      

 2024         06        19                                    2024/ДШМ/36

 

 

 

А.Чд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                      Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Н.Болормаа даргалж, шүүгч О.Однямаа, ерөнхий шүүгч А.Сайнтөгс нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн  шүүх хуралдаанд;

Прокурор: Б.Дашням,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.П , түүний өмгөөлөгч Ж.Бадамханд,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Б өмгөөлөгч С.Дэлгэрмаа, Ж.Наранбаяр /цахимаар зайнаас/,

Шүүгдэгч А.Ч , түүний өмгөөлөгч Ж.Жаргалсайхан,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Хосбаяр нарыг оролцуулан,

Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Одбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 2024/ШЦТ/88 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдол болон прокурорын эсэргүүцэлд үндэслэн шүүгдэгч А.Чд холбогдох 2319000000214 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч А.Сайнтөгсийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

* төрсөн, * настай, *, * боловсролтой, * мэргэжилтэй, *ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Нийслэлийн * тоотод оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцагч чадвартай, Т овогт А.Ч ,

2. Холбогдсон хэргийн товч агуулга:

Шүүгдэгч А.Ч  нь согтуурсан үедээ 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдөр Дорноговь аймгийн Айраг сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр, Айраг сумын төвөөс хойд зүгт 10 километр орчим зайд Замын-Үүд Улаанбаатар чиглэлийн А/0102 дугаартай улсын чанартай авто замд *УБТ улсын дугаартай Мерседес Бенз Актрос (Mercedes Benz Actros) 1851 загварын тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож байхдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а заалт “Жолоочид... согтууруулах ундаа... хэрэглэсэн.... үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно”, 11.3 дугаар заалт “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно”, мөн дүрмийн 2 дугаар хавсралт Замын тэмдэглэл 1.4 дүгээр 2 заалт “1.1-1.3... тэмдэглэлийг тээврийн хэрэгслээр давахыг хориглоно” гэснийг тус тус зөрчсөний улмаас *УБҮ улсын дугаартай Тоёота приус 20 загварын тээврийн хэрэгслийн жолооч талаас мөргөж, зам тээврийн осол гарган, * настай С.Б, * настай Б.Н, * настай Б.Т нар болох нийт 3 хүний амь насыг хохироож, Н.Эн эрүүл мэндэд тархины зүүн тал бөмбөлгийн чамархай, зулай, духны дэлбэнгийн эдийн цус хуралт, няцрал, дух, зулайн, чамархайн хуйхны хууларсан шарх, цээжний баруун талын 10, 11 дүгээр хавирганы хугарал, баруун уушгины няцрал, цээжний баруун хөндийн шингэн хуралдалт, бүсэлхийн 2 дугаар нугалмын хугарал, баруун бугалга, баруун тохой, баруун өвдөг, цээжний зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтлүүд бүхий хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

3. Дорноговь аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1, 4.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, хэргийг анхан шатны шүүх хүлээн авч хянан хэлэлцжээ.

4. Анхан шатны шүүх: ... Шүүгдэгч Т овогт А.Ч ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1, 4.2-т заасан авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг согтуурсан үедээ зөрчсөний улмаас хоёр түүнээс олон хүний амь нас хохироосон, нэг хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1, 4.2-т зааснаар шүүгдэгч А.Ч ын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 7 /долоо/ жилийн хугацаагаар хасаж 5 /тав/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Чд оногдуулсан 5 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Чд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын хугацааг хорих ялыг эдэлж дууссаны дараа тоолж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ч ын цагдан хоригдсон 36 хоногийг эдлэх ялд оруулан тооцож,

Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Чд авсан Монгол улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох болон хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч хорьж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 508 дугаар зүйлийн 1, 511 дүгээр зүйлийн 551.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ч аас амь хохирогч С.Бийн оршуулгын зардал болон бусад зардалд нийт 70.575.992 төгрөг, сэтгэцэд учирсан гэм хорын хохиролд 82.500.000 төгрөг, нийт 153.075.992 төгрөгийг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Бд ,

Хохирогчийн Н.Эн эмчилгээний зардалд 193.497.996 төгрөг, сэтгэцэд учирсан гэм хорын хохиролд Н.Энхтуяагийнх 81.950.000 төгрөг, амь хохирогч Б.Тэнүүнийх 150.975.000 төгрөг, Б.Намууных 197.450.000 төгрөг, нийт сэтгэцэд учирсан гэм хорын хохиролд 430.375.000 төгрөгийг тус тус гаргуулан хохирогч Н.Энхтуяа, түүний хууль ёсны төлөөлөгч Н.П  нарт тус тус олгож,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар прокурорын 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 5/01 дугаартай *УБГ улсын дугаартай Мерседес Бенз маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж, хэрэгт хураагдан ирсэн 2 ширхэг компакт дискийг хэрэгт хавсарган үлдээж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний болон тээврийн хэрэгслийн бичиг баримт шүүхэд болохыг тус тус дурдаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах шатны шүүхэд гомдол эрхтэй болохыг дурдаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

5.Прокурор Б.Дашням эсэргүүцэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “...2024/ШЦТ/88 дугаартай шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт шүүгдэгчийн цагдан хоригдсон хугацааг 39 хоног гэж тооцсон. Тухайн хугацааг эдлэх ял оруулан тооцохоор дурдсан боловч шийтгэх тогтоолын 5 дахь заалтад 36 хоног гэж бол зөрөөтэй бичсэн байгаа. Ингэснээрээ 36 хоног уу 39 хоног уу, яг алинаар нь цагдан хоригдсон хугацааг тооцох вэ гэдэг үндэслэл бүхий эргэлзээ тодорхойгүй байдлыг үүсгэж байна. Мөн 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 5/01 дугаартай прокурорын тогтоолоор битүүмжилсэн Mercedes benz actros 1851 загварын *УБТ улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн байхад шийтгэх тогтоолын тодорхойлох болон тогтоох хэсгүүдэд *УБГ гэж улсын дугаартай тээврийн хэрэгслийг серийн дугаарыг буруу бичсэн. Мөн түүнчлэн прокурорын тогтоолоор битүүмжилсэн тээврийн хэрэгслийг хэрхэн шийдвэрлэх, прокурорын тогтоолыг хүчингүй болгох эсэх асуудлыг бол шийдвэрлээгүй орхигдуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь тодорхой ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна гэсэн заалтыг зөрчиж байна. Мөн анхан шатны шүүхийн энэхүү 88 дугаартай шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар 2 дугаар зүйлийн 3, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг тус тус зөрчсөн байна гэж үзсэн. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад заасан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчил байна гэж үзэж байгаа. Иймээс Дорноговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатын шүүхийн 2024 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 2024/ШЦТ/88 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 8 дахь заалтад Mercedes benz actros 1851 загварын 40 22 УБТ улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг шүүхийн шийтгэх тогтоол, хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож гэж өөрчлөлт оруулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1-т, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан улсын яллагчийн эсэргүүцэл бичсэн. Энэ нь цаашлаад битүүмжилсэн эд хөрөнгийг бол зарж үрэгдүүлэх, энэ ашиглах боломж, нөхцөл байдлыг алдагдуулж байна. Мөн хохирогчид учруулсан хохирол, хор уршигт тухайн тээврийн хэрэгслийг зарж борлуулж олгох уу, үгүй юу гэдэг асуудал нь тодорхойгүй байгаа ийм нөхцөл байдлыг үүсгэж байгаа юм. Улмаар цаашлаад энэ нь ямар нэгэн шийдвэр зөвшөөрөл гараагүй. Прокурорын тогтоол хүчинтэй байгаа энэ үед тухайн тээврийн хэрэгслийг ашигласнаараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.10 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдэгдэх эрсдэл үүсэж байна гэж үзэж байгаа юм. Ийм учраас энэхүү шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах шаардлагатай байна.” гэв.

6.Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.П  давж заалдсан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “…Би хохирогч Э төрсөн дүү П гэдэг хүн байна. Миний гаргасан гомдол болохоор Ч гэдэг хүнд оногдуулсан ялын хэмжээг хөнгөн байна гэж үзэж байна. 2-т нь эрүүгийн хэргийн ажиллагааг дутуу дулимаг явуулсан. Тиймээс анхан шатны шүүх хурал руу буцааж дахин хэлэлцүүлэх дээр гомдол гаргасан байгаа. Манай өмгөөлөгч дэлгэрэнгүй ярина.”

Шүүгдэгч Ч гэдэг хүн өмнө нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт ажиллаж байсан. Мөн хорих 429 дүгээр ангид ажиллаж байсан. Энийг үзэхэд энэ хүн өөрийнхөө мэддэг талаасаа ч юм уу хохирлыг барагдуулахгүй байх талаасаа эд хөрөнгийг хэн хэн нэгэн рүү шилжүүлсэн байх магадлалтай гэж хардаж байгаа. Дээр нь 5 жилийн хорих ялыг энэ хүн магадлангаар суллагдаад 2,3 жил суугаад ч юм уу гарах нөхцөл үүсчихээд байгаа юм биш үү? энэ дээр ялын бодлогыг нь сайн шалгаад өгөөч. Энэ хүнийг маш сайн нягтлах хэрэгтэй юм биш үү? би хавтаст хэрэгтэй сүүлд нь танилцаж байхад 2023 оны 7 сарын 31-нд осол гаргасныхаа дараа 10 сард нь 11 сард нь 7 удаа дараа тээврийн хэрэгсэл бариад зөрчил гаргачихсан байна. Энэ хүн чинь өөртөө хэтэрхий бардам байгаа юм биш үү? Итгэлтэй байгаа юм биш үү?. Удаа дараа зөрчил гаргаад байна. Энэ хүн чинь харамсахгүй байна. Өмнө нь ажиллаж байсан албан тушаалд ажил үүргийг нь харахад энэ хүнд хардах магадлал үүсээд байгаа. Миний хэлэх санал ийм байна.” гэв.

7.Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Ж.Бадамханд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “…Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3-д заасныг үндэслэн хэргийг дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцаах ийм байр суурьтайгаар оролцож байгаа юм. Шүүгдэгч Ч өмчлөлд буй үл хөдлөх болон хөдлөх хөрөнгийг шалган тогтоож, битүүмжлэх ажиллагааг огт хийгээгүй гэж үзэж байгаа юм. …Шүүгдэгч Ч арилжааны банкнуудад лавлагаа ерөөсөө явуулаагүй, аль банканд ямар данстай юм, дансыг битүүмжлэх ажиллагаа хийгдээгүй, мөн тэр дансанд ямар мөнгөн хөрөнгө байгаа юм, үл хөдлөх болон мөнгөн хөрөнгө, хөдлөх хөрөнгийн ямар ч лавлагаа явагдаагүй, хийгдээгүй байгаа юм. Мөн нэмээд хэлэхэд шүүгдэгч Ч нь Дунд Цэнхэр компанийн захирал гэж байгаа юм. Гэтэл Дунд Цэнхэр компанийн эд хөрөнгийн лавлагаа, ямар эд хөрөнгөтэй юм, дүрмийн сан нь юу юм, Дүрэм нь ч 5 авагдаагүй хавтаст хэрэгт ийм ажиллагаанууд явагдсан байж байна. Гэтэл Ч нь 2017 оноос хойш 38-38 УБА, мөн 09-71 УАР гэсэн тээврийн хэрэгслүүдийг эзэмшиж байсан байх юм. Энийг зам тээврийн зөрчлийн хуудаснаас ил харж байгаа юм. Гэтэл энэ нөхөр 2023 оны 7 дугаар сарын 31-ний өдөр энэхүү аймшигт ослыг гаргасан атлаа 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 09-71 УАР дугаарын тээврийн хэрэгслийг жолоодож яваад 11 дугаар сарын 3-ны өдөр 38-38 УБА тээврийн хэрэгслийг жолоодож яваад зам тээврийн зөрчил гаргасан байгаа юм. Тэгвэл эдгээр хөрөнгүүд хааччихсан юм. Хохиролд төлөхөөс зайлсхийж, өөрийн хөрөнгөө бусад руу нь шилжүүлсэн байх гэсэн хардалт энэ хавтаст хэрэгтэй танилцуулсаар байж төрж байгаа юм. …Улсын яллагч хорих ялыг 8 жил, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар 8 жилийн хорих ял оногдуулах санал оруулсаар байтал шүүгч эрүүгийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож 5 жил оноосныг эс зөвшөөрч байгаа юм. Өөрөө мэдсээр байж согтуугаар жолоо барьж болохгүйг мэдсээр байж замын хөдөлгөөний дүрэм, хуулийн өчнөөн заалтуудыг зөрчиж энэ хохирлыг гаргасан байхад юун тохиолдлын шинжтэй гэж. Дээрээс нь анх удаа гэчихсэн байгаа юм. Анх удаа гэж үзэх үндэслэл байхгүй. Шүүгдэгч 2004 оноос хойш хүнд аймшигт осол гарсныхаа дараа хүртэл тээврийн хэрэгсэл бариад хуулиа зөрчөөд зөрчил гаргаад зөрчлийн шийтгэл аваад явж байсан байгаа юм. Тэгэхэд энийг анх удаа гэж үзэх үндэслэл байна уу? байхгүй. Би шүүгдэгч дээр хөнгөрүүлэх нөхцөл байдал үйлчлэхгүй гэдгийг дээрх байдлуудаасаа гадна харагдуулж байгаа юм. Тийм учраас энэ хэргийг хөнгөдсөн гэж үзэж байгаа юм. …Мөрдөн байцаагч Эрүүгийн хэрэг хяна хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.1, 32.3 дээр заачихсан байгаа. Мөрдөн байцаагч ямар ажиллагаа хийх ёстой юм 32.1 дүгээр зүйлийн хавтаст хэрэгтэй танилцуулах ёстой. Хавтаст хэрэгтэй танилцуулаагүй, гарын үсэг зурагдаагүй баримт нь байна. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П түүний өмгөөлөгч Энхжавхлан нарт танилцуулаагүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дүгээр хэсгийн 1.2, 1.3, 1,9-т заасан эрхээ эдлэх боломжийг нь олгоогүй байгаа эрхийг нь зөрччихсөн. … Сэтгэцэд учирсан хохирлыг тооцохдоо буруу тооцсон байгаа. Яагаад буруу тооцсон бэ гэвэл Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт заасан байгаа. Гэмт хэргийн улмаас нас барсан тохиолдолд цалингийн доод хэмжээг 150 дахин үржүүлэн хохирогчид аль ашигтайгаар шүүхээс тогтооно гэж заасан байдаг юм. Хэрвээ 511.5-ыг шүүгч баримталсан бол энэ тусгагдаж өгөх байсан юм. Энийг яагаад би буруу гэж үзэж байна гэвэл уг шүүхийн шийдвэр тогтоол нь хэдийд гарсан юм. 2024 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр энэ шийдвэрийг гаргасан. Энэ шийдвэрээрээ хөдөлмөрийн доод хэмжээг 550 мянган төгрөгөөр тооцчихсон байгаа. Гэтэл хөдөлмөрийн доод хэмжээг 2024 оны 1 дүгээр сарын 1-ээс эхлээд 660 мянган төгрөгөөр тооцсугай гэсэн байгаа. Тиймээс энэ мэтчилэн хууль зүйн заалт, дүрмийг хэд хэдэн үндэслэлээр зөрчсөн байх учраас бид нар анхан шатын шүүх рүү дахин хэлэлцүүлэхээр буцаах үндэслэлийг нь би сая бүгдийг нь дурдчихлаа. Тийм учраас буцаах гомдлыг хангаж өгнө үү.” гэв.

8.Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Ж.Наранбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “…Хохирогчийн өмгөөлөгчийн гомдолтой танилцлаа. Энэ дээр нэг үндэслэл дээр санал нэг байна. Эрүүгийн хэрэг хянан шийдэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дэхэд заасан шүүхийн шийдвэр тавигдах шаардлагыг хангаагүй гэсэн ийм үндэслэл байгаа. Хэдийгээр бид нар гомдол гаргаагүй ч гэсэн шүүхийн шийдвэр хууль ёсны байх ёстой. Үйлчлүүлэгч маань гомдол гаргахгүй гэсэн учраас бид нар хүндэтгэсэн. Гэхдээ шүүхийн шийдвэрээс харахад шийтгэх тогтоолын 9-өөс 10 дугаар талд манай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй орхисон тухай дүгнэлт байгаа. Анхан шатны шүүхэд оршуулгын зайлшгүй зардал болон сэтгэл санааны хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны төлбөрийг бол гаргуулах нэхэмжлэл шаардаж байсан. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн 3 дахь шаардлага буюу хохирогч С.Бийн асрамжид байсан 90 настай Э гэдэг хүнийг шүүх хуралдаанд иргэний нэхэмжлэл гаргасан үүнтэйгээ холбогдуулж сар бүр төлбөр гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан байдаг. Энэ үндэслэлийг анхан шатын шүүх дээр иргэний нэхэмжлэгчээр тогтоох Б ээжийг тогтоох хүсэлтийг хангахаас татгалзаад шийдвэрлэсэн. Энэ нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ хавтаст хэрэгт тодорхой дурдсан байгаа. Анхан шатны шүүх шийдвэртээ юу гэсэн юм гэхлээр энэ Иргэний хуулийн 508.1, 508.5, 520.1 дэх хэсгийг тус тус үндэслээд хэрэгсэхгүй болгож шийдвэрлээд дурдсан юм. Б ам бүл 5, эхнэр 2 хүүхдүүдийн хамт 1 хаягт амьдарч байсан. Өндөр настай ээжид нь гэр бүл учирсан хохирлыг Иргэний хуулийн 508.2-т зааснаар гэр бүлд учирсан төлбөрийг сар бүр 400 гаран мянган төгрөгийг авах ёстой. Энэнтэй холбоотой нотлох баримтыг шүүхэд Б цалингийн баримтыг гаргаж өгсөн байдаг. Тэгэхэд энийг хэрэгсэхгүй орхиж шийдвэрлэсэн. Тэгвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.7-д шийтгэх тогтоолд юу юу гэж тусгасан байх вэ гэдгийг нь зохицуулсан байгаа. Энд бол гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой нэхэмжлэлийг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн хангах тухай, эсвэл хэрэгсэхгүй орхих тухай үндэслэлээ тогтоох хэсэг дээр заасан байх ёстой. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн заалтаас харахад энэ талаар огт дурдаагүй байгаа нь хэрэгсэхгүй орхисон тухай заагаагүй. Ингэснээрээ Процессын тухай хуулийн 36.8 дугаар зүйлд заасан шаардлага хангаагүй бол Эрүүгийн хуулийг ноцтой зөрчсөн зөрчилд хамаарах учраас анхан шатны шүүх шийтгэх тогтоолоор хэлэлцэхгүй орхисон тогтоох хэсгээ заагаагүй. Мөн хэлэлцэхгүй орхисон нь үндэслэлгүй байгаа учраас шүүх бүрэлдэхүүн анхаарч үзээсэй гэж хүсэж байна.” гэв.

9. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч С.Дэлгэрмаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Саналгүй” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх прокурор Б.Дашнямаас гаргасан эсэргүүцэл, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.П  болон түүний өмгөөлөгч Г.Энхжавхлан нараас гаргасан давж заалдсан гомдлуудад үндэслэн хэргийг хүлээн авч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, прокурорын эсэргүүцлийг хангаж, давж заалдсан гомдлуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. 

1.Анхан шатны шүүх шийдвэр гаргахдаа шүүгдэгчийн битүүмжлэгдсэн хөрөнгийг шийдвэрлэлгүй орхигдуулсан, иргэний хуулийн заалтыг буруу бичсэн, битүүмжилсэн хөрөнгө болох автомашины сери дугаарыг буруу бичсэн, шүүгдэгчийн цагдан хоригдсон хоногийг буруу тооцсон, хохирогчид учирсан хохирлыг бүрэн тооцоогүй, хуулийн зүйлийг буруу бичсэн зэрэг алдаанууд гаргасныг давж заалдах шатны шүүхээс тус тус зөвтгөж, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.

2.Хэрэгт авагдсан баримтуудаар 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдөр шүүгдэгч А.Ч  нь архи ууж согтуурсан үедээ Дорноговь аймгийн Айраг сумын 4-р багийн нутаг дэвсгэрээр дайран өнгөрдөг Замын-Үүд –Улаанбаатар чиглэлийн А/0102 дугаартай улсын чанартай автозамд *УБТ улсын дугаартай “Мерседес Бенз Актрос 1851” загварын тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а, 11.3 дугаар заалт, мөн дүрмийн 2 дугаар хавсралтыг тус тус зөрчсөний улмаас *УБҮ улсын дугаартай “Тоёота приус 20” загварын тээврийн хэрэгслийг жолооч талаас нь мөргөж зам тээврийн осол гарган, * настай С.Б, * настай Б.Н, * настай Б.Т нарын амь насыг хохироосон, Ц.Эн биед тархины зүүн тал бөмбөлгийн чамархай, зулай, духны дэлбэнгийн эдийн цус хуралт, няцрал, дух, зулай, чамархайн хуйхны хууларсан шарх, цээжний баруун талын 10, 11 дүгээр хавирганы хугарал, баруун уушгины няцрал, цээжний баруун хөндийн шингэн хурагдалт, бүсэлхийн 2-р нугалмын хугарал, баруун бугалга, баруун тохой, баруун өвдөг, цээжний зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий эрүүл мэндэд нь хүнд зэргийн хохирол учруулсан тул Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Дашнямаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1, 4.2-т зааснаар яллуулахаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн.

3.Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд шүүгдэгч А.Ч ыг “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай” хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг согтуурсан үедээ зөрчсөний улмаас хоёр түүнээс олон хүний амь нас хохироосон, нэг хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн.

4.Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокуророос “...анхан шатны шүүх шийдвэр гаргахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн” гэсэн агуулга бүхий үндэслэлээр шийдвэрт өөрчлөлт оруулахаар эсэргүүцэл,

-хохирогч Н.Эн хууль ёсны төлөөлөгч Н.П ын өмгөөлөгч Г.Энхжавхлан, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.П  нарын зүгээс “...шүүгдэгчид оногдуулсан ял хөнгөдсөн” гэсэн агуулга бүхий үндэслэлүүдээр шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар тус тус давж заалдсан гомдол гаргасан.

5.Давж заалдах шатны шүүхээс хэргийг бүхэлд нь хянан хэлэлцээд анхан шатны шүүх шүүгдэгч А.Ч ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1, 4.2-т зааснаар гэм буруутайд тооцсон нь хууль зүйн үндэслэлтэй болсон.

Шүүгдэгч А.Ч ын *УБТ улсын дугаартай “Мерседес Бенз Актрос 1851” загварын тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа зам тээврийн осол гаргасан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэгт заасан “ ...тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас, ... энэ гэмт хэргийг согтуурсан үедээ, ... хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулж үйлдсэн бол, ... согтуурсан үедээ үйлдсэн, ... энэ гэмт хэргийн улмаас хоёр, түүнээс олон хүний амь нас хохирсон бол” гэх гэмт хэргийн шинжүүдэд тус тус нийцсэн байна.

Тодруулбал: Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 3648 дугаартай дүгнэлтээр “А.Ч ” гэж хаягласан цуснаас 2.1 промилли спиртийн агууламж илэрсэн, ...согтолтын дунд зэрэгт хамаарна /1хх 103-105/ гэж тодорхойлогдсон.

 Техникийн бүрэлдэхүүнтэй шинжээчийн 06/43 дугаартай дүгнэлт /1хх 108-109/-д: *УБТ улсын дугаартай “Мерседес Бенз Актрос 1851” маркийн тээврийн хэрэгслийн жолооч А.Ч  нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а заалт буюу “жолоочид ... согтууруулах ундаа ...хэрэглэсэн ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно, 11.3 дугаар заалт буюу “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно”, мөн дүрмийн 2 дугаар хавсралт Замын тэмдэглэл 1.4 дүгээр  заалт буюу “1.1-1.3... тэмдэглэлийг тээврийн хэрэгслээр давахыг хориглоно” гэснийг тус тус зөрчсөн, ...жолооч А.Ч ын Замын хөдөлгөөний дүрмийн заалтуудыг зөрчсөн нь ослын шалтгаан болсон гэж дүгнэсэн.

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 10359 дугаартай шинжээчийн дүгнэлт /1хх 82-85/-д: Н.Эн биед тархины зүүн тал бөмбөлгийн чамархай, зулай, духны дэлбэнгийн эдийн цус хуралт, няцрал, дух, зулай, чамархайн хуйхны хууларсан шарх, цээжний баруун талын 10, 11 дүгээр хавирганы хугарал, баруун уушгины няцрал, цээжний баруун хөндийн шингэн хурагдалт, бүсэлхийн 2-р нугалмын хугарал, баруун бугалга, баруун тохой, баруун өвдөг, цээжний зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3, 3.1.12-д зааснаар амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарах гэмтлүүд учирсан,

Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 51-61/-үүд, цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ /1хх 62-79/-үүдэд: * настай С.Б, * настай Б.Н, * настай Б.Т нарын амь нас хохирсон болох нь тус тус тогтоогдсон.

Эдгээр үндэслэл, нөхцөл байдлуудад үндэслэн шүүгдэгч А.Ч ыг гэм буруутайд тооцсон  анхан шатны шүүхийн шийдвэрийн дүгнэлт нь хэргийн бодит байдалд нийцсэн байна гэж давж заалдах шатны шүүх үзсэн.

 Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар  тухайн хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан,  мөрдөн байцаалт, прокурор болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан өмгөөлөгч сонгох, хавтаст хэргийн материалтай танилцах, хохиролтой холбоотой нотлох баримтуудыг гаргаж өгөх зэрэг хуульд заасан эрхүүдийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдсонгүй.

6.Гэмт хэрэг 2023 оны 07 дугаар сарын 31-ны өдөр гарсан ба анхан шатны шүүх гэмт хэрэг гарсан цаг хугацаанд үйлчилж байсан Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1, 4.2-т заасан гэмт хэрэгт “... тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн таван жилээс найман жил хүртэл хасаж, хоёр жилээс найман жил хүртэл хорих ял шийтгэх”-ээр заасан ялаас шүүгдэгч А.Чд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 7 жилийн хугацаагаар хасч, 5 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй.

Эрүүгийн хуулийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно” гэсэнд анхан шатны шүүхийн дүгнэлт нийцсэн, гэмт хэрэг болгоомжгүй хэлбэрээр үйлдэгдсэн тул шүүгдэгчийн эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэлтэй гэж мөн давж заалдах шатны шүүх үзсэн.

Иймд хохирогч талаас гаргасан шүүгдэгчид оногдуулсан ял хөнгөдсөн гэсэн давж заалдсан гомдлуудыг хангах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзсэн.

7.Энэ гэмт хэргийн улмаас хохирогч нарт учирсан хохирлууд болох оршуулгын зардал, хохирогч Н.Эн эмчилгээний зардлууд, хохирогчийн сэтгэцэд учирсан хохирол, хор уршгийн хохирлуудыг анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд тооцож шийдвэрлэсэн, нас барсан хохирогч нарын гэм хорын хохирлуудыг анхан шатны шүүх Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5-д заасныг баримтлан өөрийн санаачилгаараа тооцсоныг буруутгах боломжгүй ба ингэхдээ 2023 онд мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцсон нь мөн гэмт хэрэг гарсан хугацаанд дагаж мөрдөж байсан хуулиар шийдвэрлэх нөхцөлд хамаатуулсан  нь үндэслэлтэй, зөв болсон байна.

Мөн амь хохирогч С.Б, Б.Т, Б.Н нарын хууль ёсны төлөөлөгч С.Б, түүний өмгөөлөгч нараас нэхэмжилсэн гэм хор учруулсны нөхөн төлбөр гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагад хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй тул хэлэлцэхгүй орхисон нь зөв болсон.

Анхан шатны шүүх хохирогч Н.Эн цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэхээр мөн дүгнэсэн боловч шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт эдгээрийг орхигдуулж шийдвэрлэсэн байна.

Хохирол төлөх цаг хугацааг шүүхээс шууд тогтоох боломжгүй ба “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай” хуульд зааснаар шүүгдэгчээс хохирол төлбөрийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хүрээнд хуульд заасан үндэслэл, журмын дагуу шийдвэрлэгдээд явна.

8.Харин анхан шатны шүүх шийдвэр гаргахдаа шүүгдэгч А.Ч ын хөрөнгө болох  *УБТ улсын дугаартай “Мерседес Бенз Актрос 1851” маркийн тээврийн хэрэгслийн сери дугаарыг “УБГ” гэж алдаатай бичсэн, уг тээврийн хэрэгслийг Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлд зааснаар хохирогч нарт учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор хураахаар шийдвэрлэх байтал шийдвэрлээгүй орхигдуулсан, шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагааны үед урьдчилан цагдан хоригдсон хоногийг 41 гэж тоолох байтал 36 хоног гэж дутуу тооцсон нь тус тус буруу болсныг давж заалдах шатны шүүхээс зөвтгөж, өөрчлөлт оруулах боломжтой гэж үзсэн ба энэ тухай бичсэн прокурор Б.Дашнямаас гаргасан эсэргүүцлийг хангасан.

9.Мөн хэрэгт Техникийн эвдрэлийн дүгнэлт /1хх 112-115/-д: хохирогч С.Бийн жолоодож явсан *УБҮ дугаартай цагаан өнгийн “Тоёота приус-20” маркийн тээврийн хэрэгсэл нь үйлдвэрийн тоноглолоос өөр нэмэлт тоноглол байхгүй, осолд хүргэх зүйл байгаагүй, хэвийн байсан гэж тодорхойлж, ослын улмаас уг автомашинд учирсан техникийн эвдрэлийн жагсаалтыг гаргаж “Хас үнэлгээ” ХХК-ны дүгнэлтээр уг эвдрэл, хохирлын үнэлгээг 8,006,000 төгрөг гэж үнэлсэн байгааг анхан шатны шүүх шийдвэр гаргахдаа орхигдуулж шийдвэрлэсэн.

Эдгээр үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд дээрх өөрчлөлтүүдийг оруулах нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д заасанд хамаарч байх тул шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзсэн.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3,  39.4, 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 2024/ШЦТ/88 дугаартай шийтгэх тогтоолын 5 дугаар заалтад “36 хоног” гэснийг “41 хоног” гэж,

-7 дугаар заалтад “ Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 551.1 гэснийг Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн  511.5 гэж зөвтгөн,

-7 дугаар заалтад хохирогч С.Бтэй холбоотой хохирол шийдвэрлэсэн хэсэгт “...амь хохирогч С.Бийн ээж Д.Э сар бүр 482,732 төгрөгийн нөхөн төлбөрийг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх” гэж нэмж,

 -“...хохирогчийн жолоодож явсан *УБҮ дугаартай цагаан өнгийн “Тоёота приус-20” маркийн тээврийн хэрэгсэлд учирсан хохирол болох 8,006,000 төгрөгийг гаргуулж хохирогч Н.Э олгох” гэж нэмж,

-7 дугаар заалтын хохирогч Н.Эн хохирол шийдвэрлэсэн хэсэгт “...хохирогч Н.Эн цаашид гарах эмчилгээний зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй” гэж нэмж,

-8 дугаар заалтад “Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 1, 3-т зааснаар прокуророос битүүмжилсэн шүүгдэгч А.Ч ын хөрөнгө болох  *УБТ улсын дугаартай “Мерседес Бенз Актрос 1851” маркийн тээврийн хэрэгслийн битүүмжилснийг хүчингүй болгож, хохирогч нарт учруулсан хохирлуудыг нөхөн төлүүлэх зорилгоор уг тээврийн хэрэгслийг хурааж, худалдан борлуулж, хохирогч Н.Энхтуяа болон амь хохирогч нарын хохиролд хуваан олгосугай” гэж нэмж, тус тус өөрчлөлт оруулж, шийтгэх тогтоолын бусад заалтуудыг хэвээр үлдээж, прокурор Б.Дашнямаас гаргасан эсэргүүцлийг хангаж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.П  болон түүний өмгөөлөгч Г.Энхжавхлан нараас гаргасан давж заалдсан гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ч ын  2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдрөөс 06 дугаар сарын 19-ны өдрийг хүртэл нийт 61 /жаран нэг/  хоног цагдан хоригдсоныг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай. 

3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1, 40.1 дүгээр зүйлийн 1, 2-т зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдаж, анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхийн шийдвэрт оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

Н.БОЛОРМАА

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БОЛОРМАА

ШҮҮГЧИД О.ОДНЯМАА

А.САЙНТӨГС