Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 07 өдөр

Дугаар 334

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: Ч.Сайнзаяа,

Улсын яллагч: Н.Энхболд,

            Шүүгдэгч: М.Дөөрөө өөрийгөө өмгөөлөн тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт М.Дод холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1705012680318 дугаартай хэргийг 2018 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

     Шүүгдэгч: Монгол улсын иргэн, М.Д, 1977 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт ..., урьд 1999 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн ...дөр хугацааны өмнө тэнсэн суллагдсан, 2001 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн шүүхийн 16 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 2-т зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгүүлж, 1 жилийн хугацаагаар тэнсэн хянан харгалзсан, 2002 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Сүхбаатар дүүргийн шүүхийн 501 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.1-т зааснаар 2 жил 6 сарын хорих ялаар шийтгэгдэж, 2004 оны 02 дугаар сарын 19-ний өдөр хугацаанаас өмнө тэнсэн суллагдсан, ...тоот регистртэй,

Шүүгдэгч М.Днь 2018 оны 3 дугаар сарын 18-ны өдөр Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 70 дугаар байранд иргэн Г.Нийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг онц харгис хэрцгийгээр үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч М.Дын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн, нэмж мэдүүлэх зүйлгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэв. 

Хохирогч Г.Нийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2018 оны 3 дугаар сарын 16-ны өдөр найз болох Х нь 95414148 гэсэн өөрийн дугаараасаа над руу залгаад “машин олоод манайхыг нүүлгэхэд туслаад өгөөч” гэж хэлж дуудсан. Тэгээд би таньдаг ахтайгаа микро автобусыг нь аваад Баянгол дүүргийн 18 дугаар хороо хаягийг нь мэдэхгүй очвол олж чадах хаяг дээр очоод гэр рүү нь ороход зүс үл таних залуу болон 3 эмэгтэй байж байсан. Тэгээд тэр залуу нь шууд намайг өрөө рүү чирч ороод үгийн зөрүүгүй зодож эхэлсэн. Зодохдоо толгой руу цохиод, ийшээ сөгд гээд шал руу хэвтүүлээд зодож эхэлсэн. Намайг зодуулж байхад Хгийн ээж нь хажууд байсан бөгөөд тэрний гутлыг үнс гэж хөл гараараа зодсон. Тэгээд миний хамаг хувцсыг тайлаад нүцгэлж байгаад тэлээ авчруулж тэлээний арлаар зодож эхэлсэн. Тэгээд удалгүй хутга аваад ир гэж хэлсэн чинь хутга олдохгүй болохоор нь толь хагалж байгаад миний нүүрний хөмсөгний орчим болон зүүн гарны шууны дотор талд зүссэн. Тэгээд би тэрнээс гарах гэж тэр залуугийн гутлыг үнсээд мөн Хгийн ээжийн гутлыг үнсэж олон удаа гуйж мөргөж байгаад гарч ирсэн. Тэгээд гарч ирээд таньдаг ахдаа хэлтэл шууд цагдаа дуудаж, цагдаа нар ирээд тэр залууг аваад цагдаагийн хэлтэс рүү явсан” гэсэн мэдүүлэг /хх-н 5/,

Шинжээчийн 3760 тоот дүгнэлтэд: “...Г.Нийн биед тархи доргилт, дух, чамархайн зөөлөн эдийн няцрал, баруун нүдний зовхи, зүүн чихний дэлбэн, эрүү, дал, баруун, зүүн шуу, сарвуунд цус хуралт, уруул, зүүн шуунд шарх, баруун хөмсөг, дух, зүүн баруун шуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо болон ирмэгтэй зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх шинэ гэмтлүүд байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэсэн дүгнэлт /хх-н 18/,

Яллагдагчаар М.Дын мөрдөн байцаалтад өгсөн: “...Би 2018 оны 3 дугаар сарын 16-ны орой 13 цагийн үед Модны хоёрын хуучин эрүүл мэндийн 7 дугаар төвийн хажуу талын 70 дугаар байранд таньдаг Х гэх хочтой Аын гэрт очсон. Тэднийд очиход ээж Х ганцаараа байж байсан. Тэгээд би ээж Хтай нэг шил архи уугаад сууж байхад Аын найз Н орж ирсэн. Урьд нь надад А хэлэхдээ Н намайг бөө дээр авч үзүүлээд бөөгийн сахиусаа ав, тэгэхгүй бол аваарт орж үхнэ гэж хэлж байсан. Тэгээд А хэд хоног шаналаад архи уугаад яахаа мэдэхгүй яваад байсан. Би Нийг нөгөө өрөөнд оруулж байгаад “яагаад найзыгаа бөөд үзүүлээд элдэв юм яриад яваад байгаа юм, тэр хүн чинь шаналаад архи уугаад яваад байна” гэж хэлэхэд “чамд ямар хамаатай юм” гээд өөдөөс хэрүүл хийгээд байсан. Тэгэхээр нь би орны доор байсан өмдний тэлээгээр Нийн толгой руу 3, 4 удаа ороолгосон. Аын ээж Хгийн өлмийд сөгд гээд сөгдүүлсэн. Тэгээд Нийг гаргаж явуулсан. Удалгүй гаднаас хоёр цагдаа ирээд намайг барьж эрүүлжүүлэхэд хийсэн” гэсэн мэдүүлэг /хх-н 21-22/,

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 2/, Хохирогчийн өргөдөл /хх-н 3/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 31-52/ зэрэг болно. 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршигийн талаар:

Шүүгдэгч М.Днь 2018 оны 3 дугаар сарын 18-ны өдөр Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 70 дугаар байранд иргэн Г.Нийг гар, хөлөөрөө цохих, хувцасыг нь тайлж өмдний тэлээгээр ороолгох, тольны хагархайгаар зүсэх зэргээр зодож эрүүл мэндэд нь олон тооны шарх гэмтэл учруулан хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч Г.Нийн: “...Тэгээд тэр залуу нь шууд намайг өрөө рүү чирч ороод үгийн зөрүүгүй зодож эхэлсэн. Зодохдоо толгой руу цохиод, ийшээ сөгд гээд шал руу хэвтүүлээд зодож эхэлсэн. Намайг зодуулж байхад Хгийн ээж нь хажууд байсан бөгөөд тэрний гутлыг үнс гэж хөл гараараа зодсон. Тэгээд миний хамаг хувцсыг тайлаад нүцгэлж байгаад тэлээ авчруулж тэлээний арлаар зодож эхэлсэн. Тэгээд удалгүй хутга аваад ир гэж хэлсэн чинь хутга олдохгүй болохоор нь толь хагалж байгаад миний нүүрний хөмсөгний орчим болон зүүн гарны шууны дотор талаар зүссэн. Тэгээд би тэндээс гарах гэж тэр залуугийн гутлыг үнсээд мөн Хгийн ээжийн гутлыг үнсэж олон удаа гуйж мөргөж байгаад гарч ирсэн” гэсэн мэдүүлэг /хх-н 5/, шинжээчийн 3760 тоот дүгнэлт болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч нь хохирогч Г.Нийн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулахдаа гар, хөлөөрөө цохих, хувцсыг нь тайлж өмдний тэлээгээр ороолгох, тольны хагархайгаар зүсэх зэргээр зодож эрүүл мэндэд нь олон тооны шарх гэмтэл учруулсныг онц харгис хэрцгий аргаар учруулсан гэж үзсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Учир нь хохирогчийн биед тархи доргилт, дух, чамархайн зөөлөн эдийн няцрал, баруун нүдний зовхи, зүүн чихний дэлбэн, эрүү, дал, баруун, зүүн шуу, сарвуунд цус хуралт, уруул, зүүн шуунд шарх, баруун хөмсөг, дух, зүүн баруун шуунд зулгаралт бүхий олон тооны шарх гэмтэл учирсан нь шүүх эмнэлгийн дүгнэлтээр тогтоогдсон.

Түүнчлэн, уг олон тооны шарх гэмтлийг учруулахдаа тольны хагархайгаар зүсэх, хувцсыг нь тайлж өмдний тэлээгээр ороолгох, гар, хөлөөрөө цохиж зодсон, мөн өөрийнхөө гутлыг болон бусдын гутлыг үнсүүлсэн, сөгдүүлж мөргүүлэх зэрэг аргууд нь түүний үйлдлийг онц харгис хэрцгий гэж үзэх хууль зүйн үндэслэлд хамаарч байна гэж шүүх дүгнэлээ. 

Шүүгдэгч М.Дын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг онц харгис хэрцгийгээр үйлдсэн” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч М.Днь хохирогч Г.Нийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нь гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

Уг гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Г.Нийн биед хөнгөн хохирол учирсан болох нь шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна.

Хохирогч Г.Н нь шүүгдэгчээс 500.000 төгрөг авсан, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн хүсэлт бичгээр ирүүлсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.

Эрүүгийн хариуцлагын талаар:

   Шүүх шүүгдэгч М.Дыг гэм буруутай гэж үзсэн бөгөөд энэ талаар шүүгдэгч нь маргаагүй тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгчид ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

Улсын яллагч шүүгдэгчид 600 нэгж буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан ба шүүх шүүгдэгч М.Дын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдал буюу урд олон удаа ял шийтгэл эдэлсэн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь түүний үйлдсэн гэмт хэргийн гэм бурууд тохирно гэж үзлээ.

Шүүгдэгч нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч М.Дыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг онц харгис хэрцгийгээр үйлдсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Дыг 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
  3.   Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Днь шүүхээс оногдуулсан 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.
  4. Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
  5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Дод хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ч.ОТГОНБАЯР