Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 2024/ДШМ/37

 

 

 

 

 

      

 2024        06          19                                    2024/ДШМ/37

 

 

 

Л.Э, Б.Д нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Н.Болормаа даргалж, ерөнхий шүүгч О.Однямаа, ерөнхий шүүгч А.Сайнтөгс нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн  шүүх хуралдаанд;

Прокурор: Б.Дашням,

Яллагдагч Л.Эн өмгөөлөгч З.Алтанцэцэг,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Ууганзул нарыг оролцуулан,

Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Одбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 2024/ШЗ/284 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч, Прокурорын эсэргүүцэлд үндэслэн яллагдагч Л.Э, Б.Д нарт холбогдох 2319002150027 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, шүүгч А.Сайнтөгсийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Яллагдагч нарын биеийн байцаалтын талаар:

1.1.* төрсөн, * настай, *, * боловсролтой, * мэргэжилтэй, * ажилтай, ам бүл 2, эхнэрийн хамт, Дорноговь аймгийн * тоотод оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Й овогт Б.Д ,

1.2. * төрсөн, * настай, *, бага боловсролтой, * мэргэжилтэй, * жолооч ажилтай, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт, Дорноговь аймгийн * тоотод оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Л овогт Л.Э,

2. Холбогдсон хэргийн товч агуулга:

Яллагдагч Б.Д нь Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ төрийн өмчит хувьцааны компанийн Дорноговь цахилгаан түгээх сүлжээ салбарт засварын 2 мастераар 2023 оны 06 дугаар сарын 26-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 3 дугаар баг Мааньзавын 431 тоот хашаанд тулгуур мод буулгах ажлыг хийж гүйцэтгэж байхдаа Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2.7 дахь заалт “...өөрийгөө болон бусдыг аюул, эрсдэлд учруулахгүй байх” Эрчим хүчний сайдын 2014 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 101 дүгээр тушаалын хавсралтаар батлагдсан “Цахилгаан байгууламжийн ашиглалтын үед мөрдөх аюулгүй ажиллагааны дүрэм”-ийн 188 дугаар заалт “Нарядаар ажил гүйцэтгэхэд доор дурдсан дарааллаар зааварчилгаа өгнө” болон Монгол Улсын MNS 4969:2000 стандартын 4 дүгээр зүйлийн 4.16 дахь заалт “Аюултай ажил гүйцэтгэдэг хүмүүст ажлын байран дахь өдөр тутмын зааварчилга өгнө. Ажлын байран дахь өдөр тутмын зааварчлаг нь товч тодорхой байх ба ажил эхлэхийн өмнө бичгээр өгөгдөнө” гэж заасныг тус тус зөрчиж хөдөлмөрийн аюулгүй байдлын зааварчилгааг ажил эхлэхийн өмнө бичгээр өгөлгүйгээр тус компанийн засварын монтёр Э.Батнасангаар ажил үүрэг гүйцэтгүүлсний улмаас Э.Б нь цахилгааны тулгуур модонд цохиулж гавал тархины гэмтлийн улмаас амьсгал, зүрх судасны дутагдалд орж амь насыг нь болгоомжгүйгээр хохироосон,

Яллагдагч Л.Э нь Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ төрийн өмчит хувьцааны компанийн Дорноговь цахилгаан түгээх сүлжээ салбарт засварын краны оператораар 2023 оны 06 дугаар сарын 26-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 3 дугаар баг Мааньзавын 431 тоот хашаанд тулгуур мод буулгах ажлыг хийж гүйцэтгэж байхдаа Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2.1 дэх заалт “...хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага, стандарт, дүрэм, технологийн горимыг чанд мөрдөх”, 18.2.2 дахь заалт “хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалтад хамрагдсан байх, хуульд тусгайлан заасан бол шалгалт өгсөн, аюулгүй ажиллагааны зааварчилга авсан байх”, 18.2.7 дахь заалт “өөрийгөө болон бусдыг аюул, эрсдэлд учруулахгүй байх”, Зам тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын 2011 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 211 дүгээр тушаалын хавсралтаар батлагдсан “Манипуляторт краныг төхөөрөмжлөх, аюулгүй ашиглах дүрэм”-ийн 5.5.10 дахь заалт “Манипуляторт кранаар ачааг аюул, осолгүй шилжүүлэхийн тулд эзэмшигч ба ашиглагч байгууллагууд дараах шаардлагыг хангасан байвал зохино” гэж заасны ж хэсэг “ачаан дор хүмүүс байхад дээгүүр нь өргөж, шилжүүлэхийг хориглоно. Ачааг шалнаас 1000 мм-ээс ихгүй өндөрт өргөж эсвэл буулгаж байх үед оосорлогч түүний дэргэд байхыг зөвшөөрөх”, и хэсэг “ачаа ба оосорлох хэрэгслийг хэвтээ чиглэлд шилжүүлэхдээ урьдчилан замд тохиолдох саадаас дээш 500 мм өндөрт өргөх”, 5.5.1 дэх заалт “Манипуляторт краныг ажиллаж байхад хориглох зүйлс”-ийн а хэсэг “ажиллаж байгаа манипуляторт краны ойролцоо хүн байх”, 6 хэсэг “тогтворгүй байрлалтай оосорлогдсон ачааг шилжүүлэх” гэж заасныг тус тус зөрчсөний улмаас краны дэргэд байсан тус компанийн засварын монтёр Э.Б нь цахилгааны тулгуур модонд цохиулж гавал тархины гэмтлийн улмаас амьсгал, зүрх судасны дутагдалд орж амь насыг нь болгоомжгүйгээр хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

3. Дорноговь аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, хэргийг анхан шатны шүүх хүлээн авч хянан хэлэлцжээ.

4. Анхан шатны шүүх: ... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт зааснаар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч Б.Д , Л.Э нарт холбогдох эрүүгийн 2319002150027 дугаартай хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгүүлэхээр прокурорт буцааж,

Хэргийг прокурорт очтол яллагдагч Б.Д , Л.Э нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдаж,,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг прокурорт буцаасан шийдвэрийг прокурор, яллагдагч, хохирогч, түүний өмгөөлөгч эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдөрт багтаан эсэргүүцэл бичих, гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

 

5. Прокурор Б.Дашням эсэргүүцэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “...Эсэргүүцлийн тухайд шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч хүчингүй болгуулахаар бичсэн. Учир нь 2 дугаар хавтаст хэргийн 69-75 дугаар талд байгаа 2023 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн ШТ/2023/05 дугаартай шинжээчийн дүгнэлт дээр хэрэв үйлдвэрлэлийн осол мөн бол уг осол нь хөдөлмөрийн хамгаалал, аюулгүй ажиллагааны ямар дүрэм зөрчсөний улмаас үүссэн бэ? гэсэн 4 дэх асуулт байгаа. Энэ асуултад шинжилгээнд ирүүлсэн, хавтаст хэрэгт авагдсан материалуудаас харахад Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль тогтоомж, дүрэм журам, стандартын шаардлагыг ажил олгогч буюу Баруун, зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ, төрийн өмчит хувьцаат компанийн Дорноговь салбар цахилгаан түгээх станц өөрийн үйл ажиллагаанд хэрэгжүүлээгүй байна. Тухайлбал Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 1.2 болон 1.3 1.4, Эрчим хүчний сайдын 2014 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 101 дүгээр тушаалаар батлагдсан цахилгаан байгууламжийн ашиглалтын үед мөрдөх аюулгүй ажиллагааны дүрмийн 187 дугаар заалтыг зөрчсөн байна гэж хариултыг өгсөн байгаа. 2 дугаар хавтаст хэргийн 100 аас 112 дугаар талд авагдсан 11 дүгээр сарын 22-ны өдрийн ШТ/2023/12 дугаартай шинжээчийн дүгнэлт дээр Багануур, зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ төрийн өмчит хувьцаат компанийн Дорноговь цахилгаан түгээх сүлжээ салбар нь Хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны ямар хууль дүрэм зөрчсөн, ямар албан тушаалтан хэрхэн зөрчсөн бэ? Осол болоход хэрхэн нөлөөлсөн бэ? гэсэн 2 дахь асуулт байна. Хариулт нь 2023 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн ШТ/2023/05 дугаартай шинжээчийн дүгнэлтийн асуулт 4-т тодорхой дурдсан болно гэж байгаа юм. Энэ нь мөн дээрх зүйл заалтууд болох 28 дугаар зүйлийн 1.2, 1.3, 1.4 болон Эрчим хүчний сайдын 101 дүгээр тушаалын 187 дугаар заалтыг тус тус зөрчсөн гээд гарчихсан. Нэмэлт шинжээчийн дүгнэлт нь тухайн дүгнэлттэй адилхан гарч байгаа. Тухайн дүгнэлт дээр тогтоогдоогүй асуудлуудын хариултыг өгч байгаа юм. Шүүх шинжилгээний тухай хуулийн 27.1 дүгээр зүйлд дүгнэлт бүрэн бус, шинжилгээ хийгдэж байгаа асуудалтай холбоотой шинэ нөхцөл байдал бий болсон гэсэн тохиолдолд үүнтэй холбоотойгоор нэмж шинжээч томилж болно гэж заасан. Эхний асуулт дээр Баруун, зүүн бүсийн цахилгаан түгээх сүлжээ нь эдгээр заалтыг зөрчсөн байна гэсэн учраас энэ нь яаж нөлөөлсөн бэ? гэдэг асуулт байхаар өмнөх асуултынхаа хариултыг нэгэн адил өгч байгаа юм. Гэхдээ энэ дүгнэлтээр тухайн цахилгаан түгээх сүлжээ компанид осол болоход нөлөөлсөн гэж дүгнээгүй. 2 дугаарт шинжээчийн дүгнэлт буюу ямар дүрэм журам, зааврыг зөрчсөн байна вэ? гэдгийг тогтоох ёстой болохоос биш зөрчсөн учраас уг үйлдлээс шалтгаалж гэмт хэрэг үйлдэгдсэн байна гэж тогтоох боломж байхгүй. Энийг зөвхөн шүүхээс хууль зүйн дүгнэлт хийж, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт, шинжээчийн дүгнэлтүүдтэй харьцуулан үзэж байж тогтоох ёстой гэж үзэж байгаа. Гэтэл шүүх шинжээчээр хэн нь гэм буруутай вэ? гэдгийг тогтоолгох гээд байгаа нь үндэслэлгүй байна гэж үзэж байна.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.9 дэх заалтад мөрдөн шалгах ажиллагаа гэж хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад прокурорын зөвшөөрлөөр эсвэл мөрдөгч бие даан явуулах хуульд заасан ажиллагааг гэж хэлсэн. Дахин шинжээч томилох асуудал нь мөрдөгч бие даан явуулах, эсвэл прокурорын зөвшөөрлөөр явуулах мөрдөн шалгах ажиллагаа биш. Гэтэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.15 буюу нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх хүсэлтийг хүлээн авч нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр буцаалаа гэж дурдаж байгаа. Энэ нь өөрөө үндэслэлгүй. Улсын дээд шүүхийн 2006 оны 21 дүгээр тогтоолд заасан тодорхой, ойлгомжтой биелэгдэх боломжтой байх гэсэн энэ бүх зохицуулах нөхцөлүүдийг хангасан байвал зохино гэснийг зөрчиж байна. Дахин шинжээч томилох ямар ач холбогдолтой юм бэ? гэхээр Багануур, зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ хувьцаат компанийн яллагдагчаар татгалзах асуудлыг шийдвэрлэсний дараагаар хэргийг шүүхэд шилжүүлнэ гэж захирамжийн агуулгыг тайлбарласан. Гэтэл шүүхийн шийдвэрт энэ талаар тусгагдаагүй. Дахин шинжээч томилсноор ямар эрх зүйн үр дагавар үүсэх нь тодорхойгүй. Энэ нь Улсын дээд шүүхийн 21 дугаартай тогтоолд нийцэхгүй байгаа юм. Жишээлбэл, дахин шинжээчийн дүгнэлт гаргалаа гэхэд эхний дүгнэлттэй адил гарч ирвэл Багануур, зүүн өмнөд бүсийн цахилгаан станцыг татах юм уу, үгүй юу? гэдэг асуудал эргэлзээтэй. Аль эсвэл татах шаардлагагүй гээд гараад ирэх юм бол буцаад яллагдагч Л.Э, Б.Д нарт дахин яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлэх асуудал үүсэж байгаа. Ингэснээрээ ямар нэгэн тодорхой үр дүнд хүрэхгүй. Яг яах нь тодорхойгүй нөхцөл байдлыг үүсгээд байгаа. Тэгэхээр үндэслэлгүйгээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа дахиад тодорхой хугацаагаар удаашрах эрсдэлийг бий болгож байна гэж үзэж байгаа. Мөн шүүгчийн захирамжид нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа биш гэж дүгнэсэн атлаа, буцаахдаа 33.1 дүгээр зүйлийн 1.2-т заасан нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа гэдэг үндэслэлээр буцааж байгаа нь өөрөө захирамж болон тогтоох хэсгүүд нь үндэслэлтэй болж байгаа хуулийн заалтууд нь хоорондоо үндэслэлгүй зөрчилдөөнтэй байна гэж үзэж байгаа юм. Тэгээд ШД/2023 05 ШД/2023-12 гэсэн 2 дүгнэлтийг яг юуг нь эргэлзээтэй гэж үзээд байгаа юм. Энэ чинь нэмэлт шинжээчийн дүгнэлт бие биеэ нөхөж гарч байгаа ойлголт болохоос биш нэмэлт эхний шинжээчийн дүгнэлтийг үндэслэлгүй байна гэж үзээд дахин шинжээчийн дүгнэлт гаргаж байгаа ойлголт бол биш. Ийм байхад энэ нь 1 1-нээ нөхөж байгаа дүгнэлтийг ингэж үзэж байгаа нь үндэслэлгүй байна гэж үзэж байна. Мөн дээрээс нь нэмээд хэлэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 9.1 дүгээр зүйлд зөвхөн Эрүүгийн хуулийн тусгай ангид хуулийн этгээдэд ял оногдуулахаар заасан гэмт хэрэгт хуулийн этгээдийг татна гэж заасан. Гэтэл хуулийн этгээдийг 10.6 дугаар зүйлд зааснаар гэмт хэрэг нь өөрөө хуулийн этгээдийг яллагдагчаар татах зүйл анги биш. Ийм байхад тухайн яллагдагч, хуулийн этгээдийг татах үндэслэлээр буцааж байгаа нь өөрөө энэ шийдвэр хууль зүйн үндэслэлгүй байна гэж үзэж болно. Иймээс шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр буцаах саналтай байна.” гэв.

 

6. Яллагдагчийн өмгөөлөгч З.Алтанцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “…Өмгөөлөгчийн зүгээс прокурорын гаргаж байгаа эсэргүүцэлтэй холбогдуулаад тайлбарыг тавья. Прокурорын гаргаж байгаа эсэргүүцэл үндэслэлгүй байна. Харин анхан шатны шүүхээс гарсан шүүгчийн захирамж үндэслэлтэй гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Өмгөөлөгчийн хувьд анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг дээр тухайн аж ахуйн нэгжийг иргэний хариуцагчаар татан оролцуулахаар хүсэлт гаргасан. Хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27.1 дээр тухайн хяналт тавих үүрэг аж ахуйн нэгж, ажил олгогч бүр шууд хариуцахаар заагдсан байдаг. Мөн хуулийн 28.1 дүгээр зүйлийн 8-д аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөх мөн бүхий л үүргийг ажил олгогч тавих мөн зааварчилгаа өгөх үүргийг Хөдөлмөр аюулгүй байдлын тухай хуулиар хуульчлаад заагаад өгчихсөн байгаа. Энэ үйлдлээс үүдээд шинжээчийн нэмэлт дүгнэлтээр тухайн Баруун, зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх салбарыг осол болоход нөлөөлсөн шалтгаалсан байна гэж дүгнэсэн. Гэсэн хэдий ч зөвхөн энэ дүгнэлтээр хэргийг эцэслэн шийдвэрлэх нь учир дутагдалтай. Өмгөөлөгчийн хувьд хэрэгт тухайн осол хэрэг болсны дараагаар аж ахуйн нэгжийн хувьд харьяалах дээд шатны байгууллага нь хяналт шалгалтыг хийгээд үүнээс үүдээд үйлдвэрлэлийн ослын акт тогтоогдсон байдаг. Гэтэл үүнтэй холбоотой ямар ч баримт хэрэгт авагдаагүй. Тухайн дээд газраас ирсэн хяналт шалгалтаар юу гэж дүгнэж гаргасан юм. Тухайн ослын актыг үйлдвэрлэлийн ослын акт дээр одоо ямар үйл ажиллагаатай холбоотой зүйлийг үйлдвэрлэлийн ослын актаар судлан бүртгэсэн юм бэ? гэдэг зүйл хэрэгт нэн чухал шаардлагатай байсан. Гэтэл үүнтэй холбоотой баримтыг хийлгүйгээр энэ хэргийг эцэслэн шийдвэрлэнэ гэдэг нь учир дутагдалтай байгаа юм. Нөгөө талаараа шинжээчийн дүгнэлт өөрөө эргэлзээ бүхий байдлыг үүсгэсэн. Шинжээчийн дүгнэлтээр аж ахуйн нэгжийг тухайн осол болоход нөлөөлсөн гэж нэмэлт дүгнэлтээр тодорхойлсон байгаа хэдий ч Л.Э, Б.Д 2 ерөөсөө прокурорын яллах дүгнэлт дээр тухайн хэргийг үйлдсэн мэтээр одоо ингээд яллах дүгнэлтэд үйлдээд ороод ирчихсэн. Гэтэл энийг шүүхийн шатанд нөхөн гүйцэтгэх боломжгүй нөхцөл харагдаж байгаа юм. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7-д зааснаар 1.7 дугаар зүйлийн 2-т заасан хэргийн бодит үйл явдал тогтоогдох нөхцөл байдал чинь анх хэргийн нөхцөл байдлыг шалгаж дүгнээд үйлдвэрлэлийн ослыг тогтоогоод байгаа. Энэ баримт хэрэгт маш чухал шаардлагатай байдаг. Гэтэл прокурорын зүгээс энэ баримтыг хэрэгт авхуулсан зүйлгүйгээр хэргийг шүүх рүү шилжүүлж оруулж ирж байгаа нь учир дутагдалтай байгаа юм. Хэргийн бодит үйл явдал гэдэг зүйл харагдах боломжгүй болж байна. Өөрөөр хэлбэл, эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.1-д зааснаар бусдын амь насыг болгоомжгүйгээр үйлдсэн үйлдэл байна уу, эс үйлдэл байна уу гэдэг нөхцөл байдал эндээс харагдах боломжгүй. Гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөл гэдэг нөхцөлийг процесс хуулийн 16.2 дугаар зүйлээр зохих байдал нотлогдсон уу? гэдэг нөхцөл байдал хэрэгт ямар ч баримтаар харагдах боломжгүй байна. Үүнтэй уялдаад шинжээчийн дүгнэлтүүд, мөн техникийн шинжээчийн дүгнэлт гарсан байгаа. Тухайн техникийн шинжээчийн дүгнэлттэй холбогдуулаад ярихад тухайн ажил үүрэг гүйцэтгэж байхад дэгээ мултарсан нь юутай холбоотой юм. Хүний хүчин зүйлээс одоо шалтгаалсан нөхцөл байгаа юм уу? Эс үйлдэл, эс үйл, эс үйлдэл болон эс үйлдэхүй байсан юм уу? гэдэг нөхцөл байдал хүртэл бүрэн тогтоогдох ямар ч боломжгүй нөхцөл байдалд хүрсэн. Энэ үндэслэлээр анхан шатны шүүхээс өмгөөлөгчийн хүсэлтийг хүлээж авч шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Мөн хэргийн нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдож тогтоогоогүй, бодит байдал нь тогтоогдох, тогтоогдоогүй нөхцөлд өнөөдрийн энэ хэргийг шийдвэрлэх боломжгүй юм. Өөрөөр хэлбэл, энэ үйлдвэрлэлийн осол юм уу? Аль эсвэл одоо бусдын амь насыг болгоомжгүй үйлдчихсэн гэмт хэрэг гарчихсан юм уу? гэдэг нөхцөл байдал ч гэсэн хэрэгт цугларсан баримтаар маш эргэлзээтэй байгаа. Тэгэхээр анхан шатны шүүхийн захирамжаар шийдвэрлэсэн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэсэн хүсэлтийг гаргаж байна.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх прокурорын эсэргүүцэлд үндэслэн хэргийг хүлээн авч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, эсэргүүцлийг хангаж шийдвэрлэлээ. 

1.Анхан шатны шүүхийн  “Хэргийг прокурорт буцаах тухай” шүүгчийн захирамжийн үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна гэж давж заалдах шатны шүүх үзсэн.

2.Хэрэгт авагдсан баримтуудаар “Бага нуур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх станц” ТӨХК-ны Дорноговь аймгийн Сайншанд салбар нь 2023 оны 06 дугаар сарын 26-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 3 дугаар баг, Мааньзавын 431 тоот хашаанд цахилгаан дамжуулах шугамын тулгуур шонгийн мод буулгах ажлыг гүйцэтгэсэн ба уг ажлын хэсгийн мастер Б.Д , краны монтёр Л.Э , засварын монтёр Э.Б нар гүйцэтгэж байх явцад засварын монтёр Э.Б шонгийн модонд цохиулж нас барсан.

Энэ үйл баримтад холбогдуулж засварын хэсгийн мастер Б.Д ыг ажилтнуудад хөдөлмөрийн аюулгүй байдлын зааварчилгааг ажил эхлэхийн өмнө бичгээр өгөлгүйгээр ажлыг эхлүүлсэн гэж,

краны монтёр Л.Э ыг хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага, стандарт, дүрэм, технологийн горимыг чанд мөрдөх, өөрийгөө болон бусдыг аюул, эрсдэлд учруулахгүй байх, манипуляторт кранаар ачааг аюул, осолгүй шилжүүлэхийн тулд ... ачаан дор хүмүүс байхад дээгүүр нь өргөж шилжүүлэхийг хориглоно, тогтворгүй байрлалтай оосорлогдсон ачааг шилжүүлэхийг хориглосныг тус тус зөрчсөн үйлдлүүдийн улмаас хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох буюу Эрүүгийн хуулийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг гарсан гэж прокуророос яллах дүгнэлт үйлдсэн.

3.Анхан шатны шүүх “...энэ гэмт хэрэгт “Бага нуур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх станц” ТӨХК-ны Дорноговь аймгийн Сайншанд салбар нь хамааралтай эсэхийг шалгаагүй” гэсэн агуулга бүхий үндэслэлээр хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцаасныг прокурор Б.Дашням эс зөвшөөрч, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгохыг хүсч эсэргүүцэл бичсэн.

4.Давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж нь хууль зүйн үндэслэлгүй байна гэж үзсэн.

Хэрэгт шинжээч Д.Батхуягаас гаргасан ШД/2023-5 дүгнэлт /2хх 69-75/ болон нэмэлт дүгнэлт /2хх 109-112/-ээр ослын шалтгаан нөхцөлийг тодруулсан  байна.

Дүгнэлтэд осол болох гол шалтгаан нөхцөлийг хэсгийн мастер Б.Д , краны оператор Л.Э , амь хохирогч, засварын монтёр Э.Б нарын аль алины хөдөлмөрийн аюулгүй байдлын дүрэм, зааварчилгааг зөрчсөний улмаас гарсан гэж дүгнэсэн.

Энэ хэргийн бодит байдлыг тогтооход хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны талаарх асуудал нь тусгай мэдлэг зайлшгүй шаардагдах асуудал тул мөрдөгч, прокурор, шүүхээс шинжээчийн дүгнэлтэд үндэслэх нь зайлшгүй юм.

Шинжээч дүгнэлтдээ Эрчим хүчний сайдын 2014 оны 101 дүгээр тушаалаар батлагдсан “Цахилгаан байгууламжийн ашиглалтын үед мөрдөх аюулгүй ажиллагааны дүрмийн 187 дугаар заалт ...“тухайлсан зааварчилгаа өгөхгүйгээр ажилд оруулахыг хатуу хориглоно” заалт ба уг тухайлсан зааварчилгааг хэсгийн мастер Б.Д ажил эхлэхийн өмнө бичгээр өгч, ажилтнуудаар гарын үсэг зуруулах байсан,  ...краны оператор Л.Э нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага, стандарт, дүрэм, технологийн горимыг чанд мөрдөх, өөрийгөө болон бусдыг аюул, эрсдэлд учруулахгүй байх, манипуляторт кранаар ачааг аюул, осолгүй шилжүүлэхийн тулд ... ачаан дор хүмүүс байхад дээгүүр нь өргөж шилжүүлэхийг хориглоно, тогтворгүй байрлалтай оосорлогдсон ачааг шилжүүлэхгүй байх зааварчилгааг чанд мөрдөх байсан, ...засварын монтёр Э.Б нь ажил эхлэхийн өмнө зааварчилгаа аваагүй, нэг бүрийн хамгаалах хэрэгсэл буюу хамгаалалтын малгайгүй ажилласан, ажил эхлэх хугацаанд хувийн ажлын улмаас бүрэн амраагүй байсан, анхаарал болгоомж муу үедээ ажил гүйцэтгэж осолд өртөж амь нас хохирсон гэж тус тус дүгнэсэн нь ослын гол шалтгаан болсон гэж тодорхойлсон.

Шинжээчийн дүгнэлтийн талаар хэргийн оролцогчдын зүгээс маргаагүй ба энэ нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь яллагдагч нарын мэдүүлгүүд болон бусад баримтуудаар тогтоогдсон, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байна.

4.Эрүүгийн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д “Эрүүгийн хуулийн тусгай ангид хуулийн этгээдэд ял оногдуулахаар заасан гэмт хэргийн шинжийг хуулийн этгээдийг төлөөлөх эрх бүхий албан тушаалтан дангаараа, эсхүл хамтран шийдвэр гаргаж, эсхүл хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө хийсэн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан нь хуулийн этгээдэд ял оногдуулах үндэслэл болно” гэж заасан.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйл буюу хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох гэмт хэрэгт хуулийн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заагаагүй тул “Бага нуур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх станц” ТӨХК-ны Дорноговь аймгийн Сайншанд салбарыг энэ хэрэгт хамаатуулан яллагдагчаар татах боломжгүй.

5.Харин шинжээчийн дүгнэлтээр 2023 оны 06 дугаар сарын 26-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 3 дугаар баг, Мааньзавын 431 тоот хашаанд цахилгаан дамжуулах шугамын тулгуур шонгийн мод буулгах ажлыг гүйцэтгэж байх явцад засварын монтёр Э.Б шонгийн модонд цохиулж нас барсан үйл баримт ажлын байран дээр болсон тул үйлдвэрлэлийн осол болсон гэж асуулт 3-ын хариултад хариулсан байхад мөрдөгч, прокуророос “Бага нуур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх станц” ТӨХК-ны Дорноговь аймгийн Сайншанд салбарыг иргэний хариуцагчаар татаагүй, үйлдвэрлэлийн осолд тооцсон талаарх баримтуудыг хэрэгт аваагүй нөхцөл байдал байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шатанд иргэний хариуцагчийг татах боломжтой тул иргэний хариуцагчийг татах үндэслэлээр хэргийг Прокурорт буцаах шаардлагагүй.

“Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай”  болон “Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн” тухай хуулиудад зааснаар  хохирогч Э.Бн хууль ёсны төлөөлөгчид үйлдвэрлэлийн ослын шалтгаан нөхцөлийг тогтоосон актын дагуу тэтгэвэр, тэтгэмж, төлбөр олгогдох боломжтой эсэх, олгогдсон бол тэр тухай холбогдох баримтуудыг  шүүхийн шатанд иргэний хариуцагчаас гаргуулан шийдвэрлэх боломжтой.

6.Иймд анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байхад хэргийг прокурорт буцаасан нь үндэслэлгүй болсон байна.

7.Эдгээр нөхцөл байдлуудад үндэслэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, прокурорын эсэргүүцлийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзсэн.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3,  39.4, 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 2024/ШЗ/284 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр Дорноговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шатанд буцааж, прокурорын эсэргүүцлийг хангасугай.

2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1, 40.1 дүгээр зүйлийн 1, 2-т зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдаж, анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхийн шийдвэрт оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

Н.БОЛОРМАА

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БОЛОРМАА

ШҮҮГЧИД О.ОДНЯМАА

А.САЙНТӨГС