Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 2024/ДШМ/686

 

  2024           06           13                                          2024/ДШМ/686

 

С.А-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж, шүүгч Т.Өсөхбаяр, шүүгч М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Мөнхтулга,

хохирогч М.Х,

шүүгдэгч С.А-н өмгөөлөгч С.Болорчулуун, 

нарийн бичгийн дарга С.Далайцэрэн нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Аюушжав даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 2024/ШЦТ/495 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч С.А-н өмгөөлөгч С.Болорчулууны гаргасан давж заалдах гомдлоор С.А-д холбогдох 2406 00272 0233 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.      

Б овогт С-н А, .... оны .. дугаар сарын ..-ны өдөр ....... төрсөн, ...... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Т т” тавилгын үйлдвэрт угсралтын ажилтан, ам бүл 4, эхнэр, хүүхэд, эгчийн хамт .......... оршин суух бүртгэлтэй боловч .......... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: ........./;  

Шүүгдэгч С.А нь 2023 оны 12 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө 02-03 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “П х” зочид буудлын урд талын авто зам дээр хохирогч М.Х-тай үл ялих зүйлээс маргалдан толгойн тус газарт гараараа цохих зэргээр халдсаны улмаас эрүүл мэндэд нь хамар ясны сэлтэрсэн хугарал, таславчийн мурийлт, зөөлөн эдийн няцрал, зүүн хацар, хамрын нуруу, баруун хацар, дээд доод уруулд цус хуралт, зулгаралт гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, мөн тухайн цаг хугацаанд хохирогч М.Х-тай маргалдах үедээ түүний жолоодож явсан ... УАК улсын дугаартай тээврийн хэрэгслийн тээшний хаалганы бариул, хойд улсын дугаар, зүүн урд хаалганы хэсгийг хөлөөрөө өшиглөн гэмтээж бусдад бага хэмжээнээс дээш буюу 455.300 төгрөгийн хохирол учруулж бусдын эд хөрөнгийг устгаж, гэмтээсэн гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: С.А-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч С.А-г “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн, “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар С.А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 480 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар тогтоож, уг ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.А-с хохиролд 5,300 төгрөг гаргуулан хохирогч М.Х-д олгож, хохирогч энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хор, хор уршгийн хохирлоо цаашид баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

        Шүүгдэгч С.А-н өмгөөлөгч С.Болорчулуун давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэх үндэслэлүүдээр дараах гомдлыг гаргаж байна. Үүнд: Шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасан “дүгнэлт нь шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэх, ял оногдуулахад нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болох ноцтой зөрүүтэй байвал” гэх дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “Шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй” гэх үндэслэлээр эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна.

Хохирол хор уршгийн талаар: Миний үйлчлүүлэгч С.А нь мөрдөн шалгах ажиллагааны үеэс эхлэн өөрийн гэм бурууг хүлээж, хохирол, хор уршгийг арилгах тал дээр анхаарч хохирогчид баримтаар гарсан нийт хохирол болох 755.300 төгрөгөөс нийт 750.000 мянган төгрөгийг төлж барагдуулсан бөгөөд цаашид гарах хохирол, хор уршгийг арилгах болно гэдгийг илэрхийлэн, гэм буруугаа хүлээж шүүх хуралд оролцсон. Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад “энэ хуулийн тусгай ангид хорих ял оногдуулахаар заагаагүй, эсхүл хорих ялын дээд хэмжээг гурван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол хорих ялыг хөнгөрүүлэх, эсхүл хорихоос өөр төрлийн ялыг сонгон оногдуулах, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх; тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол хорихоос өөр төрлийн ялыг сонгон оногдуулах, эсхүл хорих ял оногдуулахгүйгээр гурван жил хүртэл хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх” гэж шүүхэд үүрэг болгосон хэм хэмжээг зааж өгсөн байна. Миний үйлчлүүлэгчийн зүгээс тогтмол ажил хийдэг, шүүх хурал болохоос өмнө хохирлыг бүрэн барагдуулах боломжгүй байсан бөгөөд шүүх хурлын дараа хохирогчид учирсан 5.300 төгрөгийг төлж, хохирлыг бүрэн барагдуулсан. С.А нь тогтмол ажил хийдэг, цалин орлоготой торгох ялыг биелүүлэх бүрэн боломжтой тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2, 3, 4, 5 дахь хэсэгт өөрчлөлт оруулан шүүгдэгч С.А-г Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450.000 төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450.000 төгрөгөөр торгох ялыг тус тус оногдуулан Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан дээрх ялуудыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг 900.000 төгрөгөөр торгох ялаар тогтоож өгнө үү. Мөн хохирогчид баримтаар гарсан хохирлыг төлсөн тул энэ талаар шүүхийн шийдвэрт дурдаж өгнө үү. ...” гэв.

Хохирогч М.Х тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... : Миний бие давж заалдах гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь, С.А надаас уучлалт гуйгаагүй, анхан шатны шүүх хуралдааны явцад миний өмгөөлөгч хэлж байж уучлалт гуйж байсан. Мөн олон сар хохирол төлбөр барагдуулаагүй. Хэрэг үйлдэгдсэнээс хойш олон сарын дараа буюу 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр миний дансыг авсан. Анхан шатны шүүх хуралдааны өмнөх өдөр хэнээс гэдэг нь үл мэдэгдэх данснаас миний дансанд “хохирол барагдуулсан” гэж 750.000 төгрөг орсон. Миний бие хамрын хагалгаанд орох заалттай бөгөөд үүнийг хэсэг хугацааны дараа эмч шийдвэрлэнэ. Уг хагалгааны зардлыг С.А төлнө гэдэгт эргэлзэж байна. ...” гэв.

Прокурор Б.Мөнхтулга тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Шүүгдэгч С.А нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6, 17.8 дугаар зүйлд тус тус заасан гэмт хэргүүдэд холбогдсон нь тогтоогдсон. Анхан шатны шүүх хуралдаан хүртэл хугацаанд шүүгдэгч С.А нь хохирогчтой уулзаж, хохирол төлбөр барагдуулахаар тодорхой арга хэмжээ аваагүй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6, 17.8 дугаар зүйлд заасан гэмт хэргүүд нь хорихоос өөр төрлийн ялын санкцтай бөгөөд шүүгдэгч С.А нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа боловч эрүүгийн хариуцлагын шалтгаан нөхцөлийг сайн ойлгоогүй нь харагдаж байна. Иймд түүнд торгох ял оногдуулах хууль зүйн үндэслэлгүй. Шүүгдэгч С.А нь гэмт хэрэг үйлдвэл ямар нөхцөл байдалд ордог болохыг ухамсарлах болов уу гэдэг байдлаар түүнд нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан нь зүй ёсны гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор түүнд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв. 

                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.А-н өмгөөлөгч С.Болорчулууны гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Шүүгдэгч С.А нь 2023 оны 12 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө 02-03 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “П х” зочид буудлын урд талын авто зам дээр хохирогч М.Х-тай үл ялих зүйлээс маргалдан толгойн тус газарт гараараа цохих зэргээр халдсаны улмаас эрүүл мэндэд нь хамар ясны сэлтэрсэн хугарал, таславчийн мурийлт, зөөлөн эдийн няцрал, зүүн хацар, хамрын нуруу, баруун хацар, дээд доод уруулд цус хуралт, зулгаралт гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,

мөн тухайн цаг хугацаанд хохирогч М.Х-тай маргалдах үедээ түүний жолоодож явсан ... УАК улсын дугаартай тээврийн хэрэгслийн тээшний хаалганы бариул, хойд улсын дугаар, зүүн урд хаалганы хэсгийг хөлөөрөө өшиглөн гэмтээж бусдад бага хэмжээнээс дээш буюу 455.300 төгрөгийн хохирол учруулж бусдын эд хөрөнгийг устгаж, гэмтээсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч М.Х-н “... Би харих гээд жуковын П х зочид буудлын урд машинтайгаа явж байхад урдуур үл таних эрэгтэй хүн гараа өргөөд алхаад ороод ирсэн. Тэр хүн хаалга онгойлгочхоод суух гээд байхаар би “хөөе чи яаж байгаа юм бэ” гэсэн чинь юм хэлэхгүй хаалга онгойлгочихоод байгаад байхаар нь би бууж очоод “чамайг суулгахгүй, чи хаалга яаж байгаа юм” гээд хэлэхэд намайг заамдаж аваад “чи хэн бэ, юу вэ” гээд над руу дайраад миний уруул хэсэг рүү 2-3 удаа цохисон. Энэ үед тэр хавьд явж байсан хоёр ах ирж салгасан. Салгах үед тэр үл таних эрэгтэй намайг “ална” гээд тэр хавиар хувцсаа тайлаад үсчээд байхаар нь тэр хоёр ах нийлж байгаад өөрийнхөө машины ард суулгасан. Нөгөө үл таних залууг суулгасан байх үед нь би цагдаа руу дуудлага өгсөн. Цагдаа ирэх хооронд тэр үл таних эрэгтэй машины нөгөө талын хаалгаар бууж ирээд миний машины хаалга болон багаж руу өшиглөсөн, бас утсаа гаргаж ирээд миний машин руу шидсэн. Миний машиныг гэмтээгээд байхаар нь би тэр хүнийг “чи яагаад байгаа юм бэ” гэсэн чинь над руу хүрж ирээд миний нүүр лүү нэлээд хэдэн удаа цохиод авсан. ... Машины зүүн талын хаалга, хойд гупер руу өшиглөсөн, багажийн хойд талыг мөн адил гэмтээсэн. …” /хх 8/,

мөрдөн шалгах ажиллагааны явцад С.А-н гэрчээр өгсөн “... би жолоочтой нь зам тавьж өгсөнгүй гээд маргалдаад байх шиг байсан. ...” /хх 10/, “... тэр залуугийн унаж байсан машины арын хэсэгт өшиглөсөн, яг тэр хэсэгт хагарчихсан. Мөн тэр залуутай маргалдаж зодолдсон байсан тэгтэл О ах ирээд бид хоёрыг салгасан. ...” /хх 11-12/ гэсэн мэдүүлгүүд,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн “...М.Х-ын биед хамар ясны сэлтэрсэн хугарал, таславчийн муруйлт, зөөлөн эдийн няцрал, зүүн хацар, хамрын нуруу, баруун хацар, дээд доод уруулд цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн цохих үйлдлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл, ... эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...” гэх 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 512 дугаартай дүгнэлт /хх 14-15/,

“БанХас” ХХК-ний 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 874 дугаартай “.... УАК улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 455.300 төгрөгийн хохирол учирсан” талаар хөрөнгийн үнэлгээний тайлан /хх 20-21/,

Хохирогчийн дүрс оношлогооны шинжилгээний хариу /хх 16/, хохирлын талаарх баримтууд /хх 25-28/ зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх шүүгдэгч С.А-г хохирогч М.Х-г зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, мөн хохирогчийн тээврийн хэрэгслийг өшиглөж, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш буюу 455.300 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн байх ба түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзэв.

Түүнчлэн, анхан шатны шүүхээс С.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 480 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоож шийдвэрлэсэн нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, хувийн байдалд тохирсон байна.

Хэдийгээр шүүгдэгч С.А нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлоо нотлох баримтын хэмжээнд бүрэн төлсөн боловч түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал болон уг гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанар, гэм буруугийн хэлбэр зэргээс үзэхэд анхан шатны шүүхээс шүүгдэгчид оногдуулсан ялын төрөл, хэмжээ нь түүний гэм бурууд тохирсон төдийгүй Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчим, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино. ...” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгыг тус тус хангажээ.

Иймд шүүгдэгч С.А-н өмгөөлөгч С.Болорчулууны гаргасан “... нийтэд тустай ажил  хийлгэх ялыг торгох ялаар сольж өгнө үү...” гэсэн утга бүхий давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

Шүүгдэгч С.А нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлоос төлөгдөөгүй үлдсэн 5300 /таван мянга гурван зуу/ төгрөгийг нөхөн төлснийг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 2024/ШЦТ/495 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч С.А-н өмгөөлөгч С.Болорчулууны гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Шүүгдэгч С.А нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлоос төлөгдөөгүй үлдсэн 5300 /таван мянга гурван зуу/ төгрөгийг хохирогч М.Х-д нөхөн төлснийг дурдсугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

             ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                                            Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

ШҮҮГЧ                                                            Т.ӨСӨХБАЯР  

            ШҮҮГЧ                                                            М.АЛДАР