Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 09 сарын 04 өдөр

Дугаар 315/ШШ2025/00298

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Насанбуян даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын 2-р баг, ******* гэх газарт оршин суух, утас *******, ******* овогт ******* ******* нэхэмжлэлтэй,

 

“Ажиллаж байсан байдал тогтоолгох” тухай нэхэмжлэлийг 2025 оны 08 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, 2025 оны 08 дугаар сарын 21-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: *******

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Батцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч ******* нь “ажиллаж байсан байдал тогтоолгох” нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

 

Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

******* нь 1991-1995 оныг хүртэл Эх орны төлөө ХК-д малчнаар ажиллаж байсан. Тухайн үед ажиллаж байсан хөдөлмөрийн дэвтрээ гээгдүүлсний улмаас ажиллаж байсан байдлаа шүүхийн шийдвэрээр тогтоолгох шаардлагатай болсон. Иймд ******* 1991-1995 оныг хүртэл Эх орны төлөө ХК-д малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

 

2. Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлсөн баримт, Сүхбаатар аймгийн Засаг даргын тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн Архивын тасгийн 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 11/192 тоот цалингийн лавлагаа, Эх орны төлөө ХК-ийн цалингийн тооцооны хуулбар, гэрч асуулгах хүсэлт зэргийг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн.

 

3. Нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүх *******, нараас гэрчийн мэдүүлэг авсан.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* нь 1991-1995 оныг хүртэл Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын Эх орны төлөө ХК-д малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

 

2. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

3. Хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нэхэмжлэгчийн тайлбар, бичгийн бусад нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

4. Нэхэмжлэгч ******* нь 1991 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын Эх орны төлөө ХК-д малчнаар ажиллаж байсан болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан “.1991-1995 оныг хүртэл Эх орны төлөө ХК-д малчнаар ажиллаж байсан” гэх тайлбар,

Сүхбаатар аймгийн Засаг даргын тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн Архивын тасгийн 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 11/192 тоот цалингийн лавлагаа, (Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын Эх орны төлөө нэгдлийн 1988 оноос хойшхи онуудын цалингийн баримт шилжиж ирээгүй тул *******т холбогдох баримт гараагүй болно гэх бичилт бүхий) хх-6х), 

Эх орны төлөө ХК-ийн 1991 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн цалингийн тооцооны хүснэгтийн 19-т “******* хонь, ямаа, үхэр малласан ажлын хөлс бүгд 636.64 төгрөг гэх бичилт бүхий,

Эх орны төлөө ХК-ийн 1994 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн цалингийн тооцооны хүснэгтэд “******* ажиласан өдөр 23, ажилласан цаг 295, олговол зохих 295 төгрөг гэх бичилт бүхий”(хх-7-8х) баримт, 

 

гэрч *******ын шүүхэд өгсөн “...******* нь 1986 онд сургуулиа төгсөж Эх орны төлөө нэгдэлд малчнаар томилогдон ажиллаж байгаад 1988 онд цэрэгт татагдаж 1990 онд цэргээс халагдаж ирсэн. Цэргээс халагдаж ирээд тус нэгдэлдээ малчнаар ажилласан. 1991 онд Эх төлөө нэгдэл нь Эх орны төлөө хувьцаат компани болж өөрчлөгдсөн. ******* нь Эх орны хувьцаат компанид малчнаар 1991-1994 оныг дуустал малчнаар ажилласан. *******тай хамт ажиллаж байсан” гэх мэдүүлэг (хх-23х),

 

Гэрч гийн шүүхэд өгсөн “ Тухайн үед 16 наснаас эхлэн илгээлтийн эздээр томилдог байсан. Би 1979-1986 оны 08 дугаар сар хүртэл бригадын даргаар ажиллаж байгаад 1986-1994 оныг дуустал Эх орны төлөө нэгдлийн орлогч даргаар ажиллаж байсан. ******* нь 1986 онд дунд сургуулиа төгсөж ирээд Эх орны төлөө нэгдэлд малчнаар ажиллаж байгаад 1988 онд цэрэгт татагдаж 1990 онд цэргээс халагдаж ирсэн. Цэргээс халагдаж ирээд тус нэгдэлдээ малчнаар ажилласан. 1991 онд Эх төлөө нэгдэл нь Эх орны төлөө хувьцаат компани болж өөрчлөгдсөн. ******* нь Эх орны хувьцаат компанид 1991-1994 оныг дуустал малчнаар ажилласан. Тухайн жилүүдэд миний бие компаний дэд захирлаар ажиллаж байсан тул Д.******* ажиллаж байсан талаар сайн мэднэ.” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ. (хх-21х)

 

5. Иймд Д.******* 1991 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын Эх орны төлөө ХК-д малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч ******* ******* 1991 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын Эх орны төлөө ХК-д малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй бөгөөд нэхэмжлэгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдаж шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                С.НАСАНБУЯН