Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 2024/ДШМ/671

 

   2024            06            06                                          2024/ДШМ/671

 

Ц.Б, Д.Э нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, шүүгч М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Р.Энх-Оюун,

шүүгдэгч Ц.Б, Д.Э нарын өмгөөлөгч Б.Мөнхгэрэл, 

нарийн бичгийн дарга Х.Саранзаяа нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батжаргал даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 2024/ШЦТ/345 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ц.Б, Д.Э нарын өмгөөлөгч Б.Мөнхгэрэлийн гаргасан давж заалдах гомдлоор Ц.Б, Д.Э нарт холбогдох 2302 00331 0286 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 5 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.      

1. З овогт Ц-н Б, .... оны .. дугаар сарын ..-ны өдөр ..... аймагт төрсөн, .. настай, эрэгтэй, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, “Л...” ХХК-д барилгын инженер ажилтай, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт ....... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: .........../;  

2. Б овогт Д-н Э, .... оны .. дугаар сарын ..-ны өдөр ........ аймагт төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгааны техникч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эмэг эх, эцгийн хамт .......... тоотод оршин суух бүртгэлтэй боловч одоо ........... тоотод оршин суух, /РД: ............/,

Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн 2013 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 148 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, мөн хуулийн ерөнхий ангийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан ялыг 1 жил 6 сарын хугацаагаар хойшлуулсан,

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 312 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж, хянан харгалзсан;

Шүүгдэгч Ц.Б, Д.Э нар нь бүлэглэн 2023 оны 6 дугаар сарын 30-ны өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтдаг “шавар” гэх нэршилтэй бодисын цэвэр жин 0.0198 грамм, “мөс” гэх нэршилтэй бодисын цэвэр жин 0.0833 грамм хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авч, ... УНС улсын дугаартай “Мерседес Бенз” загварын тээврийн хэрэгсэлд хадгалсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Нийслэлийн прокурорын газраас: Ц.Б, Д.Э нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Д.Э, Ц.Б нарыг “бүлэглэн, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Э-д 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч Ц.Б-д 1 жил 3 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч Д.Э нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч Ц.Б-н цагдан хоригдсон 40 хоногийг эдлэх ялд оруулан тооцохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдсон Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа “Bon aqua” гэсэн бичиглэлтэй цэнхэр өнгийн хуванцар сав, цэнхэр өнгийн соруул, Vinix 100 гэсэн бичиглэлтэй цагаан өнгийн гялгар ууттай зүйл, тунгалаг өнгийн хуванцар материалтай саван дотор хийсэн шилэн гаанс мэт зүйл, гялгар ууттай бор хүрэн өнгийн зүйл, гялгар уутанд хийсэн цагаан өнгийн талстлаг зүйл уутны хамт 0,1 грамм, бор өнгийн ариун цэврийн цаас, цайвар цэнхэр грамм, бор өнгийн ариун цэврийн цаас, цайвар цэнхэр өнгийн соруул, хөх өнгийн соруул, цагаан өнгийн соруул, улаан өнгийн зиплок түгжээтэй гялгар уут, отривин спрей гэсэн бичиглэлтэй цагаан өнгийн дотроо шингэний агууламжтай жижиг хэмжээтэй хуванцар сав, ногоон өнгийн асаагуур, хар өнгийн асаагуур, Flower food гэсэн бичиглэлтэй хуванцар сав, “Rio” гэсэн бичиглэлтэй төмөр сав дотроо 4 ширхэг цагаан өнгийн мэт зүйл, гялгар ууттай тариур, зүүний хамт, ягаан өнгийн асаагуур, шилэн гаанс мэт зүйл, хажуудаа тунгалаг өнгийн гялгар ууттай, шавар мэт зүйл наалдсан улаан өнгийн асаагуур, ногоон өнгийн соруул, улаан өнгийн соруул, цагаан болон тунгалаг өнгийн соруул, “NEXPOD” гэсэн бичиглэлтэй хар өнгийн хуванцар зүйл, бор өнгийн даавуун ууттай саарал ангийн гар жин, 10 гэсэн тоотой төмөр зоос, өнгөгүй хуванцар гуурс, шар өнгийн асаагуур, улаан өнгийн зиплок түгжээтэй 5 ширхэг уут зэрэг зүйлийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-н цагдан хоригдсон нийт 40 хоногийг түүний эдлэх ялд нь оруулан тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн 1 ширхэг сидийг хэрэгт хавсаргаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Ц.Б, Д.Э нарын өмгөөлөгч Б.Мөнхгэрэл давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлд заасныг удирдлага болгон дараах гомдлыг гаргаж байна. Гомдол гаргах үндэслэл:

Нийслэлийн прокурорын газраас 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Эрүүгийн 2402000900080 дугаартай эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоолыг Ц.Б-д танилцуулсан бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон болно. Ц.Б-н холбогдсон дээрх гэмт хэргүүд нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан үргэлжилсэн үйлдэлтэй гэмт хэрэг байх тул нэг шийтгэх тогтоолоор хэргээ шийдвэрлүүлэх нь миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлж байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү. Ц.Б нь 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдөр яллагдагчаар татагдсан гэмт хэргийн хувьд гэм буруу болон зүйлчлэл дээрээ маргадаггүй болно. ...” гэв.

Прокурор Р.Энх-Оюун тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Урьд нь энэ хэргийг давж заалдах шатны шүүхээс “шүүгдэгч нарт оногдуулсан ял шийтгэл нь тэдний үйлдсэн гэмт хэрэгт тохироогүй” гэх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож байсан. Шүүгдэгч Ц.Б-н өмгөөлөгчийн зүгээс түүний 2024 онд буюу энэ хэрэг хэлэлцэх явцад үйлдсэн гэмт хэргийг энэ хэрэгт нэмж нэгтгэх саналыг гаргасан. Прокурорын зүгээс үргэлжилсэн үйлдлээр үйлдэгдсэн гэж үзээгүй. Мөн хэрэг гэм буруугийн шүүх хуралдааны шатанд шилжсэн байсан тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлд зааснаар хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулах санал гаргасан. Уг саналыг шүүх хүлээн авч, хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй гэж үзэж байна. ...” гэв.

                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Ц.Б, Д.Э нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.Мөнхгэрэлийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангаагүй, Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлд заасан хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд, 6.9 дүгээр зүйлд хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулахдаа хэрхэн нэмж нэгтгэн, биечлэн эдлэх ялыг хэмжээг тогтоох талаар хуульчилсан. 

Нийслэлийн прокурорын газраас Ц.Б, Д.Э нарыг эрүүгийн 2302 00331 0286 дугаартай хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд Ц.Б-д Нийслэлийн прокурорын газраас 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 2402 00090 0080 дугаартай хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах прокурорын тогтоол үйлдсэн /2 хх 99/ байна.

Гэтэл анхан шатны шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх шатанд Ц.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нэг төрлийн гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол үйлдсэн талаарх баримт хэрэгт авагдсан байхад түүний үйлдлүүдийг хэрхэн, ямар үндэслэлээр нэмж нэгтгээгүй талаар, эсхүл тус тусдаа шийтгэх тогтоолоор ял шийтгэл оногдуулах эсэх талаар үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийгээгүй хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь буруу болжээ.

            Үүнээс гадна, анхан шатны шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдах ба шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэл тохирсон эсэх, эсхүл нотлох баримт цуглуулж, бэхжүүлэх талаар энэ хуульд заасан журам зөрчигдсөн талаар, мөн хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан тухай гомдол гаргасан бол шүүх хэргийг хянан хэлэлцэхийг 60 хүртэл хоногоор хойшлуулж, улмаар прокуророос уг дутуу ажиллагааг явуулан дахин шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай зохицуулалт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5, 6 дахь хэсгүүдэд хуульчлагдсан.

            Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх дээрх хуульд заасан дутуу ажиллагааг хийлгүүлэхээр шүүх хуралдааныг хойшлуулан, холбогдох ажиллагааг явуулсны эцэст шүүх хуралдааныг хийх нь зүйтэй тул давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэв.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 2024/ШЦТ/345 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.

2. Шүүгдэгч Ц.Б, Д.Э нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

                        ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                                             Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

                         ШҮҮГЧ                                                            Л.ДАРЬСҮРЭН

            ШҮҮГЧ                                                            М.АЛДАР