Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 06 сарын 18 өдөр

Дугаар 2024/ДШМ/688

 

 

                                                                 Б.Гд холбогдох

                                                          эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Дарьсүрэн даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, шүүгч Д.Мөнхөө нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор М.Нямжав,

шүүгдэгч Б.Г, түүний өмгөөлөгч Д.Оргил,

хохирогч Ж.Д,

нарийн бичгийн дарга С.Далайцэрэн нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 2024/ШЦТ/443 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Г гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох 2406 00451 0205 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мөнхөөгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Х овгийн Б-ийн Г, 19... оны ... дугаар сарын ...-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, ... настай, эрэгтэй, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ... хамт ... дүүргийн ... дугаар хороо, ... дугаар хэсэг гудамж, ... дугаар байрны ... тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:..../,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2005 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 285 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, хорих ялыг тэнсэж мөн хугацаагаар хянан харгалзсан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 679 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 3 сарын хугацаагаар тэнсэж хянан харгалзсан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 950 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 280 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлсэн;

Шүүгдэгч Б.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Баянзүрх дүүргийн 35 дугаар хороо, Баатархайрханы 2а хэсгийн 1080 тоотод гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн төрсөн эх Ж.Дгаас 10.000 төгрөг нэхэж маргалдан улмаар хогийн шүүрээр цохиж, эрүүл мэндэд нь “баруун богтос ясны хугарал, баруун шуу, хоёр нүдний доод зовхи, хамар, зүүн сарвууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн сарвуунд зулгаралт” бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Б.Г үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Х овогт Б-ийн Г-ыг “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.Гд 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, шүүгдэгч Б.Г цагдан хоригдсон 8 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, энэ шийтгэх тогтоолоор Б.Г нь хохирогчид төлөх төлбөргүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж, Иргэний хуулийн 513 дугаар зүйлийн 513.1, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх заалтад тус тус зааснаар шүүгдэгч Б.Гас 1,615,000 төгрөгийг гаргуулан иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн ерөнхий газар /Эрүүл мэндийн даатгалын сангийн төрийн сангийн 10090020080 дугаарын данс/-т олгож шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.Г давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, өөрийн буруутай үйлдлээ ухамсарлан ойлгож, эрх зүйн ухамсарын хувьд маш их гэмшиж байгаа. Миний бие барилгын инженер мэргэжилтэй, сургууль төгссөн цагаасаа барилгын салбарт ажиллаж байна. Барилгын салбар нь өөрөө улирлын чанартай бөгөөд Барилгын тухай хуулиар тухайн оны 4 дүгээр сарын 01-нээс 11 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл ажилладаг. Ажлын хувьд “Битом” ХХК болон 2-3 барилгын компанид инженерээр ажиллахаар тохиролцсон байсан. Мөн 5, 12 дугаар ангийн хоёр хүүтэй. Том хүү маань энэ жил 12 дугаар анги төгсөж их сургуульд орох хариуцлагатай үе юм. Хүүхдүүдийнхээ сурч боловсрох эрхийг хангаж сургалтын төлбөрийг төлөх үүргийг эцэг хүний хувьд хариуцаж байгаа. Түүнчлэн шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч болох төрсөн эх Ж.Д “...улсын яллагч 1 жилийн хорих ялыг торгох ял болгож өгнө үү. Би энийгээ алга болохоор ганцаараа яана гэж бодож байна. Ажлаа хийж 12 дугаар ангийн хүүхдээ сургуульд оруулах ёстой. Би хүүхдээрээ асруулаад эдгэрсэн. Цаг хугацааа өнгөрөхөд би эдгэрээд зүгээр болно. 12 дугаар анги төгсөж байгаа хүүхэд яах вэ, сургуулиа төгсөх гэж байгаа. Торгох ял оногдуулж өгнө үү” гэсэн.

Хэдийгээр гэм буруугаа хүлээн зөвшөөрч, эрүүгийн хариуцлагын хувьд маргахгүй ч гэлээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад “...хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэж хуульчилжээ.

Иймд шүүх дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж хорихоос өөр төрлийн ял оногдуулах, эсвэл нэг жилийн хорих ялыг багасгаж өгнө үү. Би хөгшин настай эхийгээ асран тэтгэх, өрхийн амьжиргаагаа залгуулах, үр хүүхдүүдээ өсгөн хүмүүжүүлэх, сурч боловсрох боломж нөхцлөөр хангах нэн чухал үүрэгтэй. Ажил хөдөлмөр эрхлэх боломжийг олгож, зорчих эрх хязгаарлах ял оногдуулж өгнө гэдэгт итгэж байна.” гэв.

Шүүгдэгч Б.Г өмгөөлөгч Д.Оргил тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Б.Г нь мөрдөн шалгах ажиллагааны явцаас эхлэн өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч, гэм буруутай эсэхдээ маргаагүй. Төлбөрийн чадваргүйн улмаас анхан шатны шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцож байсан. Өмгөөлөгч авах хүсэлт гаргасан тул миний бие үйлчлүүлэгчийнхээ эрх зүйн байдлыг дээрдүүлэх үүднээс давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцож байна. Хэргийн үйл баримт, хэргийн зүйлчлэл, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд маргахгүй, хүлээн зөвшөөрч байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь торгох, зорчих эрхийг хязгаарлах, хорих ялын санкцтай. Миний үйлчлүүлэгч нь төлбөрийн чадваргүй өрхийн гишүүн 70 гаруй настай, тэтгэврийн насны хөгшин эхтэйгээ хамт амьдардаг. Эхнэрээсээ салсан, 2 хүүхэд нь дүүтэй нь хамт амьдардаг. Эцэг хүний хувьд хүүхдүүдээ өөр дээрээ авах тохиолдлууд байдаг. Ихэнхдээ өөр дээрээ авдаг гэж байсан. Гэхдээ түүний оршин суух хаягийн бүртгэлд эхтэйгээ хоёул амьдардаг гэж байдаг. Б.Г нь Ж.Дгаас уучлалт гуйсан, хийсэн үйлдэлдээ харамсдаг. Иймд гэмт хэрэг нотлогдсон байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа байдал зэргийг харгалзан Б.Гд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасны дагуу 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, эсхүл хорих ялын доод хэмжээгээр буюу 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж өгнө үү” гэв.

Хохирогч Ж.Д тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хүүгийн минь ялын хугацааг багасгаж өгнө үү. Миний бие гэртээ ганцаараа байна. Зуны улирал учир өдийг хүртэл амьд явж байна. Сүүлийн үед нойр хүрэхээ байсан. Янз бүрийн ургамал их ургаж байна. Тэрнээс болж харшил хөдлөөд болохгүй байна. Хүүгийн минь хорих ялын хугацааг багасгаж өгнө үү гэж гуймаар байна.” гэв.

Прокурор М.Нямжав тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүх Б.Г гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүний хувийн байдал зэргийг харгалзан 1 жилийн хорих ял оногдуулж, нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г гаргасан давж заалдах гомдлын үндэслэлд хязгаарлахгүйгээр хуульд заасан журмын дагуу авагдсан нотлох баримтуудын хүрээнд тухайн хэргийн бүх ажиллагааг бүхэлд нь хянав.

Хэргийг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгч Б.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Баянзүрх дүүргийн 35 дугаар хороо, Баатархайрханы 2а хэсгийн 1080 тоотод гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн төрсөн эх Ж.Дгаас 10.000 төгрөг нэхэж маргалдан улмаар хогийн шүүрээр цохиж, эрүүл мэндэд нь “баруун богтос ясны хугарал, баруун шуу, хоёр нүдний доод зовхи, хамар, зүүн сарвууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн сарвуунд зулгаралт” бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Ж.Дгийн “...Би өчигдөр гэртээ зурагт үзээд байж байхад манай хүү Б.Г гаднаас 20 цагийн үед орж ирээд надаас 10.000 төгрөг нэхэхээр нь би “яах гэж байгаа юм, хэн чамаас 10.000 төгрөг нэхээд байгаа юм, орой болсон хойно мөнгөөр яах гээд байгаа юм бэ” гэсэн чинь гэнэт Г “зурагтыг чинь хагална” гээд агсраад сандал бариад авахаар нь би гэрийн эд зүйлээ эвдэж устгуулахгүйн тулд сандлыг нь булааж ор луу түлхсэн чинь гэнэт уурлаад хуванцар тосгууртайгаа байдаг хогийн шүүрээр намайг цохихоор нь нүүрээ хамгаалсан чинь миний баруун гар луу цохиод гар, бугуй хэсгээрээ эвгүй болсон. Нүүр лүү бас 2-3 удаа цохиод авахаар нь би айгаад гэрээсээ халаадтайгаа нүцгэн шахуу гадаа гараад ирэхэд 3 залуу надтай таараад “яасан” гэж асуухаар нь “манай хүүхэд намайг зодчихлоо” гэсэн чинь нөгөө гурван залуу уурлаад “цагдаа дуудъя” гээд ярьж байхад Г гараад ирсэн. Энэ мөн үү гээд надаас асуугаад тэр залуус уурлаад цагдаа нарыг ирэн иртэл надтай хамт байж байгаад цагдаа нарт хүлээлгэж өгөөд явсан. ...” /хх 8/ гэсэн мэдүүлэг,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 136 дугаартай “...Ж.Дгийн биед тухайн үед баруун богтос ясны хугарал, баруун шуу, хоёр нүдний доод зовхи, хамар, зүүн сарвууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн сарвуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх өдөр үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. ...” /хх 23-34/ гэх дүгнэлт,

шуурхай удирдлагын тасаг, дуудлагын лавлагааны хуудас /хх 4/, шүүгдэгч Б.Г үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг /хх 12-13/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогджээ.

Давж заалдах шатны шүүх, хэрэгт хамааралтай баримт бүрийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянах үүрэгтэй бөгөөд тухайн хэргийн хувьд хэргийн нотлох баримтын нотолгооны ач холбогдол, хууль ёсны байдлыг дүгнэн, харьцуулан шинжилж, хохирогчийн мэдүүлэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудын үнэн зөв байдлын нотломжийн түвшин, агуулга зэргийг эрх зүйн ухамсрыг удирдлага болгож үнэллээ.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэж заасны дагуу анхан шатны шүүхийн шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, мэдүүлэг, дүгнэлт, шинжлэн судалсан бусад нотлох баримтад үндэслэн шүүгдэгч Б.Г “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

            Шүүгдэгч Б.Г согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн төрсөн эх Ж.Дгаас 10.000 төгрөг нэхэж улмаар хогийн шүүрээр цохиж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

            Шүүгдэгч Б.Г “...хорихоос өөр төрлийн ял оногдуулах, эсвэл нэг жилийн хорих ялыг багасгаж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

            Шүүгдэгч Б.Г нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хэдий ч түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, хувийн байдал зэрэгт оногдуулсан ял тохирсон байх тул хорихоос өөр төрлийн ял оногдуулах, хорих ялыг хөнгөрүүлэх үндэслэлгүй байна.

Түүнчлэн шүүхээс оногдуулсан ял нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийнх нь төлөө хуульд заасан ялын төрөл, хэмжээнд нийцүүлэн цээрлэл үзүүлэхийн зэрэгцээ, хохирлыг нөхөн төлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгод чиглэдэг тул шүүгдэгч Б.Г гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй гэж үзэв.

Иймд, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 2024/ШЦТ/443 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Г гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Шүүгдэгч Б.Г нь анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарснаас хойш буюу 2024 оны 4 дүгээр сарын 24-ний өдрөөс 2024 оны 6 дугаар сарын 18-ны энэ өдрийг хүртэл 55 /тавин тав/ хоног цагдан хоригдсон бөгөөд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 2024/ШЦТ/443 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Г гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г 2024 оны 4 дүгээр сарын 24-ний өдрөөс 2024 оны 6 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 55 /тавин тав/ хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 ДАРГАЛАГЧ,

                         ШҮҮГЧ                                               Л.ДАРЬСҮРЭН

                         ШҮҮГЧ                                               Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

                                     ШҮҮГЧ                                               Д.МӨНХӨӨ