Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 2024/ДШМ/659

 

 

                                                               Б.Сод холбогдох

                                                          эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж, шүүгч Б.Ариунхишиг, шүүгч Д.Мөнхөө нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Р.Очирсүрэн,

цагаатгагдсан этгээд Б.Сын өмгөөлөгч Б.Билгүүн,

нарийн бичгийн дарга Б.Энхдөлгөөн нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 2024/ШЦТ/403 дугаар цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч прокурор Р.Очирсүрэнгийн бичсэн 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 28 дугаартай эсэргүүцлээр Б.Сод холбогдох 2208 03677 1923 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 5 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мөнхөөгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Б овгийн Б-ийн С, 19... оны ... дүгээр сарын ...-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, ... настай, эрэгтэй, дээд боловсролтой, авто замын барилгын инженер мэргэжилтэй, “О” ХХК-д инженер ажилтай, ам бүл ... хамт ... дүүргийн ... дугаар хороо, ... дугаар гудамжны ... тоотод оршин суух бүртгэлтэй боловч ... дүүргийн ... дүгээр хороо, ... хотхоны ... тоотод түр оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, /РД:.../;

Б.С нь 2022 оны 11 дүгээр сарын 07-ноос 08-нд шилжих шөнө 01 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Орбит” караокед байх үедээ тус караокед үйлчлүүлж байсан Н.Нтай маргалдаж, улмаар түүнийг үсдэж доош дараад үснээс нь чирэн гадаа гаргаж хөл гуя руу өшиглөж эрүүл мэндэд нь “эрүү, баруун шилбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хоёр бугалга, хоёр шуу, зүүн шилбэнд цус хуралт, баруун шилбэнд зулгаралт гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Б.Сын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б овгийн Б-ийн С-д Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг нотлогдоогүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож цагаатгаж, шүүгдэгч Б.Сын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолыг хүчингүй болгож, хэрэг бүртгэлтийн 2208036771923 дугаартай хэргийг прокурорт буцааж, Б.С нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт хувийн эд зүйл, бичиг баримт хураалгаж, битүүмжлүүлээгүй, хохирогч иргэний нэхэмжлэл гаргаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Б.Сод урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Прокурор Р.Очирсүрэн бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Н.Н нь шүүгдэгч Б.Сод зодуулж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан талаар дурдаж, хэргийн үйл баримтыг тогтвортой мэдүүлэхээс гадна, гэрч М.У өгсөн мэдүүлэг, шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч эмчийн 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 15349 дугаартай дүгнэлт, шинжээч эмч О.Нансалмаагийн мэдүүлэг зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар давхар нотлогдож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал болох гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл бүрэн тогтоогдсон байна.

Тодруулбал мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Н.Нын “...Би 2022 оны 11 дүгээр сарын 07-ноос 08-нд шилжих шөнө 01 цаг болж байхад Уянга найзын хамт Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, “Орбит” караокед орсон. Тэр караоке нь нийтийн караоке байсан бөгөөд анх орж ирээд сууж байхдаа би 3 дуу бичүүлээд захиалсан боловч 20 минут хүлээгээд миний бичүүлсэн дуу тавихгүй байхаар нь би караокены эзэн гэх эмэгтэй хүнд очиж “захиалсан дуу явах болоогүй юм уу” гэж асуухад “болоогүй байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь би дахиад 20-оод минут орчим хүлээж байгаад өнөөх эмэгтэйгээс дахиад асуухад бас л болоогүй гэхээр нь би дахиад ширээн дээр сууж хүлээж байгаад караокены зөөгч залуу хажуугаар зөрөхөөр нь “би дуу тавих болж байна уу” гэж асуусан чинь “манай байнга орж ирдэг хүмүүс дуулж байна” гэж хэлээд яваад өгсөн. Тэгэхээр нь би “өө ямар пизда шиг юм бэ” гэсэн чинь миний ард зогсож байсан өндөр нуруутай эрэгтэй “чамайг дуулуулах албатай юм уу, гар” гэхээр нь би “чи яагаад хөөгөөд байгаа юм, чамд ямар хамаатай юм” гэсэн чинь “би хөөдөг хүн нь байна, пизда гэж хэлээд дуулуулах юм уу” гэж хэлээд байж байтал нэг эмэгтэй хүн гарч ирээд “чи пизда гэдэг хэн бэ” гээд миний нүүр лүү маажсан. Тэгэхээр нь би урдаас нь болиулах гээд гараа өргөсөн чинь хажууд зогсож байсан өндөр залуу намайг үсдээд доошоо дараад хаалга руу намайг үсдэж чирээд хажуугаас нь өнөөх эмэгтэй толгой руу цохиод эрүү рүү бас нэг цохиж, залуу нь чирсээр байгаад намайг 2 давхраас гадаа гартал үсдээд гаргасан. Тэгээд би гадаа гарсан байж байхад тэр өндөр залуу миний хөл рүү нэг удаа өшиглөчхөөд караоке руу яваад орсон. Миний эрүү рүү намайг үсдэж чирсэн өндөр эрэгтэй хүн аймаар хүчтэй нэг удаа цохисон, баруун шилбэ рүү бас тэр эрэгтэй өшиглөсөн, хоёр бугалга болон шуунаас эрэгтэй эмэгтэй хоёулаа чимхээд базаад намайг татсан. Тэр эрэгтэй намайг чирч байхдаа миний хүзүү шилбэнд зулгаралт үүсгэсэн...” гэсэн мэдүүлэг /хх 21/,

гэрч М.У-ын “...Тэр үед манай найз дуулмаар байна гээд зөөгч эмэгтэйд хандан хэлтэл танайх болоогүй байна манай байнгын үйлчлүүлэгч нар дуулж байна гэж хэлсэн. Тэгэхээр нь манай найз хэсэг зүгээр сууж байгаад бухимдаад манайх болоогүй юм уу дуулмаар байхын гээд зөөгч эмэгтэйд ирэхээр нь хэлсэн юм. Тэгтэл нөгөө зөөгч эмэгтэй нь манай найзад уурлаад “чи яахаараа намайг пизда гэж хэлдэг юм” гээд аль хөл рүү нь гэдгийг нь санахгүй байна, баруун хөлөөрөө өшиглөхөд нь манай найз зөрүүлээд нүүр болон хөл рүү өшиглөөд байсан бөгөөд хоорондоо зодолдох гээд байхаар нь болиоч гээд дундуур нь ороод салгасан юм. Тэгэхэд цаанаас нэг өндөр том биетэй шар царайтай залуу гарч ирээд зөөгч эмэгтэйг өмөөрөөд найзыг маань үүдний хэсэгт хана руу шахаад хүзүүг нь боогоод булчин хэсэгт нь аль гараараа гэдгийг мэдэхгүй 2-3 удаа цохиод байсан бөгөөд салгах гээд очтол дийлэхгүй байсан. Тэгээд манай найзыг заамдаад байхаар нь салгах гэтэл тэр чигтээ нөгөө залуу найзын маань үснээс зулгаагаад чирээд гадагшаа гаргасан. Тухайн үед би найзынхаа цүнх хувцсыг аваад ардаас нь гартал нөгөө том биетэй залуу тавчигтай найзын маань хөл рүү 2-3 удаа өшиглөөд зогсож байсан бөгөөд намайг салгах гээд очтол хамраас нь цус гарчихсан найз маань газарт цасан дээр сууж байсан юм” гэх мэдүүлэг /хх 23-24/,

гэрч Т.А-ын мэдүүлэг /хх 29/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч эмчийн 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 15349 дугаартай “Н.Нын биед эрүү, баруун шилбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хоёр бугалга, хоёр шуу, зүүн шилбэнд цус хуралт, баруун шилбэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх үед үүссэн байх боломжтой байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэх дүгнэлт /хх 42-43/,

шинжээч эмч О.Н-ийн “...Н.Нын биед учирсан дүгнэлтэд тусгагдсан гэмтлүүд нь бүгд нийлээд гэмтлийн хөнгөн зэрэгт, баруун шилбэний зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал нь дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт, бусад гэмтлүүд нь тус тусдаа гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн цохих цохигдох үйлдлээр үүсгэгдэнэ. Уг гэмтлийг өөрөө өөртөө учруулах боломжгүй” гэх мэдүүлэг /хх 47/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нь өөр хоорондоо зөрүүгүй, ямар нэгэн эргэлзээгүй, тогтвортой, нэг агуулгатай байхаас үзэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан мэдүүлэг өгөгч нь мэдүүлгийнхээ эх сурвалжийг заасан байна.

Шүүгдэгч, хохирогч нар караокед маргалдаж, шүүгдэгч хохирогчийн биед халдаж, үснээс нь чирэн гадаа гаргаж хөл гуя руу өшиглөж эрүүл мэндэд нь “эрүү, баруун шилбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хоёр бугалга, хоёр шуу, зүүн шилбэнд цус хуралт, баруун шилбэнд зулгаралт” бүхий хөнгөн хохирол нь шинжээчийн дүгнэлтээр гэмтэл учирсантай шалтгаант холбоотой болох нь тогтоогдсон байдаг. Энэ нь хавтаст хэрэгт авагдсан хохирогч Н.Н, гэрч М.У нарын мэдүүлэг, шинжээч эмчийн 15349 дугаар дүгнэлт, шинжээч эмч О.Нансалмаагийн мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж үзэх үндэслэлтэй байна.

Б.Сод холбогдох эрүүгийн хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байхад прокуророос Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаж мөрдөн шалгах ажиллагаа явуулсан. Шүүгдэгч Б.С нь хохирогч Н.Нын биед халдаж зодоогүй гэж мэдүүлж байгаа нь өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхээ эдэлж байна гэж үзэж байна.

Шүүх, хэрэгт тусгагдсан өөр хоорондоо нэгнээ нотолсон, дэмжсэн бичгийн нотлох баримтуудад тал бүрээс нь дүгнэлт хийлгүйгээр дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг анхаарч үзэхгүй орхигдуулсан, дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заахгүйгээр хэргийн бодит байдалтай нийцээгүй дүгнэлтийг хийж, мөн хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад зааснаар анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгож өгнө үү.” гэв.

Цагаатгагдсан этгээд Б.Сын өмгөөлөгч Б.Билгүүн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Прокурор зөвхөн хохирогч Н.Н, гэрч М.У нарын мэдүүлгийг л үндэслэдэг. Гэтэл хохирогч Н.Н, гэрч М.У нар “караокед орохоосоо өмнө 1 шил “Болор” архи хувааж уугаад, караокед 2 шил пиво уусан” гэж мэдүүлдэг. Тухайн үед согтолтын зэрэгтэй байсан хүмүүс болсон үйл явдлыг санаж байгаа эсэх, тэдгээрийн мэдүүлэгт үндэслэн Б.Сыг гэм буруутай гэж үзэх боломжтой эсэх нь эргэлзээтэй байна. Дуудлагаар очсон цагдаа “хохирогч гэх дуудлага өгсөн эмэгтэй согтуу байсан тул мэдүүлэг аваагүй явуулсан” гэж мэдүүлдэг. Хэрэг болсон газар байнгын ажилтан зөөгч Азжаргал, тогооч, байнгын үйлчлүүлэгч 10 гаруй хүн байсан. Бусад хөндлөнгийн этгээдүүдээс гэрчийн мэдүүлэг авч, мэдүүлгийн зөрүүг арилгах ажиллагаа хийгээгүй. Энэ объект гадна, дотор нийлээд 18 камертай, 3-4 долоо хоног хадгалагддаг боловч мөрдөн шалгах ажиллагааны явцад камерын бичлэгийг хэрэгт бэхжүүлж аваагүй. Иймд анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, анхан шатны шүүх Б.Сод холбогдох хэргийн үйл баримтад үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийлгүйгээр “шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүй” үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, Б.Сыг цагаатгаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т “шүүгдэгчийг цагаатгах үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн, эсхүл улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгч, иргэдийн төлөөлөгчийн саналыг няцаан үгүйсгэсэн үндэслэлийг тусгана” гэж заажээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...эргэлзээ гарвал түүнийг ...шүүгдэгчид ...ашигтайгаар шийдвэрлэх буюу “In dubio pro reo” зарчим нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа шударга явагдах зорилгыг хангахын тулд гэм буруугүйд тооцох зарчимтай зэрэгцэн үйлчилдэг бөгөөд хуульт ёсны шууд тусгал болж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд шүүгдэгчийн эрхийн хамгаалалтыг илэрхийлдэг билээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх явцад гарах шийдвэр бүхэн, түүний дотор шүүгдэгчийн гэм бурууг эцэслэн тогтоох ажиллагаа зөвхөн нотлох баримтад үндэслэсэн байх ёстой тул хэрэгт хамааралтай нотлох баримтуудыг бүгдийг нь шалгасан боловч тухайн шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхэд эргэлзээ гарсан бол шүүхээс түүнийг шүүгдэгчийн талд ашигтайгаар шийдвэрлэх зарчмыг баримтлана.

Шүүх хууль зүйн дүгнэлт хийхэд ач холбогдолтой боловч нэг нь нөгөөгөө үгүйсгэсэн нотлох баримтуудад дүгнэлт хийхгүйгээр шууд эргэлзээтэй нөхцөл байдлыг тогтоох боломжгүй. Ийнхүү шүүх шийдвэрийнхээ үндэслэлийг тайлбарлахгүйгээр хэргийг хэрэгсэхгүй болговол шүүгдэгч, хохирогч болон хэргийн оролцогчдын шударга шүүхээр шүүлгэх эрх хөндөгдөх эрсдэлтэй тул шийдвэрийн үндэслэл болгосон нотлох баримтуудад өгсөн дүгнэлтээ тайлбарлах үүрэгтэй.

Гэмт хэрэг үйлдсэн этгээдийн гэм бурууг тогтоохын тулд хуульд заасан арга, хэрэгслээр шаардлагатай бүхий л ажиллагааг хийсний эцэст шүүхийн шийдвэрт нөлөөлж болох тодорхой эргэлзээ үүсээгүй, эсхүл үүссэн эргэлзээтэй гэх асуудлыг шүүх заавал няцаан үгүйсгэсэн байх ёстой бөгөөд няцаан үгүйсгэгдэхгүй бол тэрхүү эргэлзээг тухайн хүнд ашигтайгаар шийдвэрлэх гэсэн эрх зүйн нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн зарчмыг хэрэглэнэ. Шүүгдэгчийн гэм буруутай, эсхүл гэм буруугүйг тогтоож байгаа шүүхийн шийдвэрт тавигдах шаардлага бол үндэслэл болгосон нотлох баримт нь шүүгдэгчийн гэм бурууг бүрэн дүүрэн нотолж, хэргийн үйл баримтыг үнэн зөвөөр тогтоож, нотлогдсон үйл баримтад тулгуурлах ёстой бөгөөд нотолгооны хувьд үүссэн бүх зөрүүг арилгахгүйгээр эрүүгийн хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй юм.

Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд, анхан шатны шүүх хохирогч Н.Нын “...Тэгэхээр нь би “өө ямар пизда шиг юм бэ” гэсэн чинь миний ард зогсож байсан өндөр нуруутай эрэгтэй “чамайг дуулуулах албатай юм уу, гар” гэхээр нь би “чи яагаад хөөгөөд байгаа юм, чамд ямар хамаатай юм” гэсэн чинь “би хөөдөг хүн нь байна, пизда гэж хэлээд дуулуулах юм уу” гэж хэлээд байж байтал нэг эмэгтэй хүн гарч ирээд “чи пизда гэдэг хэн бэ” гээд миний нүүр лүү маажсан. Тэгэхээр нь би урдаас нь болиулах гээд гараа өргөсөн чинь хажууд зогсож байсан өндөр залуу намайг үсдээд доошоо дараад хаалга руу намайг үсдэж чирээд хажуугаас нь өнөөх эмэгтэй толгой руу цохиод эрүү рүү бас нэг цохиж, залуу нь чирсээр байгаад намайг 2 давхраас гадаа гартал үсдээд гаргасан. Тэгээд би гадаа гарсан байж байхад тэр өндөр залуу миний хөл рүү нэг удаа өшиглөчхөөд караоке руу яваад орсон. Миний эрүү рүү намайг үсдэж чирсэн өндөр эрэгтэй хүн аймаар хүчтэй нэг удаа цохисон, баруун шилбэ рүү бас тэр эрэгтэй өшиглөсөн, хоёр бугалга болон шуунаас эрэгтэй эмэгтэй хоёулаа чимхээд базаад намайг татсан. Тэр эрэгтэй намайг чирч байхдаа миний хүзүү шилбэнд зулгаралт үүсгэсэн...” /хх 21/,

гэрч М.У “...Тэр үед манай найз дуулмаар байна гээд зөөгч эмэгтэйд хандан хэлтэл танайх болоогүй байна манай байнгын үйлчлүүлэгч нар дуулж байна гэж хэлсэн. Тэгэхээр нь манай найз хэсэг зүгээр сууж байгаад бухимдаад манайх болоогүй юм уу дуулмаар байхын гээд зөөгч эмэгтэйд ирэхээр нь хэлсэн юм. Тэгтэл нөгөө зөөгч эмэгтэй нь манай найзад уурлаад “чи яахаараа намайг пизда гэж хэлдэг юм” гээд аль хөл рүү нь гэдгийг нь санахгүй байна, баруун хөлөөрөө өшиглөхөд нь манай найз зөрүүлээд нүүр болон хөл рүү өшиглөөд байсан бөгөөд хоорондоо зодолдох гээд байхаар нь болиоч гээд дундуур нь ороод салгасан юм. Тэгэхэд цаанаас нэг өндөр том биетэй шар царайтай залуу гарч ирээд зөөгч эмэгтэйг өмөөрөөд найзыг маань үүдний хэсэгт хана руу шахаад хүзүүг нь боогоод булчин хэсэгт нь аль гараараа гэдгийг мэдэхгүй 2-3 удаа цохиод байсан бөгөөд салгах гээд очтол дийлэхгүй байсан. Тэгээд манай найзыг заамдаад байхаар нь салгах гэтэл тэр чигтээ нөгөө залуу найзын маань үснээс зулгаагаад чирээд гадагшаа гаргасан. Тухайн үед би найзынхаа цүнх хувцсыг аваад ардаас нь гартал нөгөө том биетэй залуу тавчигтай найзын маань хөл рүү 2-3 удаа өшиглөөд зогсож байсан бөгөөд намайг салгах гээд очтол хамраас нь цус гарчихсан найз маань газарт цасан дээр сууж байсан юм. ...” /хх 23-24/,

шинжээч эмч О.Нансалмаагийн “...Н.Нын биед учирсан дүгнэлтэд тусгагдсан гэмтлүүд нь бүгд нийлээд гэмтлийн хөнгөн зэрэгт, баруун шилбэний зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал нь дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт, бусад гэмтлүүд нь тус тусдаа гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн цохих цохигдох үйлдлээр үүсгэгдэнэ. Уг гэмтлийг өөрөө өөртөө учруулах боломжгүй.” гэсэн мэдүүлгүүд /хх 47/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 15349 дугаартай “Н.Нын биед эрүү, баруун шилбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хоёр бугалга, хоёр шуу, зүүн шилбэнд цус хуралт, баруун шилбэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх үед үүссэн байх боломжтой байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэх дүгнэлт /хх 42-43/ зэрэг нотлох баримтуудыг ямар нотлох баримтаар няцаан үгүйсгэсэн нь тодорхойгүй байх бөгөөд анхан шатны шүүхээс хэргийн талаар хийсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна гэж үзэв.

Анхан шатны шүүхийн “хэрэг бүртгэлтийн хугацаа нэг сар байна гэсэн заалтыг ноцтой зөрчсөн, нотолбол зохих байдлыг бүрэн нотолж ирүүлээгүй нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх зарчмыг зөрчсөн байна” гэж дүгнэжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.12 дугаар зүйлд “хэрэг бүртгэлтийн хугацаа”-г тусгаж өгсөн бөгөөд хэрэг бүртгэлтийн үндсэн хугацаа хэрэг бүртгэлтийн хэрэг нээснээс хойш 1 сар, хэрэг бүртгэлтийн хугацааг прокурор тухай бүр нь 3 хүртэл сараар сунгаж болно” гэж тус тус заасан.

2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр “Эрүүгийн хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, харьяаллын дагуу шилжүүлэх тухай захирамж” гаргаснаас хойш хэрэг бүртгэлтийн хугацааг 12 удаа сунгаж,  2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хэргийг шүүхэд шилжүүлэх тухай мөрдөгчийн саналаа яллах дүгнэлт үйлдүүлэхээр прокурорт гаргасан байна.

Хэрэг бүртгэлтийн үндсэн хугацаа нь хэрэг бүртгэлтийн хэрэг нээснээс хойш 1 сар байх бөгөөд хэрэг бүртгэлтийн нийт хугацаа Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацаагаар хязгаарлагдаж байна. Тодруулбал: гэмт хэрэг үйлдсэнээс хойш “эрүүгийн хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон, эсхүл зорчих эрхийг хязгаарлах ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш нэг жил өнгөрсөн” тохиолдолд яллагдагчаар татаж болохгүй хугацааг хуульд тусгаж өгчээ.

Хавтаст хэрэгт авагдсан баримтаар 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр “Эрүүгийн хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, харьяаллын дагуу шилжүүлэх тухай захирамж” гаргаж 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр прокурорын тогтоолоор “Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай” тогтоол гаргасан нь гэмт хэрэг үйлдэгдсэн өдөр буюу 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрөөс хойш нэг жилийн дотор байх тул Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан заалтыг зөрчөөгүй байна.

Эрүүгийн болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль хооронд өрсөлдсөн, зөрчилдсөн хэм хэмжээ үүссэн байх нь эргэлзээ үүссэн байх эргэлзээнд хамаарахгүйг анхаарах нь зүйтэй.

Иймд Б.Сыг “үндэслэлгүй цагаатгасан” талаарх бичсэн прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 2024/ШЦТ/403 дугаар цагаатгах тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар “шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй” гэсэн үндэслэлээр хүчингүй болгож шийдвэрлэв.

Цагаатгагдсан этгээд Б.Сод урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.9 дүгээр зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 2024/ШЦТ/403 дугаар цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, прокурор Р.Очирсүрэнгийн бичсэн 2024 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 28 дугаартай эсэргүүцлийг хүлээн авсугай.

2. Цагаатгагдсан этгээд Б.Сод авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

            ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                                С.БОЛОРТУЯА

 

            ШҮҮГЧ                                                Б.АРИУНХИШИГ

 

ШҮҮГЧ                                                Д.МӨНХӨӨ