| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гомбодоржийн Ганбаатар |
| Хэргийн индекс | 188/2018/0343/Э |
| Дугаар | 357 |
| Огноо | 2018-04-26 |
| Зүйл хэсэг | 20.7.1., |
| Улсын яллагч | Ч.Отгонсүрэн |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 04 сарын 26 өдөр
Дугаар 357
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Ганбаатар даргалж,
нарийн бичгийн дарга Ц.Отгонбаяр,
улсын яллагч Ч.Отгонсүрэн,
шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Н.Намжилцогт,
шүүгдэгч Э.Э, түүний өмгөөлөгч Н.Жамъяндорж нарыг оролцуулан шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нарт холбогдох 1802000000033 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1998 оны 06 дугаар сарын 19-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй,
Монгол Улсын иргэн, 1995 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3, ээж, эгчийн хамт
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч Б.Б нь 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт Драгон төвийн орчим 58-39 УНЕ улсын дугаартай Соната-6 маркийн тээврийн хэрэгсэл дотор Нэгдсэн Үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтанд багтсан тетрагидроканнабинол /tetrahydrocannabinol/-ийн агууламж бүхий гялгар уутны хамт 130 грамм жинтэй, өвс гэх нэршилтэй, мансууруулах буюу сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан,
Шүүгдэгч Э.Э нь 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Дархан-Уул аймгийн 6 дугаар хороолол, 11 дүгээр баг, 7 дугаар байрны 51 тоотод Нэгдсэн Үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтанд багтсан тетрагидроканнабинол /tetrahydrocannabinol/-ийн агууламж бүхий гялгар уутны хамт 188 грамм, өвс гэх нэршилтэй, мансууруулах буюу сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад:
Шүүгдэгч Б.Б нь 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт Драгон төвийн орчим 58-39 УНЕ улсын дугаартай Соната-6 маркийн тээврийн хэрэгсэл дотор Нэгдсэн Үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтанд багтсан тетрагидроканнабинол /tetrahydrocannabinol/-ийн агууламж бүхий мансууруулах буюу сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:...
- Б.Бы унаж явсан 58-39 УНЕ улсын дугаартай Соната-6 маркийн тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл: баруун урд талын суудал дээр цэнхэр хуванцар сав...уг хуванцар савыг CD-ээр таглаж, сонинд боосон мэт харагдаж байв. Мөн суудал дээр бор өнгийн оосортой гар цүнх байх ба онгойлгож үзэхэд дотор нь цэнхэр судалтай гялгар ууттай цайвар ногоон өнгийн өвс мэт зүйл байв, № 1 гэж дугаарлан жинлэхэд 51,4 грамм, мөн цагаан өнгийн гялгар ууттай өвс мэт зүйлс байв, №2 гэж дугаарлан жинлэхэд 79,5 грамм байв гэх болон гэрэл зургийн үзүүлэлт /хх-15-19/,
- тээврийн хэрэгсэлд хийсэн үзлэгээр хураан авсан CD-р тагласан цэнхэр өнгийн хуванцар саванд хийсэн 2 хэсэг гялгар уутанд хийсэн нийт 130 грамм өвс мэт зүйлсийг эд мөрийн баримтаар тооцсон тогтоол/ х-46/,
- Б.Бы биеэс биологийн дээж авч шалгахад мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн нь илэрсэн тухай тэмдэглэл, зургийн үзүүлэлт /хх-36-37/,
- шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн №1255 дугаартай дүгнэлт: “...Шинжилгээнд ирүүлсэн зориулалтын хуванцар савны таган дээр “Б.Б ТЛ98062911” гэж хаягласан 65 мл шээсэнд тетрагидроканнабинол /THC/-ын агууламж илрэв. Тетрагидроканнабинол /THC/ нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын жагсаалтанд багтдаг, гэрэл зургийн үзүүлэлт /хх-75-76/,
- шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн №1264 дугаартай дүгнэлт “...Шинжилгээнд ирүүлсэн №1, №2 гэж дугаарласан цаасан ууттай ургамал мэт зүйлүүдэд дельта-9 тетрагидроканнабинолын агууламж илэрсэн. Дельта-9 тетрагидроканнабинол нь НҮБ-ын Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцын жагсаалтанд багтдаг болно”, гэрэл зургийн үзүүлэлт /хх-71-72/,
- гэрч Б. мөрдөн байцаалтад өгсөн:...2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр буюу хэрэг гардаг өдөр би гэртээ унтаж байхад Ба над руу яриад “Дарханаас найз өвс явуулсан чи жаахныг авах уу” гэхээр нь “за за” гэж хэлээд утсаа салгаад унтчихсан...Б надаар үс засуулж байсан ба надад өвс өгнө гэхээр нь би за за гэж хэлсэн...Б надад Дарханаас найзууд өвс явуулдаг гэж ярьж байсан...гэх мэдүүлэг /хх-47-48, 49-50/,
- шүүгдэгч Б.Бы мөрдөн байцаалтад өгсөн:...Элбэгсайхан ер нь бол хаагуур ургадгийг нь мэднэ, олж өгөөд замын унаагаар явуулъя гэсэн. Тэгээд 2017 оны 11 дүгээр сард жижиг цаасанд боосон өвсийг би хэрэглэж байгаад 2018 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн орой Элбэгсайхантай холбогдон урьд өмнө явуулсан өвс чинь дуусчихлаа дахин өвс явуулаач гэхэд маргааш өглөө эрт явуулъя гэсэн. Тэгээд 15-ны өдрийн өглөө өвс явуулсан гэж хэлсэн...Нийт 2 удаа өвс захиж авсан. Өвс авах болгондоо ямар нэгэн байдлаар мөнгө төлөөгүй. Бат-Эрдэнэ надад өвс хэрэгтэй байна гэж үс засуулснаас 2 хоногийн дараа надад хэлсэн...гэх мэдүүлэг /хх-93-94, 103-104, 105-106/,
- шүүгдэгч Э.Эы мөрдөн байцаалтад өгсөн:...Бат-Оргилуун 2018 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр 7-18 цагийн үед, 2018 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр 13-14 цагийн үед дахин дахин залгаад “өвс” явуулчихаач гээд гуйгаад байсан. Тэгэхээр нь зөвшөөрөөд 2018 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн орой 22 цагийн үед Дархан-Уул аймгийн 10 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах шинэ замын баруун талд байдаг цахилгааны под станцын хажуу талын задгай талбай дээр ургасан байсан урт иштэй өвснөөс гараараа шувтарч аваад 2 гялгар уутанд түүж хийгээд нэг ууттай өвснөөс атгасан гарын хэмжээтэйг аваад цэнхэр өнгийн варианы хуванцар саванд хийгээд...2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн өглөөний 10 цагийн том оврын хот хоорондын автобусны кондукторт өгч явуулсан...”гэх мэдүүлэг /хх-95-97, 107, 108-109/ зэрэг нотлох баримтуудаар,
Шүүгдэгч Э.Э нь 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Дархан-Уул аймгийн 6 дугаар хороолол, 11 дүгээр баг, 7 дугаар байрны 51 тоотод Нэгдсэн Үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтанд багтсан тетрагидроканнабинол /tetrahydrocannabinol/-ийн агууламж бүхий гялгар уутны хамт 188 грамм, өвс гэх нэршилтэй, мансууруулах буюу сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:...
- 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Э.Эы оршин суух Дархан-Уул аймгийн 6 дугаар хороолол, 11 дүгээр баг, 7 дугаар байрны 51 тоот хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэлд:...Э.Эаас танай гэрт хууль бус мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хадгалагдаж байгаа эсэх талаар асуухад “...миний амьдардаг өрөөний ширээний доор байрлах тоос сорогчний хоолойн нүхэнд байгаа гэсний дагуу шалгахад мөнгөлөг саарал өнгийн тугалган цаас /15 см хэмжээтэй/ мөн шар өнгийн нунтаг зүйл байв. Үргэлжлүүлэн саарал өнгийн тоос сорогчний дээд талыг авч бохирын уутыг авахад дотор нь 2 тусдаа, цагаан өнгийн гялгар ууттай өвс мэт зүйл хийгдсэн байв. Уг 2 тусдаа гялбар ууттай өвс мэт зүйлийг гаргаж авч эд мөрийн баримтаар хураан авахаар тогтов...” гэх /хх-20-25/,
- 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол: 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хэргийн газарт үзлэг хийж хураан авсан 1, 2 гэж дугаарласан 2 хэсэг гялгар уутанд хийсэн нийт 188 грамм өвс мэт зүйл, цагаан өнгийн бичгийн цаасанд боосон шар өнгийн нунтаг зүйл, 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагаагаар хураан авсан хар өнгийн гялгар уутаар боосон байдалтай хатсан ургамал мэт зүйл эд зүйлийг эд мөрийн баримтаар тооцов...”/хх-45/,
- Э.Эы өгсөн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-26-30/,
- Э.Эы биеэс биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэснийг тогтоосон тухай тэмдэглэл, зургийн үзүүлэлт /хх-38-39/,
- шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн №1376 дугаартай“...Ирүүлсэн дээжүүд нь шинжилгээнд тэнцэнэ. “№1”, “№2” гэж дугаарласан ногоон өнгийн ургамал мэт зүйл, “№3 Э.Э үзлэгээр илэрсэн эд/з. х/ч М.Отгонбаатар 2018.01.17” гэж хаягласан цаасанд боолттой шаргал өнгийн нунтаг зүйл, “№4 дугаартай мэдүүлгийг шалгах ажиллагаагаар хураан авсан өвс мэт зүйл” гэж хаягласан өвс мэт зүйлүүд тус дельта-9 тетрагидроканнабинол /delta-9 tetrahydrocannabinol/ илэрч байна. Дельта-9 тетрагидроканнабинол /delta-9 tetrahydrocannabinol/ нь НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын жагсаалтанд хамаарна. Шинжилгээнд ирүүлсэн “МЗ95070832 Э.Э” гэж хаягласан шээсэнд тетрагидроканнабинол /THC/ илэрсэн. Тетрагидроканнабинол /THC/ нь НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын жагсаалтанд хамаарна”...гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-64-67/
- шүүгдэгч Э.Эы мөрдөн байцаалтад өгсөн:...2018 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн орой 22 цагийн үед Дархан-Уул аймгийн 10 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах шинэ замын баруун талд байдаг цахилгааны под станцын хажуу талын задгай талбай дээр ургасан байсан урт иштэй өвснөөс гараараа шувтарч аваад 2 гялгар уутанд түүж хийсэн...нэг ууттай өвснөөс атгасан гарын хэмжээтэйг Б явуулсан...түүсэн гялгар ууттай өвсөө ээжээсээ нуугаад тоос сорогчин дотор хийчихсэн байсан. Өөрөө хэрэглэх гэж байсан. Би сэтгэцэд нөлөөт бодисыг өөрийн гэртээ худалдаалах зорилгоор хадгалаагүй, мөн хэн нэгэн хүнд худалдаалж байгаагүй. Харин өөрөө хэрэглэж байсан нь үнэн...гэх мэдүүлэг /хх-95-97, 107, 108-109/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Б.Б, Э.Э нарыг хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Гэмт хэргийн шинж, зүйлчлэл болон энэ хүрээнд талууд, оролцогчийн зарим саналд хийсэн хууль зүйн дүгнэлт:
Шүүх шүүгдэгч Б.Б, Э.Э нарт холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1-д зааснаар прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шийдвэрлэсэн ба тус хэрэгт мөрдөн шалгах, хянах чиг үүргийн хүрээнд хамаарах Эрүүгийн болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль хэрэглээний алдаа, зөрчлүүд байгааг анхааруулах нь зүйтэй байна. Тухайлбал, хэрэгт цугларсан, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн:
- шүүгдэгч Э.Эы:...Би анх 2017 оны 11 дүгээр сарын эхэн үеэр өвс гэх зүйлийг түүж хэрэглэсэн...Б над руу 2017 оны 11 дүгээр сарын дундуур яриад өвс олоод өг гэхээр нь 2-3 хоногийн дараа түүж явуулсан...2018 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр над руу яриад дахиад явуулаач гээд гуйгаад байхаар нь түүж 15-ны өдөр автобусаар явуулсан тухай мөрдөн байцаалтад /хх-95-97/ болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг,
- шүүгдэгч Б.Бы:...Э ер нь бол хаагуур ургадгийг нь мэднэ, олж өгөөд замын унаагаар явуулъя гэсэн. Тэгээд 2017 оны 11 дүгээр сард жижиг цаасанд боосон өвсийг би хэрэглэж байгаад 2018 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн орой Э холбогдон урьд өмнө явуулсан өвс чинь дуусчихлаа дахин өвс явуулаач гэхэд маргааш өглөө эрт явуулъя гэсэн...Нийт 2 удаа өвс захиж авсан тухай мөрдөн байцаалт / х-93-94, 105-106/, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээс үзэхэд шүүгдэгч Э.Э нь мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар удаа дараа түүж бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн байхад зөвхөн “хадгалсан” гэмт үйлдлийг гэмт хэрэгт тооцсон, түүнчлэн
- гэрч Б. мөрдөн байцаалтад өгсөн: Б бид хоёр 2017 оны 12 дугаар сарын 21-ний орчимд шинэ жил баярын үеэр Богд-Уулын урд замаар явж байгаад замын хажууд зогсож өвс татсан. Уг өвсийг Б гаргаж ирээд хамт сорж хэрэглэсэн...надад 2 атга хэмжээтэй ууттай өвс өгсөн...Түрүү 7 хоногийн 3 дахь билүү 4 дэх өдөр Бат-Оргилуун бид 2 Дөлгөөн нуур гэх газрын ойролцоо байх нэг гэр хорооллын харанхуй гудамж руу ороод “өвс” татсан...2018 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Б манай ажил дээр ирээд би үсийг нь янзалж өгсөн. Би мөнгө өгч чадахгүй нээ 50.000 төгрөгөнд тааруулаад өвс авчих гэхээр нь би зөвшөөрсөн...2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Бат-Оргилуун над руу залгаад нөгөө юм чинь ирчихсэн “чи ирж авах уу” гэхээр нь унтаж байсан болохоор за, за гэж хэлээд утсаа салгаад унтчихсан...гэх мэдүүлэг /хх-47-48/,
- 2018 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Бат-Оргилуун надаар үсээ засуулчихаад надаас “чи хэдэн төгрөгөөр засдаг юм” гэж асуусан. Би 50.000-100.000 гэж хэлсэн...Бат-Оргилуун надад өвс өгнө гэхээр нь “за за” гэж хэлсэн гэх мэдүүлэг /хх-49-50/,
- шүүгдэгч Б.Бы мөрдөн байцаалтад өгсөн:...Э ер нь бол хаагуур ургадгийг нь мэднэ, олж өгөөд замын унаагаар явуулъя гэсэн. Тэгээд 2017 оны 11 дүгээр сард, 2018 оны 01 дүгээр сарын 14...Нийт 2 удаа өвс захиж авсан…Бат-Эрдэнийг 2017 онд үсээ засуулж байгаад танилцсан. Бр би 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр үсээ засуулсан ба үс засуулсны оронд Ба надаас өвс олоод өг гэсэн. Тэгээд би Б өвс олж өгөх гээд Дархан руу Багваахай гэх хүн рүү холбогдсон...гэх мэдүүлэг /хх-93-94, 103-104, 105-106/ зэргээс үзэхэд шүүгдэгч Б.Б нь мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар удаа дараа хадгалсан, бусдад өгсөн, мөн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар хадгалсан, тээвэрлэсэн, худалдсан гэмт хэргийн шинжид холбогдох нотлох баримтууд байсаар атал прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.3 дугаар зүйлд заасан “хяналт”-ын үүргээ хангалтгүй, хариуцлагагүй хэрэгжүүлсэн, түүнчлэн шүүх хуралдаанд тухайн нотлох баримтуудыг “эргэлзээтэй” гэж үзсэн нь үндэслэлгүй болсон зэрэг болно.
Шүүх хуралдаанаар хэргийн зүйлчлэл, мөрдөн шалгах, хянах ажиллагаатай холбоотой дээрх нотлох баримт бүхий зөрчилтэй асуудлууд үүссэн боловч тус хэрэгт урьдчилсан хэлэлцүүлэг хийгдээгүй байх тул шүүхийн хувьд шүүх хуралдаанаас тухайн хэргийг прокурорт буцаах үндэслэл бүрдээгүй, харин хэргийг прокурорт буцаах эрхээ хэрэгжүүлэхийг прокурорт сануулсан хэдий ч татгалзсан тул тухайн хэргийг буцаахгүйгээр шийдвэрлэж, харин дээд шатны прокурор тус шийдвэрт эсэргүүцэл бичих замаар Эрүүгийн болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хүрээнд гарсан дээрх алдаа, зөрчлийг засуулах боломжтойг тэмдэглэв.
Шүүгдэгч нарын хувьд бусдад төлөх нотлох баримт бүхий төлбөргүй байна.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх болон энэ хүрээнд талууд, оролцогчийн зарим саналд хийсэн хууль зүйн дүгнэлт:
Шүүгдэгч нар анх удаа гэмт хэрэг үйлдсэн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарч байна.
Шүүгдэгч нарын олж авч хадгалсан, хэрэглэсэн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис нь хүний эрүүл мэндэд ноцтой хор уршигт хүргэдэг учраас нийгмийн аюулын хувьд ноцтой гэж үзнэ.
Шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн болон бусад хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг тус тус харгалзан тэдэнд хорих ялыг ялгамжтайгаар оногдуулж, харин шүүгдэгч нарт ял оногдуулахгүйгээр тэнсэх тухай шүүгдэгч, өмгөөлөгч нарын саналыг хүлээж авах боломжгүй гэж үзэв.
Мөн өмгөөлөгч Н.Намжилцогт нь Б.Б анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, 19 настай тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 5, 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авах талаар санал гаргасан боловч хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг гагцхүү өсвөр насны буюу 18 насанд хүрээгүй этгээдэд хэрэглэх ба хэрэв 18-аас 21 нас хүртэлх насны хүний хувьд бие бялдар болон сэтгэцийн хөгжлийн хоцрогдолтой бөгөөд энэ нь өсвөр насны хүнийхтэй адилтган үзэх боломжтой нь тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон тохиолдолд хэрэглэх эсэхийг шийдвэрлэх тул өмгөөлөгчийн тухайн саналыг үндэслэлгүй гэж үзнэ.
Шүүгдэгч Б.Бы нэр дээр тээврийн хэрэгсэл бүртгэлгүй байх /х-169/ ба Б.Бы мансууруулах эм, бодис хадгалсан тухайн 58-39 УНЕ дугаартай автомашиныг Б.Батболдын Баянзүрх дүүрэгт гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэх үндэслэлээр буюу өөр хэрэгт битүүмжилсэн /х-210/ байх тул уг автомашины битүүмжлэлийг тус шүүх хуралдаанаар шийдвэрлэх боломжгүй болно.
Тус хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1, 2 гэж дугаарласан 2 хэсэг гялгар уутанд хийсэн нийт 188 грамм жинтэй өвс мэт зүйл, цагаан өнгийн бичгийн цаасанд боосон шар өнгийн нунтаг зүйл, хар өнгийн гялгар уутаар боосон байдалтай хатсан ургамал мэт зүйл, CD-гээр тагласан цэнхэр өнгийн хуванцар саванд хийсэн 2 хэсэг гялгар уутанд хийсэн нийт 130 грамм жинтэй өвс мэт зүйл зэрэг нь гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйлд хамаарах тул уг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.Б 2 хоног /хх-110-111/ цагдан хоригдсон, Э.Э цагдан хоригдсон хоноггүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1, 38.2 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б.Б, Э.Э нарыг хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар
шүүгдэгч Б.Быг 1 жил 6 сар хорих ялаар, шүүгдэгч Э.Эыг 1 жил хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б, Э.Э нарын эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.Бы цагдан хоригдсон 2 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.
5. Шүүгдэгч нар бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч Э.Э цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4-т зааснаар тус хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1, 2 гэж дугаарласан 2 хэсэг гялгар уутанд хийсэн нийт 188 грамм жинтэй өвс мэт зүйл, цагаан өнгийн бичгийн цаасанд боосон шар өнгийн нунтаг зүйл, хар өнгийн гялгар уутаар боосон байдалтай хатсан ургамал мэт зүйл, CD-гээр тагласан цэнхэр өнгийн хуванцар саванд хийсэн 2 хэсэг гялгар уутанд хийсэн нийт 130 грамм жинтэй өвс зэргийг уг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
7. Шүүгдэгч Б.Б, Э.Э нарыг цагдан хорьж, тэдний эдлэх ялыг 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдрөөс эхлэн тооцсугай.
8. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
9. Эрх бүхий прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
10. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б, Э.Э нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ГАНБААТАР