Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 04 сарын 30 өдөр

Дугаар 154

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

    Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяат даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга А.Арай,

   улсын яллагч Г.Эсэн,

шүүгдэгч С.Э, түүний өмгөөлөгч Ц.Баасанжав,

хохирогч О.О, түүний өмгөөлөгч Д.Баттөмөр,

гэрч Б.Х, С.Э, А.Х нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт С.Эад холбогдох 1710000000060 дугаартай хэргийг 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол улсын иргэн, 1980 оны 10 дугаар сарын 09-ны өдөр Ховд аймгийн Булган суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой,  мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, С.Э

Холбогдсон хэргийн талаар/яллах дүгнэлтэнд бичигдснээр/

Шүүгдэгч С.Э нь 2017 оны 08 дугаар сарын 05-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо Төв цэнгэлдэх хүрээлэнд болсон тэмцээний үеэр сум харваж, болгоомжгүй үйлдлийн улмаас О.Оын зүүн нүдийг онож түүний бие махбодид хүнд хохирол болгоомжгүй учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

.    

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч, гэрч нараас мэдүүлсэн мэдүүлэг:

Шүүгдэгч С.Эаас: “...2017 оны 8 дугаар сарын 05-ны өдөр би Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулагдаж байгаа харвааны наадамд оролцсон. Миний 2 дахь сум хазгай явж, хохирогчийн нүдийг оносон. Би болсон хэрэгтээ маш их харамсаж байна, тухайн үед хохирогчийн хөмсөгийн дээд тал задарсан байсан. Би н.А.Х гэдэг эмч залуугийн хамт Гэмтлийн эмнэлэг рүү очсон. Хохирогчид гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөр, эмчилгэний зардалд 6.085.000 төгрөг төлж барагдуулсан...” гэв.

Хохирогч О.Оаас: “...2017 оны 8 дугаар сарын 05-ны өдөр сурын харвааны тэмцээнтэй гээд би Архангай аймгаас ирсэн. Эхний 2 удаагаа харваад зурхай дээр зогсож байтал гэнэт өндөр, хазгай сум орж ирээд нүдэн тус газар оносон. Миний толгой өвдөөд, газар толгойгоо бариад суучихсан болохоор эргэн тойронд хэн байсныг хараагүй. Шүүгдэгч эмч залуугийн хамт намайг Гэмтлийн эмнэлэгт авч ирж анхан шатны тусламж үзүүлсэн. Би хохирол эмчилгээний зардалд 6.085.000 төгрөг авсан...” гэв.

Гэрч С.Эын: “...Мэргэн харваачид эхэлж харвадаг, аймгийн мэргэн харваачид, дараа нь баатар үе харвадаг. Би нумаа харваад зурхай дээр ирж ажлаа хийж байсан. Тухайн үед цаг агаарын байдлаас хамаарч нүдний хараагаа шалгуулахад, хэвийн байгаа юм байна гэж гарсан. Би С.Эын нумыг нь тавьж өгөөд араас нь хараад сууж байсан. С.Э эхний сумаа харваад, удаан зогсож байгаад 2 дахь сумаа тавьтал сум нь далий явсан.  Хохирогчийн зүүн талд нь нэг хүн, баруун талд нь 4-5 хүн зогсож байсан. Тэр зурхай дээр хохирогч өөр нэг хүнтэй өөд өөдөөсөө харж ярьсан байдалтай зогсож байсан. Хохирогч сэрэмжлүүлгийг анзаарахгүй зогсож байгаад эргэж хараад суманд оногдсон...” гэв.

Гэрч А.Хын: “...Би үдээс хойш харваагаа хийчихээд цай уугаад сууж байхад 4 дүгээр зурхай дээр хүн суманд оногдчихлоо, эмч очоорой гэсэн дуудлага ирсэн. Очиход хохирогчийн толгойн тус газар нь суманд оногдсон байсан. Би цус тогтоох болон даралт буулгах анхны тусламж үзүүлээд С.Э хохирогч нарын хамт Гэмтлийн эмнэлэг явсан...” гэв.

Гэрч Б.Хын: “...Монголын сурын холбоо нь салбар холбоо, клубүүдтэй, гишүүнчлэл гэсэн зүйл байхгүй. 2016 оны баяр наадмаас эхлэн харваачидыг 10 сарын хугацаатай сайн дурын даатгалд хамруулж эхэлсэн. Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны зааварчилгааг бий болгосон, тэмцээн эхлэхээс өмнө зааварчилгааг өгдөг...” гэв.

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч, гэрч нараас мэдүүлсэн мэдүүлгүүд:

Хохирогч О.Оын “...2017 оны 08 дугаар сарын 05-ны өдөр Төв цэнгэлдэх хүрээлэнд сурын тэмцээн болсон ба би харваж дуусчихаад өөрийн хийх ёстой ажлаа хийгээд 2 зурхайн дунд харваачдын хамт зогсож байтал С.Эын хазгай харвасан сум миний зүүн нүдийг оносон. Тэр даруй сурын талбайн эмч миний цусыг тогтоож гэмтлийн эмнэлэгт хүргэсэн. 2017 оны 08 дугаар сарын 07- ны өдөр 3 дугаар эмнэлэгт хагалгаанд орж зүүн нүдээ авахуулах болон хамрын цөмөрсөн ясыг тэгшилсэн...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 4-7, 8-9, 2 дугаар хавтасны 34 дүгээр хуудас/,

Гэрч Б.Хын: “...2017 оны 08 дугаар сарын 06 болон 08-нд Төвийн бүсийн суулгах харвааны тэмцээн болсон. 2017 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн үдээс хойш одоо цагийг нь санахгүй байна талбай дээр ирэхэд осол болоод хүнийг нь гэмтлийн эмнэлэг рүү эмч аваад явсан байсан. Эмчээс ирэхээр нь хүний биеийн байдлыг асуухад зүүн нүдний дээр оногдсон байна зургийг нь авах гэж байна гэсэн. Уг хүнийг Сайн-Эр овогтой С.Эын харвасан сум оносон байсан...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 12-13 дугаар хуудас/,

Гэрч Б.Аын “...2017 оны 08 дугаар сарын 05 болон 06-ны өдөр Төвийн бүсийн чуулга харваа төв цэнгэлдэх хүрээлэнд болсон. Тэмцээн өглөө 09 цагт эхэлж би Дайчин 4 дүгээр үе дээр Төвшинбат, О.О, Лхагвасүрэн нартай таарсан. Бид нар харваж дуусчихаад Төвшинбат эгч самбарын шүүгчээ хийгээд бид 3 ажлаа хийх гээд зурхай руу явсан. Зурхай дээр ажлаа хийгээд дараагийн 3 эмэгтэй зурхай дээр дөнгөж ирээд солигдох гэж байхад цаанаас нэг эрэгтэй харвах гээд онилсон байсан учир талбайг орхиж явж чадаагүй. Тэгтэл уг хүний харвасан сум далий, миний толгойн хажуугаар явж баруун талд байсан О.О эгчийн нүдийг оносон. Самбарт шүүгч хийж байсан Төвшинбат эгчийг танина нэг босоон дээр харвасан нөгөө хүмүүсийг танихгүй учраас хоорондоо юм яриагүй урагшаа хараад уухайлаад зогсож байсан...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 11-12 дугаар хуудас/

Гэрч А.Хын: “...2017 оны 08 дугаар сарын 05 болон 06-ны өдөр А.Цэвээний нэрэмжит төвийн бүсийн чуулга харваа болж уг харваанд 300 гаруй харваач орсон. 08 дугаар сарын 05-ны өдрийн 14 цагийн үед цай уух гээд явж байхад 4 дүгээр зурхай дээр хүн суманд оногдлоо гээд микрофоноор дуудсан. Тэгээд очиход 40 гаран насны эмэгтэй О.О суманд оногдсон байсан. Түүнийг үзэхэд зүүн нүдний дээд талд сум оносон нилээн хэмжээний цус гарч байсан. Би анхны тусламж үзүүлэн гэмтэл рүү харвасан залуугийн хамт хүргэж өгсөн...” гэсэн мэдүүлэг/ 1 дүгээр хх-ийн 18 дугаар хуудас/

Гэрч Г.Гын “...2017 оны 08 дугаар сарын 05, 06-ны өдрүүдэд Төв цэнгэлдэх хүрээлэнд төвийн бүсийн чуулга харваа болсон. Тэмцээн хөтөлбөрийн дагуу явагдаж байсан ба дотор юм хийж байтал 4 дүгээр зам дээр хүн оногдчихлоо гэсэн. Тэгээд гараад харахад эмч, шүүгч аваад эмнэлэг рүү явсан байсан. Юу болсон талаар тодруулахад С.Э гэх хүн харваад нэг эмэгтэйн толгойн тус газар харвасан гэж байсан. Тэмцээн эхлэхийн өмнө анхаарал болгоомжтой байх талаар зааварчилгаа өгдөг. Мөн дундуур нь хэлж ярьдаг...” гэсэн мэдүүлэг / 1 дүгээр хх-ийн 20-21 дүгээр хуудас/,

Гэрч Ч.Мын “...2017 оны 08 дугаар сарын 05 болон 06-ны өдрүүдэд төвийн бүсийн чуулга харваа болсон ба шувтрага мэргэ дээр харваж байсан залуугийн сум давж, эсвэл хазгай яваад байсан. Харваач С.Э ирээд манай дүү байгаа юм жаахан бэлтгэл хийж байгаад тэмцээнд орох гэж байгаа юм гэж хэлсэн. Тэр залууд би чи хазгай харваад байна шүү сумныхаа хойноос орилж хэлээрэй гэж сануулсан. Ханын дунд өргийн адаг дээр тэр залуугийн харвасан 2 дахь сум хазгай явж хоёр зурхайн голд зогсож байсан эмэгтэйн нүүрэн тус газар оносон. Тэр оногдсон эмэгтэй тэнд ажлаа хийх ёстой байсан...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 22-23 дугаар хуудас/,

Гэрч С.Эын: “...2017 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 14 цагийн үед дүү С.Э харвах болсон. Дүү дараагийн сумаа аваад харватал хазгай явсан. Шүүгч болон С.Э сумныхаа хойноос хөөе сум гэж орилсон. Зурхайн баруун талд 4 хүн зогсож байсан ба хамгийн цаад талд зогсож байсан хүн нь буруу хараад хүнтэй юм яриад зогсож байсан. Тэр эргэж хараад суманд оногдсон. Бид нар очиход 40 гаран насны эмэгтэй байсан ба зүүн нүдний дээд талд шалбарсан цус гарсан харагдсан...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 24-25 дугаар хуудас/,

 

Шинжээчийн дүгнэлт болон хэргийн талаар бусад нотлох баримтууд

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн шинжээчийн №10311 тоот дүгнэлт /1 дүгээр хх-ийн 28 дугаар хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн шинжээчийн дүгнэлт/хх-ийн 160-161 дүгээр хуудас/

 

Мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгчээс мэдүүлсэн мэдүүлгүүд

Яллагдагч С.Эын “...2017 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн тэмцээнд 13 цагийн үед би эхний 4 сумаа тавьсан. Дараа нь 14 цагийн үед дахин сум тавих ээлж таараад гараад сумаа тавьсан. Тэгтэл миний тавьсан сум хазгай явж зурхайн баруун талд байсан хүмүүс рүү чиглэж явсан. Тэнд 5-6 хүн зогсож байсан ба тэдгээр хүмүүс сумнаас бултсан боловч хамгийн цаана зогсож байсан цайвар өнгийн дээлтэй эмэгтэйн нүүрэн тус газарт оносон. Уг хүн нүүрээ дараад доошоо суусан. Тэр эмэгтэй дээр очиход зүүн нүдийг нь оносон хүмүүс алчуураар нүдийг нь дарж байсан. Сурын холбооны эмч ирээд анхны тусламж үзүүлэн шархыг боож гэмтлийн эмнэлэг рүү такси барьж эмчийн хамт явсан...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтасны 33-35, 154-156, 2 дугаар хавтасны 37-38 дугаар хуудас/

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд:

-Монгол улсын иргэний үнэмлэхний хуулбар   /хх-ийн 50 дугаар хуудас/,

-Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 61 дүгээр хуудас/,

-Оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 58 дугаар хуудас/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судлав.  

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, яллагдагч, хохирогч, гэрч нарыг байцаах, мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байдал тогтоогдохгүй байна.

 

Шүүх хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судалвал:

Шүүгдэгч С.Э нь 2017 оны 08 дугаар сарын 05-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо Төв цэнгэлдэх хүрээлэнд болсон тэмцээний үеэр сум харваж, болгоомжгүй үйлдлийн улмаас О.Оын зүүн нүдийг онож түүний бие махбодид хүнд хохирол болгоомжгүй учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, хохирогч О.Оын мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 4-7, 8-9, 2 дугаар хавтасны 34 дүгээр хуудас/, гэрч Б.Хын мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 12-13-р хуудас/, гэрч Б.Аын мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 11-12-р хуудас/, гэрч А.Хын мэдүүлэг/ 1 дүгээр хх-ийн 18-р хуудас/, гэрч Г.Гын мэдүүлэг / 1 дүгээр хх-ийн 20-21-р хуудас/, гэрч Ч.Мын мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 22-23-р хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн шинжээчийн №10311 тоот дүгнэлт

  1. О.Оын биед зүүн нүдний алимны нэвт гэмтэл /зүүн нүдний хөндлөн шарик суулгах мэс засал/, зүүн ухархайн дээд хана, дотор ханын хугарал, зүүн зовхинд шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь ир үзүүр бүхий зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 4.7.31.1-д зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадварын 65% алдагдуулах тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
  4. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.  /1 дүгээр хх-ийн 28 дугаар хуудас/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

        Шүүгдэгч С.Э нь 2017 оны 08 дугаар сарын 05-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо Төв цэнгэлдэх хүрээлэнд болсон тэмцээний үеэр сум харвахдаа хайхрамжгүй хандаж хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй  болгоомжгүй үйлдлийн улмаас О.Оын зүүн нүдийг онож түүний бие махбодид хүнд хохирол  учруулсан байна.

         Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Э болон түүний өмгөөлөгч Ц.Баасанжав нараас хэргийн үйл баримт, гэм буруугийн тал дээр маргаагүй болно.

 

        Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүй нь энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэмт хэрэгт тооцогдоно”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг  “Гэм буруу нь санаатай, эсхүл болгоомжгүй хэлбэртэй байна.” 3 дахь хэсэгт “...хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол хор уршиг учирсан бол болгоомжгүй гэмт хэрэгт тооцно” гэж тус тус заажээ.

 

         Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч С.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, эрүүгийн хуульд заасан хохирол, хор уршиг бий болсон,  шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй байна.

 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршиг.

 

Хохирогч О.О нь гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт нийт 4.517.730 төгрөгийн хохирлын баримтыг гаргасан бөгөөд шүүгдэгч С.Э нь 6.08.5000 төгрөгийг төлж барагдуулсан байна.

 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр “Хаан банк” иргэн М.Болор-Эрдэнэ нарын хооронд эргэлтийн хөрөнгө нэмэгдүүлэх зориулалтаар 45.000.000 төгрөгийн зээлийн гэрээнд хохирогч О.О нь хамтран үүрэг гүйцэтгэгчээр зээл авсан байна./хавтаст хэргийн 242-248 дугаар хуудас / Хохирогч О.О болон түүний өмгөөлөгч Д.Баттөмөр нараас “Зээлийн гэрээ”-ний төлбөрийг гэмт хэргийн улмаас учирсан хор уршигт тооцон гаргуулахыг хүссэнийг шүүх гэмт хэргийн улмаас бусдын эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсны улмаас үүссэн үр дагавар, хор уршиг гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байна гэж үзлээ.

 

            Хохирогч О.О нь  цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэй болно.

   Шүүхээс шүүгдэгч С.Эад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь хэсэгт  заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн,хохирогчид шууд эмнэлэгийн туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх  нөхцөл байдалд харгалзан үзлээ.

            Эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, иргэний бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, С.Э нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж байна.