Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2026 оны 01 сарын 28 өдөр

Дугаар 128/ШШ2026/0119

 

  

 

 

 

   2026          01           28                                     128/ШШ2026/0119

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Эрдэнэчимэг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

            Гомдол гаргагч: Б.А******* /РД:ХН*******/;

            Хариуцагч: Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн Хувь хүний орлогын албан татварын Татварын улсын байцаагч О.П******* нарын хооронд үүссэн маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: гомдол гаргагч Б.А*******, гомдол гаргагчийн өмгөөлөгч Б.Б*******, Б.Э*******, хариуцагч О.П*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Д*******, гэрч Ж.С*******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар П.Анхбаяр нар оролцов.

                                       ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэг.Гомдлын шаардлага:

1.1.Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн татварын Улсын байцаагчийн  2025 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 0 дүгээр шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах гэж тодорхойлсон.

Хоёр.Хэргийн үйл баримт процессын талаар:

2.1.Гомдол гаргагч нь шүүхэд энэхүү  гомдлыг гаргахаас өмнө буюу 2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр “Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн Хувь хүний орлогын албан татварын тасгийн татварын улсын байцаагч О.П*******ын 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 0******* дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” гомдлын шаардлага гаргасан байна.

2.2.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 128/ШШ2025/******* дугаар шийдвэрээр гомдол гаргагчийн гомдлыг шаардлагыг бүхэлд нь хангаж, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 221/МА2025/ дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

2.3.Монгол Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2025 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 001/ХТ2025/ дүгээр тогтоолоор  “... хариуцагч процедурын алдааг зөвтгөх боломжтой, энэ нь шүүхийг шинжлэн судлах боломжоос хэтэрсэн” гэсэн дүгнэлт хийгээд, хариуцагч Улсын байцаагчийн 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 0******* дугаар шийтгэлийн хуудсыг дахин шинэ акт гаргах нэг сарын хугацаатайгаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн байна.

2.4.Ингээд Улсыг байцаагч нь дээрх шүүхийн шийдвэрийг биелүүлж, 2025 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 0 дугаар Шийтгэлийн хуудсыг шинээр  гаргаж, гомдол гаргагчаас уг Шийтгэлийн хуудсыг эс зөвшөөрч тус шүүхэд 2025 оны 12 дугаар сарын 09-ний өдөр гомдол гаргаснаар захиргааны хэрэг үүсгэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан.

Гурав.Хэргийн оролцогчдын тайлбар, түүний үндэслэл:

3.1.Гомдол гаргагч шүүхэд бичгээр гаргасан гомдлын үндэслэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Монгол Улсын иргэн Б.А******* би Үндсэн хуулиар баталгаажуулсан сонгох, сонгогдох эрхээ хэрэгжүүлж Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд М С Д Намаас нэр дэвшсэн боловч сонгуулийн зардлын дансанд сонгуулийн сурталчилгаа явуулахад шаардлагатай хандив цуглаагүй тул сонгуулийн компанит ажлаа зогсоосон. Манай намын сонгууль эрхэлсэн байгууллагаас сонгуулийн зардлын данс нээх, тайлагнахтай холбоотой асуудлаар зааварчилгаа, удирдамжийг нэр дэвшигч нарт хүргүүлж ажиллаж байсан бөгөөд миний бие намаас ирүүлсэн чиглэлийн хүрээнд сонгуулийн хандивын данс нээлгэж, хөндлөнгийн аудитын дүгнэлт гаргуулан Үндэсний аудитын газар хүргүүлсэн болно.

Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн Хувь хүний орлогын албан татварын тасгийн татварын Улсын байцаагч О.П******* нь намайг сонгуулийн зардлын дансаа эрх бүхий байгууллагад бүртгүүлээгүй гэх үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21-т зааснаар торгох шийтгэлийг 2025 оны 03 сарын 25-ны өдөр оногдуулсан.

Миний бие уг шийдвэрийг эс зөвшөөрч шүүхэд гомдол гаргасан бөгөөд анхан болон Давж заалдах шатны шүүхээс хариуцагчийн шийтгэлийн хуудасны маягтыг сольж зөрчил оногдуулсан үйлдэл нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гэж дүгнэж, гомдлыг бүхэлд хангаж шийдвэрлэсэн.

Харин Монгол Улсын Дээд шүүхийн 2025 оны 10 сарын 08-ны өдрийн дугаар тогтоолоор шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж "... шийтгэлийн хуудасны маягтны хуудсыг сольж бичсэн үйлдэл нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны зөрчил мөн боловч ноцтой зөрчил биш ..." тул гэх агуулгаар нэхэмжлэгч миний анх шүүхэд гаргасан гомдлын шаардлага болон хариуцагч талаас хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг тус тус хангаж "... хариуцагчийг Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу холбогдох ажиллагааг дахин явуулж, дахин шинээр акт гаргуулахаар маргаан бүхий шийтгэлийн хуудсыг нэг сарын хугацаатай түдгэлзүүлж" шийдвэрлэсэн.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-т заасан "... дахин шинэ акт гаргах ..." гэх ойлголт нь зөвхөн шийтгэлийн хуудсыг шинээр гаргах бус шүүхээс заасан хугацаанд шийдвэр гаргахад шаардлагатай нотлох баримт цуглуулах, гэрч асуух, мэдүүлэг авах зэрэг ажиллагааг дахин явуулсны үндсэн явагдах ёстой гэж ойлгож байгаа бөгөөд Дээд шүүхийн тогтоол дээр ч тодорхой тайлбарлажээ.

Надад холбогдуулан сонгуулийн зардлын дансыг бүртгүүлэх журам зөрчсөн үндэслэлээр анх явуулсан зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд миний бие өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авах эрхээ хэрэгжүүлээгүй байсан тул эрхээ хамгаалуулах талаар идэвхтэй үйлдэл гаргаж байгаагүй, тийм эрхтэй болохыг ч татварын Улсын байцаагч надад сануулаагүй.

Нэгэнт татварын Улсын байцаагч дахин шинээр акт гаргах болсон тул шүүхээс тогтоосон хугацаанд Сонгуулийн ерөнхий хорооноос сонгуулийн зардлын данс бүртгүүлэх, тайлагнахтай холбоотой улс төрийн намуудад хүргүүлсэн зөвлөмж, Үндэсний аудитын газраас холбогдох баримт гаргуулах, М С Д Намын сонгууль эрхэлсэн байгууллагын эрх бүхий албан тушаалтныг гэрчээр оролцуулах, дахин мэдүүлэг өгөх зэрэг холбогдох ажиллагааг хийлгүүлэх хүсэлтэй байсан.

Гэтэл хариуцагч нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу холбогдох ажиллагааг дахин явуулахгүйгээр Дээд шүүхийн тогтоол бичгээр гарсан өдөр буюу 2025 оны 11 сарын 06-ны өдөр 0 дугаар "Шийтгэлийн хуудас"-ыг солих байдлаар үйлдэж, холбогдогч, түүний өмгөөлөгчөөс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой нотлох баримт гаргаж өгөх, мэдүүлэг өгөх, гэрч асуулгах хүсэлт гаргах эрхийг эдлүүлэхгүй намайг торгосныг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Татварын Улсын байцаагч болон хяналт тавьсан прокурорын энэхүү үйлдэл нь хэргийн оролцогчийн эрхийг эдлүүлээгүй ноцтой зөрчилд хамаарахаас Дээд шүүхийн 2025 оны 10 сарын 08-ны өдрийн 001/ХТ2025/ дугаар тогтоолоор Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-т заасныг тайлбарласнаас өөрийн шийдсэн хууль бус үндэслэлд хамаарч байна.

Иймд Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн татварын Улсын байцаагч О.П*******ын 2025 оны 11 сарын 06-ны өдрийн 0 дүгээр шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Гомдол гаргагч нэмэлт тайлбартаа: “Хариуцагч П*******ыг өмнө нь уулзаж байгаагүй, танихгүй. Гэтэл П******* байцаагч надтай гэмт хэрэг хийсэн хүнтэй харьцаж байгаа мэт харьцаатай байсан. Шинэ шийтгэлийн хуудас гаргахдаа дахин мэдүүлэг аваагүй, эрх зүйн туслалцаа авах эрхийг хангаагүй байцаалт өгөхдөө өмгөөлөгчтэй байх эрхийг хангах байсан ч хангаагүй, эрх үүрэг тайлбарлаагүйд гомдолтой байгаа” гэв.

3.2.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б******* шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа:

“Сонсох ажиллагаа хийхгүй байх нөхцлийг зааж өгсөн тухайн хийх шаардлагагүй нөхцөл байдлаа хариуцагч нотлох үүрэгтэй байсан. Хэргийн оролцогчдын эрхийг бүрэн эдлүүлээгүй, хэрэв эрхийг эдэлсэн байсан бол гарах шийдвэрийн үр дүн өөрчлөгдөх боломжтой байсан. Улсын Их Хурлын 2024 оны сонгуульд Үндэсний аудитын газраас данс нээгээгүй, дансаа бүртгүүлээгүй 135 тохиолдлыг Сонгуулийн ерөнхий хороо болон Татварын ерөнхий газарт өгсөн байдаг. Нийт тохиолдолын 50 хувиас 60 хувьд нь шийтгэл ногдуулаагүй. Үүнээс үүдэн ижил тэгш байх зарчим алдагдсан байна гэж үзэж байгаа. Бусад татварын улсын байцаагчийн хяналт шалгалтын акттай холбоотойгоор актыг 6 сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлдэг. Шинэ акт гарч байгаа учраас процесс ажиллагаа шинээр эхэлдэг. Шийдвэр гаргах ажиллагааны журам зөрчигдсөн байна. Мөн хохирогчийн эрхийг эдлүүлээгүй үйлдэл нь Үндсэн хуулиар заасан эрхийг нь зөрчсөн үйлдэл байна. Тиймээс маргаан бүхий актыг хүчингүй болгож өгнө үү” гэв.

3.3.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Э******* шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа:

“Төрийн эрх бүхийн байгууллагын гаргасан хүсэлтийг Дээд шүүхээс хүлээж аван эрхийг хангасан. Дээд шүүхийн шийдвэр бол дахин акт гаргах үүрэг болгосон шийдвэр байсан. Дээд шүүхийн тогтоол дээр шинээр актаа гаргахдаа холбогдох ажиллагаа хийсний үндсэн дээр актаа шинээр гаргах байсан. Шүүх хуралдааны явцад хариуцагчийн төлөөлөгч Дээд шүүхийн тогтоол бол үүрэг болгож, дахин акт гарга л гэж заасан гэж тайлбарлаж байна. Дээд шүүхийн тогтоолын 17, 18 дахь хэсэгт “энэ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил мөн байна. Дахин шинээр акт гаргах шаардлагатай, шинээр акт гаргахдаа холбогдох ажиллагааг дахин хийсний үндсэн дээр акт гаргана” гэж заасан. Нэхэмжлэгч талаас холбогдох ажиллагаа хийлгэх хүсэлтийг хариуцагч болон прокурорт гаргасан хэдий ч огт хүлээж аваагүй. Хэрэгт авагдсан баримтуудаар нэхэмжлэлийн үндэслэл шаардлага нотлогдож байна. Нэхэмжлэгч Б.А*******гийн дансаар бүртгүүлээгүй нь үнэн боловч энэхүү зөрчилд 10 сая төгрөг оногдуулж байгаа нь нийцэхгүй байна. Дээд шүүхийн тогтоолыг нэхэмжлэгч тал гардаж аваагүй байхад шинэ шийтгэлийн хуудас гаргасан нь хэргийн оролцогчдын эрхийг хангаагүй хууль бус үйлдэл гэж үзэж байна. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, татварын улсын байцаагчийн шийдвэрүүдийг хүчингүй болгож өгнө үү” гэв.

3.4.Хариуцагч шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: 

“Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн Хувь, хүний татварын тасгийн Татварын улсын байцаагч О.П******* би, "Үндэсний Аудитын газраас Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигч иргэн, нам, эвслийн сонгуулийн зардлын тайланд хяналт тавьж, Зөрчлийн тухай хуульд заасан зөрчил илрүүлэн харьяаллын дагуу шалгуулахаар Үндэсний аудитын газрын 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 01/1923 дугаартай албан бичигт Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.4 дэх хэсэгт заасныг зөрчсөн гэх мэдээлэлд Баянзүрх дүүргийн 8 дугаар тойрогт М С Д Намаас нэр дэвшсэн иргэн Б овогтой А******* (РД: ХН*******)-д холбогдох мэдээллийг 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 16 цаг 10 минутад хүлээн авсан.

Зөрчил хуваарилагдсаны дагуу иргэн Б.А*******гийн 99 дугаар утас руу 2025 оны 02 сарын 26, 27-ны өдрүүдэд удаа дараа залгаж, зурвас илгээн ирж уулзахын сануулсан боловч хөдөө ажилтай явж байгаа өөрийн биеэр очих боломжгүй хариу өгсөн тул шаардлагатай нотлох баримтыг цуглуулах, холбогдогчоос мэдүүлэг, тайлбар авах зэргээс үүдэн зөрчлийн хэрэг нээсэн.

Холбогдогч иргэн Б.А*******д 2025 оны 02 дугаар сарын 27-ны 10 цаг 00 минутад зөрчлийн хэргийн материалтай танилцах талаар мэдэгдсэн боловч хөдөө ажилтай явж байгаа хот орохоороо холбогдох баримт бичиг авч ирнэ гэсэн шалтгаанаар хойшлуулан 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 08 цаг 30 минутад тус хэлтсийн 206 тоотод ирж уулзан Үндэсний Аудитын газраас ирүүлсэн гомдол мэдээллийн талаар танилцуулан Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 51 дүгээр зүйл, 51.4 дэх хэсэг "Нам, эвсэл болон нэр дэвшигч сонгуулийн зардлын дансны дугаар, банкны нэрийг санал авах өдрөөс 15-аас доошгүй хоногийн өмнө төрийн аудитын дээд байгууллагад мэдэгдэж, бүртгүүлэх үүрэгтэй" гэж заасныг зөрчсөн гэх гомдлын тухай холбогдогчоос мэдүүлэг авахад Сонгуулийн зардлын харилцах данс нээсэн боловч, Үндэсний аудитын газарт сонгуулийн зардлын данс бүртгүүлээгүй зөвхөн зардлын тайлангаа хүргүүлсэн талаараа дурдсан.

Холбогдогчийн мэдүүлгийн дагуу Үндэсний аудитын газраас М С Д Нам болон дэвшигч Б.А******* нь сонгуулийн зардлын данс бүртгүүлсэн эсэх, зардлын дансыг нийтэд мэдээлсэн эсэх тухай тодруулга авахаар 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдөр 4/ дугаартай албан тоот хүргүүлсэн. Үндэсний аудитын газраас 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 01/ дугаартай албан тоот хариуд "Монгол Улсын Ерөнхий аудиторын 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн дүгээр тушаалаар баталсан "Монгол Улсын Их Хурлын сонгуульд оролцож байгаа нам, эвсэл, нэр дэвшигчийн сонгуулийн зардлын тайлан гаргах, зардлын тайланд аудит хийх, хянах, дүнг нийтэд мэдээлэх, танилцуулах журам"-ын 3.4-т "Нам, эвсэл, нэр дэвшигчийг сонгуульд оролцуулахаар бүртгэх тухай Сонгуулийн ерөнхий хорооны шийдвэр гарснаас хойш нам, эвсэл, нэр дэвшигч холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн сонгуулийн зардлын дансыг нээлгэж, сонгуулийн зардлын дансны дугаар, банкны нэрийг санал авах өдрөөс 15-аас доошгүй хоногийн өмнө Үндэсний Аудитын газарт бичгээр мэдэгдэж, бүртгүүлнэ" гэж тус тус заасан.

Гэвч хуулийн дээрх зохицуулалтын дагуу Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн 8 дугаар тойрогт М С Д Намаас нэр дэвшигч Б.А******* нь сонгуулийн зардлын дансны дугаар, банкны нэрийг хуульд заасан хугацаанд Үндэсний Аудитын газарт мэдэгдэж, бүртгүүлээгүй байна" гэх хариуг ирүүлсэн байна.

Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад Үндэсний аудитын газраас ирүүлсэн нотлох баримт, холбогдогчийн мэдүүлэг зэргээр Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 51 дүгээр зүйл, 51.4 дэх хэсэгт заасныг зөрчиж, зөрчил гаргасан нь тогтоогдсон.

Иймд татварын Улсын байцаагч О.П******* би М С Д Намаас нэр дэвшигч иргэн, холбогдогч Б.А******* Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшихдээ Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 51 дүгээр зүйл, 51.4 дэх хэсэг "Нам, эвсэл болон нэр дэвшигч сонгуулийн зардлын дансны дугаар, банкны нэрийг санал авах өдрөөс 15- аас доошгүй хоногийн өмнө төрийн аудитын дээд байгууллагад мэдэгдэж, бүртгүүлэх үүрэгтэй" гэж заасныг зөрчсөн тул Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 17.1.21-д "Сонгуулийн зардлын дансыг бүртгүүлэх, зардлын дансанд мөнгөн хөрөнгийг төвлөрүүлж, зарцуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн бол хүнийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно" гэж заасны дагуу шийтгэлийн хуудас бичсэн. Холбогдогч иргэн Б.А*******д 2025 оны 03 дугаар сарын 27-ны өдөр шийтгэлийн хуудсыг шуудангаар холбогдогч Б. А*******д гэрийн хаягаар хүргүүлсэн.

Гомдол гаргасан Б.А******* нь маргаан бүхий шийтгэлийн хуудсыг эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд "Зөрчилд шийтгэл оногдуулах тухай" маягт-1-ийг "Хялбаршуулсан журмаар зөрчилд шийтгэл оногдуулах тухай" Маягт-2-р үйлдсэн алдааг залруулахаар анхан шатны болон давж заалдах шатны шүүхэд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-т зааснаар зөвхөн шүүхийн шийдвэрээр өөрчлөлт оруулах боломжтой гэж хүсэлт гаргасан боловч Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 128/ШШ2025/******* дугаар шүүхийн шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 221/МА2025/ дугаартай магадлалаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгон шийдвэрлэсэн. Уг шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргаснаар 2025 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 001/ХТ2025/ дугаар тогтоолоор хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангаж "Гомдол гаргагчаас Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21 дэх хэсэгт заасан зөрчлийг гаргасан гэдгийг хүлээн зөвшөөрөөгүй байхад хариуцагч татварын улсын байцаагчаас зөрчлийн хэрэг нээж 28 хоног ажиллагаа явуулсан боловч хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх маягтаар гомдол гаргагчид шийтгэл оногдуулсан нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн байна.

Гэсэн хэдий ч энэхүү журмын зөрчил нь шийтгэлийн хуудсыг бүхэлд нь хүчингүй болгох үндэслэл болохгүй бөгөөд хариуцагчийн зүгээс уг журмын зөрчлийг арилгах боломжтой гэж тайлбарлаж буй энэ тохиолдолд маргаан бүхий актыг түдгэлзүүлж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Иймд, анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулж, дахин шинэ акт гаргах хүртэл маргааны бүхий актыг 30 хоногийн хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн байна.

Дээрх тогтоолын дагуу 2025 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр шийтгэлийн хуудсыг зөвтгөн бичиж, холбогдогчийн гэрийн хаягаар хүргүүлэн шийдвэрлэсэн. Шийдвэрийг эс зөвшөөрч 2025 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр гомдол гаргагчийн өмгөөлөгч Б.Б******* нь Баянзүрх дүүргийн Прокурорын газарт гомдол гаргасныг 2025 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 471 дугаар тогтоолоор Гомдлыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн байна.

Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож 2025 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн шийтгэлийн хуудсыг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.

3.5.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа:

 “Зөрчлийн тухай хууль болон Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль дээр аль алинд нь процессыг дахин явуулах үндэслэл байхгүй. Шүүхийн аль ч үе шат дээр шийтгэлийн хуудасны маягт андуурсан асуудал дээр л яригдаж байсан болохоос процессын алдааг хэлэлцэгдэж байгаагүй. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйл зүйлийн 6 дахь хэсэг дээр шийтгэлийн хуудас үйлдсэнээс хойш 3 хоногийн дотор холбогдогчид гардуулж өгөх үүрэгтэй.  Энэ үүргийнхээ дагуу 3 хоногийн дотор багтааж аваагүй бол дараагийн 7 хоногоос цахим мэдээллийн сан дээр байгаа үндсэн одоо бүртгэлтэй хаяг руу нь баталгаат шуудангаар хүргүүлэх үүрэгтэй. Энэ үүргээ биелүүлсэн гэж үзэж байна. Улсын дээд шүүхэд маягтын алдааг засах боломжоор хангаж өгөх хүсэлт гаргасан бөгөөд Улсын дээд шүүхээс тухайн хүсэлтийг хангаж шийдвэрлэсний дагуу актыг шинэчлэн гаргасан. Хуульд процесс ажиллагааг дахиж эхнээс нь явуулах заалт, үндэслэл байхгүй. Мөн залруулга хэлмээр байна. Татварын улсын байцаагч төрийн албан хаагч  бөгөөд хуульдаа л захирагдаад, хуулийн дагуу ажил үүргээ эрхлээд явдаг.  Татварын улсын байцаагч ямар нэгэн байдлаар хувийн ашиг сонирхлын үүднээс Б.А*******д хандсан зүйл бол байхгүй гэдгийг хэлмээр байна. Нэгтгэн дүгнэж үзвэл Улсын дээд шүүхийн тогтоолтой холбоотой шинэ акт гаргахад процесс ажиллагааг шинээр эхлэх үндэслэл байхгүй байна. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэг.Маргааны хүрээ, эрх зүйн харилцааны төрөл:

1.1.Энэ хэрэгт “эрх бүхий албан тушаалтны Улсын дээд шүүхийн тогтоолыг биелүүлж, шинээр акт гаргах ажиллагаанд холбогдох” үйл баримт хэлэлцэгдсэн болно.

1.2.Шүүх хянавал зохих маргааны хүрээг нэхэмжлэгчийн  өмгөөлөгч нарын тодорхойлсноор “Улсын байцаагч нь Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2025 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 001/ХТ2025/ дүгээр тогтоолыг биелүүлж шинээр акт гаргахдаа нэхэмжлэгч Б.А*******д мэдэгдээгүй, сонсох ажиллагаа явуулаагүй, шинэ нотлох баримт гаргуулах, бусад ажиллагаа явуулах хүсэлт гаргах эрхийг хангаагүй” гэх гомдлын хүрээнд шийдвэрлэгдсэн болно.

1.3.Энэхүү маргаанаас өмнө Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 128/ШШ2025/******* дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 221/МА2025/ дугаар магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2025 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 001/ХТ2025/ дүгээр тогтоолуудаар Б.А*******г “сонгуулийн зардлын дансны дугаар, банкны нэрийн мэдээллийг төрийн аудитын дээд байгууллагад мэдээлж, бүртгүүлээгүй” зөрчил үйлдсэн болохыг тогтоон, дүгнэлт хийсэн байгаа тул энэхүү захиргааны хэрэгт уг үйл баримтыг дахин нотлохгүй, дүгнэлт өгөхгүй болно.

            Хоёр.Шүүхэд тогтоогдсон үйл баримтын талаар:

            2.1.Нэхэмжлэгч Б.А******* нь өмнө захиргааны хэргийн шүүхэд хандан “Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн татварын Улсын байцаагч /цаашид “Татварын Улсын байцаагч” гэх/-ийн 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 0******* дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлага гаргасныг, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх хянаад 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 128/ШШ2025/******* дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх 2025 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 221/МА2025/ дугаартай магадлалаар нэхэмжлэлийг хангаж, маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.

2.2.Дээрх шүүхийн шийдвэрүүдийг хянаад Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2025 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 001/ХТ2025/ дүгээр тогтоолоор  шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, “... “Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн хувь хүний орлогын албан татварын Улсын байцаагчийн 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 0******* дугаартай шийтгэлийн хуудсыг 1 (нэг) сарын хугацаагаар түдгэлзүүлж, дахин шинэ акт гаргахыг даалгаж шийдвэрлэсэн. /ХХ-ийн 24-28 дахь тал/

2.3.Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2025 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 001/ХТ2025/ дүгээр тогтоолын 17-д “Нэгэнт гомдол гаргагч нь “... сонгуулийн зардлын дансны дугаар, банкны нэрийн мэдээллийг төрийн аудитын дээд байгууллагад мэдээлж, бүртгүүлээгүй” зөрчил үйлдсэн болох нь  хэрэгт авагдсан баримтаар нотлогдсон тохиолдолд, хариуцагч татварын Улсын байцаагчаас Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21 дэх хэсэгт зааснаар Б.А*******д холбогдуулан гаргасан зөрчилд нь шийтгэлийн төрөл болох торгох шийтгэл оногдуулах шийдвэр гаргахдаа хялбаршуулсан журмын маягт хэрэглэсэн нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны зөрчил мөн хэдий ч энэ нь зөрчлийг бүхэлд нь болон холбогдогчид арга хэмжээ оногдуулах үндэслэлийг үгүйсгэх, цаашилбал, шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлд хамаарахгүй” гэж, тогтоолын  18-д “Нөгөө талаас, хариуцагчийн хариу тайлбар, шүүх хуралдааны тэмдэглэл, хяналтын гомдолд дурдагдсан “... шийтгэлийн хуудасны маягт байхгүй байсан,  маягт андуурсан” гэх тайлбар зэргээс үзэхэд, энэ нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил биш байх бөгөөд хариуцагч уг процедурын алдаагаа зөвтгөх боломжтой, энэ нь шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн байна” гэсэн дүгнэлтүүдийг хийжээ.

2.4.Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2025 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 001/ХТ2025/ дүгээр тогтоолыг хариуцагч 2025 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр, нэхэмжлэгч нь 2025 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр тус тус гардан авсан болох нь Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын Шүүхийн шийдвэр гардуулсан баримтаар тогтоогдож байна. /Анхан шатны шүүх 123/2025 индекстэй хэргийг шүүх хуралдаан дээр шинжлэн судлав/

2.5.Хариуцагч Улсын байцаагч нь Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2025 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 001/ХТ2025/ дүгээр тогтоолыг гардаж авснаас хойш 2 хоногийн дараа буюу 2025 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр шинээр 0 дугаартай Шийтгэлийн  хуудас (маягт-1)-ыг үйлдэж гаргажээ. /ХХ-ийн 6 дахь тал/

2.6.Мөн Улсын байцаагч нь 2025 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Байцаагчийн тэмдэглэл үйлдэн, уг тэмдэглэлд “... Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2025 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 001/ХТ2025/ дүгээр тогтоолоор шинэ акт гаргахыг өөрт даалгасан талаар, уг тогтоолын дагуу  2025 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр 0 дугаартай (Маягт-1) шийтгэлийн хуудас гарган өмнөх алдааг залруулж байгаа талаар, Шийтгэлийн хуудсыг ирж гардан авахыг Б.А*******гийн 99 дугаарын мэдэгдсэн талаар, дахин залгахад утсаа аваагүй талаар, өмгөөлөгчтэйгөө очиж авна гээд аваагүй талаар, 11 дүгээр сарын 11-ний өдөр өмгөөлөгчийн хамт хүрэлцэн ирж авсан талаар  тус тус мэдэгдэж, Б.А*******д уг тэмдэглэлтэй мөн өдрөөр танилцаад “Холбогдох ажиллагааг хийгээгүй тул гомдол гаргана” гэсэн тэмдэглэгээг хийж, гарын үсгээ зурсан байна. /ХХ-ийн 7 дахь тал/

2.7.Нэхэмжлэгч Б.А*******гийн өмгөөлөгч Б.Б******* нь 2025 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн хувь хүний орлогын албан татварын Улсын байцаагч О.П*******д хандан “... дахин шинэ акт гаргах болсонтой холбогдуулан зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд М С Д Намын дарга, тус намын санхүү хариуцсан ажилтнаас гэрчийн мэдүүлэг, Сонгуулийн ерөнхий хорооноос албан ёсны тайлбар, тодруулга авах ажиллагааг хийж өгөх хүсэлтийг гаргаж, мөн адил хүсэлтийг Баянзүрх дүүргийн Прокурорын газарт хүргүүлжээ./ХХ-ийн 8-9 дэх тал/

2.8. Баянзүрх дүүргийн Прокурорын газар нь 2025 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 4/2148 дугаартай албан бичгээр хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн зэрэг үйл баримт шүүхэд тогтоогдлоо. /ХХ-5 дахь тал/

Гурав.Маргаан бүхий актыг хянасан, шүүхээс хууль хэрэглэсэн, үйл баримтыг дүгнэсэн үндэслэлийн тухайд:

3.1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-т “Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа холбогдох захиргааны байгууллага, хуулийн этгээд, албан тушаалтан, хүн заавал биелүүлэх үүрэгтэй ...” гэж заасан тул хариуцагч Улсын байцаагч Улсын дээд шүүхийн шийдвэрийг биелүүлж шинэ акт гаргасан нь үндэслэлтэй байна.

3.2.Түүнчлэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-т “шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзвэл захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх” шийдвэр гаргахыг хуульчилсан бөгөөд шүүхүүд энэ заалтыг хэрэглэж маргааныг шийдвэрлэж байгаа бол шийдвэрийнхээ Үндэслэх хэсэгт “хэргийн ямар нөхцөл байдлыг хэрхэн тодруулах, нэмж тодруулах зүйлийн хүрээ хязгаар  ямар байх” зэргийг тодорхойлж бичдэг зарчимтай.

3.3.Энэ зарчмын дагуу Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2025 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 001/ХТ2025/ дүгээр тогтоолын 18-д “шийтгэлийн хуудасны маягт байхгүй байсан, маягт андуурсан энэ нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил биш байх бөгөөд хариуцагч уг процедурын алдаагаа зөвтгөх боломжтой, энэ нь шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн” гэж дүгнэсэн байгаа нь шүүх “захиргааны албан тушаалтныг процедурын алдаагаа засч, хэрэглэвэл зохих шийтгэлийн хуудсаа хэрэглэж шийдвэрээ гаргах замаар шинэ акт гаргахыг даалгаж шийдвэрлэсэн шийдвэр байна.

3.4.Энэ нь анхан шатны шүүхээс Улсын   дээд шүүхийн энэ тогтоолыг тайлбарлаж байгаа явдал биш бөгөөд харин Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2, 129 дүгээр зүйлийн 129.3-т заасны дагуу ойлгож, хэрэглэх замаар маргааныг шийдвэрлэж байгаа явдал болно.

3.5.Иймд хариуцагч Татварын Улсын байцаагч нь Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2025 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 001/ХТ2025/ дүгээр тогтоолыг биелүүлж, зөрчлийн хэргийг шалган шийдвэрлээд хариуцлага хүлээлгэхээ хэрэглэсэн буюу зөрчлийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үед хэрэглэдэг Шийтгэлийн хуудас (Маягт-2)-ыг хэрэглэсэн алдаагаас засч, Шийтгэлийн хуудас (Маягт-1)-эр шийтгэл оногдуулсан шийдвэр гаргасан нь хууль зөрчөөгүй байна.

3.6.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нараас Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2025 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 001/ХТ2025/ дүгээр тогтоолыг хариуцагч биелүүлэхдээ дахин зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулах ёстой байсан, шаардлагатай нотлох баримт цуглуулах, гэрч асуух болон Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагааг хийгээгүй” гэсэн үндэслэлийг шүүх хүлээн авах хууль зүйн үндэслэл байхгүй байна.

3.7.Тодруулбал, Захиргааны ерөнхий хуулийн 1 дүгээр зүйлийн 1-д “захиргааны нийтийн эрх зүйн хүрээнд гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлэн захиргааны байгууллагаас захиргааны акт, захиргааны хэм хэмжээний акт гаргах, захиргааны гэрээ байгуулах замаар иргэн, хуулийн этгээдтэй харилцах үйл ажиллагааны эрх зүйн суурь зохицуулалтыг бүрдүүлэхэд хуулийн зорилго оршино” гэж тодорхойлсон бөгөөд энэ хууль нь захиргааны шийдвэр гаргах ажиллагааны суурь зохицуулалт болсон хууль юм.

3.8.Харин Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1-д хуулийн зорилтыг зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны үндэслэл, журмыг тогтоож, зөрчлийг шалгах, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийтгэл оногдуулах, энэхүү ажиллагааны явцад хүн, хуулийн этгээдийн хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахад оршино гэж тодорхойлжээ.

3.9.Энэ бол захиргааны байгууллага, албан тушаалтан, прокуророос зөрчлийг шалган шийдвэрлэх ажиллагааны журмыг зохицуулсан нарийвчилсан зохицуулалттай хууль тул зөрчлийг шалган шийдвэрлэх ажиллагаанд зөвхөн энэ хуулийг баримтална.

3.10.Өөрөөр хэлбэл, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд зөвхөн нарийвчилсан зохицуулалттай Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг хэрэглэх бөгөөд уг хуулиар холбогдогчийг дуудан ирүүлэх, тайлбар, нотлох баримт гаргуулах, хүсэлт гаргах зэрэг ажиллагааг нарийвчлан журамласан байгаа тул энэ хуулийг хэрэглэж шийдвэрлэсэн ажиллагааг хууль зүйн зөрчилгүй ажиллагаа гэж үзнэ.

3.11.Иймд хариуцагчийг Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагааг явуулаагүй гэх нэхэмжлэгчийн гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй.

3.12.Нөгөө талаас 128/2025 индекстэй захиргааны хэрэгт Б.А*******гийн үйлдлийг шалган шийдвэрлэсэн ажиллагааны нотлох баримтууд авагдсанаас үзвэл Эрх бүхий албан тушаалтны Б.А*******гаас тайлбар авч, тэмдэглэл үйлдсэн, түүний эрх, үүргийг тайлбарласан талаар баримтжуулсан байгаагаас үзвэл тэрээр зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд эрх эдэлж, үүрэг хүлээж оролцсон чадсан гэж үзэх бөгөөд дээр дурдсан шүүхийн шийдвэрүүдээр нэхэмжлэгч Б.А*******гийн үйлдлийг зөрчил мөн болохыг дүгнэж, шийдвэрлэсэн байгаа тул хариуцагч шинэ актыг гаргахдаа дахин Б.А*******г зөрчил гаргасан эсэхийг шалгаж тогтоох, нотлох баримт цуглуулах, ямар нэг ажиллагаа явуулах шаардлагагүйн зэрэгцээ Улсын дээд шүүхээс ийм ажиллагааг нэмж хийхийг даалгаагүй байна гэдгийг энд тэмдэглэж байна.

3.13.Дээрх хууль зүйн үндэслэлүүдээр хариуцагч нь Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2025 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 001/ХТ2025/ дүгээр тогтоолыг биелүүлж, шинэ акт гаргахдаа, хууль зөрчөөгүй бөгөөд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн үйлдэл, үйл ажиллагаа явуулаагүй  гэдэг нь нотлогдсон учраас нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Дөрөв.Анхан шатны шүүхэд нотлох баримт цуглуулсан, үнэлсэн талаар:

4.1.Шүүх нь хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн буюу маргаан бүхий актын үндэслэл болсон нотлох баримтад дүгнэлт хийж, маргааныг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн ба нотлох баримтыг үнэлэх нь хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шүүгчийн дотоод итгэл, эрх хэмжээнд хамаарах болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх хэсэг, заалтуудыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1, Захиргааны ерөнхий хуулийн 1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.А*******гийн гаргасан Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн хувь хүний орлогын албан татварын Улсын  байцаагчийн 2025 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 0 дугаартай Шийтгэлийн  хуудсыг хүчингүй” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй  болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан, нэхэмжлэгч Б.А*******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  113 дугаар зүйлийн 113.2-т  заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэр гардан авснаас хойш 5 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг тэмдэглэсүгэй.

 

 

              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Д.ЭРДЭНЭЧИМЭГ