Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 2024/ДШМ/685

 

  2024           06            13                                          2024/ДШМ/685

 

Г.М-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж, шүүгч Т.Өсөхбаяр, шүүгч М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Мөнхтулга,

хохирогч Д.Б,

шүүгдэгч Г.М, түүний өмгөөлөгч Д.Бурмаа, 

нарийн бичгийн дарга С.Далайцэрэн нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Чингис даргалж, шүүгч Ч.Алдар, Э.Энхтүвшин нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2024 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 2024/ШЦТ/458 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Г.М, түүний өмгөөлөгч Д.Бурмаа нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Г.М-д холбогдох 2306 01883 0442 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 5 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.      

Б овогт Г-н М, ..... оны .. дугаар сарын ..-ний өдөр ..... төрсөн, .. настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт ........ тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: ......./;  

Шүүгдэгч Г.М нь согтуурсан үедээ 2023 оны 3 дугаар сарын 16-ны орой 22 цагийн үед ........ дүүргийн .. дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ш а” хотхоны ...... тоот гэртээ байхдаа хохирогч Д.Б-г “Эзгүйд архи уулаа” гэх шалтгаанаар нүүр лүү нь алгадаж, газар унагаан, түүний цээж рүү нь удаа дараа өшиглөн, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Г.М-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 2.1 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Г.М-г “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан” гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.М-н цагдан хоригдсон 9 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцож, Иргэний хуулийн 513 дугаар зүйлийн 513.1, 513.2, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх заалтад тус тус зааснаар шүүгдэгч Г.М-с 5.464.000 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын сангийн Төрийн сангийн 100900020080 тоот дансанд төлүүлж, хохирогч Д.Б нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Г.М давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Би үйлдсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Эхнэр Д.Б-с уучлалт гуйсан. Одоо бид хэвийн харилцаатай байгаа. Би өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн бөгөөд Эрүүл мэндийн даатгалаас гаргасан эмчилгээний зардалд 5.464.000 төгрөгийг төлж барагдуулсан. Эхнэр бид хоёр 23 жил хамт амьдарсан. Эхнэр маань намайг уучилж, гомдолгүй гэсэн. Би цаашид дахин ийм зүйл гаргахгүй. Би ганцаараа ажил хөдөлмөр хийж, гэр бүл, амьдралаа авч явдаг. Хөдөө ажиллаж байгаад ирэхэд эхнэр маань гэртээ архидан согтуурч байсанд түүнтэй маргалдаж ийм хэрэг болсон. Иймд миний гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирол төлсөн, анх удаа гэмт хэрэгт холбогдсон зэргийг харгалзан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар шүүхээс оногдуулсан 5 жилийн хорих ялыг багасгаж хөнгөрүүлж, ял шийтгэл оногдуулж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Г.М-н өмгөөлөгч Д.Бурмаа давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүхээс шүүгдэгчийн хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугийн хувьд хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шүүхийн шинэчилсэн байцаалтаар тогтоогдсон баримтуудыг үндэслэн хууль зүйн үндэслэлтэй зөв дүгнэлт хийсэн. Харин эрүүгийн хариуцлага оногдуулахдаа “...шүүгдэгч, хохирогч нарын зүгээс эрүүгийн хариуцлагын талаар тусгайлан санал хүсэлт гаргаагүй” гэж дурдсан ба шүүх хуралдааны тэмдэглэлд хохирогч Д.Б нь “гомдол саналгүй, хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү” гэсэн санал гаргасан нь авагдсан байна. Мөн шийтгэх тогтоолд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг зэвсэг, зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэж тус тус заажээ гэсэн нь хавтаст хэрэгт байхгүй хүндрүүлэх нөхцөл байдлыг үндэслэсэн байна. Анхан шатны шүүх тогтоолдоо “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар оногдуулах ял шийтгэлийг хөнгөрүүлэх боломжийг хуульд тусгаж өгчээ” гэж дурдсан боловч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсанд гомдолтой байна. Хавтаст хэрэгт авагдсан баримтууд шүүхийн шинэчилсэн байцаалтаар хохирогч Д.Б “...надад ямар нэгэн гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйлгүй, нөхөр маань надаас уучлалт гуйж, эмнэлэгт хэвтэх үед байнга эргэж тойрч байсан, нөхөр бид 2 одоо хэвийн харилцаатай байгаа, хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү” гэж тууштай мэдүүлдэг, шүүгдэгч Г.М хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтын шатнаас анхнаасаа үйлдсэн хэргээ үнэн зөвөөр хүлээн мэдүүлж, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, эхнэр Д.Б-тай 23 жил хамт амьдарсан гэр бүл байна. Г.М нь Эрүүл мэндийн даатгалын санд учруулсан 5.464.000 төгрөгийг Төрийн сангийн дансанд төлж барагдуулсан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд “Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх” талаар заасан. Шүүгдэгч Г.М-н гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээсэн байдал, төлбөрийг төлж барагдуулсан, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4-т заасныг баримтлан анхан шатны шүүхээс оногдуулсан 5 жилийн хорих ялыг хөнгөрүүлэн хамгийн доод хэмжээгээр хорих ял оногдуулж, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэв.

Хохирогч Д.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Надад гомдол, санал байхгүй. Г.М бид хоёр 23 жил хамт амьдарсан, дундаасаа 1  хүүхэдтэй. Миний биеийн байдал хэвийн, эрүүл болсон тул Г.М-д оногдуулсан ялыг нь хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.

Прокурор Б.Мөнхтулга тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Анхан шатны шүүх шүүгдэгч Г.М-г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэм буруутайд тооцсоныг хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Хохирогч Д.Б нь анхан шатны шүүх хуралдаанд “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэж мэдүүлдэг боловч тухайн үед Эрүүл мэндийн даатгалын санд учирсан 5.464.000 төгрөгийн хохирол төлөгдөөгүй байсан. Шүүхээс Г.М-д ял оногдуулахдаа түүний үйлдсэн гэмт хэргийн шинж, хувийн байдал, хохирол, хор уршиг арилгасан эсэх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан ялын доод хэмжээгээр буюу 5 жилийн хорих ял оногдуулсан. Давж заалдах шатны шүүхийн шатанд шүүгдэгчийн зүгээс “Эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирлыг нөхөн төлсөн” гэж байх тул хохирол, хор уршгийг арилгасан гэж үзэж байна. Иймд прокурорын зүгээс шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэхэд татгалзах зүйлгүй. ...” гэв.

                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдсонгүй.

Шүүгдэгч Г.М нь согтуурсан үедээ 2023 оны 3 дугаар сарын 16-ны орой 22 цагийн үед ..............дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ............. дүгээр байрны ... тоот гэртээ байхдаа хохирогч Д.Б-г “Эзгүйд архи уулаа” гэх шалтгаанаар нүүр лүү нь алгадаж, газар унагаан, түүний цээж рүү нь удаа дараа өшиглөн, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Д.Б-н “... Манай нөхөр Г.М намайг загнаад “гэр оронд хүн авчирч архидлаа, баахан залуучууд цуглуулчихаад эзгүйчиллээ” гэж хэлээд миний нүүр лүү алгадаж би газар унасан. Тэгтэл манай нөхөр Г.М нь миний цээж хэсэгт өшиглөөд нүүр лүү гараараа цохисон. Миний цээж хэсгээр өвдөөд байсан болохоор түргэн тусламжийг өөрийн утаснаасаа дуудсан. Миний зүүн талын 2 хавирга хугарч, 2 хавирга цуурсан байсан. Миний биед учирсан гэмтлийг манай нөхөр Г.М гаднаас орж ирж уурлаад миний цээж хэсэгт хөлөөрөө өшиглөх үйлдлээр учруулсан...” /хх 25-26/,

иргэний нэхэмжлэгч С.Сувд-Эрдэнийн “... Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч Д.Б нь эрүүл мэндийн төвөөс эмчилгээ үйлчилгээ авсан байх бөгөөд Эрүүл мэндийн даатгалын сангаас нийт 5.464.000 төгрөгийн зардал гарсан болох нь албан бичиг, баримтаар тогтоогдож байна. ...” /хх 39-40/ гэсэн мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн “... Д.Б-н биед зүүн 3, 4, 5, 6, 7, 8 баруун 5, 6 дугаар хавирганы хугарал, зүүн уушгины бүрэн бус авчил, цээжний хөндийн зүүн талын хий, шингэн хуралдалт, хоёр шуу, сарвууны цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр цохих үйлдлээр үүснэ. Зүүн 3, 4, 5, 6, 7, 8 баруун 5, 6 дугаар хавирганы хугарал, зүүн уушгины бүрэн бус авчил, цээжний хөндийн зүүн талын хий, шингэн хуралдалт гэмтэл нь амь насанд аюултай тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. ...” гэх 2023 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 4755 дугаартай дүгнэлт /хх 52-53/,

Гэмтэл согог судлалын үндэсний төвийн 2023 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 456465 дугаар яаралтай тусламжийн хуудас /хх 86-90/, хохирогч Д.Б-н өвчний түүхийн хуулбар /хх 55-70/,

хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, уг ажиллагааг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 15-21/, /хх 69-75/ зэрэг болон анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба уг нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Г.М-г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн хэргийн бодит байдалтай нийцжээ.

Мөн шүүхээс шүүгдэгч Г.М-г гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хохирогч Д.Б-н цээжин тус газарт удаа дараа өшиглөж, түүний эрүүл мэндэд зүүн 3, 4, 5, 6, 7, 8 баруун 5, 6 дугаар хавирганы хугарал, зүүн уушгины бүрэн бус авчил, цээжний хөндийн зүүн талын хий, шингэн хуралдалт бүхий хүнд хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчилснийг Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан бөгөөд анхан шатны шүүхээс шүүгдэгч Г.М-г 5 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсэн нь энэ хэм хэмжээний агуулгад нийцсэн төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангажээ.

Гэвч шүүгдэгч Г.М нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч,  гэмт хэргийн улмаас Эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирлыг нөхөн төлснийг болон хохирогч Д.Б-н “шүүгдэгчид гомдолгүй, оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү” гэсэн хүсэлт, гэм буруугийн талаарх прокурорын дүгнэлт зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг баримтлан тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгчид оногдуулсан 5 жилийн хорих ялыг 3 жил 6 сарын хорих ял болгон хөнгөрүүлэх боломжтой гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Энэ талаарх шүүгдэгч Г.М, түүний өмгөөлөгч Д.Бурмаа нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хүлээн авч шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулж шийдвэрлэв.

Хэргийг давж заалдах шатны шүүхэд хянагдах явцад шүүгдэгч Г.М нь Эрүүл мэндийн даатгалын санд учирсан 5.464.000 төгрөгийн /хх 174/ хохирлыг нөхөн төлснийг дурдаж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно...” гэсний дагуу шүүгдэгч Г.М нь 2024 оны 4 дүгээр сарын 25-ны өдрөөс хойш нийт 49 хоног цагдан хоригдсоныг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 2024/ШЦТ/458 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтын “Шүүгдэгч Г.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Г.М-г 3 /гурав/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.” гэж,

тогтоох хэсгийн 3 дахь заалтын “... 5 жилийн хугацаагаар ...” гэснийг “... 3 жил 6 сарын хугацаагаар ...” гэж тус тус өөрчилж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.М нь 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдрөөс хойш 49 /дөчин ес/ хоног цагдан хоригдсоныг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

3. Шүүгдэгч Г.М нь Эрүүл мэндийн даатгалын санд 5.464.000 /таван сая дөрвөн зуун жаран дөрвөн мянга/ төгрөгийн хохирлыг нөхөн төлснийг төгрөг нөхөн төлснийг дурдсугай.

4. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                                             Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

                         ШҮҮГЧ                                                            Т.ӨСӨХБАЯР

            ШҮҮГЧ                                                            М.АЛДАР