Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 04 сарын 30 өдөр

Дугаар 314

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: Ч.Сайнзаяа,

Улсын яллагч: Б.Жаргал,

            Шүүгдэгч Э.Б, түүний өмгөөлөгч Ж.Гантулга нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хаалттай явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.3 дахь хэсгийг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Э.Бэд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201726021388 дугаартай хэргийг 2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

   Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Э.Б, 1987 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Увс аймгийн Баруунтуруун суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт ..., урьд ял шийтгэлгүй, ...тоот регистртэй,

Шүүгдэгч Э.Б нь 2017 оны 6 дугаар сарын 05-ны өдрөөс 06-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 45а байрны гадна автомашин дотор иргэн Ш.Хын хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, согтуурсны улмаас биеэ хамгаалах эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байдлыг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орохыг завдсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Э.Бийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2017 оны 6 дугаар сарын 05-ны өдөр Х намайг маажсан учраас би нэг мөргөж, нэг цохьсон. Би Хыг татаж чангаасан зүйл байхгүй” гэв.  

Хохирогч Ш.Хын мөрдөн байцаалтад өгсөн: “...Б шууд миний гарнаас татсан, тэгснээ үнсэх гэж дайрсан, би эсэргүүцээд түлхтэл миний хоолойг боогоод 2 гарыг дарж байгаад хөдөлгөлгүй нүүр рүү гараараа хамар, нүд ам руу 6-7 удаа цохьсон. Би тухайн үед тийчилж эсэргүүцээд байсан, тухайн үед болохгүй болохоор нь уйлж байгаад би буугаад шээгээдхэе гэтэл дахиж хоолой боосон. Би тэгээд хэсэг манарсан, тэгээд би машинд чинь шээчих үү гэтэл Б намайг буулгасан....миний хувцсыг тайлах гэж оролдоод намайг эсэргүүцэнгүүт л зодоод байсан, үнсэх гэж дайраад хоолой шахаж боогоод байсан” гэсэн мэдүүлэг /хх-н 11-12/,

Гэрч Б.Дын мөрдөн байцаалтад өгсөн: “...гэгээ ороод 5 цагийн үед хаалга балбаад байхаар нь хаалгаа тайлсан чинь Хэрлэн байсан ба хамраас нь цус гарчихсан зүүн нүд нь хөхөрсөн байдалтай зогсож байсан. Тэгэхээр нь яасан гэхэд Хэрлэн чи 2 найздаа намайг ашиглуулах гэж авч гарсан юм уу гэж над руу орилсон....тайвшруулж байгаад асуухад Б намайг машинаас буулгахгүй хүчиндэх гэж зодлоо гэсэн. Цагдаа ирсний дараа Бээс юу болсон бэ гэж асуухад Б би бага зэрэг татаж чангаасан юм, тэгсэн харин маяглаад миний нүүр рүү 2 удаа нулимахаар нь нь би нүүр рүү нь мөргөсөн гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг /хх-н 17-18/,

Гэрч П.Мын мөрдөн байцаалтад өгсөн: “...машины урд Даваа бид 2, ард Б, Хэрлэн хоёр суусан. Тэр хоёр машинаас буухдаа хэрэлдээд буусан. Тэгсэн гайгүй эвлэрээд ороод ирсэн. Тэгээд тэр хоёр машин дотор юм яриад сууж байгаад хоорондоо гэнэт зодолдсон, эхлээд Хэрлэн, Бийн хүзүүг урсан, тэгсэн Б чи яаж байгаа эргүү хүүхэн бэ гэж хэлээд Хэрлэнгийн нүүр рүү мөргөсөн, би яаж байна гэхэд зодолдохоо больсон. Тэгээд Хэрлэн би шээгээдхэе гээд гараад зугтаасан” гэсэн мэдүүлэг /хх-н 16/,

Шинжээчийн 7788 тоот дүгнэлтэд: “...Ш.Хын биед тархи доргилт, баруун нүдний дээд, доод зовхи, хацар, хүзүү, цээж, баруун, зүүн гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг бус удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт /хх-н 24/,

Гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 5/, хохирогчийн хүсэлт /хх-н 6/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 36-43/, хохирлын мөнгө хүлээн авсан тэмдэглэл /хх-н 107/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судласан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршигийн талаар:

Баянгол дүүргийн прокурорын газраас Э.Бийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.3 дахь хэсгийг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэг болгон өөрчлөн зүйлчлэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Э.Б, хохирогч Ш.Х нар нь гэрч Б.Д, П.Мын нарын хамт тэдний автомашинд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн ба шүүгдэгч Э.Б, хохирогч нарын хооронд эр, эмийн харилцаанаас үүссэн хувийн таарамжгүй харьцаа үүссэн ба үүний улмаас хохирогч нь шүүгдэгчийг маажсан, үүний улмаас шүүгдэгч нь хохирогчийг зодож хөнгөн гэмтэл учруулсан үйл баримт хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон байна.

Тухайн хэрэг болох үед гэрч Б.Д байхгүй байсан ба болсон асуудлыг гэрчлээгүй, харин тухайн хэрэг болсон автомашинд байсан тухайн хэргийн үйл баримтыг нүдээр харсан, согтууруулах ундаа хэрэглээгүй байсан гэрч П.Мын мэдүүлгээр хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэхээр заналхийлсэн, хүч хэрэглэж, бие хамгаалж чадахгүй байдлыг нь далимдуулан хурцал үйлдэхийг завдсан болох нь нотлогдохгүй байна гэж шүүх дүгнэлээ.

Хохирогч нь бие хамгаалж чадахгүй байсан үйл баримт тогтоогдоогүй,  шүүгдэгчийг маажсан, бие заслаа гэж хэлэн гарч явсан зэрэг нь гэрч, хохирогчийн мэдүүлгүүдээр тогтоогджээ.  

Хохирогч, шүүгдэгч нарын хооронд архи согтууруулах ундаа хэрэглэсэн үед эр, эмийн харьцаанаас үүдэлтэй маргаан үүссэн байх ба энэ нь шүүгдэгчийг хохирогчийг хүчиндэхийг завдсан гэж үзэх үндэслэл болохгүй юм.

Түүнчлэн, хохирогчийн бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдалд халдсан, халдахыг завдсан нөхцөл байдал тогтоогдоогүй, харин хоорондын таарамжгүй харьцааны улмаас эрүүл мэндийн халдашгүй байдалд нь халдсан тодорхой сэдэлттэй гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Э.Б нь 2017 оны 6 дугаар сарын 05-ны өдрөөс 06-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 45а байрны гадна автомашин дотор иргэн хохирогч Ш.Хтай эр, эмийн харьцааны улмаас маргалдан зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэм буруутай болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч Ш.Хын: “...Б миний хоолойг боогоод 2 гарыг дарж байгаад хөдөлгөлгүй нүүр рүү гараараа хамар, нүд ам руу 6-7 удаа цохьсон. Би тухайн үед тийчилж эсэргүүцээд байсан, тухайн үед болохгүй болохоор нь уйлж байгаад би буугаад шээгээдхэе гэтэл дахиж хоолой боосон би тэгээд хэсэг манарсан, тэгээд би машинд чинь шээчих үү гэтэл Б намайг буулгасан...” гэсэн мэдүүлэг /хх-н 11-12/, гэрч Б.Дын: “... гэгээ ороод 5 цагийн үед хаалга балбаад байхаар нь хаалгаа тайлсан чинь Хэрлэн байсан ба хамраас нь цус гарчихсан зүүн нүд нь хөхөрсөн байдалтай зогсож байсан” гэсэн мэдүүлэг /хх-н 17-18/, гэрч П.Мын: “...тэр хоёр машинаас буухдаа хэрэлдээд буусан. Тэгсэн гайгүй эвлэрээд ороод ирсэн. Тэгээд тэр хоёр машин дотор юм яриад сууж байгаад хоорондоо гэнэт зодолдсон, эхлээд Хэрлэн, Бийн хүзүүг урсан, тэгсэн Б чи яаж байгаа эргүү хүүхэн бэ гэж хэлээд Хэрлэнгийн нүүр рүү мөргөсөн, би яаж байна гэхэд зодолдохоо больсон. Тэгээд Хэрлэн би шээгээдхэе гээд гараад зугтаасан” гэсэн мэдүүлэг /хх-н 16/, шинжээчийн 7788 тоот дүгнэлтэд тоот дүгнэлт болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Тухайн хэрэг нь 2017 оны 6 дугаар сарын 05-ны өдөр буюу 2002 оны Эрүүгийн хууль үйлчилж байх үед үйлдэгджээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй” гэж заажээ.

2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1-д “хөнгөн гэмт хэрэг үйлдсэнээс хойш зургаан сар өнгөрсөн бол” эрүүгийн хариуцлагаас чөлөөлнө гэж заасан нь шүүгдэгч Э.Бийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг хэрэглэх үндэслэл болж байна гэж шүүх дүгнэлээ.

Энэ талаар гаргасан шүүгдэгчийн өмгөөлөгчийн санал үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч Э.Бийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан “бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Уг гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Ш.Хын биед хөнгөн хохирол учирсан болох нь шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна.

Хохирогч Ш.Х нь шүүгдэгчээс 1.000.000 төгрөг хүлээн авсан, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй /хх-н 107/ гэсэн хүсэлт бичгээр гаргасан тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Э.Бийн үйлдсэн гэмт хэрэг нь 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17 дугаар зүйлийн 17.1.1-д зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1-д “хөнгөн гэмт хэрэг үйлдсэнээс хойш зургаан сар өнгөрсөн” бол эрүүгийн хариуцлагаас чөлөөлнө гэж заасан байх тул шүүгдэгч Э.Бийг Эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Э.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй болно. 

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.9 дүгээр зүйлийн 1, 2, 34.14 дүгээр зүйлийн 2, 36.2,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

  1. Баянгол дүүргийн Прокурорын газраас Э.Бийг  2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.3 дахь хэсгийг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэнийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэг болгон өөрчлөн зүйлчилсүгэй.
  2. Шүүгдэгч Э.Бийг “бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.   
  3. 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Бийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.
  4. Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
  5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Бэд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ч.ОТГОНБАЯР