Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 04 сарын 27 өдөр

Дугаар 310

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: Ч.Сайнзаяа,

Улсын яллагч: Б.Бямбадагва,

            Шүүгдэгч Э.Эөөрөө өөрийгөө өмгөөлөн тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Э.Эд холбогдуулж яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1705013190400 дугаартай хэргийг 2018 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

     Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Э.Э, 1989 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Дорнод аймагт төрсөн, 29 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, хэвлэлийн эх бэлтгэгч мэргэжилтэй, ..., ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт ..., урьд ял шийтгэлгүй, ... тоот регистртэй,

Шүүгдэгч Э.Энь 2017 оны 11 дүгээр сарын 04-ний орой Баянгол дүүргийн 6 дугаар хороо, Баян дөхөм нэртэй цайны газрын үүдэнд М.Бг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Э.Эын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн учир нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

Хохирогч М.Бы мөрдөн байцаалтад өгсөн: “...2017 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Р, Батболд бид 3 хоол идэхээр ресторанаас тал архиа үлдээгээд гарсан. ...байнгын орж үйлчлүүлдэг байсан “Баян дөхөм” нэртэй газарт гурвуулаа орж зүгээр буузнаас хүн, хүний 2-3 ширхэгийг захиалаад идэх гэтэл очер ихтэй байсан учир хүлээгээд сууж байтал Батболд гадагшаа гараад явсан. Энэ үеэс эхлэн юу болсон талаар сайн санахгүй байна. Нэг мэдсэн цайны газрын гадаа хүнд зодуулсан байдалтай найз О ирчихсэн, Р хажууд нь зогсож байсан. Бас цагдаа ирсэн байсан. ...дотор тооцоо хийж байсан О шилэн хаалгаар гадагшаа харахад намайг үл таних залуу нүүрэн тус газар цохиод, дээрээс газар унагаагаад 2 удаа нүүр рүү өшиглөсөн гэж ярьсан....Улсын нэгдүгээр эмнэлэгт очиж 110.000 төгрөгөөр хамраа тэгшлүүлсэн. Ямар нэгэн баримт байхгүй. Интермед эмнэлэгт 180.000 төгрөгөөр толгойны компьютерийн зураг авахуулсан. ...Энх-Учрал надаас уучлалт гуйж миний эмчилгээний зардалд 250.000 төгрөгийг гарган өгч бид хоёр сайн дурын үндсэн дээр эвлэрч одоо ямар нэг маргаангүй болсон тул гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг /хх-н 15-17, 50/,

Гэрч Ж.Огийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2017 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Баяндөхөм цайны газарт би тооцоог нь хийгээд гартал цайны газрын баруун талд Батбаянгийн нүүр рүү нэг залуу гараараа цохиж унагаагаад толгой руу нь хөлөөрөө өшиглөхөөр нь би болиоч гэтэл нөгөө цохьсон залуу нь цаашаа яваад спортынхноор оролдохоор яадгийг харах уу гээд замын эсрэг талд байсан саарал өнгийн Соната-6 маркийн машин дээр очоод 2-3 хүн дагуулаад эргээд ирсэн. Энэ үед Батбаян ухаан алдсан байсан. ...Батбаян, Р хоёрын орж хоол идсэн пабын тогооч эмэгтэйн найз залуу юм уу нөхөр нь байсан. Пабын тогооч хүүхэн нөгөө цохьсон залуугийн хажууд зогсож байсан” гэсэн мэдүүлэг /хх-н 19/,

Шинжээчийн 13946 тоот дүгнэлтэд: “...М.Бгийн биед зүүн нүдний зовхи, духанд цус хуралт, шалбаралттай гэмтэл тогтоогдлоо. ШЭГЗТЖ-н 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг болно. Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт тогтонгид нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт /хх-н 22/,

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 7/, хохирогчийн өргөдөл /хх-н 8/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 28, 36-40, 53/, хохирлын мөнгө өгсөн баримт /хх-н 52/, хохирогчийн хүсэлт /хх-н 57/ зэрэг болно.

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршигийн талаар:

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар  зүйлд заасны дагуу шүүгдэгч, хохирогч нар нь хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна.

Уг хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хэргийг хялбаршуулсан журмаар ял оногдуулах шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч Э.Энь 2017 оны 11 дүгээр сарын 04-ний орой Баянгол дүүргийн 6 дугаар хороо, Баян дөхөм нэртэй цайны газрын үүдэнд М.Бг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэм буруутай болох  нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч М.Бы: “... Нэг мэдсэн цайны газрын гадаа хүнд зодуулсан байдалтай найз О ирчихсэн, Р хажууд нь зогсож байсан. Бас цагдаа ирсэн байсан. ...дотор тооцоо хийж байсан О шилэн хаалгаар гадагшаа харахад намайг үл таних залуу нүүрэн тус газар цохиод, дээрээс газар унагаагаад 2 удаа нүүр рүү өшиглөсөн гэж ярьсан” гэсэн мэдүүлэг /хх-н 15-17, 50/, гэрч Ж.Огийн: “...2017 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Баяндөхөм цайны газарт би тооцоог нь хийгээд гартал цаны газрын баруун талд Батбаянгийн нүүр рүү нэг залуу гараараа цохиж унагаагаад толгой руу нь хөлөөрөө өшиглөхөөр нь би болиоч гэтэл нөгөө цохьсон залуу нь цаашаа яваад спортынхноор оролдохоор яадгийг харах уу гээд замын эсрэг талд байсан саарал өнгийн Соната-6 маркийн машин дээр очоод 2-3 хүн дагуулаад эргээд ирсэн” гэсэн мэдүүлэг /хх-н 19/, шинжэээчийн 13946 тоот дүгнэлт болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Э.Эын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул шүүгдэгчид холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Э.Энь хохирогч М.Бг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон тул гэм буруутайд тооцох нь зүйтэй байна. 

Хохирогч нь гомдол саналгүй, шүүгдэгчтэй сайн дурын үндсэн дээр эвлэрсэн гэсэн хүсэлт /хх-н 57/ гаргасан тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болох нь хавтаст хэрэгт авагдсан шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлтүүд, хохирогчийн хүсэлт, эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын саналтай танилцаж зөвшөөрсөн талаарх баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдож байна.  

          Прокуророос ялын төрөл хэмжээний талаар гаргасан “шүүгдэгч Э.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ял” оногдуулах саналыг шүүгдэгчид танилцуулсан байх ба прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ. 

          Шүүгдэгч нь торгуулийн ялыг 2 сарын хугацаанд төлөх боломжтой гэсэн хүсэлт гаргасныг хүлээн авч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-д зааснаар шүүгдэгч Э.Эд шүүхээс оногдуулсан торгох ялыг 2 сарын хугацаанд төлж барагдуулахыг түүнд даалгах нь зүйтэй гэж үзлээ.

          Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.  

            Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Э.Эыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Эыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
  3.   Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-д зааснаар шүүгдэгч Э.Эд шүүхээс оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг 2 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг даалгаж, торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.
  4.    Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
  5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Эд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ч.ОТГОНБАЯР