| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Л.Энхжаргал |
| Хэргийн индекс | 191/2025/02049/И |
| Дугаар | 191/ШШ2025/03047 |
| Огноо | 2025-04-10 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 04 сарын 10 өдөр
Дугаар 191/ШШ2025/03047
| 2025 04 10 | 191/ШШ2025/03047 |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Л.Энхжаргал би,
Нэхэмжлэгч: Монгол Улсын хуулийн этгээд ******* регистрийн дугаартай, байранд оршин байрлах Ирмүүнтүшиг ХХК-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Монгол Улсын хуулийн этгээд ******* регистрийн дугаартай, тоотод оршин байрлах, Түмэн-Анд ХХК-нд холбогдох,
23,392,247 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Hэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч Ирмүүнтүшиг" ХХК нь хариуцагч Түмэн-Анд" ХХК-тай 2024 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр Ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, сумын нутагт байрлах гөлтгөнийн уурхайгаас гөлтгөнө тээвэрлэх ажлыг гэрээний 3.2-т зааснаар нэг удаагийн рейс нь 1 тонн тутмыг 85,000 төгрөгөөр тохиролцон хийж гүйцэтгэсэн. Нэхэмжлэгч нь дээрх ажлыг улсын дугаартай хоёр тээврийн хэрэгслээр тээвэрлэн гүйцэтгэсэн ба ДУА дугаар тээврийн хэрэгслээр 2024.05.01- 2024.06.25-ны өдрийн хугацаанд 10 удаагийн тээвэрлэлтээр 48,651,349 төгрөг, ДУЛ дугаар тээврийн хэрэгслээр 2024.05.01-2024.06.19-ний өдрийн хугацаанд 8 удаагийн тээвэрлэлтээр 35,712,378 төгрөг, нийт 84,363,727 төгрөгийн ажлыг хийж гүйцэтгэсэн. Нэхэмжлэгч нь хариуцагчаас 2024.06.10-ны өдөр 22,649,000 төгрөг, 2024.06.15-ны өдөр 5,642,000 төгрөг, 18,309,000 төгрөг, 2024.06 24-ний өдөр 14,371,480 төгрөг, нийт 60,971,480 тогрөгийн цементийг төлбөрт суутган авч өнөөдрийн байдлаар 23,392,247 төгрөгийн төлбөрийг төлөөгүй байна. Иймд хариуцагч "Түмэн-Анд" ХХК-иас Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 23,392,247 төгрөг гаргуулж нэхэмжлэгч компанийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Ирмүүнтүшиг ХХК нь хариуцагч Түмэн-Анд ХХК-нд холбогдуулан 23,392,247 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч Ирмүүнтүшиг ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох 23,392,247 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хариуцагч Түмэн-Анд ХХК нь 2025 оны 5 дугаар сарын 15-ны өдөр төлөхийг хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тогтоож хуульд заасны дагуу гаргуулахаар шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсгийг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Нэхэмжлэгч Ирмүүнтүшиг ХХК-ийн хариуцагч Түмэн-Анд ХХК-нд холбогдуулан гаргасан 23,392,247 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хариуцагч нь төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хариуцагч Түмэн-Анд ХХК-нд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 274,912 төгрөгийн 137,456 төгрөгийг улсын орлогоос, 137,456 төгрөгийг хариуцагч Түмэн-Анд ХХК-иас тус тус гаргуулж, нэхэмжлэгч Ирмүүнтүшиг ХХК-нд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Түмэн-Анд ХХК нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.
ШҮҮГЧ Л.ЭНХЖАРГАЛ