Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 04 сарын 30 өдөр

Дугаар 312

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: Ч.Сайнзаяа,

Улсын яллагч: Н.Уранбайгаль,

Иргэний нэхэмжлэгч Т.М,

Хохирогч: У.Б, түүний өмгөөлөгч Б.Ганбаатар,

            Шүүгдэгч: Д.Ц, түүний өмгөөлөгч С.Чулуунбаатар нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Д.Цт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1803000010116 дугаартай хэргийг 2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

     Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Д.Ц, 1991 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 27 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, хүү, охины хамт ..., урьд ял шийтгэлгүй, ...тоот регистртэй,

Шүүгдэгч Д.Ц нь 2017 оны 10 дугаар сарын 22-ны өдөр 13 цаг 40 минутын орчимд Нийслэлийн Баянгол дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэр, “Хар Хорин” худалдааны төвийн орох хаалганы урд замд Toyato Vitz маркийн ...улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч /70 настай, эмэгтэй/ У.Быг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Д.Цийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2018 оны 10 дугаар сарын 22-ны өдөр 13:40 минутад Хархорин захын хашаанд түгжрэл ихтэй байсан, нэг яваад нэг зогсоод явж байтал хажуу талаас хохирогч орж ирж мөргүүлсэн.Би хохирогчид учирсан гэмтлийг эмчлүүлэх зардлаг төлж байсан. Цаашид нэхэмжлэх хохирлыг төлж барагдуулна” гэв.

Хохирогч У.Бын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2018 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Хархорин захын хашаанд мөстэй газар байсан. Миний урд талд машин байгаагүй. Би явган хүний араас сүүлийн хүн нь болоод явж байсан. Би Хархорины хаалга чиглээд чигээрээ явж байтал ямар ч дохио өгөөгүй, чимээ гаргахгүйгээр миний хөлийг дайрсан. Тэгээд эмнэлэг ирсэн. Цэцэгдэлгэр машиныхаа дугуйг эргүүлээгүй бол ийм асуудал болохгүй байсан. Цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжлэх хүсэлттэй байна. Цэцэгдэлгэрээс одоо 379.000 төгрөг нэхэмжилж байгаа” гэв.

Иргэний нэхэмжлэгч Т.Мгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би эхийгээ асарсан хугацаанд ажилгүй байсан хугацааны 4 сарын цалинг нэхэмжилж байна. Би сард 600.000 төгрөгийн цалинтай, 2.400.000 төгрөгийг нэхэмжилж байна” гэв.

Хохирогч У.Бын мөрдөн байцаалтад өгсөн: “...2017 оны 10 дугаар сарын 22-ны өдөр би ням гаригт Хархорин захын дотор ороод явж байхад араас машин мөргөөд урд хоёр дугуйгаараа 2 хөл дээгүүр дайраад гараад явчихсан. Явган хүний гарцын тэмдэг байсан. Би урагшаа хараад явж байсан учраас машин ирж байгааг хараагүй, нөгөө жолооч дуут дохио өгөөгүй ба машин ирж байгаа чимээ гараагүй” гэсэн мэдүүлэг /хх-н 25-27/,

Иргэний нэхэмжлэгч Т.Мгийн мөрдөн байцаалтад өгсөн: “... 2017 оны 10 дугаар сарын 22-ны өдөр 15 цагийн орчим ээж У.Б нь надтай утсаар холбогдож ээж нь Хархорин зах дотор машинд мөргүүлж одоо гэмтлийн эмнэлэгт байна гэж хэлэхээр нь би тэр даруй такси барьж гэмтлийн эмнэлэгт очсон. Намайг очиход ээжийн баруун хөлийг гипсдээд харин зүүн хөлийг татлага хийж туухай дүүжилсэн байдалтай байсан. Тэрнээс бол миний хувьд ослын талаар мэдэх зүйл байхгүй. Ээж Бүдханд нь ослоос хойш 3 удаа эмнэлэгт хэвтэж хагалгаанд мөн адил 3 удаа ороод байна. Одоогоор ээж маань өөрөө явж чадахгүй 2 хөлнийх нь шарх нь бүрэн эдгээгүй ба өдөр бүр боолтонд оруулж байгаа. Одоогийн байдлаар 1.500.000 төгрөг авсан. Дахиж мөнгө төгрөг өгсөн зүйл байхгүй, миний зүгээс гомдолтой байна” гэсэн дүгнэлт /хх-н 28-31/,

Шинжээчийн 128 тоот дүгнэлтэд: “...У.Бын биед зүүн шаант, тахилзуур ясны доод хэсгийн сэлтэрсэн зөрүүтэй далд хугарал, баруун талд хавчаар ясны далд хугарал, мултрал, хугарал засах мэс заслын дараах байдал /2017.10.25, 2017. 2017.11.22, 2017.12.26/, баруун, зүүн шилбэ, шагайн үений зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий гэмтэл тогтоогдсон ба тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдэнэ. Дээрх зүүн шаант, тахилзуур ясны доод хэсгийн сэлтэрсэн зөрүүтэй далд хугарал, баруун талд гадна, дотор хавчаар ясны далд хугарал, мултрал гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Баруун, зүүн шилбэ, шагайн үений зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтлүүд нь тус бүрдээ гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрхи гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр буюу зам тээврийн ослын үед үүсгэгдэх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт, эмчилгээний үр дүнгээс хамаарна. У.Б нь удаа дараа хагалгаанд орсон, ясны бороололт болон шархны эдгэрэлт удаан байгаа нь гэмтлийн зэрэг өөрчлөгдөх үндэслэл болохгүй байна” гэсэн дүгнэлт /хх-н 109-110/,

Техникийн шинжээчийн 122 тоот дүгнэлтэд: “...Зам тээврийн осол гарсан үеийн бичлэг, 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 692 тоот шинжилгээ хийсэн шинжээчийн дүгнэлтэд “NO5130239.mp4” гэсэн нэртэй дүрс бичлэгт, дүрс бичлэгийн цагаар 13:02:59 секундэд цагаан өнгийн суудлын автомашин нь зүүн урд тал хэсгээрээ шаргал өнгийн хувцастай явж байгаа хүний ар талаас мөргөж /унаж байгаа/ үйл хөдлөл дүрслэгдэж байна” гэх байдлыг үндэслэхэд TOYATO VITZ маркийн ...улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон явсан жолооч Д.Ц нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2-т “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөн үндэслэлтэй байна. Мөн бичлэг, зам тээврийн осол гарсан замын орчин, замын хөдөлгөөн зохицуулах техник хэрэгсэл зэргээс үндэслэхэд явган зорчигч У.Б нь автомашины зорчих тухайн хэсгийг хөндлөн гараагүй, зорчих хэсгийг чөлөөлөөгүй, мөргөсөн автомашин болон бусад автомашины хөдөлгөөний чигийн дагуу алхаж явсан байх тул Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.9. Явган зорчигчид дор дурсан зүйлийг хориглоно. б/ “аюулгүй байдлыг хангахаас бусад шалтгаанаар зорчих хэсэг дээр зогсох, саатах, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд санаатайгаар саад хийх” гэсэн заалтыг зөрчсөн үндэслэлтэй байна. Зам тээврийн осол нь замын байгууламж, замын тэмдэг, тэмдэглэл болон бусад нөхцөл байдал нөлөөлсөн эсэхэд:

Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1 дүгээр хавсралтын 5.16-ын  а, б-д “Явган хүний гарц” зорчих хэсгээр явган зорчигч хөндлөн гарах газрыг мэдээлнэ. Явган хүний гарч нь тэмдэглэлгүй бол 5.16-ын б тэмдгийг замын баруун гар талд гарцын шууд өмнө, 5.16-ын а тэмдгийг замын зүүн гар талд гарцын цаана байрлуулна” гэсэн заалтыг үндэслэн дээрх тэмдэг, тэмдэглэлийг Авто замын тэмдэг, Техникийн ерөнхий шаардлага MNS 4597:2014 болон Авто замын тэмдэг, тэмдэглэл, гэрлэн дохио, хашилт, чиглүүлэх хэрэгслүүдийг хэрэглэх дүрэм MNS 4596:2014 стандарт шаардлагад нийцүүлэн эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэй байрлуулж зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлж, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж ажиллах үүрэгтэй. Тухайн тэмдэг нь дээрх стандарт шаардлага хангахгүй, нарийн шонтой, хандалт буруу /5.16-ын а тэмдгийг зорчих хэсгийн баруун гар талд буруу байрлуулсан/ явган зорчигчийн хөдөлгөөнийг хязгаарласан хайсанд бэхэлсэн зэргээс явган зорчигчид зориулсан гарц гэж үзэх боломжгүй байна. Уг зам тээврийн осол гарахад явган зорчигч, жолооч нар нь Монгол Улсын замын хөдөлгөөний өөрт хамаарах дээрх заалтуудыг зөрчсөн үйлдэл, замын хөдөлгөөн зохион байгуулалтыг төлөвлөж хийсэн байгууллага нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн болон холбогдох стандартын шаардлага хангахгүй техник, хэрэгсэл байрлуулсан зэргээс зам тээврийн осол гарсан байх үндэслэлтэй гэж техникийн шинжээчид үзэж байна” гэсэн дүгнэлт /хх-н 114-115/,

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 9/, Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-н 10-14/, эд мөрийн баримтаар тооцох тогтоол /хх-н 21/, хохирлын баримтууд /хх-н 34-41, 47-53, 56-67, 166-174/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 43-46, 125-128, 142, 147-153/, хохирогчийн өвчний түүх /хх-н 85-108/ зэрэг болно.

          Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

          Гэм буруу болон хохирол, хор уршигийн талаар:

Шүүгдэгч Д.Ц нь 2017 оны 10 дугаар сарын 22-ны өдөр 13 цаг 02 цаг 59 минутад Нийслэлийн Баянгол дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэр, “Хар Хорин” худалдааны төвийн орох хаалганы урд замд Toyato Vitz маркийн ...улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч /70 настай, эмэгтэй/ У.Быг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэм буруутай болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч У.Бын: “...2018 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Хархорин захын хашаанд мөстэй газар байсан. Миний урд талд машин байгаагүй. Би явган хүний араас сүүлийн хүн нь болоод явж байсан. Би Хархорины хаалга чиглээд чигээрээ явж байтал ямар ч дохио өгөөгүй, чимээ гаргахгүйгээр миний хөлийг дайрсан” гэсэн мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч Т.Мгийн: “...Намайг очиход ээжийн баруун хөлийг гипсдээд харин зүүн хөлийг татлага хийж туухай дүүжилсэн байдалтай байсан. Тэрнээс бол миний хувьд ослын талаар мэдэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг, шинжээчийн 128 тоот дүгнэлт, техникийн шинжээчдийн 122 тоот дүгнэлтүүд болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Д.Цийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Д.Цийн үйлдэл нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон тул гэм буруутайд тооцох нь зүйтэй.

Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нь гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

Уг гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч У.Бын биед хүндэвтэр хохирол учирсан болох нь шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна.

Хохирогч У.Б нь шүүгдэгчээс шүүхийн хэлэлцүүлэгт үлдэгдэл 379.000 төгрөг нэхэмжилсэн дээрх төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгох, хохирол, хор уршгийн талаарх нотлох баримтаа бүрдүүлж жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.

Иргэний нэхэмжлэгч Т.М нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс ажилгүй байсан хугацааны 4 сарын цалин 2.400.000 төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд шүүгдэгч нь дээрх хохирлыг төлж барагдуулна гэдгээ илэрхийлсэн тул 2.400.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж иргэний нэхэмжлэгч Т.Мд олгох үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч нь хохирогчийн эмчилгээний зардалд 2.821.000 төгрөг төлсөн болохыг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хариуцлагын талаар:

   Шүүх шүүгдэгч Д.Цийг гэм буруутай гэж үзсэн бөгөөд энэ талаар шүүгдэгч болон түүний өмгөөлөгч маргаагүй тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүгдэгчид ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийг 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, шүүгдэгчийн өмгөөлөгч шүүгдэгчид 450 нэгж буюу 450.000 төгрөгийн торгох ял оногдуулж, уг ялыг 3 сарын хугацаанд төлөх боломж олгоно уу гэсэн санал тус тус гаргасан ба шүүх шүүгдэгч Д.Цийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, эрхэлсэн тодорхой ажилгүй, цалин, орлогогүй зэрэг нь торгох ялыг биелүүлэх боломжгүй байх тул нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүхээс шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршигийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2, 3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нь хасах нэмэгдэл ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бичлэг бүхий 1 ширхэг сиди-г хэрэгт хавсаргах, 1054767 дугаартай В ангиллын жолооны үнэмлэхийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч Д.Ц нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй болно.

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Д.Цийг “автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Цт 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2, 3-т зааснаар шүүгдэгч Д.Цт тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ял оногдуулж, уг нэмэгдэл ялыг тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.
  4.   Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ц нь шүүхээс оногдуулсан 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.
  5. Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
  6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Цээс 379.000 төгрөг гаргуулж хохирогч У.Бад, 2.400.000 төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч Т.Мд тус тус олгосугай.
  7. Хохирогч У.Б нь хор уршгийн талаарх нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
  8. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн 1 ширхэг сидийг тус хэрэгт хавсаргасугай.
  9. Шүүгдэгч Д.Цийн 1054767 дугаартай В ангиллын жолоочийн үнэмлэхийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
  10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  11. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Цт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ч.ОТГОНБАЯР