Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 210/МА2022/00188

 

 

 

 

 

2022 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 210/МА2022/00187

 

 

Б.М-ын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Г.Даваадорж, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 102/ШШ2021/02885 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Б.М-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч НЗ ХХК, Б.П- нарт холбогдох,

Гэрээний үүргийн биелэлтэд 17,262,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч НЗ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ш.Оюунханд илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хариуцагч болон хариуцагч НЗ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.П-, хариуцагч НЗ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга: НЗ ХХК-тай 2014 оны 05 дугаар сарын 12-ны өдөр байгуулсан орон сууц захиалгаар бариулах гэрээнээс татгалзаж, урьдчилгаа төлбөрт төлсөн 11,508,000 төгрөг, алданги 5,754,000 төгрөг, нийт 17,262,200 төгрөгийг гаргуулна.

Б.М- нь НЗ ХХК-тай 2014 оны 05 дугаар сарын 12-ны өдөр гэрээ байгуулж, Төв аймгийн Баянчандмань суманд баригдах Чандмань өргөө 50 айлын орон сууцны 60,6 метр квадрат талбайтай, 3 өрөө орон сууцны захиалга өгсөн. Гэрээний урьдчилгаа төлбөрт 2014 оны 05 дугаар сарын 23-ны өдөр 3,600,000 төгрөг, 2014 оны 05 дугаар сарын 27-ны өдөр 7,308,000 төгрөг нийт 11,508,000 төгрөгийг НЗ ХХК-ийн Хаан банкны 5021324185 дугаартай дансанд тушаасан.

Гэрээний дагуу гүйцэтгэгч компани 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор орон сууцыг ашиглалтад оруулж, захиалагчид шилжүүлэн өгч, захиалагч гэрээний үлдэгдэл төлбөрийг төлөхөөр тохирсон боловч гүйцэтгэгч НЗ ХХК өнөөдрийг хүртэл орон сууцыг ашиглалтад оруулаагүй, барилгын суурийн цутгалт хийснээс өөр ажил хийгдээгүй байна. Захиалагчийн зүгээс удаа дараа үүргээ биелүүлэхийг шаардсан ч сүүлдээ гэрээ цуцлах талаар мэдэгдэж, цагдаагийн байгууллагад гомдол гаргаж, эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаад Төв аймгийн Прокурорын газрын Прокурорын 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 45 дугаартай тогтоолоор хэрэг бүртгэлийн хэргийг хааж шийдвэрлэсэн. Тэрээр эрүүгийн хэрэгт өгсөн мэдүүлэгтээ ...захиалга өгсөн иргэдтэй иргэний журмаар эвлэрээд захиалагч нарын хөрөнгө оруулсан мөнгийг тодорхой хугацаанд өгч болно гэх тайлбарыг гаргасан. Хариуцагч талаас хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой асуудал ярьдаг ба Төв аймгийн Цагдаагийн газраас хохирогчоор нэхэмжлэгч Б.М-ыг тогтоон мэдүүлэг авсан. Нэр бүхий нийт 13 иргэн гараар өргөдөл бичин шалгуулж байсан асуудал байдаг бөгөөд энэ асуудлыг 2020 онд шийдвэрлэсэн учир хөөн хэлэлцэх хугацааны асуудал тасалдан, дуусгавар болох үндэслэл байхгүй.

 

2. Хариуцагч НЗ ХХК-ийн тайлбарын агуулга: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Талуудын хооронд Орон сууц захиалгаар бариулах гэрээ 2014 оны 05 дугаар сарын 12-ны өдөр байгуулагдсан ба 2014 оны 10 дугаар сарын 20-ны өдөр гэрээнд нэмэлт өөрчлөлт орж, НЗ ХХК, Б.М-, БӨ ХХК-ийн хооронд гэрээ байгуулагдсан.

Тус нэмэлт өөрчлөлт орсон гэрээнд 2014 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж байна. Энэ гэрээний дагуу буцаалтыг Б.М-д өгөхөөр тохиролцож, буцаалтыг 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн дотор гэрээний 1 дүгээр зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар БӨ ХХК урьдчилгаа төлбөрийг буцаан олгоно гэж заасан. НЗ ХХК, Б.М-д төлбөр төлөх үүрэггүй, БӨ ХХК, Б.М-д төлбөрийг төлнө гэж нэмэлт өөрчлөлт оруулсан байна. Үүнийг талууд хүлээн зөвшөөрч гэрээнд гарын үсэг, тамга тэмдгээ дарсан. НЗ ХХК төлбөрийг төлөх үүргийг хүлээхгүй. 2014 оны 05 дугаар сарын 12-ны өдөр гэрээ байгуулагдан, 2014 оны 10 дугаар сарын 20-ны өдөр гэрээнд өөрчлөлт орсон. Хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой асуудлаар Төв аймаг дахь Цагдаагийн газар, Төв аймгийн Прокурорын газраас ирсэн баримтаас харахад нэхэмжлэгчийн зүгээс гэмт хэргийн шинжтэй үйлдэл байгаа эсэхийг тогтоолгохоор гомдол гаргасан нь харагдаж байна. Мөн Эрүүгийн хэрэг үүсгэх тухай прокурорын тогтоол байна. Гэтэл энэ хэргийн эцсийн шийдвэр байхгүй, нэхэмжлэгчийн нэр байхгүй, бүрэн эцэслэгдээгүй гэж харж байна. Энэ асуудал эрүүгийн журмаар шийдвэрлэгдэж байгаа бол тухайн хэргийг дууссаны дараа иргэний хэргийг шийдвэрлэх боломжтой хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна. Мөн нэхэмжлэгчийн төлбөр төлсөн баримт зөрүүтэй байсан боловч манайхаас баримтаа харахад 11,508,000 төгрөгийг төлсөн байна үүнд маргах зүйлгүй.

Нэгэнт хөөн хэлэлцэх хугацаа дууссан, БӨ ХХК гэрээний дагуу төлбөрийг төлөхөөр байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

3. Хариуцагч Б.П-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга: Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. Иргэн Б.П- 2014 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн талуудын хооронд байгуулагдсан гэрээний нэмэлт өөрчлөлтөөр НЗ ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа гарын үсэг зурсан. Одоо НЗ ХХК-тай холбоогүй, уг компанийн захирлаар Г.Отгонбаатар гэдэг хүн ажиллаж байна. НЗ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарлаж байгаагаар тухайн гэрээний үүрэг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд БӨ ХХК-д шилжсэн учраас нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

4. Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч НЗ ХХК-аас худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлтэд 17,262,200 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгч Б.М-д олгож, хариуцагч Б.П-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 244,260 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 244,260 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

5. Хариуцагч НЗ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

5.А. Энэхүү төлбөрийн буцаалтыг БӨ ХХК бүрэн төлөхөөр харилцан тохиролцсон.

НЗ ХХК нь нэхэмжлэгч Б.М-тай 2014 оны 5 дугаар сарын 12-ны өдөр Орон сууц захиалгаар барих гэрээ байгуулсан. Тухайн үед энэхүү орон сууц барих ажлыг БӨ ХХК бүрэн хариуцаж байсан бөгөөд манай компани нь зөвхөн захиалагчтай гэрээг нь байгуулж төлбөрийг шилжүүлэн авч улмаар захиалагчаас орж ирсэн төлбөрийг шууд БӨ ХХК руу шилжүүлж байсан. Гэрээнд заасны дагуу хугацаандаа байрыг хүлээлгэж өгөх боломжгүйд хүрсэн тул захиалагчтай байгуулсан 2014 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн орон сууц захиалгаар барих гэрээнд 2014 оны 10 дугаар сарын 20-ны өдөр нэмэлт өөрчлөлт оруулсан.

Дээрх гэрээний нэмэлт өөрчлөлтөөр захиалагчаас орон сууцны урьдчилгаанд өгсөн нийт төлбөрийг буцаан өгөхөөр болж, энэхүү төлбөрийн буцаалтыг БӨ ХХК бүрэн төлөхөөр харилцан тохиролцсон төдийгүй үүнийг нэхэмжлэгч Б.М- болоод БӨ ХХК нар бүрэн хүлээн зөвшөөрсөн. Энэхүү нэмэлт, өөрчлөлтийн 1,6-д Үндсэн гэрээний 5.1 дэх заалтыг үндэслэн гэрээний төлбөрийн буцаалт болон 11,508,000 төгрөгийг 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн дотор захиалагчид хүлээлгэн өгнө. 1.8-д Гэрээний буцаалтыг БӨ ХХК хариуцан төлнө гэж тус тус заасан. Төлбөрийн буцаалтыг БӨ ХХК төлөхийг нэхэмжлэгч Б.М- болон БӨ ХХК-ийн захирал Г.Б- нар гарын үсэг зурсан байдаг. Ийнхүү талууд өөрсдөө зөвшөөрч гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан байтал шүүхээс манай компанийг нэхэмжлэгчид төлбөр төлөх ёстой гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

5.Б. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн тухайд:

Өмнөх хэсэгт дурдсанчлан манай компани нь захиалагчтай гэрээг байгуулж, төлбөрийг шууд БӨ ХХК руу шилжүүлж байсан бөгөөд энэ талаар харилцах банкны дансны хуулгаар нотлогдоно. НЗ ХХК нь 2016 оноос эхлэн санхүүгийн гачигдал, үйл ажиллагааны доголдолд орсон төдийгүй байгууллагын удирдлага солигдсон, түүнчлэн дахин ямар нэг төсөл хөтөлбөр хэрэгжүүлээгүй учраас банк санхүүгийн байгууллага болон бусад байгууллагуудаас нотлох баримтыг өөрөө гаргуулан авах боломжгүй нөхцөлд байна. Энэхүү нөхцөл байдлын улмаас бид харилцах дансны хуулгыг шүүхэд нотлох баримтаар өөрөө бүрдүүлэн өгч чадахгүй байсан тул шүүхийн журмаар тус нотлох баримтыг гаргуулах хүсэлтийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан. Гэтэл шүүхээс компанийн нөхцөл байдал болон хүсэлтийг харгалзаж үзээгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт Хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай нотлох баримт нь төр, байгууллага, хувь хүний нууцтай холбоотой, өөр улс, орон нутагт байгаа учраас зохигч тэдгээрийг өөрөө олж авах боломжгүй; түүнчлэн туршилт, үзлэг, таньж олуулах, шинжилгээ хийлгэх, гэрчийн мэдүүлэг авах тохиолдолд нотлох баримтыг хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлнэ гэж заасан. Өөрөөр хэлбэл, шүүх талуудаас өөрөө гаргаж өгөх боломжгүй нотлох баримтыг тэдгээрийн хүсэлтийн дагуу шүүх бүрдүүлэхээр байна. Гэтэл шүүх хариуцагчийн зүгээс өөрөө нотлох баримтаа гаргаж өгч чадахгүй нөхцөл байдал болон хүсэлтийг харгалзаж үзээгүй бөгөөд хэргийг шийдвэрлэхэд шаардлагатай, ач холбогдол бүхий нотлох баримтыг бүрдүүлэлгүй хэргийг шийдвэрлэсэн нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэснийг зөрчиж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.

6. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч тайлбар гаргаагүй.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзсэн болно.

 

Нэхэмжлэгч Б.М- нь хариуцагч НЗ ХХК, Б.П- нарт холбогдуулан 2014 оны 05 дугаар сарын 12-ны өдөр байгуулагдсан орон сууц захиалгаар бариулах гэрээнээс татгалзаж урьдчилгаа төлбөрт төлсөн 11,508,000 төгрөг, алдангид 5,754,000 төгрөг, нийт 17,262,200 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

 

Хэрэг талуудын хооронд байгуулагдсан 2014 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 12-А дугаартай орон сууц захиалгаар барих гэрээ авагджээ. /хх6-8/

 

Гэрээгээр талууд Төв аймгийн Баянчандмань сумын нутаг дэвсгэрт баригдаж буй Чандмань Өргөө 50 айлын орон сууцнаас 60,6 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүлээлгэн өгөхөөр, тагтны үнэ 405,500 төгрөг, байрны үнэ 54,540,000 төгрөг үүнээс урьдчилгаанд 11,508,000 төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцжээ.

 

Хариуцагч тал 11,508,000 төгрөгийг нэхэмжлэгчээс хүлээн авсанд маргаангүй. Гагцхүү уг мөнгөн хөрөнгийг буцаан төлөх үүргийг БӨ ХХК хүлээсэн гэж маргаж байна.

 

Гэрээгээр гүйцэтгэгч компани болох НЗ ХХК нь 2014 оны 12 дугаар сарын сарын 31-ний өдрийн дотор орон сууцыг ашиглалтад оруулж захиалагчид шилжүүлэн өгөх үүргээ биелүүлээгүй, барилгын суурийн цутгалт хийснээс өөр ажил хийгдээгүй болох нь талуудын тайлбараар тогтоогдсон. /хх135-136/

 

Захиалагчийн буюу нэхэмжлэгчийн зүгээс удаа дараа гэрээний үүргээ биелүүлэхийг шаардаж байсан бөгөөд сүүлдээ гэрээ цуцлах талаар мэдэгдэж, цагдаагийн байгууллагад гомдол гаргасан боловч эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаад Төв аймгийн Прокурорын газрын Прокурорын 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 45 дугаар тогтоолоор хэрэг бүртгэлийн хэргийг хааж шийдвэрлэжээ. /хх11-12/

 

Иргэний хуулийн 226 дугаар зүйлийн 226.1.1-д зааснаар ямар нэгэн үр дүн гарахгүй болох нь илт бол гэрээнээс татгалзах эрхтэй тул нэхэмжлэгчийн гэрээнээс татгалзаж гэрээгээр шилжүүлсэн мөнгөн хөрөнгөө буцаан шаардаж байгааг зөв гэж үзнэ.

 

Анхан шатны шүүхээс талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн, хүчин төгөлдөр хэлцэл гэж дүгнэсэн нь зөв.

 

Харин гэрээнээс татгалзаж байгаа нөхцөлд анз шаардах эрхгүй. Учир нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт тус тус зааснаар зөвхөн гэрээний талууд гэрээнээс татгалзах, улмаар мөн хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар гэрээний талаас гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь шаардах эрхтэй.

 

Хэрэгт 2014 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн төлбөрийн буцаалт 11,508,000 төгрөгийг захиалагч Б.М-д БӨ ХХК төлөх агуулгатай бичиг баримт авагдсан боловч хэрэгт БӨ ХХК хариуцагчаар татагдаагүйгээс гадна уг гэрээний агуулгын талаар БӨ ХХК маргасан байна. /хх10/

 

Шүүх гуравдагч этгээдэд холбогдох асуудлыг үндсэн нэхэмжлэлийн хамт шийдвэрлэхгүйгээс гадна нэхэмжлэгч хариуцагчаа өөрөө сонгон тодорхойлж, гэрээний гүйцэтгэлийг буюу гэрээгээр шилжүүлсэн 11,508,000 төгрөгийг гэрээ байгуулсан талаасаа шаардсан нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 225 дугаар зүйлийн 225.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт тус тус нийцнэ.

 

Харин гэрээнээс татгалзаж байгаа нөхцөлд анз шаардах эрхгүй. Учир нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1 дэх хэсэгт заасан хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал хууль болон гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөр анз нь хүчин төгөлдөр хэрэгжсэн гэрээнд тооцдог үүргийн гүйцэтгэлийг хангах арга юм. Харин гэрээнээс татгалзаж, гэрээ хэрэгжээгүй нөхцөлд үүргийн гүйцэтгэлийг хангах аргыг буюу нэмэлт үүрэг болох анзыг хэрэглэхгүй юм.

 

Иймд анхан шатны шүүхээс анз гаргуулж шийдвэрлэсэн нь хууль хэрэглээний хувьд алдаатай байх тул анхан шатны шүүхийн шийдвэрт алдангид 5,754,000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн өөрчлөлтийг оруулах нь зүйтэй.

 

Хариуцагч Б.П- нь нэхэмжлэгчтэй гэрээний харилцаагүй, түүнд холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг зөв гэж үзнэ.

 

Анхан шатны шүүхээс Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.М- болон нэр бүхий 13 иргэн 2016 оны 03 дугаар сарын 24-ний өдөр Төв аймгийн Цагдаагийн газарт гомдол гаргаж, 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдөр 201619000314 дугаартай, Төв аймгийн Прокурорын газрын прокурорын Эрүүгийн хэрэг үүсгэх тухай, 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдөр 45 дугаартай Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай тогтоол гарч, нэхэмжлэгч 2020 оны 07 дугаар сарын 21-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй гэж дүгнэснийг буруутгах боломжгүй.

 

Хариуцагчийн төлбөрийн буцаалтыг БӨ ХХК хариуцна гэх гомдлыг хангах үндэслэлгүй байна. Мөн нэхэмжлэгчээс авсан мөнгөн хөрөнгийг БӨ ХХК-д шилжүүлсэн баримтыг гаргуулах хүсэлтийг анхан шатны шүүх хангаагүй гэх гомдол үндэслэлгүй. Орон сууц захиалагчдын оруулсан хөрөнгө барилгын суурьт зарцуулагдсан талаар талууд маргахгүй тайлбарласан байна.

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагч НЗ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхив.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 102/ШШ2021/02885 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч НЗ ХХК-аас 11,508,000 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгч Б.М-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 5,754,200 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч Б.П-д холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай. гэж өөрчлөн найруулж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтад хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 244.260 гэснийг хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 199,078 гэж өөрчлөн шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 245,500 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА

ШҮҮГЧИД Г.ДАВААДОРЖ

 

Ш.ОЮУНХАНД