Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 06 сарын 18 өдөр

Дугаар 2024/ДШМ/689

 

 

                                                                 О.Бт холбогдох

                                                          эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Дарьсүрэн даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, шүүгч Д.Мөнхөө нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Эрдэмбаатар,

яллагдагч О.Б, түүний өмгөөлөгч Ж.Оюунболд,

нарийн бичгийн дарга С.Далайцэрэн нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Батболор даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 2024/ШЗ/703 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Г.Эрдэмбаатарын бичсэн 2024 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 57 дугаартай эсэргүүцлээр О.Бт холбогдох 1902 00771 0388 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 6 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мөнхөөгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Ч овгийн О-ын Б, 19... оны ... дугаар сарын ...-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, ... настай, эрэгтэй, дээд боловсролтой, бизнесийн удирдлага мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ... хамт ... дүүргийн ... дүгээр хороо, ... дүгээр хэсэг “Б” ... дугаар байрны ... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:.../;

Яллагдагч О.Б нь 2017 оны 5 дугаар сарын 01-нээс 2019 оны 5 дугаар сарын 31-ний хооронд “М” төрийн өмчит үйлдвэрийн газрын охин компани болох “Ш” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар буюу нийтийн албан тушаалтнаар ажиллаж байх хугацаандаа буюу 2019 оны 3 дугаар сарын 7-ны өдөр 800.000.000 төгрөгөөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутагт байрлах “РКТ” рашааны гудамж 312 дугаар байрны 604 тоот 200 мкв талбай бүхий орон сууц, зоорь В давхрын 23, 24 тоот авто зогсоолуудыг “В” ХХК-иас худалдан авах гэрээ байгуулж, 2019 оны 3 дугаар сарын 18-ны өдөр 19.500 ам доллар буюу 51.246.000 төгрөгийг, 2019 оны 3 дугаар сарын 18-ны өдөр 748.754.000 төгрөгийг тус тус дээрх орон сууцны төлбөрт шилжүүлэн өгч, эх Б.Тийн нэр дээр өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулан авч, өөрийн хөрөнгө орлогыг их хэмжээгээр нэмэгдсэнийг хууль ёсны болохыг үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй буюу үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэмт хэрэгт холбогджээ.

Нийслэлийн прокурорын газраас: О.Бийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 22.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: ...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эд мөрийн баримтад гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн тээврийн хэрэгсэл, уналга, зэвсэг, хэрэгсэл, гэмт үйлдлийн замаар олсон мөнгө, үнэ бүхий зүйл, бусад эд зүйлс, гэмт хэргийн ул мөр үлдсэн, агуулсан түүнчлэн гэмт хэрэг, түүнийг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг илрүүлэх, хэргийн бодит байдлыг тогтоох, эсхүл сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм бурууг үгүйсгэх, эсхүл хөнгөрүүлэхэд ач холбогдол бүхий бичмэл болон цахим баримт, бусад эд зүйлийг тооцно.” гэж заажээ.

Яллагдагчийн өмгөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт “...Үндэслэлгүй хөрөнгөжсөн гэдэгт доллар тушаасан уу, мөнгө тушаасан уу гэдэг нь хамааралгүй гэж прокурорын зүгээс тайлбарлаж байна. Энэ нь хамааралтайн дээдээр хамааралтай, үүнийг нотолж чадаагүй гэж ярьж байгаа бол нэг өөр, 10 гаруй жилийн турш мөнгөн хөрөнгөтэй яаж болсон талаараа тайлбар бүх нотлох баримтуудыг хэрэгт өгсөн. Хадгалж байсан мөнгөө доллараар тушааж байсан уу, ямар байдлаар тушаасан гэдэг нь эргэлзээтэй байдаг. Гэтэл прокурор болон мөрдөгчийн зүгээс зөвхөн төгрөгөөр шилжүүлсэн гэдэг баримтыг гаргаж ирсэн. Давж заалдах шатны шүүхийн дүгнэлт гарах үед 291 мянган доллар тушаасан гэдэг баримт байгаагүй...” гэж тус тус тайлбарласан.

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд “Голомт банк” ХХК-ийн 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 141хх103-1986 дугаар албан бичгээр “...Б.Т нь 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдөр Голомт банкны “Зайсан скүэр” салбарт бэлэн 19,500 ам.долларыг төгрөгөөр дансанд орлогын гүйлгээ хийсэн. ...ам.долларыг төгрөгөөр солиулах гүйлгээ хийлгээгүй” гэж ирүүлсэн боловч шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт яллагдагч талаас Голомт банкны 3610111001010 дугаар данснаас 291,700 ам.доллар буюу 766,295,900 төгрөгийн зарлагын баримтыг гаргаж ирүүлсэн байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Мөрдөгч энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу нотлох баримт цуглуулж, шалгаж, бэхжүүлнэ”, 7 дахь хэсэгт “Энэ хуульд заасан үндэслэл, журмыг зөрчиж авсан баримтат мэдээллийг нотлох баримтаар тооцохгүй” гэж тус тус заажээ.

Анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн тухайн хэрэгт хамааралтай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтыг хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай эсэхийг бүхэлд нь үнэлэх бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгсөн дээрх баримт нь хэрэгт ач холбогдолтой боловч нотлох баримтын хэмжээнд үнэлэх боломжгүй байх тул мөрдөн шалгах ажиллагаа явуулж, уг баримтын эх сурвалжийг олж, нотолбол зохих байдлыг шалгаж тогтоох нь зүйтэй.

Түүнчлэн яллагдагч шүүхийн хэлэлцүүлэгт “...9 дүгээр хавтас хэргийн 66 дугаар хуудсанд “В” ХХК-ийн АТГ-д өгсөн хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудыг гаргаж өгсөн. Үүнд тухайн үед “В” ХХК-ийн захиралтай Англи хэл дээр мэйл харьцсан баримт байдаг. Энэ нь хэрэгт ач холбогдолтой баримт бөгөөд үүнийг Монгол хэл дээр баталгаат орчуулгаар орчуулж хэрэгт хавсаргах шаардлагатай гэж үзэж байна. Уг мэйлээр тухайн байрыг хэн, ямар үнээр худалдаж авах гэсэн талаар тодорхой дурдсан байгаа...” гэж тайлбар гаргаж оролцсон.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж заасан ба прокуророос яллагдагчийг “В” ХХК-иас орон сууц болон авто зогсоолыг худалдан авсан гэж яллах дүгнэлтдээ дурдсан байдаг тул хавтас хэрэгт авагдсан “В” ХХК-ийн захиралтай Англи хэл дээр мэйлээр харьцсан баримтыг хуульд заасан журмын дагуу орчуулга хийлгэж, бэхжүүлэх шаардлагатай гэж үзлээ.

Иймд дээр дурдсан баримтуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэх, хэргийн бодит байдлыг хөдөлбөргүй тогтоох, гэм буруутай этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын шинж чанар, хэр хэмжээнд нөлөөлөх чухал ач холбогдолтой байх тул О.Бт холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр Нийслэлийн прокурорын газарт буцааж, О.Бт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Прокурор Г.Эрдэмбаатар бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүх Эксроу дансанд орлого хийхдээ ам.долларыг төгрөгөөр солиулсны дараа уг гүйлгээг хийсэн үү, эсхүл тус банканд төгрөгөөр бэлэн авчирч тушаасан аль нь болохыг тогтоох, түүнчлэн энэ талаар теллерээр ажиллаж байсан н.Бурмаагаас гэрчийн мэдүүлэг авхуулах гэсэн үндэслэлээр 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 2024/ШЗ/09 дугаартай захирамжаар хэргийг прокурорт буцааж шийдвэрлэж байсан. Прокуророос шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр эсэргүүцэл бичсэн. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх прокурорын бичсэн эсэргүүцлийг үндэслэн 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хэргийг хянан хэлэлцэж 2023/ДШМ/162 дугаартай магадлал гарсан.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалд Голомт банкны “Зайсан Скүэр” төвд байрлах салбарын 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн архивын баримтад үзлэг хийж Б.Төөс 748,754,000 төгрөгийг 170012410005 эксроу дансанд орлого хийхдээ ам.долларыг төгрөгөөр солиулсны дараа уг гүйлгээг хийсэн үү, эсхүл тус банканд төгрөгөөр бэлэн авчирч тушаасан аль нь болохыг тогтоох, энэ талаар теллерээр ажиллаж байсан н.Бурмаагаас тодруулах ажиллагааг заавал хийх шаардлагагүй гэж шийдвэрлэсэн.

Хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, хэлбэрийг сахин биелүүлээгүй тохиолдол бүр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зөрчилд тооцогдож, хэргийг хууль ёсны ба үндэслэлтэй шийдвэрлэхэд сөргөөр нөлөөлдөг.

Гэтэл анхан шатны шүүх дахин тус үндэслэлээр хэргийг прокурорт буцааж байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гарсан давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг анхан шатны шүүх, прокурор, мөрдөгч биелүүлнэ” гэсэн заалтыг зөрчсөн.

“В” ХХК-ийн үйлчилгээ дэмжих газрын захирал Т.Жанибекээс өөрийн бусадтай харилцсан мэйл болон үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, гэрчилгээний хуулбар, гэрээ байгуулахад байлцсан хүний иргэний үнэмлэхийн хуулбар, Эксроу данс нээлгэх албан тоот, гэрээ, гарын үсгийн баталгаа, цуцлах тухай албан тоот, үл хөдлөх хөрөнгийн өмчлөлийг шилжүүлэх тухай хүсэлт, нэрийн хуудас зэрэг баримтуудыг ирүүлсэн.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авахтай холбоотойгоор Т.Жанибек болон тус компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Хатантуул нараас гэрчийн мэдүүлэг авах ажиллагааг хийж гүйцэтгэсэн.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Талуудын хүсэлтээр шүүх хуралдаанд оролцуулахаар шийдвэрлэсэн гэрчийг дуудан ирүүлж, шүүх хуралдаанд биечлэн оролцуулж мэдүүлэг авна” гэж хуульчилсан.

Шүүхийн шатанд гэрч Т.Жанибекийг оролцуулж түүний бусадтай харилцсан мэйл болон үл хөдлөх хөрөнгө худалдах худалдан авах, шилжүүлсэнтэй холбоотой асуудлыг асууж тодруулах, мэдүүлэг авах зэргээр шүүхийн шатанд нөхөн гүйцэтгэх боломжтой ажиллагаа юм.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасны дагуу хэлэлцэн шийдвэрлэх боломжтой талаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалд дүгнэсэн атал хэргийг дахин нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй байна.

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасанчлан яллагдагч нарыг шүүхэд шилжүүлж, улмаар мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг шалгаж тогтоосон, хавтаст хэрэгт тусгагдсан баримтын хүрээнд яллагдагчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх боломжтой юм.

Иймд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 20234/ШЗ/703 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү.” гэв.

Яллагдагч О.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг дэмжиж байна. Прокурор эскроу дансанд мөнгийг хийсэн, хийгээгүй талаар ярьж байна. Эскроу данс, байр нь миний мэдлийн зүйл биш. Миний бие тухайн үед “М” ТӨҮГ-т гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан. Дээрх хөрөнгө нь миний эцэг, эхийн хөрөнгө. Тэдгээр хүмүүс миний дүүд эдгээр хөрөнгийг авч өгч байсан. Яагаад эскроу дансанд мөнгө хийсэн талаар “В” ХХК-иас асууж болохгүй гэж. Мөн ямар зорилгоор эскроу дансанд мөнгө хийж байгаа юм бэ, яагаад тэр үед байрыг нь шилжүүлэхгүй байсан талаар тайлбар авч өгнө үү гэж хүсэж байна. Иймд хэргийг мөрдөн байцаалтад буцааж, энэ асуудлуудын талаар тодруулж өгнө үү. 2019 оны 12 дугаар сард надад цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахад би 40 гаруй килограмм турсан. Энэ асуудлаар эмнэлгийн байгууллагад үзүүлэхэд хэд хэдэн өөрчлөлт гарч, ноцтой өөрчлөлттэй гэж дүгнэгдсэн. Монгол Улсад удаа дараа шинжилгээ хийлгэсэн. Эмч “тооллогууд нь байх ёстой хэмжээнээс хэд дахин их байгаа тул энэ асуудлыг анхааралдаа авч, гадаад улс руу явсан нь дээр” гэж хэлсний дагуу 2023 оны 11 дүгээр сард анхан шатны шүүхэд “намайг гадаад улс руу түр хугацаагаар эмчилгээнд явуулж өгнө үү” гэсэн хүсэлт гаргахад миний хүсэлтийг хүлээж аваагүй. Энэ талаар улсын яллагчтай ярилцаж байж орж ир гэсэн. Энэ талаарх хүсэлтийг давж заалдах шатны шүүхэд гаргаж байна.” гэв.

Яллагдагч О.Бийн өмгөөлөгч Ж.Оюунболд тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг дэмжиж, прокурорын эсэргүүцлийг эс зөвшөөрч давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцож байна. Нэгдүгээрт, мөнгө шилжүүлэхтэй холбоотой асуудал яригдаж байна. Өмнө нь тус хэрэг давж заалдах шатны шүүхэд хянагдаж, энэ асуудлыг авч үзэх шаардлагагүй гэж үзсэн тул анхан шатны шүүх дээд шатны шүүхийн шийдвэрийг биелүүлэх үүрэгтэй. Гэхдээ хэрэгт 291,000 ам.доллартой холбоотой баримт тухайн үед авагдаагүй байсан. Прокурорын зүгээс “мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдсон 776,000,000 төгрөг болон 19,000 ам.доллартой холбоотой баримтуудыг гаргаж, энэ баримтын хүрээнд хэргийг шийдвэрлүүлье” гэж ярьж байсан. Эдгээр хүмүүс энэ ам.долларыг тушаасан гэдэгтээ итгэлтэй байсан учраас надад “ам.долларын баримтыг гаргуулъя” гэдэг хүсэлтийг удаа дараа гаргасан. Мөрдөн шалгах ажиллагааны явцад миний зүгээс тус хүсэлтүүдийг гаргасан боловч тухайн үед хангаж шийдвэрлээгүй. Прокурорын зүгээс “байрыг үндэслэлгүйгээр авч, хөрөнгөжсөн гэдэг асуудал яригдаж байгаа болохоос биш мөнгөн дүнгээр тушаасан гэдэг асуудал энэ хэргийн гол зүйл биш” гэж тайлбарлаж байна. Энэ бол хамгийн гол зүйл. Өөрөөр хэлбэл, О.Б нь анхнаасаа “энэ миний орон сууц биш, манай эцэг, эхийн авсан орон сууц, би тухайн үед амьдарч байсан юм” гэж мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн байдаг. О.Бийн аав н.Очирбат энэ байрыг худалдан авсан мөнгөний эх үүсвэрийг тодорхойлохдоо олон эх үүсвэрийн талаар ярьдаг. Өөрөөр хэлбэл, хувьчлагдаж авсан 2 объектын асуудал ярьдаг. Нэгийг нь 2005, 2006 оны үед 200,000 гаруй ам.доллароор зарсан гэдэг. Мөн түүний дараа 300,000 гаруй юаниар өөр объект зарсан гэдэг. Прокурор “н.Очирбатын мэдүүлэг нотлогдоогүй” гэж хэлж байна. Гэтэл н.Очирбат нь тухайн үл хөдлөх хөрөнгүүдийг худалдсан талаар түүнийг худалдаж авсан хүмүүс мэдүүлсэн байдаг. Эдгээр баримтыг хэрхэн үгүйсгэж байгааг ойлгохгүй байна. Нөгөөтээгүүр, “15 орчим зуслангийн газар зарсан, оёдлын үйлдвэр ажиллуулж байсан бөгөөд тус үйлдвэрийн техникийг зарсан, уул уурхайн тодорхой төхөөрөмжүүдийг н.Уранчимэг гэх хүнээс авч буцааж зарсан” гэсэн мэдүүлгүүд байдаг. Энэ талаар н.Уранчимэгээс мэдүүлэг авч тус асуудлыг эцэслэн мухарлаж чадаагүй, н.Очирбатын мэдүүлгүүдийг няцааж чадаагүй. н.Очирбат дээр мөнгийг ам.доллароор хадгалж байсан гэж мэдүүлдэг. Өмнө давж заалдах шатны шүүхээс “ам.доллароор хадгалж байсан мөнгийг 2019 оны 3 дугаар сарын 19-ний өдөр тушаахдаа ам.доллар хэлбэрээр хөрвүүлсэн юм уу, хаана хөрвүүлсэн юм бэ. Энэ асуудлыг шалга” гэж байсан. Энэ асуудлыг мухарлах нь хэргийн учир, зангилааг тайлахад ач холбогдолтой байна. Гэтэл прокурорын зүгээс өмнө авагдсан 291,000 ам.доллартой холбоогүй 2 баримтыг үндэслэж хэргийг шийдвэрлэе гэж байна. Миний бие н.Очирбат болон түүний гэр бүлийн хүмүүст “нэгэнт тушаасан юм бол лавлагаагаа олоод ир” гэхэд Голомт банкнаас “хуулбар үнэн” гэсэн зарлагын баримтыг олж ирсэн. Уг баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар бэхжүүлж авах шаардлагатай. Учир нь, тус баримт нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлд заасныг зөрчиж цуглуулсан баримт болох гээд байгаа юм. Иймд тус нотлох баримтыг хуулийн дагуу шүүхээр үнэлүүлэх боломжтой хүрээнд дахин шалгуулж, банкнаас авхуулах хүсэлтэй байна. Мөн Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид ““В” ХХК-ийн захирал Америкийн нэгдсэн улсын иргэнтэй харьцсан ангил хэл дээрх мэйлийн” талаар дурдсан байсан. Прокурорын зүгээс энэ асуудлыг “Т.Жанебек гэх хүнийг оролцуулж тайлбарлуулъя” гэж байна. Нэгдүгээрт, энэ мэйл нь Т.Жанебектэй харьцсан мэйл биш. Хоёрдугаарт, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь Монгол хэл дээр явагдах ёстой. Гэтэл энэ баримт нь Англи хэлээр байдаг. Уг баримтыг байртай холбоотой гэж байгаа учраас тус баримтыг орчуулах нь зүйтэй гэж үзэж байна. Анхан шатны шүүх энэ хэргийг хэд хэдэн удаа буцааж байна. Тэр болгонд прокурорын зүгээс эсэргүүцэл гаргадаг. Улсын яллагч яллах болон цагаатгах талын нотлох баримтыг эн тэнцүү цуглуулах үүрэгтэй. Гэтэл цагаатгах талын нотлох баримтуудыг огт цуглуулахгүйгээр зөвхөн яллах талын нотлох баримтуудыг цуглуулж, “хэргийг шүүхээр шийдвэрлүүлье” гээд байгааг ойлгохгүй байна. Прокурорт хэрэг буцсан тохиолдолд тухайн прокурорын ажлын үзүүлэлтэд нөлөөлдөг гэсэн. Гэхдээ хувь хүний ажлын үзүүлэлтэд нөлөөлөх асуудлаас илүү миний үйлчлүүлэгчийн хувьд заяаг шийдэх гэж байна. Эдгээр асуудлууд нь ач холбогдлын хувьд маш зөрүүтэй гэж үзэж байна. О.Б нь 2019 оны 12 дугаар сараас эхлэн өнөөдрийг хүртэл 4 жил гаруй хугацаанд Монгол Улсын хилээр гараагүй. Түүнд эрүүл мэндийн асуудал үүссэн, эх нь хавдар туссан. Гадаад улс руу явах, эмчилгээ, шинжилгээ хийлгэх шаардлагатай. Энэ талаар шүүхэд хүсэлт гаргасан боловч баримт дутуу гэх үндэслэлээр буцаагдсан. Харин одоо Хятад улсын эмнэлгээс ирүүлсэн баримт болон нислэгийн тийз захиалсан баримтуудын хамт хүсэлт гаргаж байгаа тул тус асуудлыг шийдвэрлэж өгнө үү.” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар О.Бт холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн шийдвэр, ажиллагааг бүхэлд нь хянахад хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаанд буцааж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж үндэслэл бүхий болжээ.

Нийтийн албан тушаалтны хууль бус орлогын цаана буй үйлдэл, эс үйлдэхүйг нотолж чадахгүй боловч хууль бус орлого олох гэмт явдлыг таслан зогсоох эрүүгийн эрх зүйн энэхүү хэм хэмжээ нь Авлигын эсрэг НҮБ-ын конвенцид тусгагдсан бөгөөд манай улс 2005 онд уг гэрээнд нэгдэж, олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж “нийтийн албан тушаалтан өөрийн хөрөнгө, орлого их хэмжээгээр нэмэгдсэн нь хууль ёсны болохыг үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй” тохиолдлыг гэмт хэрэгт тооцож 2012 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 270.1 дүгээр зүйлд анх хуульчлан тодорхойлж, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.10 дугаар зүйлээр үргэлжлүүлэн эрүүжүүлсэн болно.

НҮБ-ын Хүний эрхийн хорооноос гаргасан эрүүгийн нийтлэг процесст хамаарах эрх зүйн бичиг баримтуудад гэм буруугүйн зарчмыг тодорхойлохдоо “гэм бурууг яллах тал нотлох үүрэгтэй бөгөөд шүүгдэгч няцаахын тулд өөрийгөө буруугүй болохыг бүрэн нотлох үүрэг хүлээхгүй, зөвхөн эргэлзээ үүсгэхэд хангалттай, шүүгдэгчийн гэм буруу шүүхээр хөдөлбөргүй нотлогдох хүртэл түүнийг гэм буруугүй гэж үзнэ” гэж заасан байна.

Хөрөнгө, орлогоо хууль ёсны болохыг тайлбарлахыг нийтийн албан тушаалтанд үүрэг болгож, хэргийн зарим нөхцөл байдлыг яллагдагч, шүүгдэгчээр нотлуулснаар хэрэг шийдвэрлэгдэхгүй бөгөөд гэмт хэрэгт холбогдсон этгээдийн гаргасан тайлбарыг няцаах, түүнийг үндэслэлгүй болохыг баталж, няцаан нотлох нь прокурорын нийтлэг үүрэгт хамаарах тул нотолгооны тэнцвэр хангагдаж шүүхийн шатанд гэм буруугүйн зарчим зөрчигдөхгүй гэж үзнэ.

Үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэмт хэргийн тухайд албан тушаалтны албаны эрх мэдлээ урвуулсан үйлдэл, эс үйлдэхүйг шалгаж тогтоох боломжгүй нөхцөл байдал үүссэн боловч түүний хөрөнгө хууль ёсных нь орлогоос давсан, үл дүйцэж байгааг нотолсноор прокурорын гэм бурууг нотлох ажиллагааны стандарт хангагдах бөгөөд энэ тохиолдолд шүүгдэгчийн гэм бурууг нотлох хуульд заасан үүргээс прокурор чөлөөлөгдөхгүй тул бусад гэмт хэргийн нотолгооны стандартад тавигддаг гэм буруугүйн зарчим энэ гэмт хэрэгт нэгэн адил үйлчлэх учиртай.

Яллагдагч О.Бт холбогдох эрүүгийн хэргийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хянан хэлэлцэж анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид заасан ажиллагааг хийх шаардлагагүй гэж үзэж хэргийг анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэжээ. /18хх 220-225/

Гэтэл яллагдагч О.Бийн өмгөөлөгч Ж.Оюунболд 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр анхан шатны шүүхэд Б.Тийн Голомт банкны 3610111001010 тоот данснаас 2019 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 291,700 ам.доллар буюу 766,295,900 төгрөгийн зарлагын баримтыг /18хх 234/ гаргаж өгсөн байх бөгөөд хэрэгт авагдсан “Голомт банк” ХХК-ийн 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 141хх103-1986 дугаартай “...Б.Т нь 2019 оны 3 дугаар сарын 11-ний өдөр Голомт банкны Зайсан скүэр салбарт бэлэн 19,500 ам.долларыг төгрөгөөр дансанд орлогын гүйлгээ хийсэн. ...ам.долларыг төгрөгөөр солиулах гүйлгээ хийлгээгүй” гэх албан бичигтэй зөрүүтэй байх тул аль баримт нь үндэслэлтэй болохыг шалгаж тогтоосны эцэст гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй юм.

Мөн “В” ХХК-ийн захиралтай Англи хэл дээр мэйлээр харьцсан баримтыг хуульд заасан журмын дагуу орчуулга хийлгэж, бэхжүүлсний дараа нотлох баримтаар үнэлэх, эс үнэлэх эсэх асуудлыг анхан шатны шүүх шийдвэрлэх тул уг ажиллагааг хийх шаардлагатай гэж үзэж анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Харин яллагдагч О.Бийн таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх талаар гаргасан хүсэлтийг хэрэгсэхгүй болгож, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 04 дугаар сарын 19-ний өдрийн 2024/ШЗ/703 дугаар захирамжийг хэвээр үлдээж, прокурор Г.Эрдэмбаатарын бичсэн 2024 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 57 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

            2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

                                    ДАРГАЛАГЧ,

                                    ШҮҮГЧ                                                Л.ДАРЬСҮРЭН

                                    ШҮҮГЧ                                                Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

ШҮҮГЧ                                                Д.МӨНХӨӨ