| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | О.Аззаяа |
| Хэргийн индекс | 182/2025/00064/И |
| Дугаар | 191/ШШ2025/01511 |
| Огноо | 2025-02-18 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 02 сарын 18 өдөр
Дугаар 191/ШШ2025/01511
2025 02 18 191/ШШ2025/01511
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Аззаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: С байранд байрлах, ******* ХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ч тоотод оршин суух, ******* овогт ******* /РД:*******/-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 21,637,199 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******,
Хариуцагч: *******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сувд-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* нь 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдөр №MN370030003095019770 тоот Цахим цалингийн зээлийн гэрээг байгуулж 20,313,000 төгрөгийн зээлийг жилийн 20,4 хувийн хүүтэй 30 сарын хугацаатай авсан. ******* нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчиж, зээлийн хуваарьт төлбөрийг 2024 оны 07 дугаар сараас хойш зөрчил үүсгэсээр байна. ******* нь 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдөр №MN370030003095019770 тоот Цахим цалингийн зээлийн гэрээний өрийн үлдэгдэл дараах байдалтай байна. Үндсэн зээл 20,005,317 төгрөг, үндсэн хүү 1,610,090 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 21,792 төгрөг нийт 21,637,199 төгрөгийг зээлийн гэрээний үүрэгт хариуцагч *******гаас гаргуулж банкийг хохиролгүй болгож өгнө үү. Бид хоорондоо эвлэрэн хэлэлцэхгүйгээр хариуцагчийн зөвшөөрлийг батлуулаад тогтмол сард 800,000 төгрөгөөр төлөх хариуцагчийн саналыг зөвшөөрч байна. Зөвшөөрлийг нь батлуулаад сард 800,000 төгрөгөөр төлүүлэх боломжтой. Манай зүгээс олон сараар эвлэрэн хэлэлцэх боломжгүй байдаг тул би өөрөө хариуцаад мөнгийг төлүүлээд явах боломжтой гэв.
2. Хариуцагч ******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* миний бие нийт нэхэмжилсэн 21,637,199 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна. Үнийн дүн дээр ямар нэгэн маргаан байхгүй. Сард 800,000 төгрөгөөр төлөөд явах боломжтой. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үр дагаварыг ойлгож байгаа, улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар төлөхөө ойлгосон тул ******* ХК-ийн нэхэмжилсэн 21,637,199 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ХК нь хариуцагч *******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 21,637,199 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
2. ******* ХК нь *******тай 2024.06.26-ны өдөр №MN370030003095019770 дугаар Цахим цалингийн зээлийн гэрээ байгуулж, 20,313,000 төгрөгийн зээл олгосон байна.
Энэхүү зээлийн гэрээний үүрэгт зээлийн үндсэн төлбөрт 20,005,317 төгрөг, үндсэн хүү 1,610,090 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 21,792 төгрөг, нийт 21,637,199 төгрөгийг хариуцагч *******гаас нэхэмжилснийг хариуцагч нь бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тайлбарыг гаргаж байна.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т зааснаар ..хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөх эрхтэй гэж заажээ.
Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4-т Хариуцагч шүүхийн шийдвэр гарах хүртэл нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь буюу зарим хэсгийг хүлээн зөвшөөрөх буюу зохигч эвлэрч болно, мөн зүйлийн 106.5-д Энэ хуулийн 106.3, 106.4-т зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэгчийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй бол шүүх хариуцагчийн зөвшөөрөл, нэхэмжлэгчийн татгалзал, зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгч захирамж, шүүх тогтоол гаргана. Эдгээр тогтоол, захирамжид энэ хуулийн 74.4-т заасан зохицуулалт нэгэн адил хамаарна гэж зохицуулсан ба хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байх тул шүүх хуульд зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4, 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. ******* ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч *******д холбогдох, зээлийн гэрээний үүрэгт 21,637,199 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч ******* нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 266,136 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч *******гаас 266,136 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ******* ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4, 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.АЗЗАЯА