Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 11 сарын 24 өдөр

Дугаар 210/МА2021/01710

 

 

 

 

 

 

 

 

 

Ч.Н нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд, бүрэлдэхүүнд шүүгч Г.Даваадорж, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 183/ШШ2021/01769 дугаар шийдвэртэй, Ч.Н, Н.Дт нарын нэхэмжлэлтэй О.Орт холбогдох гэрээний үүрэгт 233,530,000 төгрөгийг, Ч.Нгийн нэхэмжлэлтэй О.Орт холбогдох гэрээний үүрэгт 60,800,000 төгрөгийг, Ч.Ггийн нэхэмжлэлтэй О.Орт холбогдох гэрээний үүрэгт 133,200,000 төгрөгийг тус тус гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ч.Н, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Нарантуяа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Борхүү, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

 

Нэхэмжлэгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: О.Ор нь гар утасны бизнес эрхлэхийн хажуугаар уул уурхай ажиллуулж байгаа гэж бидэнд итгүүлэн, удаа дараа маш их мөнгө зээлж авсан. О.Ор нь зээлсэн мөнгөө өгөхгүй болохоор нь бид цагдаагийн байгууллагад хандаж, шалгуулсан боловч иргэний эрх зүйн харилцаа гэж үзэн гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж эрүүгийн хэргийг хаасан.

Ч.Н, Н.Дт нар О.Ортай 2015 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр зээлийн гэрээ байгуулж, Ч.Н, Н.Дт нар 242,000,000 төгрөгийг сарын 10 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай О.Орт зээлдүүлсэн. Уг гэрээний дагуу 61,200,000 төгрөг болон 15,000,000 төгрөгийг буцаан төлсөн бөгөөд тооцоо нийлсэн баримтын дагуу 233,530,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ч.Н, Н.Дт нарт олгож өгнө үү.

Ч.Н болон О.Ор нар 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдөр зээлийн гэрээ байгуулж, Ч.Н нь 50,000,000 төгрөгийг нэг сарын 8 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай О.Орт зээлдүүлсэн. Уг гэрээний дагуу зээлийн хүүд төлсөн 1,200,000 төгрөгийг хасч, үндсэн зээл 50,000,000 төгрөг, зээлийн хүү 10,800,000 төгрөг, нийт 60,800,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ч.Нд олгож өгнө үү.

Ч.Гг болон О.Ор нар 2014 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр зээлийн гэрээ байгуулж, Ч.Гг нь 60,000,000 төгрөгийг нэг сарын 10 хувийн хүүтэй, 8 сарын хугацаатай О.Орт зээлдүүлсэн. Уг гэрээний дагуу 19,200,000 төгрөгийг буцаан төлсөн тул үндсэн зээл 60,000,000 төгрөг, зээлийн хүү 28,800,000 төгрөг, алданги 44,000,000 төгрөг, нийт 133,200,000 төгрөгийг гаргуулан Ч.Ггт олгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Ч.Нтай байгуулсан зээлийн гэрээний хувьд тухайн үед тэрээр байрны зээл хөөцөлдөж байгаа тул авлагатай гэх баримт хэрэгтэй байна гэж хэлээд уг 50,000,000 төгрөгийн зээлийн гэрээнд гарын үсэг зуруулсан. Ч.Нгаас 50,000,000 төгрөг шилжүүлж аваагүй.

Ч.Ггтэй 60,000,000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулсан боловч надад 60,000,000 төгрөг шилжүүлж өгөөгүй.

Ч.Н, Н.Дт нараас нийт 102,933,000 төгрөгийг цувуулж зээлсэн. 117,413,000 төгрөгийг Н.Дтын дансанд буцаан төлсөн. Мөн гэрээний үүрэг шаардах хөөн хэлэлцэх хугацаа дууссан байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1, 82 дугаар зүйлийн 82.1, 232 дугаар зүйлийн 232.6, 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1-д заасныг баримтлан О.Орт холбогдох, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 233,530,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ч.Н, Н.Дт нарт, 60,800,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ч.Нд, 133,200,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ч.Ггт тус тус олгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.1, 57 дугаар зүйлийн 57.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,295,600 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч нар давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Н.Дт, Ч.Н Ч.Н, Ч.Гг бид нар О.Орыг олон жилийн өмнөөс таньдаг, тэрээр нөхрийн хамт гар утасны бизнес эрхлэхийн хажуугаар уул уурхай ажиллуулж байгаа гэж бидэнд итгүүлэн удаа дараа маш их мөнгө зээлсэн ба мөнгөө авъя гэсэн боловч өгөхгүй, уулзахгүй байхаар нь цагдаагийн байгууллагад хандаж шалгуулсан.

Гэтэл цагдаагийн байгууллага 2 жил гаруйн хугацаанд шалгаад гэмт хэргийн шинжгүй гэж үзэн хэрэг бүртгэлийн хэргийг хаасан. Цагдаагийн байгууллагад шалгагдаж байх үедээ О.Ортай бид нар харилцан тооцоо нийлж, гарын үсэг зурж баталгаажуулсан байхад шүүх хөөн хэлэлцэх хугацаа дууссан мэтээр дүгнэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна.

Шүүхийн шийдвэрт нэхэмжлэгч нар зээлийн гэрээний үүрэгтэй холбоотой шаардлагыг 2021 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр гаргасан нь ... хөөн хэлэлцэх хугацаа түр зогссон, ... хөөн хэлэлцэх хугацаа түр тасалдсан болох нь тогтоогдохгүй байна. Өөрөөр хэлбэл эрүүгийн журмаар шалгуулах нь шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг түр зогсоох, эсхүл тасалдах үндэслэлд хамаарахгүй юм гэж дүгнэснийг хууль буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна.

Эрүүгийн хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан тогтоолын хугацаа болох Баянгол дүүргийн Прокурорын газрын 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдрөөс шаардах эрх үүссэн үе буюу хөөн хэлэлцэх хугацааг тоолох үндэслэлтэй гэж үзэж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна.

 

Нэхэмжлэгч Ч.Н, Н.Дт нар хариуцагч О.Орт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 233,530,000 төгрөгийг, нэхэмжлэгч Ч.Н хариуцагч О.Орт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 60,800,000 төгрөгийг, нэхэмжлэгч Ч.Гг хариуцагч О.Орт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 133,200,000 төгрөгийг тус тус гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

 

Ч.Н, О.Ор нар 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдөр, Ч.Гг О.Ор нар 2014 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр, Ч.Н, Н.Дт О.Ор нар 2015 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр тус тус зээлийн гэрээ байгуулсан байна. /хх7-8, 10, 37/

 

Нэхэмжлэгч Ч.Н, Ч.Гг, Ч.Н, Н.Дт нар хариуцагч О.Ораас дээрх зээлийн гэрээний үүрэг шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй гэх үндэслэлээ нотлохоор “О.Орт  зээлүүлсэн мөнгөний тооцоо”, “Ч.Ггтэй тооцоо нийлсэн баримт”, “Ч.Нтай тооцоо нийлсэн баримт”, “2013-2015 онуудад иргэн н.Бямбасүрэн, О.Ор нарын тооцоо” гэх баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байна. /хх11-15/

 

Дээрх тооцоо нийлсэн гэх баримтуудад огноо заагаагүйгээс уг баримтыг хэзээ үйлдсэн нь тодорхойгүй байна. Анхан шатны шүүх уг баримт үйлдсэн хугацааг тодруулаагүй, өөрөөр хэлбэл, хэргийн үйл баримт тогтоогдоогүй байхад Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т “гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байна” гэж заасныг баримтлан нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь буруу болжээ.

 

Давж заалдах шатны шүүх дээрх нөхцөл байдлыг нөхөн гүйцэтгэх боломжгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаан шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 183/ШШ2021/01769 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,295,600 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Ч.ЦЭНД

 

                                          ШҮҮГЧИД                                 Г.ДАВААДОРЖ

 

                                                                                            Э.ЗОЛЗАЯА