Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 351

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: Ч.Сайнзаяа,

Улсын яллагч: Д.Эрдэнэчимэг,

            Шүүгдэгч: М.П, түүний өмгөөлөгч Ж.Болдбаатар нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт М.Пд холбогдуулж яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1705014360314 дугаартай хэргийг 2018 оны 5 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

     Шүүгдэгч: Монгол улсын иргэн, М.П, 1999 оны 3 дугаар сарын 26-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн суманд төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Батлан хамгаалах их сургуулийн төрийн захиргааны 2 дугаар курсийн оюутан, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт, ..., урьд ял шийтгэлгүй, ... тоот регистртэй,

Шүүгдэгч М.П нь 2017 оны 11 дүгээр сарын 17-ноос 18-нд шилжих шөнө 03 цагийн орчим Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Парадоксын автобусны буудал дээр иргэн Д.Гг “...миний найзыг дээрэлхлээ” гэх шалтгаанаар зодож эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч М.Пын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2017 оны 11 дүгээр сарын 17-ноос 18-нд шилжих шөнө 03 цагийн үед найз Г, П, М, Н, М нарын хамт Койн гэх газар цуг байсан. Найз Г хүнтэй муудалцсан, хамгаалагч нар муудалцсан залуусыг гаргасан. Удалгүй П, Г хоёр тамхи авлаа гээд дэлгүүр рүү гарсан. Г орж ирээд Пг түрүүн муудалцсан залуус зодож байна гэж надад хэлсэн. Би гараад Пг зодож байна гэж бодоод Пг татаад хохирогчийг цохьсон. Тэгэхэд тэнд байсан машинаас хүмүүс гарч ирээд зодоон болсон. Хамгаалагч намайг баар луу дагуулаад орсон. Бааранд байж байгаад гарч ирэхэд цагдаа намайг бариад явсан” гэв.

Хохирогч Д.Ггийн мөрдөн байцаалтад өгсөн: “...юу болсон талаар санахгүй байгаа нэг ухаан ороход газар суучихсан миний толгой өвдөж, нүүрний баруун хэсэг унжсан юм шиг мэдрэмж төрж байсан. ...Тэгэхэд хажуу талд хүмүүс бужигналдаад зодолдоод байх шиг байсан. Юу ч гэсэн гар утсаа халаасандаа байгааг тэмтрээд гар утас байна, харих хэрэгтэй энд байвал зодуулах юм байна гээд босоод явсан, замдаа эхнэртэйгээ утсаар ярьсан. Би нэг удаа цохиулаад л ухаан балартсан. Тархины баруун чамархай хэсэгт тархины яс цөмөрч цус харвасан, цөмөрсөн яс нь судас дарсан байсан. Тархины хагалгаанд орсон. Зөвхөн араас хүн дуудсан тэрнээс хойш яаж гэмтэл авсан талаар санахгүй байгаа. Ямар ч гэсэн ухаан ороход би ганцаараа сууж байсан. Нүүрний баруун хэсэг, баруун гар, мөр тус тус хүндрүүлж байсан. Тэгээд босоод гэртээ харьсан. Би цохиулж зодуулсан үйл явцыг санахгүй байгаа. Миний биеийн байдал дээрдсэн бөгөөд яллагдагч М.Птай сайн дурын үндсэн дээр эвлэрсэн, эмчилгээний зардал болон сэтгэл санааны хохирол болох 6.500.000 төгрөгийг хүлээн авсан тул цаашид гомдол санал нэхэмжлэх зүйлгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэсэн мэдүүлэг /хх-н 14-16, 121-122/,

Гэрч Э.Эын мөрдөн байцаалтад өгсөн: “...ТҮЦ-ний булан эргэхэд миний урд нөгөө 3 залуу гүйгээд цаахна талд зогсож байсан хэсэг залуусыг нөгөө муудалцсан залуустайгаа андуурсан шинжтэй нэг өндөр залууг нь гараараа цохисонд нөгөө залуу унасан. Тэр залуу унахдаа маш эвгүй хүчтэй нук гээд дуу гарч толгойгоороо цементэн дээр унасан. Тэгээд би бааранд ороод зогсож байсан чинь цагдаа нар орж ирээд нөгөө залууг цохиж унагаасан залууг найзуудтай нь аваад явсан. Ямар ч байсан намайг харж байхад тэр хар цамцтай залуу нь 1 удаа цохисны улмаас газар унахдаа их хүчтэй унасан” гэсэн мэдүүлэг /хх-н 25-27/,

Гэрч Л.Бий мөрдөн байцаалтад өгсөн: “...нөгөө жижиг нөхрийг араас нь хэдэн залуучууд гарч ирээд үгийн зөрүүгүй Гг цохиж унагаасан. Араас нь ахиад 2 нөхөр ирж байхаар нь би больцгоо гээд түлхээд тайвшруулаад эргээд харсан чинь Гг анх цохьсон залуу Гг газар хэвтэж байхад нь өшиглөж харагдсан....Гг нэг залуу гараараа цохиод газар унагаж дээрээс нь газар хэвтэж байхад нь толгой хэсэг рүү нь өшиглөж, дэвсэлж цохиж зодож байсан. Өөр хүн цохиж зодож харагдаагүй....Ггийн царайг харахад баруун нүд нь хөхөрч хавдсан, духны баруун дээд хэсэгт нилээн том хавдаж улайсан байсан” гэсэн мэдүүлэг /хх-н 28-30/,

Гэрч Б.Дий мөрдөн байцаалтад өгсөн: “...Гг газар хэвтэж байхад нэг хүн толгой руу нь өшиглөж харагдсан. Би тэр өшиглөсөн залууг анх Гг цохиж унагаасан залуу гэж бодож байгаа, учир нь тэр залуу анх Гг цохихдоо л маш их саагиж уурласан байдалтай байсан....Г хэвтэж байсан тэгэхээр нь Гг сэргээх гээд өндийлгөх гэсэн чинь ухаан орж босохгүй байсан. Тэгэхээр нь түшиж байгаад өндийлгөөд суулгаад зүгээр үү гэсэн юм ярихгүй зүгээр авиа гаргаад байсан....Ггийн толгой руу ахиад өшиглөж харагдсан. Би бол Гг эхэлж цохисон залуу л үргэлжлүүлээд зодож байна гэж бодсон. Яагаад гэвэл тэр залуу их саагсан онгирсон байр байдалтай байсан” гэсэн мэдүүлэг /хх-н 31-34/,

Гэрч Э.Гын мөрдөн байцаалтад өгсөн: “...Саравчтай малгайтай хар цамцтай эхний залуу шууд Ггийн толгой хэсэг рүү нь гараараа нэг удаа цохьсон. Тэгтэл Г нь доошоо харсан байдалтай газар унасан” гэсэн мэдүүлэг /хх-н 41-43/,

Гэрч Б.Гын мөрдөн байцаалтад өгсөн: “...П гарсан би араас нь гарсан чинь П гараад Птэй юм ярьж зогсож байсан залууг түлхээд 1 удаа цохьсон. Би араас нь очсон болохоор хаашаа цохисныг нь хараагүй” гэсэн мэдүүлэг /хх-н 57-59/,

Гэрч Б.Цгийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Койн бааранд байсан залуучууд мөн үү гэхээр нь бид нар үгүй гэж хэлээд эргэж хараад явах гэсэнд цаанаас нь хэдэн залуучууд ирээд нэг залуу үгийн зөрүүгүй Ггийн нүд хэсэг рүү нь 1 удаа цохисонд Г хойшоогоо тархиараа савж унасан....Гг цохьсон залуу баарны үүдэнд найзуудтайгаа зогсож байхаар нь цагдаад барьж өгсөн” гэсэн мэдүүлэг /хх-н 60-62/,

Шинжээч Ө.Сийн мөрдөн байцаалтад өгсөн: “... Гавал тархины гэмтэл нэг удаагийн үйлчлэлээр цохигдон унахад үүсгэгдэх боломжтой. ...Гэмтлийг авмагц хүн тэр дороо ухаан алдаж хэсэг хугацааны дараа энгийн үйлдэл буюу явах, алхах үйлдэл хийх боломжтой” гэсэн мэдүүлэг /хх-118-119/,

Яллагдагч М.Пын мөрдөн байцаалтад өгсөн: “...Намайг бааранд байхад найз Г ирээд Пг гадаа хүмүүс зодож байна гэсэн буруу ойлголтыг хэлсний улмаас би найзыгаа өмөөрч баарнаас гарсан. Тэгтэл 4-5 залуу Пг тойрон зогсож байхаар нь зодож байна гэж андуурч Ггийн эрх чөлөөнд халдсан....Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байгаа тул эмчилгээний зардлыг төлж барагдуулна. Би хохирогчийн эмчилгээний зардалд 6.500.000 төгрөг төлж барагдуулсан. Хохирогчтой сайн дураараа эвлэрсэн учир хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэсэн мэдүүлэг /хх-н 115-117/,

Шинжээчийн 14429 тоот дүгнэлтэд: “...Ө.Ггийн биед духны ясны хэлтэрхий үүсгэн цааш ухархайн дээд ханын ар хэсгээр дамжин суурь яс руу үргэлжилсэн шугаман хугарал, баруун чамархайн орчмын хатуу бүрхүүл дээрх 90-110 мл цусан хураа, тархи дарагдалт, 2 нүдний зовхинд цус хуралт, духанд зулгаралт, баруун шуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүссэн тухайн үед үүссэн гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-д зааснаар амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс хамаарна” гэсэн дүгнэлт /хх-н 65/,

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 7/, хохирогчийн өргөдөл /хх-н 10/, хохирлын баримтууд /хх-н 72/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан ажиллагааны тэмдэглэл /хх-н 81-85/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 90-96, 131-144/, хохирлын мөнгө барагдуулсан баримт /хх-н 122/, зургаар таньж олуулах ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-н 123-129/, хохирогчийн хүсэлт /хх-н 145, 147/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршигийн талаар:

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар  зүйлд заасны дагуу шүүгдэгч, хохирогч нар нь хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна.

Уг хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хэргийг хялбаршуулсан журмаар ял оногдуулах шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч М.П нь 2017 оны 11 дүгээр сарын 17-ноос 18-нд шилжих шөнө 03 цагийн орчим Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Парадоксын автобусны буудал дээр иргэн Д.Гг “...найз Пг зодож байна” гэж андууран толгойн тус газарт нь гараараа цохиж унаган эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэм буруутай болох  нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч Д.Ггийн: “...юу болсон талаар санахгүй байгаа нэг ухаан ороход газар суучихсан миний толгой өвдөж, нүүрний баруун хэсэг унжсан юм шиг мэдрэмж төрж байсан...би нэг удаа цохиулаад л ухаан балартсан. Тархины баруун чамархай хэсэгт тархины яс цөмөрч цус харвасан, цөмөрсөн яс нь судас дарсан байсан. Тархины хагалгаанд орсон” гэсэн мэдүүлэг /хх-н 14-16, 121-122/, гэрч Э.Эын: “... ТҮЦ-ний булан эргэхэд миний урд нөгөө 3 залуу гүйгээд цаахна талд зогсож байсан хэсэг залуусыг нөгөө муудалцсан залуустайгаа андуурсан шинжтэй нэг өндөр залууг нь гараараа цохисонд нөгөө залуу унасан. Тэр залуу унахдаа маш эвгүй хүчтэй нук гээд дуу гарч толгойгоороо цементэн дээр унасан...ямарч байсан намайг харж байхад тэр хар цамцтай залуу нь 1 удаа цохисоны улмаас газар унахдаа их хүчтэй унасан” гэсэн мэдүүлэг /хх-н 25-27/, гэрч Л.Бий: “...нөгөө жижиг нөхрийн араас хэдэн залуучууд гарч ирээд үгийн зөрүүгүй Гг цохиж унагаасан. Араас нь ахиад 2 нөхөр ирж байхаар нь би больцгоо гээд түлхээд тайвшруулаад эргээд харсан чинь Гг анх цохьсон залуу Гг газар хэвтэж байхад нь өшиглөж харагдсан....Гг нэг залуу гараараа цохиод газар унагаж дээрээс нь газар хэвтэж байхад нь толгой хэсэг рүү нь өшиглөж, дэвсэлж цохиж зодож байсан. Өөр хүн цохиж зодож харагдаагүй....Ггийн царайг харахад баруун нүд нь хөхөрч хавдсан, духны баруун дээд хэсэгт нилээн том хавдаж улаасан байсан” гэсэн мэдүүлэг /хх-н 28-30/, гэрч Б.Дий: “...Гг газар хэвтэж байхад нэг хүн толгой руу нь өшиглөж харагдсан. Би тэр өшиглөсөн залууг анх Гг цохиж унагаасан залуу гэж бодож байгаа учир нь тэр залуу анх Гг цохихдоо л маш их саагиж уурласан байдалтай байсан...Ггийн толгой руу ахиад өшиглөж харагдсан. Би бол Гг эхэлж цохисон залуу л үргэлжлүүлээд зодож байна гэж бодсон” гэсэн мэдүүлэг /хх-н 31-34/, гэрч Э.Гын: “...Саравчтай малгайтай хар цамцтай эхний залуу шууд Ггийн толгой хэсэг рүү нь гараараа нэг удаа цохьсон. Тэгтэл Г нь доошоо харсан байдалтай газар унасан” гэсэн мэдүүлэг /хх-н 41-43/, гэрч Б.Гын: “...П гарсан би араас нь гарсан чинь П гараад Птэй юм ярьж зогсож байсан залууг түлхээд 1 удаа цохьсон би араас нь очсон болохоор хаашаа цохисныг нь хараагүй” гэсэн мэдүүлэг /хх-н 57-59/, гэрч Б.Цгийн: “...Койн бааранд байсан залуучууд мөн үү гэхээр нь бид нар үгүй гэж хэлээд эргэж хараад явах гэсэнд цаанаас нь хэдэн залуучууд ирээд нэг залуу үгийн зөрүүгүй Ггийн нүд хэсэг рүү нь 1 удаа цохисонд Г хойшоогоо тархиараа савж унасан” гэсэн мэдүүлэг /хх-н 60-62/, шинжээчийн 14429 тоот дүгнэлтэд болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн нь зөвхөн түүний мэдүүлгээр бус хэрэгт авагдсан гэрч нарын мэдүүлэг, шүүх эмнэлгийн үзлэг хийсэн шинжээчийн дүгнэлт, таньж олуулах ажиллагаа зэрэг бусад нотлох баримтуудаар тогтоогдсон байна.

Шүүгдэгч М.Пын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул шүүгдэгчид холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч М.П нь хохирогчийн толгойн тус газарт гараараа цохиж газарт унаган эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон тул түүнийг гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.

Шүүгдэгч нь хохирогчийн эмчилгээний зардал болон сэтгэл санааны хохиролд 6.500.000 төгрөг өгсөн нь хохирлын мөнгө барагдуулсан баримт /хх-н 122/, хохирогчийн гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн хүсэлт /хх-н 145, 147/ зэргээр нотлогдож байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.

Эрүүгийн хариуцлагын талаар:

   Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсны улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болох нь хавтаст хэрэгт авагдсан шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлтүүд, хохирогчийн хүсэлт, хохирлын мөнгө барагдуулсан баримт, эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын саналтай танилцаж зөвшөөрсөн талаарх баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдож байна.  

          Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар гаргасан “шүүгдэгч М.Пыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10.000 нэгж буюу 10.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг шүүгдэгч, түүний өмгөөлөгч хүлээн зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ. 

          Шүүгдэгч, түүний өмгөөлөгч нь торгуулийн ялыг 3 жилийн хугацаанд төлөх боломжтой. Шүүгдэгч нь өөрөө ажил хийж торглуулийг ялыг 3 жилийн хугацаагаар хэсэгчлэн төлөх боломжийг олгож өгнө үү гэсэн хүсэлт гаргасан тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-д зааснаар шүүгдэгч М.Пд шүүхээс оногдуулсан торгох ялыг 3 жилийн хугацаанд төлж барагдуулахыг түүнд даалгах нь зүйтэй гэж үзлээ.

           Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй. 

          Шүүгдэгч М.Пд холбогдох хэргээс хохирогч Э.Ганболдод хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг тусгаарласан ба уг хэргийг тусгаарласан нь шүүгдэгч М.Пд холбогдох хэргийг тал бүрээс нь бүрэн бодитой хянан шийдвэрлэхэд саад болохгүй байна гэж шүүх дүгнэлээ.

          Хохирогч Э.Ганболдод гэмтэл учруулсан нь шүүгдэгч М.Пын үйлдэлтэй хамааралгүй, түүнд гэмтэл учруулсан этгээдийг олж тогтоогоогүй байх тул уг хэрэгт нэгтгэн шийдвэрлэх шаардлагагүй гэж үзсэн нь үндэслэлтэй байна.

 Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч М.Пыг “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Пыг 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
  3.   Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-д зааснаар шүүгдэгч М.Пд шүүхээс оногдуулсан 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ялыг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг  даалгаж, торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.
  4. Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, нэгтгэсэн хэрэггүй шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
  5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Пд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ч.ОТГОНБАЯР