Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 2024/ДШМ/657

 

 

                                                               О.Оод холбогдох

                                                          эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж, шүүгч Б.Ариунхишиг, шүүгч Д.Мөнхөө нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Э.Билгүүн,

шүүгдэгч О.О, түүний өмгөөлөгч Д.Очирваань,

нарийн бичгийн дарга Б.Энхдөлгөөн нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны 2023 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 2023/ШЦТ/259 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч О.О, түүний өмгөөлөгч Д.Очирваань нарын хамтран гаргасан давж заалдах гомдлоор О.Оод холбогдох 2309 00000 2222 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мөнхөөгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Б овгийн О-ийн О, 19... оны ... дугаар сарын ...-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа портер машинаар ачаа зөөдөг ажилтай гэх, ам бүл ... хамт ... дүүргийн ... дүгээр хороо, ... гудамжны ... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:..../;

О.О нь 2023 оны 09 дүгээр сарын 02-ны өдрөөс 03-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хаан” гэх караокены гадна хохирогч Х.Лыг тодорхой шалтгаангүйгээр түүний нүүрэн тус газарт нь цохиж зодсоны улмаас эрүүл мэндэд нь “зүүн хоншоорын урд хана, зүүн ухархайн доод ирмэг, хана дайрсан хугарал, хоншоорын хөндийн цус хуралт, хамар яс, хамрын таславчийн хугарал, муруйлт, зүүн нүдний дотор буланд цус хуралт” бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: О.Оын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б овгийн О-ийн О-ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Оыг 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Оод оногдуулсан торгох ялыг хуульд заасан 3 /гурав/ сарын хугацаанд төлүүлэхээр тогтоож, хуульд заасан хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-т зааснаар шүүгдэгч О.Ооос 6.964.176 /зургаан сая есөн зуун жаран дөрвөн мянга нэг зуун далан зургаа/ төгрөгийг гаргуулж хохирогч Х.Лт олгож, хохирогч Х.Л нь тус гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол, хор уршигтай холбоотой нотлох баримтыг бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг Сидиг хэргийг хадгалах хүртэл хугацаанд хэрэгт хавсарган үлдээж, тус хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, шүүхийн шийдвэрт оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Оод авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч О.Оын өмгөөлөгч Д.Очирваань давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хохирогч Х.Л гэмт хэргийг хэн, хэрхэн, яаж үйлдсэн талаар зөрүүтэй мэдүүлсэн. Хавтаст хэргийн 24 дүгээр талд авагдсан эхний мэдүүлэгтээ “Миний араас татаж байгаад миний хамар луу нэг удаа цохисон. Тэр залуу гартаа чулуу барьсан байсан. Намайг яг ямар хүн цохисон талаар би мэдэхгүй байна.” гэж мэдүүлсэн. Хавтаст хэргийн 26 дугаар талд авагдсан 2 дахь удаагийн мэдүүлэгтээ “цагаан өнгийн фудволктой, шорттой, халимагдуу үстэй нэг эрэгтэй миний араас татаад, нүүр рүү нэг удаа цохисон” гэж мэдүүлсэн. 3 дахь удаагийн мэдүүлэгтээ “тэр эрэгтэй миний хамар хэсэгт баруун гараараа нэг удаа цохисон” гэж өөрчилж мэдүүлсэн. 4 дэх удаагийн мэдүүлэгтээ “намайг цохиж байх үед 5 гэж дугаарласан залуу миний хойд талд байсан, ямар ч байсан надтай зайтай байсан, би тодорхой санахгүй байна” гэж мэдүүлсэн. 5 гэж дугаарласан залуу хохирогчийн нүүрэн тус газарт тоосгоор цохисон О.Г юм. Хохирогч Х.Л биед нь гэмтэл учруулах үед О.Г ард нь зогсож байсан үйл баримтыг мэдүүлсэн. Хохирогч эхний 2 удаагийн мэдүүлэгтээ өөрийг нь хэн цохисон талаар санахгүй байгаа тул мэдүүлдэггүй. О.О хохирогч Х.Лын биед гэмтэл учруулсан талаар өөр гэрч, бичгийн нотлох баримтууд, камерын бичлэгээр тогтоогдсон үйл баримт байхгүй. Шүүх хохирогчийн эргэлзээтэй мэдүүлгээр О.Оыг гэм буруутайд тооцсон нь үндэслэлгүй байна. Шүүх гэмт хэрэг гарсан нөхцөл байдлыг тогтоохдоо “нүүрэн тус газар гараараа цохиж, зодсоны улмаас, мөн нүүрэн тус газар гараараа цохиж, зодсон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал тогтоогдлоо” гэж дүгнэсэн. Хохирогч Х.Лын биед өөр этгээд чулуугаар гэмтэл учруулсан талаар хохирогч Х.Л, шүүгдэгч О.О, гэрч Л.Мөнхтуяа нар мэдүүлдэг. Иймд хохирогчийн биед гэмтэл учруулахдаа гараар цохисон уу, эсвэл чулуугаар цохисон уу гэдгийг тогтоох шаардлагатай байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд шүүгдэгч О.Оын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг үгүйсгэх гэрчийн мэдүүлгийг бичиж, гэм буруутайд тооцсон нь ойлгомжгүй байна. Шийтгэх тогтоолд гэрч О.Балжиннямын “Х.Лыг хэн цохисныг хараагүй” гэх мэдүүлэг, гэрч С.Жанцангийн “би Х.Лыг хэн цохисныг хараагүй, учир нь, толгойгоо цохиулаад манарчихсан газар хэвтэж байсан” гэх мэдүүлэг, гэрч Н.Цэрэн-Очир “бид нар маргалдаад хоорондоо зодолдсон бөгөөд хэн, хаана, хэнтэй зодолдсоныг мэдэхгүй байна, Х.Лоос хэн цохисон талаар өөрөөс нь асуухад би тодорхой сайн хараагүй, нэг нь татаж ирээд намайг цохисон гэж байсан” гэх мэдүүлэг зэрэг эргэлзээтэй нотлох баримтуудыг дурдаж, О.О гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдлоо гэж дүгнэсэн нь бодит байдалтай нийцээгүй гэж үзэж байна. Хохирогч Х.Лтой хамт явж байсан 3 найз нь түүнийг хэнд цохиулсныг хараагүй гэж мэдүүлдэг. Хавтаст хэргийн 43 дугаар талд авагдсан О.Гын мэдүүлэгт “Намайг хавирч унагахаар нь би тэр залуу руу газраас тоосго аваад шидтэл оноогүй, буцаж шидээд зүүн шанаа руу нь нэг удаа би ухаан алдаад унасан. Миний толгой тухайн шидсэн тоосгоноос үүдэн хагарсан бөгөөд ухаан ороход тэр хүмүүс тал тал тийшээ зугтсан.” гэж мэдүүлсэн. О.Гоос “тухайн өдөр цагаан өнгийн фудволктой, шорттой, халимагдуу үстэй залуу явж байсан уу” гэж асуухад, “тийм хувцастай хүн яваагүй” гэж хариулсан. О.Г тоосго бариад явж байсныг шүүгдэгч О.О, гэрч С.Жанцан, гэрч Л.Мөнхтуяа нар мэдүүлдэг. Яагаад анхнаасаа О.Гыг заагаагүй тухайд, найз нөхдийн харилцаатай байсан, хар тамхины хэрэг, дээрмийн хэрэгт холбогдсон, Монгол Улсаас дүрвэж байгаа тул “мэдэхгүй гээд хэлчих” гээд удаа дараа гэрийнх нь гадаа ирж уулзсан, утсаар ярьж мэдүүлгийг нь зааж өгсөн. Сүүлдээ яллагдагчаар татагдах болсон тул фейсбүүкээр хийсэн видео дуудлагад үзлэг хийсэн тэмдэглэл хавтаст хэргийн 68 дугаар талд авагдсан. Уг видео дуудлагад О.О “нөгөөх чинь намайг цохисон гээд хэлчихсэн, одоо хэн цохисныг хэл гээд байна” гэхэд, О.Г “өөр юу гэж байна” гэж асуухад, О.О “чи ямар сонин юм бэ, чи өөрөө цохисон гэдгээ хэлж болохгүй юм уу” гэхэд, О.Г “би байхгүй бол наад хэрэг чинь шийдэгдэхгүй, тэгээд мартагдана, зураг хараад заангуут ингээд хийчихдэг юм уу, чи түүнд санаа зовоод байх зүйл байхгүй, өөрөө стресстээд байх юм байхгүй, би чамайг ацан шалаанд оруулаад орхисон зүйл байхгүй, ойлгосон уу” гэхэд, “гэмтлийн зэрэг нь ямар гарсан юм бэ” гэж асуух байдлаар О.О “чамаас болоод би буруутан боллоо” гэдэг агуулгаар ярьсан. Хавтаст хэргийн 72-73 дугаар талд авагдсан видео дуудлагад хийсэн үзлэгт О.Г “чамайг буруутгаад байвал наад мэнгэтэй бацаан чамаас дүү, 2000 оны жоохон бацаан тул урдаас нь хэрэлдээд хэл” гэхэд, О.Оын эхнэр “одоо чамайг гээд хэлчихээр яагаад байгаа билээ” гэхэд, О.Г “болохгүй бол тэгээд хэлээч дээ” гэсэн байдаг. С.Жанцан О.Оын эхнэрийг нь доромжилж, хоорондоо зодолдсон. С.Жанцангийн биед учирсан гэмтэлд маргахгүй. Хавтаст хэргийн 117 дугаар талд авагдсан гэрч Л.Мөнхтуяагийн мэдүүлэгт “О.Г гартаа тоосго барьчихсан хоорондоо нэгнээ дайраад байсан, тэгээд тэр хоёр буудлаас ертөнцийн зүгээр баруун тийшээ хойшоо тойроод явсан ба араас нь нөхөр бид 2 очсон. О.Г руу залгаад “үнэнийг хэлье” гэсэн чинь О.Г “яах юм бэ, ороод мэдэхгүй гээд хэлчих, цагдаа нар мэдэхгүй байхад та 2 орж үнэнийг хэлж яах юм” гэж мэдүүлсэн. Хавтаст хэргийн 76 дугаар талд О.О нь О.Гтой фейсбүүк чатаар харилцсан зурвасаар О.Оод мэдүүлэг зааж өгч байгаа байдал зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтаар О.О тухайн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал үгүйсгэгдэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасантай шүүхийн дүгнэлт нийцэхгүй байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасны дагуу анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, О.Оыг цагаатгаж өгнө үү.” гэв.

Шүүгдэгч О.О тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Буудлын гадаа манай эхнэрийг хэл амаар доромжилсон тул тухайн залуутай маргалдсан. Маргалдаан дуусаад байж байтал О.Г цагаан өнгийн фудволктой ахтай чулуугаар зодолдож байгаад буудлын ард тал руу гүйгээд явсан. Эхнэр бид хоёр буудлын гадаа гэрэлтэй байсан тул хараад зогсож байсан. Би очоод салгатал О.Г барьж байсан чулуугаа Х.Лын нүүр рүү шидэж, Х.Л нүүрээ дараад унасан. Би О.Год “болиоч, хүн алчихаж байгаа юм биш үү” гэхэд, О.Г “наадах чинь өөрөө эхэлж миний толгой руу цохисон” гэсэн. Хэрэг болсноос 5-6 хоногийн дараа О.Г над руу чат бичээд “би цагдаад чиний дугаарыг өгсөн, чамаас гэрчийн мэдүүлэг авна гэсэн” гэж хэлсэн.” гэв.

Прокурор Э.Билгүүн тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Хохирогч Х.Л цагдаагийн байгууллагад 2023 оны 9 дүгээр сарын 02-ноос 03-нд шилжих шөнө гомдол гаргасны дагуу мөрдөн шалгах ажиллагаа явуулсан. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Х.Лоос удаа дараа мэдүүлэг авсан бөгөөд О.Гыг 5 дугаарын зургаар, О.Оыг 4 дугаарын зургаар таньж олуулах ажиллагаа явуулахад 4 дугаарын зургийг заасан. Анхан шатны шүүх хуралдааны явцад хохирогч Х.Л өөрийнх нь биед хэн, хэрхэн, яаж гэмтэл учруулсан талаар мэдүүлсэн. Гэмт хэрэг гарсан газар хяналтын камер тусгагдаагүй байдаг. Л.Мөнхтуяа гэрчээр мэдүүлэг өгсөн боловч шүүхээс үнэлж тогтоогоогүй. Хохирогч Х.Л тухайн үед согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан бөгөөд машин дотор утсаараа тоглож байгаад гадаа зодоон болох үед салгах гэж очоод зодуулсан талаараа мэдүүлдэг. Шүүх хэрэгт цугларсан баримтын хүрээнд хууль зүйн дүгнэлт хийж, шүүх хуралдаанаар нотлох баримтуудыг шинжлэн судалж, шүүгдэгч О.Оыг гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй гэж үзэж байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад О.Гоос мэдүүлэг авахад энэ гэмт хэргийг хэн үйлдсэн талаар тодорхой мэдүүлдэггүй. Шүүгдэгч О.О О.Гтой видео дуудлага хийж “чиний үйлдсэн гэмт хэргийг би хүлээе” гэдэг агуулгатай баримт гаргаж өгсөн боловч тухайн видео дуудлагад О.Г “би энэ гэмт хэргийг үйлдсэн” гэж яриагүй. О.Г анхан шатны шүүх хуралдаанд цахимаар оролцож, гэрчээр “би хүн зодоогүй, харин өөрөө зодуулсан” гэж, мөрдөн шалгах ажиллагааны явцад “би чулуу шидсэн, гэхдээ хүн оноогүй” гэж мэдүүлсэн. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг үндэслэлтэй гэж үзэж байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч О.О, түүний өмгөөлөгч Д.Очирваань нарын хамтран гаргасан давж заалдсан гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянав.

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас О.Оыг 2023 оны 09 дүгээр сарын 02-ны өдрөөс 03-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хаан” гэх караокены гадна хохирогч Х.Лыг тодорхой шалтгаангүйгээр түүний нүүрэн тус газарт нь цохиж зодсоны улмаас эрүүл мэндэд нь “зүүн хоншоорын урд хана, зүүн ухархайн доод ирмэг, хана дайрсан хугарал, хоншоорын хөндийн цус хуралт, хамар яс, хамрын таславчийн хугарал, муруйлт, зүүн нүдний дотор буланд цус хуралт” бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд шүүгдэгч О.Оыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар оногдуулсан торгох ялыг хуульд заасан 3 /гурав/ сарын хугацаанд төлүүлэхээр тогтоож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны ба үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Учир нь, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд шүүгдэгч О.Оын яг ямар үйлдлийн улмаас хохирогч Х.Лын биед гэмтэл учирсан талаар хэргийн үйл баримтыг огт тогтоогүй атлаа тодорхойлох хэсэгт хохирогч, гэрч нарын мэдүүлгүүд, шинжээчийн дүгнэлт, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл зэргээр тогтоогдсон гэж хэт ерөнхий байдлаар дүгнэлт хийсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д “шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгчийн саналын үндэслэл болгосон баримт, иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг няцаан үгүйсгэсэн үндэслэлийг тусгана” гэх хуулийн шаардлагад нийцээгүй байна.

Шүүх хууль зүйн дүгнэлт хийхэд ач холбогдолтой боловч нэг нь нөгөөгөө үгүйсгэсэн нотлох баримтуудад дүгнэлт хийхгүйгээр шууд эргэлзээтэй нөхцөл байдлыг тогтоох боломжгүй. Ийнхүү шүүх шийдвэрийнхээ үндэслэлийг тайлбарлахгүйгээр хэргийг шийдвэрлэх нь шүүгдэгч, хохирогч болон хэргийн оролцогчдын шударга шүүхээр шүүлгэх эрх хөндөгдөх эрсдэлтэй тул шийдвэрийн үндэслэл болгосон нотлох баримтуудад өгсөн дүгнэлтээ тайлбарлах үүрэгтэй.

Анхан шатны шүүх нотлох баримтад тулгуурлан хэргийн үйл баримтыг тогтоохдоо хэрэгт хамааралтай баримт нэг бүрийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянах үүрэгтэй бөгөөд анхан шатны шүүх О.Оод холбогдох хэргийн нотлох баримтын нотолгооны ач холбогдол, хамаарал хууль ёсны байдлыг дүгнэн цэгнэж, харьцуулан шинжилж, хохирогч, гэрч нарын мэдүүлэг, үнэн зөв байдлын нотломжийн түвшин, агуулга зэргийг эрх зүйн ухамсрыг удирдлага болгон үнэлж хэргийг шийдвэрлэх нь зүйтэй.

Иймд шүүгдэгч О.О, түүний өмгөөлөгч Д.Очирваань нарын хамтран гаргасан давж заалдах гомдлын “...анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү. ...” гэх хэсгийг хүлээн авч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад зааснаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэв.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгосонтой холбогдуулан шүүгдэгч О.Оын урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтов.

Анхан шатны шүүх шийтгэх тогтоолын огноо, дугаарыг буруу бичсэн байх бөгөөд энэ талаар цаашид анхаарвал зохино.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 39.9 дүгээр зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 2023/ШЦТ/259 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.

2. Шүүгдэгч О.Оод авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 ДАРГАЛАГЧ,

                         ШҮҮГЧ                                               С.БОЛОРТУЯА

 ШҮҮГЧ                                               Б.АРИУНХИШИГ

 

 ШҮҮГЧ                                               Д.МӨНХӨӨ