Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 07 сарын 24 өдөр

Дугаар 2024/ДШМ/41

 

 

 

 

 

      

 

 

      2024            07           24                                       2024/ДШМ/41

 

 

 

Ж.Э, Ж.Д, А.Ц, З.Х

нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                  Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Н.Болормаа даргалж, шүүгч Ц.Отгонцэцэг, ерөнхий шүүгч А.Сайнтөгс нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд;

прокурор: Э.Болор,

шүүгдэгч Ж.Э, Ж.Д нарын өмгөөлөгч: Ж.Жаргалсайхан,

шүүгдэгч З.Х өмгөөлөгч М.Чулуун,

шүүгдэгч: З.Х, А.Ц ,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Хосбаяр нарыг оролцуулан,

Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатын шүүхийн шүүгч Б.Одбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 2024/ШЦТ/126 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрсөн, Монголиан Транс Ложистик ХХК-ний өмгөөлөгч С.Энхтайван, шүүгдэгч З.Х нарын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн шүүгдэгч Ж.Э, Ж.Д, А.Ц, З.Х нарт холбогдох эрүүгийн 2219003930514 дугаар хэргийг 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, шүүгч А.Сайнтөгс илтгэснээр хянан хэлэлцэв.

 

           1.Шүүгдэгч нарын биеийн байцаалтын талаар:

1.1.М овогт Ж.Э, * төрсөн, * настай, *, * боловсролтой, * мэргэжилтэй, өндөр насны тэтгэвэрт, ам бүл 3 эхнэр, хүүхдийн хамт, Дорноговь аймаг *тоотод оршин суудаг, Алтангадас одонгоор шагнагдаж байсан, урьд ял шийтгэл үгүй гэх, хэрэг хариуцах чадвартай.

1.2.А овогт Ж.Д, * төрсөн, * настай, *, * боловсролтой, * мэргэжилтэй, “* ажилтай, ам бүл 3 эхнэр, зээгийн хамт, Дархан-Уул аймаг * тоотод оршин суудаг, Алтангадас одонгоор шагнагдаж байсан, урьд ял шийтгэл үгүй гэх, хэрэг хариуцах чадвартай.

1.3.Т овогт А.Ц, * төрсөн, * настай, *, *нд боловсролтой, * мэргэжилтэй, * ажилтай, ам бүл 5 эхнэр, 3 хүүхдийн хамт, Дорноговь аймаг * тоотод оршин суудаг, урьд 2013.10.25-ний өдөр Дорноговь аймгийн Сум дундын 1 дүгээр шүүхийн 102 тоот шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 1 хоногийн хорих ялаар шийтгүүлж, оногдуулсан хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, хэрэг хариуцах чадвартай.

1.4.Ц овогт З.Х, * төрсөн, * настай, *, * боловсролтой, * мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг , ам бүл 4 эхнэр, 2 хүүхдийн хамт, Дорноговь аймаг *тоотод оршин суудаг, урьд 2009.06.04-ний өдөр Дорноговь аймгийн Сум дундын 1 дүгээр шүүхийн 46 тоот шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дэх хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хорих ял оногдуулж, хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, 2013.04.02-ний өдрийн Дорноговь аймгийн Сум дундын 1 дүгээр шүүхийн 41 тоот шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял оногдуулж, ялыг 2 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзахаар шийдвэрлэсэн, хэрэг хариуцах чадвартай

2.Холбогдсон хэргийн товч агуулга:

2.1.Шүүгдэгч Ж.Э нь “Монголиан транс ложистик” ХХК-ийн захирал М.С Зүтгүүрийн ашиглалтын инженер албан тушаалд ХГ-22/13 дугаартай хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байхдаа ажлын байрны тодорхойлолтын С. Ажлын байрны гүйцэтгэх үүрэг-ХАБЭА-н шаардлагыг бүрэн хангах ажлын хүрээний 2 /Ашиглалтын хэсгийн нийт ажилтнууд ажил үүрэгтэйгээ холбоотойгоор ажлын байр, ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгсэл болон илчит тэрэгний түлхүүр багаж, галын хорны ХАБЭА-н 3 шатны үзлэгийг хийж 1, 2-р шатанд үзлэг хийсэн тэмдэглэл хөтөлж байгаад хяналт тавьж ажиллах/ гэсэн заалтыг,

2.2.Шүүгдэгч Ж.Д нь “Монголиан транс ложистик” ХХК-ийн захирал М.С зааварлагч машинч албан тушаалд ХГ-22/57 дугаартай хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байхдаа зааварлагч машинчийн ажлын байрны тодорхойлолтын С. Ажлын байрны гүйцэтгэх үүрэг-ХАБЭА-н шаардлагыг бүрэн хангах ажлын хүрээний 1/Илчит тэрэгний машинч, тусах машинч нарт ажлын байрны өдөр тутмын зааварчилга өгч, галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдлыг хангуулах зорилгоор ачаа зөөвөр, сэлгээ, депо дээр ажиллах зүтгүүрийн бригадуудыг ажлын чиг үүргээр ханган ажиллах/ гэсэн заалтыг зөрчин илчит тэрэгний машинч З.Х , туслах машинч А.Ц нарт өдөр тутмын аюулгүй ажиллагааны зааварчилга өгөөгүй, хяналт тавьж, хөдөлгөөний, ашиглалтын аюулгүй байдлыг журмыг сахин хангуулах үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас машинч З.Х , туслах машинч А.Ц нар нь зүтгүүрийн хяналтын камерыг салгаж согтууруулах ундааны зүйл хэрэглэж явахдаа замаас гарч осолдсоны улмаас “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгт 1,377,867,581.47 төгрөг, “Болд төмөр ерөө гол” ХХК-д 1,564,238,800 төгрөг, “Монголиан транс лайн” ХХК-д 6,067,393,081 төгрөг, “Монголын төмөр зам” ТӨХК-д 143,895,197.27 төгрөг, “Солонгосын үндэсний төмөр зам” байгууллагад 401,906,669 төгрөгийн хохирол тус тус учруулж, бусдын эд хөрөнгөд их хэмжээний буюу нийт 9,555,301,328.74 төгрөгийн хохирол учруулсан,

2.3.Шүүгдэгч А.Ц , шүүгдэгч З.Х нар 6022 дугаартай СКD -4В-3006 маркийн зүтгүүрийн туслах машинчаар болон машинчаар ажиллаж байхдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.Ажилтан дараах үндсэн үүрэгтэй 42.2.3 /ажилдаа ирэхдээ ажил үүргээ гүйцэтгэх чадвартай байх, ажил үүрэг гүйцэтгэх явцдаа согтууруулах ундаа болон... хэрэглэхгүй байх/, 42.2.5 /техник, технологийн горим баримтлах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль тогтоомжийн чиглэлээр ажил олгогчоос өгсөн үүрэг даалгаврыг мөрдөж ажиллах/ заалтууд, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2.1 /хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага, стандарт, дүрэм, технологийн горимыг чанд мөрдөх/, 18.2.2 /хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалтад хамрагдсан байх, хуульд тусгайлан заасан бол шалгалт өгсөн, аюулгүй ажиллагааны зааварчилга авсан байх/, 18.2.7 /өөрийгөө болон бусдыг аюул, эрсдэлд учруулахгүй байх/, 18.2.8 /ажил олгогчийн зүгээс хууль тогтоомжийн хүрээнд нийцүүлэн тавьсан хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагыг биелүүлж ажиллах/гэсэн заалтуудыг тус тус зөрчиж, “Монголын төмөр зам” ХХК-ийн өмчлөлийн Зүүнбаян-Таван толгой чиглэлийн төмөр замын Зүүнбаян өртөөнөөс 77 км-т байх “Хулангийн шанд” өртөө орох замд “2022 оны 09 дүгээр сарын 27-ноос 28-нд шилжих шөнө 00 цаг 50 минутад 6022 дугаартай СКD-4В-3006 маркийн зүтгүүр хагас вагон 3 ширхэг үүнд 128.9 тонн дэр бетон, тавцант вагон 14 ширхэг 744.8 тонн төмөр замын рейс төмөр тээвэрлэн явахдаа хөдөлгөөний аюулгүй ажиллагааны дүрэм, журмыг ноцтой зөрчиж зүтгүүрийн хяналтын камерыг салгаж архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэж явахдаа замаас гарч осолдсоны улмаас “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгт 1,377,867,581.47 төгрөг, “Болд төмөр ерөө гол” ХХК-д 1,564,238,800 төгрөг, “Монголиан транс лайн” ХХК-д 6,067,393,081 төгрөг, “Монголын төмөр зам” ТӨХК-д 143,895,197.27 төгрөг, “Солонгосын үндэсний төмөр зам” байгууллагад 401,906,669 төгрөгийн хохирол тус тус учруулж, бусдын эд хөрөнгөд их хэмжээний буюу нийт 9,555,301,328.74 төгрөгийн хохирол учруулсан” гэмт хэрэгт тус тус холбогджээ.

3.Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ц , З.Х нарт, мөн хуулийн 27.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Э, Ж.Д нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн хэргийг анхан шатны шүүх 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцжээ.

4.Анхан шатны шүүх: ...Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж.Э, Ж.Д нарт холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан "гэмт хэргийн шинжгүй" үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Ж.Э, Ж.Д нарыг цагаатгаж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Тайж нар овогт Алгаагийн Цогтням, Цагаан овогт Зоригтбаатарын Хүрэлбаатар нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ төмөр замын хөдлөх бүрэлдэхүүнийг жолоодон хөдөлгөөний аюулгүй ажиллагааны дүрэм, журмыг ноцтой зөрчсөнөөс бусдын эд хөрөнгөд их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ц , З.Х нарыг 2 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ц , З.Х нарт 2 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

Шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Э, Ж.Д нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, шүүгдэгч А.Ц , З.Х нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар иргэний хариуцагч "Монголиан транс ложистик" ХХК-аас "Улаанбаатар Төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэг"-т 1,333,747,581.40 төгрөг, "Монголын төмөр зам" ТӨХК-д 143,895,187.27 төгрөг, "Солонгосын Үндэсний төмөр зам байгууллага"-ын төлөөлөгчийн газарт 401,906,669 төгрөгийг, "Болд төмөр ерөө гол” ХХК-д 500,000,000 төгрөгийг гаргуулан олгож, шүүгдэгч А.Ц , З.Х нараас тус бүрээс 4,755,590,664.37 төгрөгийг гаргуулан "Монголиан транс ложистик" ХХК-д тус тус олгож,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ц , З.Х тус бүрээс хөрөнгийн үнэлгээний ажлын хөлс болох 22,060,000 төгрөгийг гаргуулан "Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэг"-т, 5,730,754 төгрөгийг гаргуулан иргэний нэхэмжлэгч “Монголиан транс ложистик" ХХК-д олгож,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хэргийн газарт үзлэг хийсэн дүрс бичлэг агуулсан Сиди 1 ширхэг, гал тэрэгний зүтгүүрт үзлэг хийсэн дүрс бичлэг агуулсан Сиди 1 ширхэг, "Савхин шарнууд" ХХК хүнсний дэлгүүрийн хяналтын камерын бичлэгийн дүрс бичлэг агуулсан Сиди 1 ширхэг, мэдүүлгийг газар дээр нь шалгасан дүрс бичлэг агуулсан Сиди 1 ширхэг, галт тэрэгний хар хайрцагт үзлэг хийсэн дүрс бичлэг агуулсан Сиди 2 ширхэг, нийт 6 ширхэг Сидиг хэрэгт хадгалан үлдээж,

- 78 дугаартай замын утсан цахилгааны мэдээ 1 хуудас,

- 78 дугаартай хуудас 1 ширхэг,

- маягт ВУ-45 тоормосны баримт 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 23 цаг 20 минут гэсэн цаас 1 хуудас,

- тоормосны баримт 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр 13 цаг 40 минутын хуудас 1 ширхэг,

- галт тэрэгний биечилсэн хуудас "АУ-1" No2965320 нь 2 хуудас,

- зөвшөөрөл No99 дугаартай 2022 оны 09 дүгээр сарын 27-ны 1 хуудас,

- анхаарамж 2 хуудас,

- зүтгүүрийн машинч, туслах машинчийн формуляр ногоон өнгийн дэвтэр 1 ширхэг,

- машинч 3. Х формуляр ногоон өнгийн дэвтэр 1 ширхэг,

- илчит тэрэгний ашиглалтын үеийн техникийн тодорхойлолт СКД 4В No3006 гэсэн А4 хэмжээтэй дэвтэр 1 ширхэг,

- "Соса Cola" гэсэн бичиглэлтэй тунгалаг сав 1 ширхэг,

- Тунгалаг өнгийн "Voyage" гэсэн бичиглэлтэй талдаа тунгалаг өнгийн шингэнтэй хуванцар сав 1 ширхэг,

- Хүрэн өнгийн "Гоё цай" гэсэн бичиглэлтэй хүрэн өнгийн шингэн дүүрэн тунгалаг сав 1 ширхэг,

- "Гоё цай" гэсэн бичиглэлтэй ягаан өнгийн дотроо ямар нэгэн шингэнгүй тунгалаг сав 1 ширхэг,

- "Voyage” гэсэн бичиглэлтэй дотроо тунгалаг өнгийн шингэн дүүрэн жижиг тунгалаг өнгийн сав 1 ширхэг,

- "Жүржийн талст” гэсэн бичиглэлтэй дотор талдаа ямар нэгэн шингэнгүй тунгалаг сав 1 ширхэг,

- "Classic original" гэсэн бичиглэлтэй улаан өнгийн цаасан сав,

- "Punch" гэсэн бичиглэлтэй ягаан өнгийн дотроо ямар нэгэн шингэнгүй сав 1 ширхэг, - "Pure milk" гэсэн бичиглэлтэй сав 1 ширхэг,

- 5 литрийн "Voyage" гэсэн бичиглэлтэй дотор талдаа бор өнгийн шингэнтэй тунгалаг өнгийн сав 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоол гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийн зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

5.Хохирогч, иргэний хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч С.Энхтайван давж заалдсан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  “А.Ц , З.Х , Ж Энхболд, Ж.Д нарт холбогдох 2219003930514 дугаартай эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэсэн 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 2024\ШЦТ\126 дугаартай шийтгэх тогтоолд иргэний хариуцагч буюу иргэний Нэхэмжлэгчээр тогтоогдсон "Монголиан Транс Ложистик” ХХК-ны өмгөөлөгч С.Энхтайван миний анхан шатны шүүх хуралд оролцож хэлсэн өмгөөллийн байр суурь болон хэргийн газар дээрээс хураагдан ирсэн нотлох баримтуудад анхан шатны шүүх хуралдааны явцад үзлэг хийж гаргасан нотлох баримтуудыг шинжлэн судалсан талаар ямар нэг хэлбэрээр шийтгэх тогтоолд тусгаж, хууль зүйн үнэлэлт дүгнэлт өгөөгүй байна.

Дээрх нөхцөл байдал гэмт хэрэг гарсан шалтгаант холбоо, үйл баримтыг тал бүрээс нь шинжлэн судлаагүй талуудын байр суурийг бүрэн дүүрэн шийтгэх тогтоолд тусгаж, хохирогч буюу Иргэний нэхэмжлэгч УБТЗ хувь нийлүүлсэн нийгэмлэг, МТЗ ХХК-нуудын буруутай үйлдэл байсан эсэх тал дээр үнэлэлт дүгнэлт өгөөгүй нь зөвхөн буруутай этгээдүүдийн ажил олгогч "Монголиан Транс ложистик" ХХК нь Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-д заасны дагуу учирсан хохирлыг бүрэн хариуцан гэж шийдвэрлэсэн байна.

Учир нь Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.3-д заасан Хохирогч өрөө санаатай буюу илтэд болгоомжгүй хандсан, эсхүл хууль тогтоомжид нийцсэн арга хэрэгслээр үүсэж болох хохирлоос урьдчилан сэргийлэх оролдлого хийгээгүйгээс өөрт нь гэм хор учирсан бол энэ хуулийн 498.1, 498.2-т заасан байгууллагыг хариуцлагаас чөлөөлж болно." гэж заасан хуулийн заалтыг хэрэглэх боломжгүй болгож манай үйлчлүүлэгч компанийн эрх ашиг хохирч байна.

Энэхүү гомдлын үндэслэл нь “Төмөр замын тухай" хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2- т Суурь бүтэц эзэмшигчийн эрх, үүрэгт 19.2.1-д " өөрийн эзэмшлийн суурь бүтцийн техникийн аюулгүй байдлыг хангаж, хэвийн ажиллах нөхцөлийг бүрдүүлэх", 19.2.2-т "Хөдөлгөөний нэгдсэн зурмаг болон суурь бүтэц дэх хөдөлгөөний зурмагийн дагуу өөрийн эзэмшлийн суурь бүтцийн үйлчилгээний хүрээнд галт тэрэгний хөдөлгөөнийг зохион байгуулах, хөдөлгөөний удирдлагыг хэрэгжүүлэх.” хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулийн зохицуулалттай байна.

Иймд Тус аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шүүгдэгч А.Ц , 3.Хүрэлбаатар, Ж Энхболд, Ж.Д нарт холбогдох 2219003930514 дугаартай эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэсэн 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 2024\ШЦТ \126 дугаартай шийтгэх тогтоолын Шүүгдэгч нар нь бусдад их хэмжээний хохирол учруулсан болох нь хэсэгт өөрчлөлт оруулж иргэний нэхэмжлэгч нарын буруутай үйлдэл байсан эсэхэд хууль зүйн дүгнэлт өгч нь Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.3- д заасны дагуу "Монголиан Транс Ложистик" ХХК-ны бусдад төлөх төлбөрийн хэмжээнд өөрчлөлт оруулж шийдвэрлэж өгнө үү.” гэв.

6.Шүүгдэгч З.Х давж заалдсан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...З.Х би 1991 онд төрсөн одоо 33 настай тусгай дунд боловсролтой илчит тэрэгний туслах машинч мэргэжилтэй, ам бүл 4 эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг. Би Монголиан транс ложистк ххк-д машинчаар ажиллаж байгаад 2022 оны 09 дүгээр сарын 27 ноос 28 нд шилжих шөнө ажил үүргээ гүйцэтгэх явцдаа осол гаргаж улмаар эрүүгийн хэрэг үүсгэгдэн шалгагдаж байгаад Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 5 дугаар сарын 22 ны өдрийн 126 тоот тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.2 дугаар зүйлийн 1 д зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлсэн. Би анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

Анхан шатны шүүхээс намайг эрүүгийн хуулийн 27.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ төмөр замын хөдлөх бүрэлдэхүүнийг жолоодон, хөдөлгөөний аюулгүй ажиллагааны дүрэм журмыг ноцтой зөрчсөнөөс бусдын эд хөрөнгөнд их хэмжээний хохирол учруулсан хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутайд тооцон 2 жилийн хорих ял оноож, гэмт хэргийн улмаас учирсан хохирлоос 4755 590 664.37 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн.

Би ажиллахдаа 20 хоног ажиллаад 10 хоног амрах ажлын цагийн зохицуулалттайгаар хөдөлмөрийн гэрээ байгуулсан ажиллаж байсан. 2022 оны 8 дугаар сарын 31 нд ажилдаа гарсан 9 дүгээр сарын 20 нд буух ёстой байсан ч ажиллаж бай гээд буулгаагүй, би ажиллах хугацаандаа өдөр шөнөгүй тасралтгүй 27 хоног ажиллаад уг осол гарсан. Хөдлөх бүрэлдэхүүн ажиллаж байгаа тохиолдолд машинч, туслах машинчаас гадна тормосны зааварлагч Ж.Д хамт ёстой байдаг. Тэр өдөр ч гэсэн Даваасамбуу хамт явж байгаад Зүүн баян өртөөнөөс буцаад Цогтням бид хоёр ажлаа үргэлжлүүлээд 23 цаг 15 минутад Зүүн баян өртөөнөөс хөдлөөд 00 цаг 50 минутын үед осол болсон. Яг осол болох үед би унтаж байсан, олон хоног нойр муутай явснаас маш их ядарсан тул түр амраад туслах машинч жолоодож явсан. Мөрдөн шалгах ажиллагааны явцад намайг хэд хоног ажиллах ёстой, хоног хэтрүүлж ажиллуулсан талаар огт шалгаагүй бөгөөд шүүх хуралдааны явцад ч энэ талаар асуугаагүй. Би бодохдоо ажил амралтын журам зөрчиж илүү цаг, илүү хоногоор ажиллуулснаас энэ хэрэг гарсан гэж боддог.

Түүнчлэн би хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаад бусдад хохирол учруулсан. Гэтэл эхний хурлаас хохирлыг байгууллагаас гаргуулахаар шийдвэрлэж, намайг 250 сая төгрөгөөр торгож шийдвэрлэсэн. Гэтэл хохирогчийн зүгээс гомдол гаргаж бид 2 г заавал хорих ял эдлүүлнэ, хохирол төлөхгүй гэснээр анхан шатны шүүхийн тогтоолыг хүчингүй болгож хэргийг буцаасан. 2024 оны 5 дугаар сарны 22-ны өдрийн шүүх хурлаар хэргийг дахин хэлэлцээд 2 жилийн ял оноож, хохирлыг хувааж төлүүлэхээр шийдсэн. Би хэдийгээр буруутай үйлдэл гаргасан ч заавал хорих ял эдлүүлснээр хохирогчид ямар ашигтай байгаа юм бол гэж гайхаж байна. Шүүх ч гэсэн хорих ял оноож өгөөч гэсний дагуу хорьж л байдаг. Хүн бүр хууль шүүхийн өмнө адил тэгш эрхтэй, ажиллаж байсан байгууллагын хувьд буруутай үйл ажиллагаа байсаар байхад албаны хүмүүсийг ял болон хохирлоос чөлөөлсөн шүүхийн шийдвэрийг хэт нэг талыг барьсан шийдвэр гэж үзэж дахин хянуулахаар гомдол гаргаж байна.

Иймд хэргийг дахин хянаж Дорноговь аймаг дахь эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 126 тоот шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялыг өөрчилж, хорихоос өөр төрлийн ялаар сольж өгнө үү.” гэв.

 7.Шүүгдэгч З.Х давж заалдсан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би энэ байгууллагад 6 жил гаран ажилласан. 20 хоног ажиллаад 10 хоног амрах ёстой хөдөлмөрийн гэрээгээр ажилладаг байсан. Би 2016 оны 11 сарын 1-нд энэ компанид ажилд орж байсан. Тэгээд би 2022 оны 8 сарын 31-ний өдөр ажилдаа очсон 9 сарын 20-ны өдөр амрах ёстой байсан. Тэгээд амрах хүсэлтээ хэлсэн. Тэр үед намайг амраагаагүй хүн байхгүй, хүн хүч хүрэлцэхгүй байгаа учраас сунгаж ажиллаад өгөөч гэж надад тухайн үед манай ашиглалтын инженер Энхболд дарга надад хэлсэн үндсэн дээрээс би сунаж ажилласан. 7 хоног илүү ажилласан гэсэн үг. Би тухайн үедээ намайг 9 сарын 20 нд амраасан бол энэ хэрэг гараа ч үгүй гэж би маш их харамсдаг. 2-т нь намайг давж заалдаад би ялыг маань хөнгөрүүлж өгөөч. Төмөр замын машинч мэргэжилтэй хүн. Ер нь төмөр замын машинч гэдэг мэргэжил бол хүнд хортой нөхцөл гэж явдаг 12 цаг ажиллах ёстой тэрнээс дээш ажиллахыг хатуу хориглодог. Төмөр замын техник ашиглалтын журамдаа ч энэ нь байдаг. Бид нар энэ бүтээн байгуулалтын ажилд би 2022 оны 6 сарын 14-ний өдөр очсон. Дунд нь би 1 л удаа амарч гэртээ ирсэн. Би илүү цагаар маш их ажилласан 12 цагаас илүү цагаар маш их хэмжээгээр ажилласан. Манай ашиглалтын инженер Энхболд гээд даргын анхан шатын шүүх хуралд хэлсэн мэдүүлэг байдаг. Монголын төмөр замын өртөөгөөр дамжаад Зүүнбаян өртөө ороод Зүүнбаян өртөөнөөс галт тэргээ аваад ирэхэд зүтгүүрийн бригад буюу машинч 18-аас 19 цаг ажилладаг гэж өөрөө мэдүүлэг өгсөн байдаг. Бид нар бол маш их илүү цагаар ажилласан 12 цагаас дээш гэсэн үг. Би хамгийн ихдээ 27 цаг тасралтгүй ажиллаж байсан ажилд гараад. Би компанидаа ч юм уу би гомдолтой байна гэж байгаа юм биш. Би ингэж ажиллаж байх үедээ маш их ядарч байсан. Миний ялыг хөнгөрүүлж өгөөч гэдэг үүднээсээ л хэлж байгаа юм. Бусдаар хэн нэгнийг би буруутгаад байгаа юм биш. Яг тухайн үед нөхцөл байдал тийм л байсан. Би 27 цаг хүртэл ажилласан гэдгээ би яаж батлах юм бэ гэвэл машинчийн замналын хуудас буюу Хүрэлбаатар тухайн өдөр ажилд гараад буух хүртлээ юу хийсэн, бүх тэмдэглэл хөтлөлттэй маршрут гэж юм байдаг. Энэ бүх маршрут одоо ч гэсэн байгаа. Улаанбаатар төмөр зам, Монголын төмөр зам, хувийн хэвшлийн төмөр зам ямар ч төмөр замд машинч, туслах машинч төмөр замын ажилтай холбогдолтой ямар ч хүн 12 цагаас дээш цагаар ажиллах ёсгүй. 12 цаг ажилласан бол 24 цаг амарч байж ажилдаа гарах ёстой. Би ийм 2 үндэслэлийг л шүүх хуралд шүүгч нартаа хэлж, миний ялыг хөнгөрүүлж өгөөч л гэдэг. Гэм буруугийн тал дээр би бол хийсэн хэрэгтээ хүлээн зөвшөөрч байгаа. Би анхан шатын шүүх дээр хамгийн анх 2022 оны 1 сарын 8-нд анхан шатын шүүх хурал болоод би шүүх хурлын дараа компанийнхаа удирдах захирал болох Сзахиралтай уулзаж байсан. Өөрт нь хэлсэн. Би жил гарны хугацаанд явчихлаа. Мөрдөн байцаалтын явцад хохирол мөнгө төлье, байгууллагын дансыг өгөөч. Би ингээд чадах чинээгээрээ сар болгон төлбөр тооцоо хийгээд явъя гэхэд мөрдөн байцаалтын ажил бүх хохирол тодорхой болоогүй учраас данс өгөх боломжгүй гэсэн. Би анхан шатын шүүх хурлын дараа уулзсан. За болоогүй шүүхийн шийдвэрээр бүх юм тодорхой болсны дараа өгнө гэсэн. Би 3 сарын 12-нд давж заалдах шатын шүүх хурлын дараа бас би өмгөөлөгчөөр нь дамжуулж ярьсан. Тэгээд шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болоогүй байгаа учраас данс өгөх боломжгүй гэж өгөөд миний хүсэлтийг хүлээж аваагүй. Би одоо ч гэсэн дансаа өгдөг бол тодорхой хэмжээний мөнгө төгрөг төлөөд хүлээе гэж боддог. Их хэмжээний хохирол учруулсан юм шиг би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Миний хувьд бол ийм байр суурьтай л байгаа. Намайг хөнгөрүүлээд өгчихвөл би залуу хүн байна. Ажил төрөл хийвэл яадаг ч байсан би бүгдийг нь төлж чаддаггүй юм гэхэд сар болгон мөнгө төлөөд явах боломжтой.” гэв.

8.Шүүгдэгч З.Х өмгөөлөгч М.Чулуун шүүх хуралдаад гаргасан тайлбартаа: “...Хохирлоо төлье гэдэг санаачилгыг мөрдөн байцаалтын шатнаас нь эхлээд гаргаж ирсэн байгаа. Тэр нь эцсийн шийдвэр гараагүй учраас та нарт өгөх боломжгүй гэсэн. Хохирол төлөх бололцоо нөхцөлийг удаашрал болоод эцсийн шийдвэр гаргаагүйгээс энэ хүнд шүүхээс оногдуулах ялын хувьд нөлөөлсөн гэж өмгөөлөгчийн хувьд үзэж байгаа. Яагаад гэвэл хохирол төлөөгүй байна гэсэн гол дүгнэлт дээр шүүхээс ял шийтгэл оногдуулахдаа анхаарал хандуулсан нь ажиглагдаж байгаа. Нөгөө талаар энэ хүний амьдралын хувьд залуу хүн цаашдаа эргээд ажиллах, энэ гаргасан хүсэлтийг нь анхаарч үзэх үндэслэл байна гэж өмгөөлөгчийн хувьд үзэж байгаа. Ер нь гэмт хэргийн гарах шалтгаан нөхцөлийн хувьд байгууллагын зүгээс хөдөлмөрийн хуульд зааснаар 20 өдөр ажиллуулчихаад 10 хоног амруулах заалтыг зөрчсөнөөс болж анхаарал 5 болгоомжилж сарнихаас болж нөлөөлсөн талтайг үгүйсгэх ийм баримт шинжлэх ухааны хувьд ч гэсэн, хууль зүйн хувьд ч байхгүй учраас өмгөөлөгчийн хувьд өмгөөлүүлж байгаа З.Х гаргасан гомдлыг үндэстэй байна. Гэм буруугаа 100% хүлээн зөвшөөрч маргахгүй байгаа. Хохирол төлбөрийн хувьд маргахгүй байгаа. Ганцхан ял шийтгэлийн тал дээр энэ байдлуудыг анхаарч үзээд түрүүчийн шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг оногдуулбал энэ хүмүүсийн амьдралд арай илүү тохиромжтой юм болов уу гэсэн ийм эрхийн саналтай байдаг.” гэв.

9.Шүүгдэгч Ж.Э, Ж.Д нарын өмгөөлөгч Ж.Жаргалсайхан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  “...Тайлбаргүй.” гэв.

10.Шүүгдэгч А.Ц  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Х энэ гомдол дээр би бас санал байгаа. Бид 2 анхнаасаа л гэм буруугаа хүлээж, энэ хэргийг үйлдсэндээ маш их гэмшдэг. Дарга нартайгаа уулздаг. Мөрдөн байцаалтын үед ч гэсэн хохирол төлбөрөө барагдуулъя гэсэн зүйлийг илэрхийлдэг. Тэгээд бид 2 дээр боломж үнэхээр олдоогүй байсан. Тэгээд залуу хүн хоригдож суухын хоорондоо гараад ажил төрөл хийгээд хохирлоо барагдуулъя гэсэн. Бид 2 тийм л эрмэлзэлтэй байсан. Дээрээс нь манай гэр бүлийн байдал жоохон хүндхэн байгаа. Эхнэр 3 хүүхдийн хамт амьдардаг. Хүүхдүүд маань 4,8 дугаар анги, бага нь ой 2 сартай. Эхнэр ажилгүй. Тийм болохоор бид 2 давж заалдъя гээд ийм байрнаас давж заалдах өргөдөл өгсөн юм.” гэв.

11.Прокурор Э.Болор шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ:  “...С.Энхтайваны гаргасан гомдол дээр дараах тайлбарыг хэлэх нь зүйтэй байна гэж үзэж байна. Шүүгдэгч З.Х, А.Ц  нь гэмт хэрэг үйлдэх үедээ Монголиан транс ложистик компанид хөдөлмөрийн гэрээг ажиллаж байсан. Хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байх явцдаа тухайн компанийн эзэмшилд байсан галт тэргийг жолоодож яваад осол гарсан байдаг. Тэгэхээр энэ ослоос үүдсэн хохирлыг бол Монголиан транс ложистик компани бүрэн хариуцах ёстой. Яагаад гэхлээр Иргэний хуулийн 498.1-д зааснаар бол ажил олгогч байгууллага хохирлыг бүрэн хариуцна гэж байгаа учраас анхан шатын шүүх дээр энэ тал дээр ямар нэгэн маргаан гараагүй. Гэм буруутай гэдэг асуудал яригдаагүй байсан учраас энэ хуулийн заалтыг бариад анх ажил олгогч байгууллагаас бүх хохирлыг гаргуулж шийдвэрлэсэн. Хэргийн хувьд бол төмөр замын байгууллагууд ямар нэгэн гэм буруу учраас энэ хохирлыг бүрэн энэ байгууллагаас гаргасан гэж үзэж байгаа. Ер нь хэрэгт авагдсан баримтаар ч гэсэн энэ байгууллага бол ямар нэгэн буруугүй. Энэ байгууллага гэрээгээр ажиллаж байсан учраас буруугүй гэдэг нь дүгнэлтээр гаргаад хохирлыг Монголиан транс ложистик компаниас л гаргуулж шийдвэрлэсэн байдаг учраас гомдол үндэсгүй.” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Давж заалдах шатны шүүх иргэний хариуцагч “Монголиан Транс Ложистик” ХХК-ны өмгөөлөгч С.Энхтайван, шүүгдэгч З.Х нарын давж заалдсан гомдлуудад үндэслэн хэргийг хүлээн авч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, давж заалдсан гомдлуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

1.Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль зүйн үндэслэлтэй болсон байна гэж давж заалдах шатны шүүхээс үзсэн.

2.Хэрэгт авагдсан баримтуудаар 2022 оны 09 дүгээр сарын 27-28-нд шилжих шөнө “Монголиан Транс Ложистик” ХХК-ны 6022 дугаартай СКD-4В-3006 маркийн зүтгүүрийг жолоодож 128,9 тонн бетон, тавцант вагон 14 ширхэг, 744,8 тонн замын рейс төмөр тээвэрлэн явахдаа машинч З.Х , туслах машинч  А.Ц  нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэж машинчийн бүхээгт байрлуулсан машинчийн ЭПК буюу сонор сэрэмжийн төхөөрөмж, машинчийн бүхээгний камерыг зориудаар унтраасны улмаас галт тэрэгний жолоодлого алдагдаж замаас гарч, унасны улмаас “УБТЗ ХНН”-ийн эзэмшлийн 14 давцант буюу хүнд жингийн вагон эвдэрч 1,377,867,581 төгрөгийн хохирол, “Болд төмөр ерөө гол” ХХК-ны зүтгүүрт 1,665,790,533 төгрөгийн хохирол, “Солонгосын Үндэсний төмөр зам байгууллага”-д төмөр замын дохиолол холбооны системийн тоног төхөөрөмж эвдэрч 401,906,669 төгрөгийн хохирол, “Монголиан транс лайн” ХХК-д төмөр зам барих ажилд ашиглаж байсан материал буюу 576 ширхэг дэр бетон, 744,8 тн төмөр замын рейс эвдэрсний улмаас 2,761,287,589 төгрөгийн хохирол, ослын улмаас эвдэрсэн хэсгийг өөрийн бараа материалыг гарган сэргээн засварласан, сэргээн засварлахад 3,306105,491 төгрөгийн, нийт 6,067393,081 төгрөгийн хохирол,”Монголын төмөр зам” ХХК-д 143,895,187,27 төгрөгийн замын эвдрэлд гарсан хохирол, нийт 9,555,301,328,74 төгрөгийн хохирол учирсан үйл баримт болсон ба Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

“Монголиан транс ложистик” ХХК-ны зүтгүүрийн ашиглалтын инженер Ж.Э хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагыг бүрэн хангах ажлын хүрээнд ашиглалтын хэсгийн нийт ажилтнууд ажил үүрэгтэйгээ холбоотойгоор ажлын байр, ажлын хувцас, хамгаалах хэрэгсэл болон илчит тэрэгний түлхүүр багаж, галын хорны хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн 3-р шатны үзлэгийг хийж, 1,2 дугаар  шатанд үзлэг хийсэн тэмдэглэл хөтөлж байгаад хяналт тавьж ажиллах үүргээ гүйцэтгээгүй гэж,

“Монголиан транс ложистик” ХХК-ны зааварлагч машинч Ж.Д хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагыг бүрэн хангах, ажлын хүрээний илчит тэрэгний машинч, туслах машинч нарт ажлын байрны өдөр тутмын зааварчлаг өгч, галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдлыг хангуулах зорилгоор ачаа, зөөвөр, сэлгээ, депо дээр ажиллах зүтгүүрийн бригадуудыг ажлын чиг үүргээр ханган ажиллах заалтыг зөрчин илчит тэрэгний машинч З.Х , туслах машинч А.Ц нарт өдөр тутмын аюулгүй ажиллагааны зааварчлаг өгөөгүй, хяналт тавьж, хөдөлгөөний, ашиглалтын аюулгүй байдлын журмыг сахин хангуулах үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас машинч З.Х , туслах машинч А.Ц  нар нь жолоочийн сонор сэрэмжийн дохиоллын системийг унтрааж согтууруулах ундааны зүйл хэрэглэсний улмаас галт тэрэг замаас гарч, унасны улмаас их хэмжээний хохирол учирсан гэж Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллуулахаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн.

3.Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд шүүгдэгч Ж.Э, Ж.Д нарт холбогдуулж Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч нарыг цагаатгасан, шүүгдэгч З.Х, А.Ц  нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн байна.

4.Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг шүүгдэгч З.Х “ ... хорих ялыг хөнгөрүүлж өгөхийг хүссэн”, иргэний хариуцагч “Монголиан Транс Ложистик” ХХК-ны өмгөөлөгч С.Энхтайван “ ... гэм хорын хохирлыг багасгах, хөнгөрүүлэх нөхцөл байдал байсан эсэхэд анхан шатны шүүх дүгнэлт хийгээгүй байна” гэсэн агуулга бүхий үндэслэлүүдээр тус тус давж заалдах гомдлууд гаргасан.

5.Давж заалдах шатны шүүхээс хэргийг бүхэлд нь хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлтэй гарсан байна гэж үзсэн.

Учир нь: Анхан шатны шүүх 2022 оны 09 дүгээр сарын 27-28-нд шилжих шөнө болсон “Монголиан Транс Ложистик” ХХК-ны 6022 дугаартай СКD-4В-3006 маркийн зүтгүүрийн галт тэрэг жолоодлого алдаж замаас гарч унасны улмаас бусдад нийт 9,555,301,328,74 төгрөгийн хохирол учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан 27.2 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг шүүгдэгч З.Х, А.Ц  нарын гэм буруутай үйлдлээр үйлдэгдсэн гэж анхан шатны шүүх үзсэн нь шүүхийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлтэй болсон.

Тодруулбал. Галт тэрэгний осол болох шалтгаан нөхцөлийн талаар тууз орчуулагчийн хар хайрцагт шинжилгээ хийсэн тухай орчуулагчийн дүгнэлт /3хх 72-73/-д: “... Монголын төмөр зам нэртэй төрийн байгууллагын зам байсан.Тус Зүүнбаян өртөөнөөс Хулангийн шанд өртөөний чиглэлд тогтоосон дээд хурд 60 км/ц, гүүр хоолой дээр 40 км/ц хурдтай явах байсан. Тухайн өдөр 2022 оны 09 дүгээр сарын 27-28-нд шилжих шөнө 6022-р галт тэрэг тогтоосон хурд хэтрүүлж дээд хурд 122 км/ц хурдтай явсан байна. Тухайн хурд нь Зүүнбаян өртөөнөөс гараад 48 км зам туулж яваад 21 км/ц-ын хурдтай явж байхад татлаг буюу зүтгүүрийг ачаалалуулж урагш зүтгүүлсэн. Цааш  хурд нь тогтмол өсөж 69 км/ц, 100 км/ц, 105 км/ц, 115 км/ц, тэгээд сүүлд 122 км/ц хүрсэн ... тухайн өдөр 3006 зүтгүүрийн ЭПК төхөөрөмж Зүүнбаян өртөөнөөс гараад эхний 2 удаа дуугаралт дарагдаж цааш бүх аяллын турш хаалттай явсан байсан.Сүүлд ЭПК төхөөрөмжийг гараар хаасан байсан” гэж орчуулагдсан.

 Техникийн шинжээчийн дүгнэлтүүд /3хх 55-57, 93-97, 3хх 119-122/-ээр: “...СВД4В-3006 дугаартай зүтгүүр бригад согтууруулах ундааны зүйл хэрэглэж зүтгүүрийн жолоодлогыг удирдаагүйгээс 6022 дугаар галт тэрэг Хулангийн шанд зөрлөгийн 3 дугаар замд тус бүр 300 метр радиустай хажуугийн байрлалтай 2,4,6 дугаар суман шилжүүлгүүд дээгүүр хөдлөх бүрэлдэхүүн өнгөрүүлэх техникийн боломжит хамгийн их хурд 50 км/ц-аас 2.34 дахин их буюу 117 км/ц хурдтай орж ирснээс тус галт тэрэгний зүтгүүр, галт тэрэг замаас гарч, замын байгууламжийг эвдэлж, зам дээр болон далангийн хажууд унасан,

... төмөр замын техник ашиглалтын журмын 17.2.5.г заалтад хориглосон үйлдэл болох машинчийн сонор сэрэмж шалгах төхөөрөмж болон зүтгүүрийн камерыг унтраасан, ...галт тэрэгний хөдөлгөөнтэй шууд холбоотой ажилтны сахилгын тусгай журам, ажлын цагийн хуваарь, хөдөлмөрийн нөхцөлийн 7.5.2 дахь заалтыг зөрчиж ажлын байранд согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн” нь осол болох шалтгаан нөхцөл болсон гэж дүгнэсэн.

Шүүгдэгч З.Х цусанд 0,7 промилли спирт, согтолтын хөнгөн зэрэг,  А.Ц ын цусанд 0,9 промилли спирт, согтолтын хөнгөн зэрэг тус тус илэрсэн нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 4792, 4794  /2хх 171-172, 201-202/ дугаарт шинжээчийн дүгнэлтүүдээр тус тус тодорхойлогдсон.

Галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдлын асуудал нь зайлшгүй тусгай мэдлэг шаардах ба мөрдөн байцаалтын шатанд шинжээчдийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, хорин долдугаар бүлэг “Шинжилгээний тухай” хуульд заасан үндэслэл, журмын дагуу томилж гарсан шинжээчийн дүгнэлтүүд нь хууль ёсны бөгөөд шинжээч нар осол гарах болсон шалтгаан нөхцөлийг бүх талаас нь бодитойгоор дүгнэж гарсан байна гэж давж заалдах шатны шүүхээс үзлээ.

6.Иймээс шүүгдэгч З.Х, А.Ц  нарын үйлдлүүд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Согтууруулах ундаа ... хэрэглэсэн нөхцөл байдлын улмаас өөрийн үйлдлийг удирдан жолоодох чадваргүй үедээ төмөр замын хөдлөх бүрэлдэхүүн... жолоодсон, галт тэрэгний машинч ... хөдөлгөөний аюулгүй ажиллагааны дүрэм, журмыг ноцтой зөрчсөнөөс ... бусдын эд хөрөнгөд их хэмжээний хохирол учирсан бол” гэх гэмт хэргийн шинжид нийцсэн байна.

Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар  тухайн хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан,  мөрдөн байцаалт, прокурор болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан өмгөөлөгч сонгох, хавтаст хэргийн материалтай танилцах, хохиролтой холбоотой нотлох баримтуудыг гаргаж өгөх зэрэг хуульд заасан эрхүүдийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдсонгүй.

 

Анхан шатны шүүх прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн байна.

7.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял”-аас анхан шатны шүүх хоёр жилийн хугацаагаар хорих ялыг сонгон хэрэглэсэн нь шүүгдэгч нарын  үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон буюу Шударга ёсны зарчим, Эрүүгийн хариуцлагын зорилго, эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тус тус нийцсэн.

8.Шүүгдэгч Ж.Э, Ж.Д нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийг анхан шатны шүүх гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч нарыг цагаатгасан нь хууль зүйн үндэслэлтэй болсон.

 

Хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтээр “... Ж.Э, Ж.Д нарын ажлын байрны тодорхойлолтод заасан зөрчигдсөн зүйл нь осол гарахад нөлөөлөх хүчин зүйл болохгүй, З.Х, А.Ц  нарын хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.3 заалтыг зөрчин ажил үүргээ гүйцэтгэх явцдаа архи согтууруулах ундаа хэрэглэсэн байдал нөлөөлсөн” гэж тодорхойлсныг анхан шатны шүүх шийдвэрийнхээ   үндэслэлээ болгосон нь зөв юм.

Эдгээр шүүгдэгч нарын хувьд тухайн цаг хугацаанд өдөр тутмын зааварчилгаа, зөвлөгөөг өгөөгүй нь тогтоогдсон боловч шүүгдэгч З.Х, А.Ц  нар нь ажил үүргээ гүйцэтгэж байгаа галт тэрэгний машинч согтууруулах ундааны зүйл хэрэглэхийг хориглох заалтыг мэдэх ёстой, мэдэж байсан боловч зориудаар согтууруулах ундааны зүйлийг хэтрүүлэн хэрэглэж өөрийн үйлдлийг удирдан жолоодох чадваргүй болтлоо согтож унтацгаасны улмаас галт тэрэгний осол болсон гол буруутай тул шүүгдэгч Ж.Э, Ж.Д нарыг энэ хэрэгт хамаатуулах шаардлагагүй байсан байна гэж давж заалдах шатны шүүх мөн үзсэн.

9.Хэрэгт авагдсан баримтууд буюу техникийн шинжээчдийн дүгнэлтүүдээр “УБТЗ” ХНН, “Монголын төмөр зам” ТӨХК-иудад хамаарах төмөр замын суурь бүтцийн техникийн аюулгүй байдлыг зөрчсөн гэх зөрчил галт тэрэгний осол болох нөхцөл байсан эсэх талаар шалгаж тогтоосон байна гэж давж заалдах шатны шүүхээс үзсэн.

Өөрөөр хэлбэл: Хэрэгт шинжээч Д.Батхүүгийн 23/012/04 дугаартай шинжээчийн дүгнэлт /3хх 119-122/-ээр ...6022 дугаар галт тэрэг нь тусгай буюу Ханги чиглэлийн төмөр замын барилга угсралтын ажил гүйцэтгэгчийн хүсэлтээр дэр, зам төмөр тээвэрлэх аж ахуйн галт тэрэг тул төлөвлөгөөт зурмагт тусах боломжгүй галт тэрэг байна.

25 метр зам төмрийг өртөө, зөрлөг, салбар замд тавьсан вагонд ачих, тээвэрлэх, буулгах техникийн нөхцөлүүд байдаг ба зам төмөр ачсан вагоныг зөрлөгийн хажуу замд хүлээж авах нь Төмөр замын тээврийн хууль тогтоомжид нийцэж байна.

“Монголын төмөр зам” болон “Монголиан транс ложистик” ХХК-ийн галт тэрэгний зохицуулагч эсвэл хяналт тавих албан тушаалтан нь 6022 дугаар галт тэрэгний машинчийн бригадын ажиллах цагт хяналт тавих үүрэгтэй байна.

Ажлын түр горимд холбооны хэрэгслээр тоноглосон, дохиоллын байгууламж шаардлагагүй байна. Галт тэрэг шөнийн цагаар аялж болохоор байна.

Ажлын түр горимд “УБТЗ” ХНН-ийн Зүүнбаян өртөө нь зурмаг дахь өөрийн ачааг боловсруулж өнгөрүүлсний дараа “Монголын төмөр зам” ТӨХК-ны ачааг тээвэрлэх боломжийг олгож, 6022 дугаар галт тэргийг явуулах нөхцөлийг хангаж байгаа нь хууль тогтоомж зөрчөөгүй байна.

“УБТЗ” ХНН, “Монголын төмөр зам” ТӨХК-ны өртөөний жижүүр, туслах жижүүр, вагон үзэгч нар 3006 дугаартай зүтгүүрийн бригадын согтуурсан, мансуурсан байдлыг шалгах үүрэггүй байна. Монголиан транс ложистик ХХК нь Зүүнбаян өртөөнөөс аялах галт тэрэгний зүтгүүрийн бригадад эмчийн үзлэг хийх цэг байгуулах арга хэмжээ авах үүрэгтэй байна.

Суурь бүтэц эзэмшигч “УБТЗ” ХНН, “Монголын төмөр зам” ТӨХК-ны удирдлага, алба, салбар, дотоод хяналтын нэгжүүд хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах төлөвлөгөөт болон төлөвлөгөөт ажлаа гүйцэтгэж байна.

“Монголын төмөр зам” ТӨХК болон “Монголиан транс ложистик” ХХК-ны хооронд байгуулсан галт тэрэг солилцох гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй бол аюулгүй байдал хангагдахгүй болно” гэж тодорхойлсон, энэ тухай шинжээчийн дүгнэлтийг шүүгдэгч З.Х, А.Ц  нар болон иргэний хариуцагч “Монголиан транс ложистик ХХК” -ны зүгээс маргаагүй болох нь шинжээчийн дүгнэлтийг танилцуулсан тэмдэглэлүүд /3хх 123-133/-ээс харагдаж байна.

10.Иймд иргэний хариуцагч “Монголиан транс ложистик” ХХК-ны өмгөөлөгч С.Энхтайванаас гаргасан давж заалдсан гомдол үндэслэлгүй байна.

11.Анхан шатны шүүх гэмт хэргийн улмаас хохирол учирсан хохирогч хуулийн этгээдүүдийн хохирлыг хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.

12.Эдгээр үндэслэл нөхцөл байдлуудад үндэслэн анхан шатны шүүхээс гаргасан шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж,  давж заалдсан гомдлуудыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                    Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3, 39.4, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 2024/ШЦТ/126 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, иргэний хариуцагч “Монголиан Транс Ложистик”ХХК-ний өмгөөлөгч С.Энхтайван, шүүгдэгч З.Х нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.   

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1, 1.5, 14.9 дугаар зүйлд зааснаар хэргийг шүүхэд очтол шүүгдэгч З.Х, А.Ц  нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч З.Х, А.Ц  нарын  2024 оны 05 дүгээр сарын 22-ний өдрөөс 07 дугаар сарын 24-ны өдрийг хүртэл нийт 63 /жаран гурав/  хоног цагдан хоригдсоныг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1, 40.1 дүгээр зүйлийн 1, 2-т зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдаж, давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхийн шийдвэрт оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

                                                                                                          

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БОЛОРМАА

ШҮҮГЧИД Ц.ОТГОНЦЭЦЭГ

А.САЙНТӨГС

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.САЙНТӨГС

ШҮҮГЧИД О.ОДНЯМАА

Н.БОЛОРМАА