Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2021/01693

 

 

2021 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2021/01693

 

Б ХХК-ий

“Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Д.Байгалмаа, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 101/ШШ2021/03148 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч “Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч НБДШШГХ-т холбогдох хөрөнгийн үнэлгээний тайланг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.А нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Э , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ж , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 101/ШШ2019/03063 дугаартай захирамжаар Д.О “Б ХХК-аас 360 578 319 төгрөг гаргуулж, Хүнс, хөдөө ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны харьяа жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх санд олгохоор шийдвэрлэсэн. Налайх, Багахангай дүүрэг дэх шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтсийн шийдвэр гүйцэтгэгчийн шийдвэрээр “Б” ХХК-ийн барьцаа хөрөнгө болох Улаанбаатар хотын Налайх дүүргийн 6 дугаар хороо, Онгоцот гудамж /12728/ 101 тоот хаягт байрлах 2.565 м.кв талбайтай аялал жуулчлалын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг шинжээч томилон тогтоолгохоор шийдвэрлэсэн байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэгч Т.Ж ийн 2021 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 07/02 дугаартай тогтоолоор “Б” ХХК-ийн барьцаа хөрөнгө болох дээрх хаягт байрлах 2.565 м.кв талбайтай аялал жуулчлалын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг гүйцэтгүүлэхээр хөрөнгийн үнэлгээний “М” ХХК-ийг томилсон байх бөгөөд “М” ХХК-ийн үнэлгээний баг Б.Э , Ч.Д нар үнэлгээг хийж гүйцэтгэн 2021 оны 7 дугаар сарын 08-ны өдөр 23/LU дугаартай хөрөнгийн үнэлгээний тайланг Налайх, Багахангай дүүрэг дэх шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст хүргүүлсэн. Налайх, Багахангай дүүрэг дэх шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтсийн шүүхийн шийдвэр гүйцэтгэгч Т.Ж “Б” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.А-ыг 2021 оны 7 дугаар сарын 23-ны өдөр дуудан ирүүлж 2021 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн огноотой “Төлбөрт хураагдсан хөрөнгөд шийдвэр гүйцэтгэгчийн зүгээс үнэлсэн үнийн санал болон шийдвэр гүйцэтгэгчийн гаргасан үнийн саналыг хамт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт заасны дагуу мэдэгдэж байна” гэсэн тэмдэглэл үйлдэж Ч.А-оор гарын үсэг зуруулсан болно. Шүүхийн шийдвэр гүйцэтгэгч Т.Ж нь “Б” ХХК-ийн барьцаа хөрөнгөд үнэлгээ хийлгэсэн шинжээчийн дүгнэлт болох хөрөнгийн үнэлгээний “М” ХХК-ийн 2021 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 23/LU дугаартай хөрөнгийн үнэлгээний тайланг танилцуулж, Ч.А-т гардуулсан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь хэсэгт заасан заалт, мөн зүйлийн 55.7-д зааснаар эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо иргэний шүүхэд гаргаж байна. Энэхүү хөрөнгийн үнэлгээний тайланд тусгагдсан мэдээ, мэдээлэл, баримтууд нь бодит байдалд огт нийцээгүй учир дутагдалтай болсон байх тул “Б” ХХК-ийн барьцаа хөрөнгө болох Улаанбаатар хотын Налайх дүүргийн 6 дугаар хороо, Онгоцот гудамж /12728/ 101 тоот хаягт байрлах 2.565 м.кв талбайтай аялал жуулчлалын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг 2 843 128.3 төгрөг гэж манай компанид хохиролтойгоор тогтоосныг хүлээн зөвшөөрөх боломжгүй.

Налайх, Багахангай дүүрэг дэх шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтсийн шүүхийн шийдвэр гүйцэтгэгч Т.Ж ийн 2021 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн төлбөрт хураагдсан хөрөнгөд шийдвэр гүйцэтгэгчийн зүгээс үнэлсэн үнийн саналд “...төлбөр төлөгч “Б” ХХК-ийн эзэмшлийн Налайх дүүргийн 6 дугаар хороо, Онгоцот гудамж /12728/ 101 тоот хаягт байршилтай, аялал жуулчлалын зориулалттай дуусаагүй барилга /барилгын доорх газрын хамт/-ыг шийдвэр гүйцэтгэгчээс 2 658 000 төгрөгөөр үнэлэх үнийн санал гаргаж байна” гэсэн нь Налайх, Багахангай дүүрэг дэх шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтсийн 2021 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 1/649 дугаартай төлбөр төлөгчид хөрөнгийн үнэлгээ мэдэгдэх тухай мэдэгдэл, анхны албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай 2021 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 1/663 дугаартай мэдэгдэл, 2021 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 07/01 дугаар анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол, хөрөнгийн үнэлгээний тайланд тус тус заасан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг          2 843 128.3 төгрөгтэй гэсэн зөрүүтэй байгаа нь ойлгомжгүй байна.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 101/ШШ2019/03063 дугаар захирамжид ““Б” ХХК-ийн барьцаа хөрөнгө болох Улаанбаатар хотын Налайх дүүргийн 6 дугаар хороо, Онгоцот гудамж /12728/101 тоот хаягт байрлах 2.565 м.кв талбайтай аялал жуулчлалын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө” “Барьцаа эд хөрөнгө” болохыг заасан байхад хөрөнгийн үнэлгээний тайланд газар эзэмших эрхийн үнэлгээг тусган үнэлж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Хөрөнгийн үнэлгээний тайлангийн 15 хуудаст ”Уг барилга нь нийтдээ зоорийн давхрыг оролцуулан 4 давхар бөгөөд одоогийн байдлаар 90-95 хувийн гүйцэтгэлтэй” гэсэн нь ямар үндэслэлээр, яаж тооцоолж гаргасан нь тодорхойгүй, тус үл хөдлөх хөрөнгийн Ү-2207004236 дугаартай улсын бүртгэлийн 2015 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн гэрчилгээнд 85 хувийн гүйцэтгэлтэй гэж бүртгэгдсэн байх ба түүнээс хойш ямар ажилбарууд хийгдсэн яагаад 90- 95 хувийн гүйцэтгэлтэй болсон нь тодорхойгүй байна. Энэ нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.3-д хөрөнгийн үнэлгээний зүйлийн тогтоосон үнэ цэнэ зохих үндэслэл бүхий, тодорхой байх заалтыг зөрчиж байна. Дутуу барилгын өртөг зардлын тооцоог гаргахдаа тус барилгын дотор заслын ажил дутуу байхад үнэлгээний тооцоололд 128,25 м.кв барилга бүтнээрээ дутуу баригдсан байдлаар тооцоолсон, энэ нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3.5-д заасныг зөрчиж үнэлгээний зүйлийн төрөл, шинж байдлыг буруу тодорхойлсон гэж үзэж байна. Иймд “М” ХХК-ийн 2021 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 23/LU дугаартай хөрөнгийн үнэлгээний тайланг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 101/ШШ2019/03063 захирамжаар 360 587 319 төгрөгийг гаргуулж Хүнс, хөдөө, аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны харьяа жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх санд олгохоор шийдвэрлэсэн гүйцэтгэх баримт бичигт ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2020 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн 20260290 дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн. Төлбөр төлөгч “Б” ХХК-ийн итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд 100 хувь үүсгэн байгуулагч А.Б-т 2020 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр уулзаж, шүүхийн шийдвэрт заасан төлбөрийг 2020 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн дотор сайн дураар барагдуулах тухай 20260290/01 дугаартай мэдэгдэл өгч мэдэгдсэн боловч шүүхийн шийдвэрт заасан төлбөрийг сайн дураар биелүүлээгүй. Мөн “Б” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.А-д 2020 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 20260290/03 дугаар шүүхийн шийдвэр биелүүлэх хугацаатай мэдэгдэл, 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.А-д мөн шүүхийн шийдвэр сайн дураар биелүүлэх хугацаатай мэдэгдэл, 2021 оны 6 дугаар сарын 15-ны өдөр шүүхийн шийдвэрт заасан төлбөрийг 2021 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн дотор сайн дураар барагдуулах 20260290/09 дугаартай мэдэгдэл өгч мэдэгдсэн боловч шүүхийн шийдвэр заасан төлбөрөөс өнөөдрийг хүртэл огт төлөлт хийгдээгүй шүүхийн шийдвэр биелэгдээгүй байна. Шүүгчийн захирамжид заасан төлбөр төлөгч “Б” ХХК-ийн өмчлөлийн, зээлийн барьцаанд бүртгэгдсэн, улсын бүртгэлийн Ү-2207004236 дугаарт бүртгэлтэй, Налайх дүүрэг, 6 дугаар хороо, Онгоцот гудамж /12728/ 101 тоот 2,565 м.кв талбайтай аялал жуулчлалын зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 2020 оны 8 дугаар сарын 27-ны өдөр очиж 20260290/04 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолоор битүүмжлэх ажиллагаа явуулж, 2021 оны 6 дугаар сарын 15-ны өдөр очиж 20260290/08 дугаартай эд хөрөнгө хураах тухай тогтоолоор хураах ажиллагааг явуулсан. Дээрх хураасан үл хөдлөх эд хөрөнгийн үнийн саналыг талуудаас авахад төлбөр төлөгч “Б” ХХК болон төлбөр авагч Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны харья жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан харилцан тохиролцох боломжгүй тул шинжээч томилж үнэлгээ хийх тухай саналаа албан бичгээр гарган өгсөн тул шинжээчээр үнэлүүлэхээр ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2020 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 07/02 дугаартай шинжээч томилох тухай тогтоолоор “М" ХХК-ийн шинжээч Б.Э , Ч.Д нарыг томилж, хөрөнгийн үнэлгээ хийлгэсэн болно. Шинжээч дээрх үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнийг 2 843 182.3 төгрөгөөр тогтоон үнэлсэн бөгөөд шинжээчийн үнэлгээний тайланг 2021 оны 7 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, 2021 оны 7 дугаар сарын 09-ний өдөр үл хөдлөх хөрөнгийн үнэлгээний мэдэгдлийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дугаар зүйлийн 14.3 дах хэсэгт зааснаар 2021 оны 7 дугаар сарын 09-ний өдөр “Монгол шуудан” ТӨХК-аар дамжуулан төлбөр төлөгч “Б” ХХК, Д.О болон төлбөр авагч Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх санд хүргүүлсэн. Дээрх үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг тусгай зөвшөөрлийн 071200078 дугаартай, хөрөнгийн үнэлгээ хийх ажиллагааны чиглэлээр мэргэшсэн “М” ХХК-ийн шинжээч Б.Э , Ч.Д нар хийсэн бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заалтыг зөрчсөн байх тул “Б” ХХК-ийн нэхэмжлэлийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар хариуцагч Налайх, Багахангай дүүрэг дэх шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст холбогдох 2021 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 23/Ш дугаар хөрөнгийн үнэлгээний тайланг хүчингүй болгох тухай нэхэмжлэгч “Б” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүх иргэний хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан дүгнэлт хийхдээ үйл баримтын цаг хугацаа, баримтын агуулгыг бодит байдлаар бус үнэлж дүгнэсэн байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэгчээс 2021 оны 7 дугаар сарын 09-ний өдөр 1/649 дугаартай "Төлбөр төлөгчид хөрөнгийн үнэлгээ мэдэгдэх тухай" албан бичгийг 40 хуудас "М" ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлантай хамт "Монгол шуудан" ХХК-аар “Б” ХХК-ийн захирал А.Б-т илгээсэн. Нэхэмжлэгч тал шүүхийн шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 1/649 дугаар төлбөр төлөгчид хөрөнгийн үнэлгээ мэдэгдэх тухай" албан бичгийг, бусад бичиг баримтын хамт 2021 оны 7 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авсан бөгөөд тэр өдөртөө "Б" ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.А надтай, шийдвэр гүйцэтгэгч Т.Ж ирж манай гэрийн гадаа уулзсан юм. Харин шийдвэр гүйцэтгэгч Т.Ж "Албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай мэдэгдлийг өгч байна" гэхэд нь “би за авлаа, манайх дуудлага худалдаа болохоос өмнө шүүхэд үнэлгээтэй холбогдуулан гомдол гаргах болно" гэж хэлэхэд тэрээр миний хэлсэн үгийг тэмдэглэлд тусгасан болно. Мөн нэхэмжлэх зүйл байна уу гэхэд нь би "Манай компанийн барилыг үнэлэхдээ дэндүү хайнга хандаж үнэлгээ хийсэн байна ... иймд үнэлгээнд шүүхэд гомдол гаргах болно" гэж өөрийн гараар "танилцсан" гэж гарын үсэг зурж "2021 оны 7 дугаар сарын 23-ны өдөр" бичсэн болно. Энэ явдлаас өмнө шийдвэр гүйцэтгэгч Т.Ж 2021 оны 7 дугаар сарын 20-ны өдөр надтай утсаар холбогдон "... шинжээчийн дүгнэлт гарсан 2 843 182 төгрөгөөр үнэлгээ гарсан, тайланг шуудангаар явуулсан" гэж хэлэхэд нь би "Шуудан одоогоор ирээгүй байна" ...гэхэд тэрээр "тайланг баталгаат шуудангаар явуулсан тул очих ёстой" гэхэд нь би "...тайлантай танилцах хэрэгтэй байна" гэж хэлсэн бөгөөд эдгээрийг "Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлд тусгасан байна. Гэтэл шүүх эдгээр үйл баримтыг үнэлэх, гаргах шийдвэрийнхээ үндэслэл болгоогүй, нэхэмжлэгчийг 2021 оны 7 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл хугацаанд "Хөрөнгийн үнэлгээ мэдэгдэх тухай" мэдэгдэл холбогдох баримтыг 2021 оны 7 дугаар сарын 09-ний өдрөөр илгээгдсэнийг тухайн цаг хугацаанд хүлээж авснаар тооцож, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасан гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн гэж дүгнэлт хийсэн үндэслэлгүй бөгөөд нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн шийдвэр гаргасан гэж үзэж байна. Мөн шүүхээс "Б" ХХК-аас гадна иргэн Д.О т шүүхийн шийдвэр гүйцэтгэгчээс "2021 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 1/649 дугаар "Төлбөр төлөгчид хөрөнгийн үнэлгээ мэдэгдэх тухай" албан бичгийг, бусад бичиг баримтын хамт" хүргүүлсэн эсэх, түүнд мэдэгдлийг гардуулж, "Хөрөнгийн үнэлгээ, тайлангийн талаар зөвшөөрсөн эсэх, эс зөвшөөрсөн эсэх талаар хариу тайлбар гаргуулсан асуудлыг орхигдуулсан байна. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч "Төлбөр төлөгчид хөрөнгийн үнэлгээ мэдэгдэх тухай" мэдэгдэл, үнэлгээний тайланг хүлээж авсан даруй шийдвэр гүйцэтгэгчтэй биеэр уулзаж үнэлгээ, үнэлгээний тайланг зөвшөөрөхгүй тухай мэдэгдэж тэмдэглэлд тусгуулах, өөрийн гараар бичиж "хариу мэдэгдэл" гаргаж, Шүүхийн шийдвзр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар иргэний нэхэмжлэлийг 2021 оны 7 дугаар сарын 28-ны өдөр гаргаж Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлсэн нь хууль зөрчсөн үйлдэл гэж үзэхгүй байна. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч миний эрх зүйн боловсрол, мэдлэг дутагдалтай байгаагаас шалтгаалан харьяалал зөрчин нэхэмжлэл гаргасныг шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуулийн холбогдох заалтыг "бүхэлд нь зөрчсөн" гэж үзэх үндэслэл болохгүй гэж ойлгож байна. Учир нь Иргэний хуулийн 1 дүгээр зүйлийн 1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 3.3 дахь хэсэгт заасныг зөрчиж гарсан гэж үзэж байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбогдол гомдол гаргахдаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасны дагуу төлбөр төлөгчид хөрөнгийн үнэлгээ мэдэгдэх тухай мэдэгдэл, үнэлгээний тайланг хүлээж авсан 2021 оны 7 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн тоолж нэхэмжлэлийн шаардлага гаргаж Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлсэн боловч "харьяалал" зөрчсөн гэдгээр нэхэмжлэлийг хүлээж авахаас татгалзахдаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсгийн "Хэргийн нутаг дэвсгэрийн харьяаллыг зохигч хэлэлцэн өөрчилж болно" гэснийг хэрэглэх боломжтой байсан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.2 дахь хэсгийг зааж өгөөгүй нь дараа дараагийн шүүхийн шийдвэр гаргахад нөлөөлсөн гэж үзэж байна.

Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 104/Ш32021/00854/ дугаарт захирамж, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 101/Ш32021/12566 дугаар захирамж, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 101/ШТ2021/00328 дугаарт тогтоол зэрэг нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хөөн хэлэлцэх хугацааг тасарсанд тооцох боломжгүй үргэлжилсэн шүүхийн өмнөх ажиллагаа байсан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт зааснаар "Шүүгч энэ хуулийн 13.2, 65.1-д заасан үндэслэл байхгүй гэж үзвэл нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 7 хоногийн дотор хэрэг үүсгэх тухай захирамж гаргана" гэсний дагуу "Иргэний хэрэг үүсгэх тухай" Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 101/Ш32021/14728 дугаар захирамж нь хуульд нийцсэн бөгөөд түүнийг хүчингүй болгох үндэслэлгүй байна. Шүүхээс гэвч хариуцагч нь маргаж буй үнэлгээний талаарх мэдэгдлийг 2021 оны 7 дугаар сарын 09-ний өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.7 дахь хэсэгт зааснаар төлбөр төлөгч буюу энэ хэргийн нэхэмжлэгчид хүргүүлсэн байна. /хэргийн 188 дугаар тал/ Харин нэхэмжлэгч нь уг мэдэгдлийг 2021 оны 7 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авсан гэж тайлбарласан боловч өөрийн тайлбарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан үүргийн дагуу нотлоогүй" гэсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалд нийцээгүй бөгөөд шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3 дахь хэсэгт заасныг зөрчиж хэргийн оролцогчоос гаргасан нотлох баримтыг урьдчилан үнэлэхгүй, нотлох баримтыг тал бүрээс нь хэргийн бодит байдалтай бодитойгоор харьцуулан дотоод итгэлээр үнэлнэ гэж ойлгох тухай Улсын Дээд шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 263 дугаар тогтоолын 13 дахь заалтыг зөрчсөн байна. Шүүхийн хэлэлцүүлгийн явцад өөрийн болон хэргийн бусад оролцогч болох Налайх, Багануур дүүрэг дэх шүүхийн шийдвэр гүйцэтгэгч нараас шүүхэд гаргаж өгсөн "Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хэргийн хавтасаас хуулбарлан ирүүлсэн нотлох баримтыг иш татан зааж хариуцагч талтай мэтгэлцсэн болно. Шүүхийн хэлэлцүүлэгт "зайлшгүй шаардлагатай нотлох баримтууд хангалттай цугларсан байхад заавал нэхэмжлэгчээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан үүргийн дагуу нотлоогүй" гэсэн дүгнэлт хийсэн хэт субьектив байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байх тул энэхүү шийдвэртэй хэргийг бүхэлд нь хянаж, хүчингүй болгон анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

           

            Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч “Б” ХХК нь хариуцагч Налайх, Багахангай дүүрэг дэх шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст холбогдуулан хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч гомдол гаргах хугацаа хэтрүүлсэн гэж эс зөвшөөрч маргажээ.

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 101/ШШ2019/03063 дугаар захирамжаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны харьяа Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн нэхэмжлэлтэй “Б” ХХК, Д.О нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 360 587 319 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийг хариуцагч нар зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. Хариуцагч байгууллага нь гүйцэтгэх баримт бичгийг үндэслэн 2020 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн 20260290 тоот тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэжээ. /хх-101-102, 105, 185-187/

 

Дээрх шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг үндэслэн 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 101/ГХ2020/00176 дугаар шүүхийн гүйцэтгэх хуудас бичигдэж, 2020 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 20260290/4 дугаар эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор “Б” ХХК-ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2207004236 дугаартай, Налайх дүүргийн 6 дугаар хороо, Онгоцот гудамж /12728/ 101 тоот, 2565 м.кв талбайтай аялал жуулчлалын зориулалттай, 85 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжлэн, 2021 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 20260290/08 тоот эд хөрөнгө хураах тухай тогтоолоор хураасан ба энэ талаар хуульд заасны дагуу гомдол гаргаагүй тул уг ажиллагааг хүчинтэй гэж үзнэ. /хх-113, 118/

 

Багахангай, Налайх дүүрэг дэх шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтсээс талуудаас дуудлага худалдаанд оруулах үл хөдлөх эд хөрөнгийн үнийн санал авахад төлбөр төлөгч Д.О ээс үнийн санал өгөх боломжгүй гэж мэдэгдсэн, харин төлбөр төлөгч “Б ХХК-аас 5 643 000 000 төгрөгөөр үнэлэх, төлбөр авагч Жижиг дунд үйлдвэрийн газар үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн үнийг тогтоолгохоор шинжээч томилуулах саналыг тус тус гаргажээ. /хх-121, 124, 126, 129/

 

Төлбөр төлөгч, төлбөр авагч нар нь дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг харилцан тохиролцоогүй тул Багахангай, Налайх дүүрэг дэх шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасны дагуу хөрөнгийн үнэлгээний “М” ХХК-ийг 2021 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 07/02 дугаар тогтоолоор шинжээчээр томилж, шинжээч нь Налайх дүүргийн 6 дугаар хороо, Онгоцот гудамж /12728/ 101 тоот, 2565 м.кв талбайтай аялал жуулчлалын зориулалттай, 85 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг 2 843 182.3 төгрөгөөр тогтоосон байна.

 

Анхан шатны шүүх төлбөр төлөгчийн хөрөнгийн үнэлгээнд гомдол гаргах хугацааны талаарх нотлох баримтууд, шинжээчийн үнэлгээний тайлан зэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дах хэсэгт зааснаар тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй байна.

 

Хариуцагч байгууллагаас дээрх үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг төлбөр төлөгч “Б” ХХК-ийн захирал Ч.А-т 2021 оны 7 дугаар сарын 23-ны өдөр мэдэгдэж, шийдвэр гүйцэтгэгч тэмдэглэл үйлдсэн болох нь хэргийн 150 дахь талд авагдсан 2021 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлээр тогтоогдсон тул Багахангай, Налайх дүүрэг дэх шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс нь “Б” ХХК-д хөрөнгийн үнэлгээг 2021 оны 7 дугаар сарын 23-ны өдөр мэдэгдсэн гэж үзнэ.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дах хэсэгт “талууд эд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно” гэж зохицуулсан ба дээрх хуулийн хугацаанд буюу 2021 оны 7 дугаар сарын 28-ны өдөр Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд, 2021 оны 8 дугаар сарын 04-ний өдөр Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд тус тус нэхэмжлэгч “Б” ХХК нь хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо гаргасан боловч Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 104/ШЗ2021/00854 дугаар захирамж, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 101/ШЗ2021/12565 дугаар захирамжаар тус тус нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэжээ.

 

Хөрөнгийн үнэлгээ хийсэн Налайх дүүргийн 6 дугаар хороо, Онгоцот гудамж /12728/ 101 тоот, 2565 м.кв талбайтай аялал жуулчлалын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө нь 2015 онд 85 хувийн гүйцэтгэлтэй байсан болох нь хэргийн 108 дахь талд авагдсан 000375896 дугаар бүхий үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдсон ба 2021 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 23/Ш тоот “М” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайланд дээрх үл хөдлөх эд хөрөнгийг 90-95 хувийн гүйцэтгэлтэй гэж тусгагдсан ба анхан шатны шүүх хуралдаанд шинжээч Ч.Д оролцож тайлбар гаргахдаа уг үл хөдлөх эд хөрөнгийг 95 хувийн гүйцэтгэлтэй гэсэн тайлбар гаргасан.

 

Гэтэл тухайн үл хөдлөх эд хөрөнгө нь 85 хувийн гүйцэтгэлтэй байхдаа ямар байсан, 95 хувийн гүйцэтгэлтэй байхдаа ямар байсан талаар харьцуулан дүгнэж, 2015 онд 85 хувийн гүйцэтгэлтэй байсан бол хөрөнгийн үнэлгээ хийгдэх үед хичнээн төгрөгний төсөвтэй, ямар ажил нэмж гүйцэтгэж барилгын ажлын гүйцэтгэлийг 90-95 хувийн гүйцэтгэлтэй гэж хөрөнгийн үнэлгээний тайланд тусгасан нь тодорхойгүйгээс гадна дээрх үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан журмын дагуу хийгдээгүй гэж үзэх тул үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч “Б” ХХК-ийн нэхэмжлэлийг хангаж анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав. Энэ талаарх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлтэй байна.

 

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн хөрөнгийн үнэлгээний талаар гаргасан давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 101/ШШ2021/03148 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасныг баримтлан “М” ХХК-ийн 2021 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгосугай.” гэж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтын “үлдээсүгэй” гэснийг “үлдээж, хариуцагч Налайх, Багахангай дүүрэг дэх шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтсээс 70 200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Б” ХХК-д олгосугай.” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй. 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       А.МӨНХЗУЛ                                                                                      

                             ШҮҮГЧИД                                         Д.БАЙГАЛМАА

 

                                                                                       Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ