Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 2024/ДШМ/38

 

 

 

    

  2024       06         19                                     2024/ДШМ/38

 

Ц.Ад холбогдох

эрүүгийн хэргийн тухай

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Н.Болормаа даргалж, ерөнхий шүүгч О.Однямаа, ерөнхий шүүгч А.Сайнтөгс нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн  шүүх хуралдаанд;

Прокурор: Д.Зуунай,

Шүүгдэгч Ц.А , түүний өмгөөлөгч Ж.Жаргалсайхан,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Н.Норжинлхам нарыг оролцуулан,

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Э.Болормаа даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 2024/ШЦТ/51 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, шүүгдэгч Ц.А ын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгдэгч Ц.Ад холбогдох 2320001430039 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч А.Сайнтөгсийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1.Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

* төрсөн, яс үндэс халх, * настай, *, * боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эгчийн хамт Дорноговь аймгийн *оршин суудаг,

Дорноговь аймгийн сум дундын 2 дугаар шүүхийн 1997 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 03 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар,

Дорноговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 2022/ШЦТ/58 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгж буюу 600,000 төгрөгөөр торгох ял,

Дорноговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 2023/ШЦТ/88 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт 450 нэгж буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлж байсан, Е овогт Ц.А

2.Холбогдсон хэргийн товч агуулга:

Шүүгдэгч Ц.А  нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Дорноговь аймгийн Өргөн сумын 1 дүгээр баг Сэкул гэх газарт 2023 оны 08 дугаар сарын 21-ний өдөр хохирогч Ц.Мн баруун шанаан тус газарт гараараа цохиж, газарт унасан байхад нь хоолойг нь боож баруун гарт нь байсан түүний эзэмшлийн nokia-3330 маркийн 40,000 төгрөгийн үнэлгээ бүхий гар утсыг хүч хэрэглэж дээрэмдэж авсан гэмт хэрэгт холбогджээ. 

3.Дорноговь аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, хэргийг анхан шатны шүүх хүлээн авч хянан хэлэлцжээ.

4.Анхан шатны шүүх: ... Шүүгдэгч Е овгийн Ц.А Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авсан дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Аг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ад оногдуулсан 1 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Ц.А оос 40,000 төгрөгийг гаргуулж хохирогч Ц.Мт олгож шийдвэрлэснийг эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанаас өмнө шүүгдэгч нь төлж барагдуулсныг дурдаж,

Шүүгдэгч Ц.А  нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, эд мөрийн баримт болон иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж,

Шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.А ын урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж,

Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

5.Шүүгдэгч Ц.А  давж заалдсан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би тухайн утсыг аваад хармаалж байсан юм шиг санагдаж байна. Тэрнээс хойш яаснаа мэдэхгүй байна. Өөр хэлэх тайлбаргүй.” гэв.

6.Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Жаргалсайхан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “…Давж заалдах шатны шүүх хуралдаанд Ад эрхийг нь туслалцаа үзүүлж өмгөөлөгчөөр оролцож байна. Ан гомдолтой танилцсан, гомдлын гол үндэслэл нь анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-т зааснаар зүйлчилснийг хүлээн зөвшөөрөхгүй. Гагцхүү утас авсан үйлдлээ хүлээн зөвшөөрдөг ч, хүч хэрэглэж тухайн утсыг аваагүй, бид нар зодолдоогүй. Энэ бүгдийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү гэдэг үндэслэлээр гомдол гаргасан байдаг. Хэргээс харахад хүч хэрэглэсэн байдал нь эргэлзээгүйгээр тогтоогдсон зүйл байдаггүй. Анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Мг биечлэн оролцуулаагүй учир дутагдалтай хандсан асуудал байдгийг өмгөөлөгчийн зүгээс дурдмаар байна. Нөгөө талаас хохирогч Мн хүсэлтэд мөн яг хүч хэрэглэсэн эсэх нь тодорхой дурдагдаагүй байдаг. М  хүүхэдтэйгээ утсаар ярихад худал үнэн хов зөөлөө гэж маргаснаас болж түүнийг түлхсэн байдаг. Утсыг яаж хүч хэрэглэж авсан болох нь тодорхой бус байдаг учраас энэ үндэслэлүүдэд бодитой үнэлэлт дүгнэлт хийж, ашигтай байдлаар хандаж шийдвэрлэх нь зүйтэй.” гэв.

7.Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Халзан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “…Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 т заасан гэмт хэрэгт холбогдсон Ан өмгөөлөгчөөр нь давж заалдах шатны шүүх хуралдаанд өмгөөлөгчөөр нь оролцож байгаа. Миний хувьд Жаргалсайхан өмгөөлөгчтэй санал нэг, тухайн зүйл ангийг зөвшөөрөхгүй байгаа. Ан хувьд тухайн утсыг хаанаас авсан гэдгээ хэллээ. Тэгэхээр энэ зүйл анги тохирохгүй байгаа. Өмгөөлөгчийн зүгээс цохиж зодсон асуудлын талаар огт ярихгүй, хохирогч нь намайг түлхсэн, түүнээс цохиж зодоогүй гэсэн тайлбарыг давж заалдах шатны шүүхэд гаргаж өгсөн байна. Тэгэхээр энэ зүйл ангийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар зүйлчлэх нь үндэслэлтэй гэж өмгөөлөгчийн хувьд үзэж байгаа. Яагаад гэхээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэлгүйгээр нууцаар, хууль бусаар авсан гэдэг нь энэ хүний мэдүүлгүүдээр тогтоогдож байгаа. Тиймээс өмгөөлөгчийн зүгээс Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 2-т заасан зүйлчлэлийг өөрчилж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар өөрчилж өгнө үү гэсэн хүсэлттэй байна. Хэрэв зүйлчлэлийг өөрчилбөл бага хэмжээний хохиролтой болохоор байгаа.” гэв.

8.Прокурор Д.Зуунай шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “…Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэрэг үйлдсэн Ц.Ад холбогдох эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанд оролцож дараах дүгнэлтийг гаргаж байна. Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүх Ц.Ад холбогдох хэргийг 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдөр хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн. Улсын яллагчийн зүгээс Ц.А  нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Дорноговь аймгийн Өргөн сумын 1 дүгээр багт 2024 оны 08 дугаар сарын 21-ний өдөр хохирогч Ц.Мн баруун шанаа тус газарт нь гараараа цохиж газарт унасан байхад нь хоолойг нь боож, баруун гарт нь байсан нокиа 33/30 маркийн 40,000 төгрөгийн үнэлгээ бүхий гар утсыг хүч хэрэглэж дээрэмдэн авсан гэм буруутай болох нь хохирогч Ц.М  , гэрч Ц.Д, М шүүгдэгч нарын мэдүүлгүүдээр нотлогдон тогтоогдож байна. Шүүгдэгч Ан үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдэн хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй. Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг хоёр нь шалтгаант холбоотой байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон гэж хүндрүүлэх шинжийг тодорхойлсон ба хүч хэрэглэж гэдэг нь гэмт этгээд хохирогчийн бие махбодод халдаж, түүний эсэргүүцлийг няцааж, эд хөрөнгийг авсан байхыг ойлгодог. Хохирогчийн бие махбодод халдах үйлдэл нь алгадах, цохих, түлхэх, хоолойг боох зэрэг хэлбэртэй байж болно гэж хуульд заасан. Хүч хэрэглэхээр заналхийлж, довтлох гэдэг нь гэмт этгээд нь эд хөрөнгөө өгөхгүй бол түүнийг алах эсхүл эрүүл мэндэд нь хохирол учруулах, эрх мэдэл, эрх чөлөөг нь хязгаарлах байдлаар илэрхийг хуульчлан тогтоосон. Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Ариунболд тухайн гар утсыг орон завсраас авсан гэж мэдүүлж байна. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар болон гэрч Мэндсайхан, Доржпагмын мэдүүлгээр мөн тогтоогдохгүй байгаа. Гэрч нарт хууль сануулж мэдүүлэг авсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн нотолсон байна гэж үзэж байна. Иймд анхан шатны шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож 4 шийдвэрлэж өгнө үү гэсэн дүгнэлтийг гаргаж байна.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Ц.А оос гаргасан давж заалдах гомдолд үндэслэн хэргийг хүлээн авч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. 

1.Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж давж заалдах шатны шүүх үзсэн.

2.Хэрэгт авагдсан баримтуудаар 2023 оны 08 дугаар сарын 21-ны өдөр Дорноговь аймгийн Өргөн сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр болох “Сэкүл” гэх газарт буюу хохирогч Ц.Мн гэрт шүүгдэгч Ц.А  нар хамтдаа архидан согтуурцгаасан ба энэ үед Ц.М  охинтойгоо утсаар ярихад шүүгдэгч Ц.А  “чи хэнд хов зөөгөөд байгаа юм бэ” гээд баруун шанаан тус газарт 1 удаа цохиж, багалзуурдаж гар утсыг нь булааж авсан ба утсыг аваад гэрээс гарах үед Ц.Мн эхнэр Ц.Д гаднаас орж ирэх таарч “наадах чинь манай нөхрийн утас” гэж хэлээд авах гэтэл түүний уруул хавьцаа цохиж, утсыг авч явсан үйл баримт болсон ба энэ үйл баримтад холбогдуулж прокуророос түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллуулахаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлжээ.

3.Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд шүүгдэгч Ц.А ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар дээрэмдэх гэмт хэргийг хүч хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэснийг шүүгдэгч Ц.А  эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан.

4.Давж заалдах шатны шүүхээс хэргийг бүхэлд нь хянан хэлэлцээд шүүгдэгч Ц.А ын хохирогч Ц.Мн гар утсыг авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “ ...бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж ... авахаар довтолсон бол” гэх дээрэмдэх гэмт хэргийн шинжид нийцсэн байна.

Тодруулбал: Хохирогч Ц.Мн утсыг авахын тулд ... баруун шанаан тус газар нь цохих, хоолойг нь багалзуурдах зэргээр хүч хэрэглэсэн, мөн хохирогчийн гэр бүлийн хүн болох Ц.Д гар утсыг авах гэхэд түүний нүүрэн тус газар нь цохих зэргээр хохирогч болон түүний гэр бүлийн хүний бие махбодод халдаж үйлдсэн нь хохирогч Ц.М  , гэрч Ц.Д нарын мэдүүлгүүдээр,

Дорноговь аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 02/372 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх 34/-ээр “...Ц.Д биед дээд уруулын цус хуралт, дээд уруулын дотор салстын зулгаралт бүхий эрүүл мэндийг сарниулахгүй гэмтэл” тогтоогдсон, хохирогч Ц.Мн хувьд гэмтэл учраагүй гээд шинжээчийн дүгнэлт гаргуулахаас татгалзсан ба энэ хэргийн улмаас хохирогчид заавал гэмтэл учирсан байхыг шаардахгүй юм.

Шүүгдэгч Ц.А  мөрдөн шалгах ажиллагааны явцад “...согтуурсан байсан учраас үйлдлээ санахгүй байна” гэдэг боловч давж заалдах шатны шүүх хуралдааны шатанд “...гар утсыг авсан” гэж гэм буруугаа хүлээн зөвшөөрдөг болно.

5.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ” шийтгэлтэй ба анхан шатны шүүх шүүгдэгчийг хохирогчид гар утасны хохирлыг төлж барагдуулсан гэсэн үндэслэлээр Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан оногдуулах ялыг хөнгөрүүлж 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсэн нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, түүний нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт нь тохирсон байна.

Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар  тухайн хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан,  мөрдөн байцаалт, прокурор болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдсонгүй.

6.Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлтэй байх тул эдгээр үндэслэл, нөхцөл байдлуудад үндэслэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.  

 Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3,  39.4, 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 2024/ШЦТ/51  дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ц.А ын давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.А ын  2024 оны 05 дүгээр сарын 06-ны өдрөөс 06 дугаар сарын 19-ны өдрийг хүртэл нийт 43 /дөчин гурав/ хоног цагдан хоригдсоныг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай. 

3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1, 40.1 дүгээр зүйлийн 1, 2-т зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдаж, анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхийн шийдвэрт оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БОЛОРМАА

ШҮҮГЧИД О.ОДНЯМАА

А.САЙНТӨГС