Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 2024/ДШМ/703

 

 

                                                                 А.Тд холбогдох

                                                          эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч М.Алдар, шүүгч Д.Мөнхөө нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Тамир,

шүүгдэгч А.Т, түүний өмгөөлөгч Л.Батжаргал,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 2024/ШЦТ/336 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч А.Т гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох 2411 00390 0358 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Мөнхөөгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Х овгийн А-ны Т, 19... оны ... дугаар сарын ...-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, ... настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, өрмийн мастер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл .... хамт ... дүүргийн ... дүгээр хороо, ... тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:..../,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 628 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 24 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж, Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдсан;

 

Шүүгдэгч А.Т нь 2024 оны 1 дүгээр сарын 16-наас 17-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, “Бишрэлт” их дэлгүүрийн арын зам дээр хохирогч Д.Атай маргалдаж, улмаар түүнийг түлхэн унагаж эрүүл мэндэд нь “дух, зүүн хацар, дээд уруул, эрүүнд зулгаралт, зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: А.Т үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Х овгийн А-ны Т-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Т 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар А.Т нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцон хорих ялаар сольдог болохыг сануулж, шүүгдэгч А.Т нь бусдад төлөх төлбөргүй, түүний бусад эрхийг хязгаарлаагүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч А.Т давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие хохирогч А биед хөнгөн гэмтэл учруулсан. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 500 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь, би хохирогчид учруулсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан ба А надаас нэхэмжилсэн 6.500.000 төгрөгийг анхан шатны шүүхээс үндэслэлгүй гэж үзсэн. Би тогооч мэргэжилтэй, ар гэрээ авч явдаг. Улсын яллагч 1.000.000 төгрөгөөр торгох санал гаргасан боловч шүүхээс 500 цагийн нийтэд тустай ажил хийх ял оногдуулсанд гомдолтой байна. Би үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа бөгөөд хохирлыг бүрэн төлж барагдуулсан. Ар гэр, ахуйн амьдралын байдлыг минь харгалзан үзэж нийтэд тустай ажил хийлгэх ялыг торгох ялаар өөрчилж өгнө үү. Би торгох ялыг тогтоосон хэмжээ, хугацаанд төлж барагдуулах болно.” гэв.

Шүүгдэгч А.Т өмгөөлөгч Л.Батжаргал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Үйлчлүүлэгчийнхээ гаргасан давж заалдах гомдлыг дэмжин оролцож байна. Анхан шатны шүүхээс эрүүгийн хариуцлагын талаар дүгнэлт хийхдээ шүүгдэгчийн үйлдэлд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэсэн. Гэтэл хэрэг гарсан гэх цаг хугацаанд хамт байсан Чоймбол гэх гэрчийн мэдүүлгээр хохирогчийн зүгээс хэрүүл маргаан үүсгэсэн байдаг. Үүнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасан хохирогчийн зүй бус үйлдлээс болж хэрүүл маргаан гарсан, шүүх энэ талаар дүгнэлт хийгээгүй гэж үзэж байна. А.Т нь тогооч мэргэжилтэй, хувиараа бизнес эрхэлдэг, мөн түрээсийн гэрээгээр үйл ажиллагаа явуулдаг. Анхан шатны шүүхээс түүнд оногдуулсан 500 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг 8 цагаар тооцож үзвэл 64 хоног буюу 3 сараас багагүй хугацаагаар хийж гүйцэтгэх нөхцөл байдал үүсч байна. Уг ялыг биечилж эдэлснээр шүүгдэгчийн хувийн бизнес, үйл ажиллагаа зогсох, ар гэрт нь эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдал үүсэх тул давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн анхан шатны шүүхээс оногдуулсан ялыг торгох ялаар сольж хөнгөрүүлж өгнө үү.” гэв.

Прокурор Г.Тамир тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч А.Т нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11 дүгээр бүлэгт заасан хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг урьд нь хоёр удаа үйлдэж торгох ял шийтгүүлж байсан. Хэдийгээр урьд ял шийтгүүлсэн нь эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй ч түүний хувийн байдал, гэмт үйлдэлдээ хандах хандлагыг нь илэрхийлж байна гэж үзсэн. Анхан шатны шүүхээс түүнд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ял нь гэмт хэргийн хор уршгийг ухамсарлуулахад чиглэж, нийтийн ашиг сонирхолд тустай ажлыг цалин хөлс олгохгүйгээр хийлгэх нь үндэслэлтэй гэж үзэж байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Т гаргасан давж заалдах гомдол үндэслэлтэй эсэхийг хянан шийдвэрлэхдээ хуульд заасан журмын дагуу авагдсан нотлох баримтуудын хүрээнд тухайн хэргийн бүх ажиллагааг гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянав.

Хэргийг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч А.Т нь 2024 оны 01 дүгээр сарын 16-наас 17-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, “Бишрэлт” их дэлгүүрийн арын зам дээр хохирогч Д.Атай маргалдаж, улмаар түүнийг түлхэн унагаж эрүүл мэндэд нь “дух, зүүн хацар, дээд уруул, эрүүнд зулгаралт, зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Д.Аын “....2024 оны 01 дүгээр сарын 16-наас 17-нд шилжих шөнө 02 цаг гээд ажлаа тараад ажлын хүмүүс болох Т, Намуун, Жаанаа нарын хамт Тэнгис кино театрын арын зогсоол дээр ирээд машин дотроо суугаад юм ярьцгаагаад сөжү болон пиво ууцгаасан. Тэгээд сууж байгаад машинаас буугаад байж байтал Т ах намайг түлхээд унагаасан. Намайг татаж босгоод өвдөглөсөн. Миний нүүрэн дээрх сорви зөвхөн унаснаас биш 3-4 газар сорви болсон байгаа. ...” /хх 7/,

гэрч К.Ж-ийн “...2024 оны 01 дүгээр сарын 17-ны шөнө 03-04 цагийн үед ажлаа тараад хэсэг сууя гэж ярилцаад Тагийн гэрийн гадаа машинд суухаар болсон. Тэгээд Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, Бишрэлт зочид буудлын арын байрны машины зогсоол дээр машин дотор бид 4 пиво болон сөжү архи холиод уусан. Бид хэд машинд ууж байхад А нь Тад хандаад “чи гуйж ажиллуулсан биз дээ” гээд үг хаяад байсан ба Та тоохгүй бид нартай юм яриад “өөр юм яръя” гээд сэдвээ өөрчлөөд байсан. Таг бууя, ярилцъя гээд өдөөд байсан. Тэгээд Т, А 2 машинаас буусан ба нээх удаагүй би машины толинд харсан чинь А газар хөлөө жийгээд суучихсан байдалтай байсан. ...” /хх 21/ гэсэн мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 1689 дугаартай “...Д.Аын биед дух, зүүн хацар, дээд уруул, эрүүнд зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй. ...” /хх 27-28/ гэсэн дүгнэлт,

гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 4/, гэрэл зургийн үзүүлэлт /хх 8/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогджээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэж заасны дагуу анхан шатны шүүхийн шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, мэдүүлэг, дүгнэлт, шинжлэн судалсан бусад нотлох баримтад үндэслэн, шүүгдэгч А.Т “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч А.Т хувийн таарамжгүй харилцааны улмаас хохирогч Д.Атай маргалдаж, түүнийг түлхэн унагах, үсдэж өвдөглөх зэргээр хүч хэрэглэн эрүүл мэндэд нь “дух, зүүн хацар, дээд уруул, эрүүнд зулгаралт, зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч А.Т үйлдсэн гэмт хэрэг, учруулсан хохирол, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан нь түүний гэм бурууд тохирсон төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцжээ.

Шүүгдэгч А.Т “...надад оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг торгох ялаар өөрчилж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Шүүгдэгч А.Т нь үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж хохирол төлбөрийг төлж барагдуулсан хэдий ч түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршгийн шинж чанар, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, хувийн байдал зэргийг харгалзан оногдуулсан ял тохирсон байх тул түүнд оногдуулсан ялыг өөрчлөх хуулийн үндэслэлгүй байна.

Шүүхээс оногдуулсан ял нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэрэг гарсан нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийнх нь төлөө хуульд заасан ялын төрөл, хэмжээнд нийцүүлэн цээрлэл үзүүлэхийн зэрэгцээ, хохирлыг нөхөн төлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгод чиглэдэг учиртай.

Шүүгдэгч А.Т нь өмнө нь энэ төрлийн гэмт хэрэгт 2 удаа ял шийтгүүлж байсан бөгөөд дахин санаатай гэмт хэрэг үйлдсэн нь түүний засрал хүмүүжил олоогүй хувийн байдлыг илтгэж байна.

Иймд, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 2024/ШЦТ/336 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч А.Т гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 2024/ШЦТ/336 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч А.Т гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 ДАРГАЛАГЧ,

                         ШҮҮГЧ                                               Т.ӨСӨХБАЯР

                         ШҮҮГЧ                                               М.АЛДАР

                                     ШҮҮГЧ                                               Д.МӨНХӨӨ